Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 184/ШШ2018/02836

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Э.Амин-Эрдэнэ, Д.Уранзул, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Т-д холбогдох

Гэм хорын хохиролд 6,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, иргэдийн төлөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Г.Т нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо Маршал тауны 126 дугаар байрны зогсоолд байрлуулсан М ХК-ийн даатгуулагч С.Э-н тоёота ланд криузер /Toyota Land Cruiser/ маркийн автомашиныг мөргөж, хохирол учруулсан. Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу М ХК нь ослын улмаас С.Э-д учирсан хохирлыг барагдуулж 6,504,360 төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон. Тухайн үед К ХХК-аар автомашинд учирсан хохирлыг үнэлүүлэхэд 28,773,637 төгрөг болсон. Даатгалын гэрээний 7.6-д Даатгалын эрсдэлийн улмаас тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг даатгагч, даатгуулагч харилцан тохиролцсоны үндсэн дээр мөнгөн эсвэл гэмтсэн эд анги, хэсгүүдийг сэлбэн засварлах, нөхөн сэргээх, солих хэлбэрээр нөхөн төлнө гэж заасны дагуу даатгуулагчтай харилцан тохиролцон зарим хэсгийг тухайн автамашиныг худалдан авсан Т ХХК-аар, зарим хэсгийг өөр газраар засуулсан. Энэ нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 3,677,760 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр 1,983,600 төгрөгийг С.Э-д, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,460,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 880,000 төгрөгийг автомашиныг засварласан Э.Г-т, 2017 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр П.Р-н дансанд 3,503,000 төгрөг, нийт 11,504,360 төгрөгийг төлсөн. Энэ гарсан зардлаас Г.Т-ын жолоочийн хариуцагчийн даатгалын нөхөн төлбөрт П ХХК-аас С.Э-д өгсөн 5,000,000 төгрөг, мөн Г.Т-ын 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 504,360 төгрөгийг тус тус хассан. Иймд Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасныг үндэслэн хариуцагч Г.Т-с 6,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Г.Т нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зам тээврийн осол гаргасан. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 6,000,000 төгрөгийн нотлох баримтыг харахад ямар төрлийн сэлбэг хэрэгсэл авч, засвар хийсэн болох баримт хэрэгт авагдаагүй байх тул үнийн дүнгийн хувьд маргаантай байгаа. Хохирогч С.Э-д 3,677,760 төгрөг, Э.Г-т 1,460,000 төгрөг болон 880,000 төгрөгийг шилжүүлсэн задаргаа буюу төлбөрийн нэхэмжлэх байхгүй тул энэ хэмжээгээр хүлээн зөвшөөрөхгүй. Хэдийгээр хариуцагч өөрийн ахын хамт 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр М ХК-д очин баталгаа хийж өгсөн байдаг боловч одоо тэрээр Мандах их сургуульд суралцдаг бөгөөд төлбөрөө ч төлж чадахгүй байгаа. Иймд эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү гэв

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М ХК нь хариуцагч Г.Т-д холбогдуулан гэм хорын хохиролд 6,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Г.Т нь 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тоёота приус маркийн 53-03 УНГ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Маршал таун хотхоны 126 дугаар байрны зогсоолд байрлуулсан С.Э-ын эзэмшлийн 98-18 УНӨ улсын дугаартай тоёота ланд крузер 200 маркийн автомашиныг мөргөж, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасныг зөрчсөн болох нь зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /xx-12-13/

М ХК нь иргэн С.Э-тай 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулан, гэрээгээр даатгуулагч өөрийн эзэмшлийн 98-18 УНӨ улсын дугаартай тоёота ланд крузер 200 маркийн автомашинд даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд учирсан гэм хорыг даатгалын үнэлгээ болох 145,000,000 төгрөгийн хэмжээгээр даатгагч нөхөн төлөхөөр харилцан тохиролцжээ. /xx-9/

К ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар зам тээврийн ослын улмаас С.Э-ын автомашинд 28,773,637 төгрөгийн хохирол учирсан байна. /xx-22-24/ М ХК нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 3,677,760 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1,983,600 төгрөгийг С.Э-д, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,460,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 880,000 төгрөгийг автомашиныг засварласан гэх Э.Г-т, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр автомашиныг засварласан гэх П.Р-д 3,503,000 төгрөг, нийт 11,504,360 төгрөгийг даатгуулагч С.Э-ын автомашины нөхөн төлбөрт төлжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн хүлээх үүргийн хэмжээг нөхөн төлбөрт шилжүүлсэн гэх 11,504,360 төгрөгөөс хариуцагч Г.Т-н жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөрт П ХХК-аас С.Э-д төлсөн 5,000,000 төгрөг болон хариуцагчийн М ХК-д төлсөн 504,360 төгрөгийг тус тус хасаж тооцон 6,000,000 төгрөг гаргуулна гэжээ. /xx-32-36/

Хариуцагч тал М ХК-аас даатгуулагч С.Э-ын нөхөн төлбөрийг С.Э болон автомашиныг засварласан гэх Э.Г, П.Р нарт шилжүүлсэн үйл баримтын тухайд маргаагүй, харин С.Э, Э.Г нарт шилжүүлсэн мөнгөн дүн автомашины хохиролд зориулагдсан талаарх баримт хэрэгт авагдаагүй тул хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргажээ.

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч нь уг гэм хорыг даатгуулагч нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж зааснаар даатгагч буцах шаардлага (регрессийн шаардлага)-ыг гуравдагч этгээдэд гаргах эрхтэй.

Нэхэмжлэгч шаардлагаа гэм буруутай этгээд болох Г.Т-д холбогдуулан тодорхойлсон нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасантай нийцсэн байна.

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар даатгагч даатгуулагчийн нөхөн төлбөрийг төлснөөр өөрт учирсан хохирлыг гаргуулах шаардах эрх шилжсэн гэж үзэх хэдий ч даатгуулагч С.Э, М ХК нар 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хохирол нэхэмжлэх эрхийг шилжүүлэх гэрээ байгуулан энэ талаар дахин тохирчээ. /хх-8/

Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д зааснаар даатгалын нөхөн төлбөрийг даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас олгох мөнгөн хөрөнгийг ойлгох ба хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т зааснаар хохирлын талаарх бичгээр гаргасан үнэлгээ нь нөхөн төлбөр олгох гол үндэслэл байхаар зохицуулжээ. Даатгагч, даатгуулагчийн байгуулсан гэрээний 7.6-д Даатгалын эрсдэлийн улмаас тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг даатгагч, даатгуулагч харилцан тохиролцсоны үндсэн дээр мөнгөн эсвэл гэмтсэн эд анги, хэсгүүдийг сэлбэн засварлах, нөхөн сэргээх, солих хэлбэрээр нөхөн төлнө гэж тохирсон нөхөн төлбөрийн хэмжээ, олгох үндэслэлийн талаарх хуулийн зохицуулалттай харшлаагүй байна.

Даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ нь автомашинд учирсан хохирлын үнэлгээний хүрээнд байхын зэрэгцээ хариуцагч автомашины хохирлын үнэлгээний талаар маргаагүй, 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 6,504,360 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч баталгаа гаргасан, үүнээс 504,360 төгрөгийг төлсөн үйл баримтыг үндэслэн нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлыг 6,000,000 төгрөгийн хэмжээгээр хариуцагч хариуцан арилгах үүрэгтэй гэж үзлээ. /xx-58/

Нэхэмжлэгч М ХХК нь 2018 оны 9 дүгээр дүгээр сарын 21-ний өдөр хэлбэрээ өөрчлөн хувьцаат компани болж өөрчлөгдсөн болохыг дурдав. /xx-92-93/

Дээрх дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь ханган хариуцагч Г.Т-с 6,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХК-д олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.