Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2019/00663

 

М-ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 184/ШШ2018/02836 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 140 дүгээр магадлалтай,

М-ХК-ийн нэхэмжлэлтэй,

Г.Т-од холбогдох,

Гэм хорын хохирол 6.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ариунаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Халиунаа, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч М-ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Г.Т- нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо Маршал тауны 126 дугаар байрны зогсоолд байрлуулсан М-ХК-ийн даатгуулагч С.Энхмандахын тоёота ланд крузер маркийн автомашиныг мөргөж, хохирол учруулсан. Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу М-ХК нь ослын улмаас С.Энхмандахад учирсан хохирлыг барагдуулж 6.504.360 төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон. Тухайн үед Кости-эстимэйт ХХК-аар автомашинд учирсан хохирлыг үнэлүүлэхэд 28.773.637 төгрөг болсон. Даатгалын гэрээний 7.6-д даатгалын эрсдэлийн улмаас тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг даатгагч, даатгуулагч харилцан тохиролцсоны үндсэн дээр мөнгөн эсвэл гэмтсэн эд анги, хэсгүүдийг сэлбэн засварлах, нөхөн сэргээх, солих хэлбэрээр нөхөн төлнө гэж заасны дагуу даатгуулагчтай харилцан тохиролцон зарим хэсгийг тухайн автамашиныг худалдан авсан Таван богд ХХК-аар, зарим хэсгийг өөр газраар засуулсан, нийт 11.504.360 төгрөгийг төлсөн. Энэ гарсан зардлаас Г.Т-ын жолоочийн хариуцагчийн даатгалын нөхөн төлбөрт Практикал даатгал ХХК-аас С.Энхмандахад өгсөн 5.000.000 төгрөг, мөн Г.Т-ын 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 504.360 төгрөгийг тус тус хассан. Иймд Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасныг үндэслэн хариуцагч Г.Т-оос 6.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч Г.Т- шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зам тээврийн осол гаргасан. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 6.000.000 төгрөгийн нотлох баримтыг харахад ямар төрлийн сэлбэг хэрэгсэл авч, засвар хийсэн баримт хэрэгт авагдаагүй байх тул үнийн дүнгийн хувьд маргаантай байгаа. Хохирогч С.Энхмандахад 3.677.760 төгрөг, Э.Ганзоригт 1.460.000 төгрөг болон 880.000 төгрөгийг шилжүүлсэн задаргаа буюу төлбөрийн нэхэмжлэх байхгүй тул энэ хэмжээгээр хүлээн зөвшөөрөхгүй. Одоогоор Мандах их сургуульд суралцдаг бөгөөд төлбөрөө ч төлж чадахгүй байгаа. Иймд эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 184/ШШ2018/02836 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д заасныг баримтлан хариуцагч Г.Т-оос 6.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М-ХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119.019 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 8.069 төгрөгийг улсын төсөв /2601025961 тоот данс/-өөс, хариуцагчаас 110.950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М-ХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 140 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 184/ШШ2018/02836 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82.726 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 140 тоот магадлалыг эс зөвшөөрч Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосныг зөвшөөрөхгүй байна. Учир нь хариуцагч Г.Т- даатгуулагч С.Энхмандахад хохирол учруулж, түүнд учирсан хохирлыг “Мандал даатгал” ХК гэрээний дагуу төлж барагдуулсан болох нь хангалттай нотлогдож байгаа бөгөөд С.Энхмандах, Э.Ганзориг нарт мөнгө шилжүүлсэн баримт дээр эвдэрч засвар хийлгэсэн машины дугаар тодорхой бичигдсэн, даатгуулагч С.Энхмандах хохирлоо бүрэн төлүүлсний үндсэн дээр “Мандал даатгал” ХК-д төлбөр нэхэмжлэх эрхээ шилжүүлж өгсөн нь тодорхой юм. Харин эдгээр хүмүүст шилжүүлсэн мөнгө автомашины засварт зориулагдсан эсэхийг даатгалын компани заавал нотлох үүрэггүй юм. Энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй гэх үндэслэлээр Г.Т-ыг “Мандал даатгал” ХК-д төлөх хохирлоос чөлөөлөх үндэслэл байхгүй бөгөөд мөн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон хангалттай нотлох баримт хэрэгт цугларсан байхад Давж заалдах шатны шүүх “Маргааны зүйлд ач холбогдолтой баримтууд гаргацгүй, харагдахгүй, хуулиар тогтоосон шаардлага хангахгүй, нотлох баримтаар үнэлэгдэх боломжгүй байхад шүүх үүнтэй холбоотой ажиллагааг хийгээгүй” гэж заасан нь ойлгомжгүй, ямар баримтуудыг давж заалдах шатны шүүхийн шүүгч харахгүй, гаргахгүй байгаагаа заагаагүй зэрэг нь иргэн Г.Т-оос төлбөр гаргуулах тухай анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл биш гэж үзэж байна.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 140 тоот магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 184/ШШ2018/02836 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Нэхэмжлэгч “Мандал даатгал” ХХК нь хариуцагч Г.Т-оос 6.000.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа “...даатгуулагчид гэм хорыг төлснөөр шаардах эрх даатгагчид шилжсэн” гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч, маргажээ.

С.Энхмандах нь “Мандал даатгал” ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 30-ний өдөр тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж, 98-18 УНӨ улсын дугаартай, Тоёота ланд круйзер 200 маркийн автомашиныг 145.000.000 төгрөгөөр үнэлэн гэрээнд заасан эрсдлээс даатгуулахаар тохирсон ба даатгалын хураамж төлжээ /хэргийн 9-10 дугаар тал/.

Даатгалын гэрээ Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3-т заасны дагуу бичгээр байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй байна.

Хариуцагч Г.Т- нь 2017 оны 10 дугаар сарын 7-ний өдөр тоёота приус маркийн автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дах заалтыг зөрчсөнөөс даатгалын зүйл болох дээрх автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргажээ.

Кости эстимейт ХХК нь тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 28.773.637 төгрөгөөр үнэлсэн боловч даатгагч нь даатгуулагчтай харилцан тохирч, 11.504.360 төгрөг төлсөн, “Практикал даатгал” ХХК С.Энхмандахад жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөрт 5.000.000 төгрөг, Г.Т- нь 504.360 төгрөгийг тус тус төлжээ.

Нэхэмжлэгч нь С.Энхмандахад төлсөн төлбөрөөс дээрх төлбөрийг хасч үлдэх 6.000.000 төгрөгийг хариуцагчаас шаарджээ.

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7.-д “даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ...”, даатгалын гэрээний 6.6-т зааснаар даатгуулагч нь хохирлыг нөхөн төлсний дараа буруутай этгээдээс хохирлыг нэхэмжлэн авах эрхээ даатгагчид шилжүүлнэ гэжээ. Энэ тохиолдолд гуравдагч этгээдийн гэм буруугаас хохирол учирсан нь тогтоогдсон байхаас гадна хариуцагч нь гэм хор учирсан этгээдэд гаргах аливаа татгалзлыг даатгалын байгууллагад гаргах эрхтэй.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагчийн буруугаас хохирол учирсан тогтоогдсон бөгөөд тэрээр гэм буруугүй болохоо нотолж чадаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-т зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Хариуцагч нэхэмжлэлийг үгүйсгэж буй үндэслэл, тайлбараа нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Давж заалдах шатны шүүх дээрх байдалд дүгнэлт хийгээгүйгээс гадна хэргийн 27-28 дугаар талд авагдсан баримтууд гаргацгүй, уншигдах боломжгүй, хэнээс хэдэн төгрөг юунд төлсөн нь тодорхойгүй гэж үзэж шийдвэрийг хүчингүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.-т заасан үндэслэлийн алинд ч хамаарахгүй байна.

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7.-д даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж заасан, нэхэмжлэгч даатгалын нөхөн төлбөрт 11.504.360 төгрөг төлсөн нь тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийг хангахдаа хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 140 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 184/ШШ2018/02836 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 110.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ