Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/ма2020/00975

 

Х- ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2020/00680 дугаар шийдвэртэй, Х- ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д- ХХК-д холбогдуулан гаргасан

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 10 773 900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Тогтохсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч Х- ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Х- ХХК нь 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Д- ХХК-тай барилгын дотоод заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Олон улсын зорчигч тээврийн терминалын барилгын подвал, 1-7 давхарын дотоод заслын ажлыг хийж гүйцэтгэж, гэрээний 3.2-д зааснаар нийт ажлын хөлсийг 513 000 000 төгрөгөөр тохирч 40 хувийг бартераар 60 хувийг бэлэн болон бэлэн бусаар төлөхөөр тохиролцсон. Улмаар 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдөр 2015/69 тоот барилгын байгууламжийг ашиглалтад оруулах комиссийн акт гарч, 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гэрээний 2 тал тооцоо нийлж, үлдэгдэл 19 532 579 төгрөгийг Д- ХХК төлөхөөр болсон. Гэтэл удаа дараа шаардаж өнөөдрийн байдлаар 10 773 900 төгрөгийг төлөхгүй байх тул гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч талаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнө нь иргэн Л.Тогтохсүрэн гэж хүн шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Энэ удаа Д.Нямжав захиралтай "Х-" ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл дээр "Х-" ХХК тамгаа дараагүй, Д.Нямжав гэж хүн цэнхэр өнгийн балаар гарын үсэг зурсан байна. Нэхэмжлэлийн шаардлага Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явагдах ёстой гэж бодож байна. Дараагийн асуудал тухайн аж ахуй нэгж иргэн Л.Тогтохсүрэнд итгэмжлэл олгосон байна. Итгэмжлэл дээр Л.Тогтохсүрэнгийн регистрийн дугаар байхгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэх хэрэгт байхгүй байна. Итгэмжлэл нь хуульд заасан тодорхой байх шаардлагад нийцэхгүй байна. Нэхэмжлэлийн үнийн дүн санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдоогүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолж буй баримт нь Гансүх овогтой Дүүрэнбаяр гэж хүний Хаан банкны депозит дансны хуулга байгаа. Хаан банкны депозит дансны хуулга дээр н.Нарангоо гэж хүний шилжүүлсэн мөнгөний гүйлгээний утга энэ хэргийг шийдвэрлэх нотлох баримт биш гэж үзэж байна. Гэрээний эрх зүйн харилцаанд ороогүй хүний дансны хуулга байна. Ил далд ажлын актгүйгээр талуудын тохиролцсон ажил хэрхэн явагдсан гэдэг тодорхойгүй. Барьцааны хөрөнгө нь дутуу доголдолтой ажил гарвал засах баталгаа болгож авж үлдсэн мөнгө.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д- ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 10 773 900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х- ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 187 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д- ХХК-аас 187 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х- ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт "нэхэмжлэгч 18 420 991 төгрөгөөс авсаар байгаад нэхэмжлэлийн шаардлага болох 10 773 900 төгрөг үлдсэн болохыг нотолж Г.Дүүрэнбаярын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримтаар гаргажээ" гэжээ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолж буй баримт нь Г.Дүүрэнбаяр гэх хүний Хаан банкны депозит дансны хуулга байдаг. Хаан банкны депозит дансны хуулга дээр н.Нарангоо гэж хүний шилжүүлсэн мөнгөний гүйлгээний утга энэ хэргийг шийдвэрлэх нотлох баримт биш. Ажил гүйцэтгэх гэрээний хамгийн гол зүйл нь ажлын үр дүн. "Х-" ХХК-д мэргэжлийн үндсэн ажилчид байхгүй улмаас мэргэжлийн бус хүмүүс олж, бага цалин өгч ажиллуулж байсан. Уг ажилчид нь барилгын техник, технологийн алдаа гаргаж, шаардлага, стандартыг зөрчиж гүйцэтгэсэн учир тухайн үед барилгын заслыг хүлээж авсан тухай акт үйлдээгүй, хүлээж авах ч боломж байгаагүй юм. "Х-" ХХК-ийн гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй учир байр ашиглалтад орсон өдрөөс шүүмжлэл дагуулж, одоог хүртэл бид эвдрэлийг зассаар байна. Мөн тус компани 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдөр ажил хүлээлцэхэд ажлаа хүлээлгэж өгөөгүй, ажил хүлээн авсан акт баримт бичиг хийгдээгүй, комиссын дараа дутуу ажлаа гүйцэтгэнэ гэж тохирсон боловч дахиж ирээгүй. Ийнхүү холбоогүй байж байснаа 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гэнэт ирээд "дутуу ажлаа хийнэ, цалин материалын хөлс өг" гэж нэхээд, аваарын шатны ханыг эмулсдэж будсан. Барилгын дотоод заслын ажил гүйцэтгэх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт "Захиалагч нь шинжлэх ухаан, техник, эдийн засгийн шаардлага хангасан, барилгын дотоод заслыг түлхүүр гардуулахад бэлэн болсон байдлаар хүлээн авч эцсийн тооцоо хийнэ" гэж заасны дагуу техник, эдийн засгийн шаардлага хангасан заслыг нэхэмжлэгч Х- ХХК хийгээгүй ч Д- ХХК төлбөрийг төлж дуусгасан. Энэ нэхэмжлэлийг өмнө нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд "Д-" ХХК-аас 10 733 900 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан хэдий ч шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-т "нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа" бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой. Барилгын дотоод заслын ажил гүйцэтгэх гэрээ"-ний 4-р зүйлийн 4.3 дахь хэсэгт "Гүйцэтгэгчийн дотоод заслын ажлын явцад мэргэжил, технологийн болон түүний чанар, үр дүнд хяналт тавьж заслын ажлын үе шат бүрд акт үйлдэж 2 тал гарын үсэг зурж баталгаажуулж ажиллана", 4.5 дахь хэсэгт "Хяналтын инженерийн ажлын гүйцэтгэлийг зөвшөөрч, хүлээн авч, гарын үсэг гүйцэтгэлийн тооцоог хийнэ" гэж заасны дагуу барилгын дотоод заслын ажлыг нэхэмжлэгч "Х-" ХХК хариуцагчид хүлээлгэж өгөөгүй учир ажлыг хүлээж авч гарын үсэг зурж баталгаажуулаагүй, нэхэмжлэгч хариуцагч нар тооцоо нийлээгүй учир нэхэмжлэгчийг бодитоор хохирсон гэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Х- ХХК нь хариуцагч Д- ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 10 773 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч өмнө нь тухайн асуудлыг шийдвэрлэсэн хуулийн хүчин хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа, нэхэмжлэгчийн ажлын үр дүн чанарын доголдолтой гэж маргажээ. /хх 1, 92-96/

Х- ХХК нь 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Д- ХХК-тай барилгын дотоод заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, олон улсын зорчигч тээврийн терминалын барилгын подвал, 1-7 давхарын дотоод заслын ажлыг хийж гүйцэтгэх, гэрээний 3.2-д зааснаар нийт ажлын хөлсийг 513 000 000 төгрөгөөр тохирч 40 хувийг бартераар 60 хувийг бэлэн болон бэлэн бусаар төлөхөөр тохиролцсон үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор гэрээний талуудын тооцоо нийлж, үлдэгдэл 19 532 579 төгрөгийг Д- ХХК төлөх үүрэгтэй байгааг баталгаажуулсан акт, барилга байгууламжийг улсын комисс хүлээн авсан акт зэргийг нотлох баримтаар гаргасныг хариуцагч баримтаар няцааж, үгүйсгэж чадаагүй байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх бөгөөд уг үр дүнг бүхэлд нь Улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авсан, нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажилд чанарын доголдол байсан гэдгийг хариуцагч баримтаар нотолж чадаагүй нөхцөлд 10 773 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болсон гэж үзнэ.

Хэргийн 7-8 дугаар талд авагдсан комиссын актаас үзэхэд терминалын барилгыг 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдөр улсын комисс хүлээн авсан байх бөгөөд хариуцагч Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасан хугацаанд гомдлын шаардлага гаргаж байсан талаарх баримт байхгүй байна.

Мөн талуудын хооронд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2020/00680 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн өмгөөлөгчийн төлсөн 187 333 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД