Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 184/ШШ2020/00680

 

2020 02 28 184/ШШ2020/00680

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москва хороолол, 131/5-59 тоот хаягт байрлах Харвайн толгой ХХК /УБД:9011278139, РД:5465621/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москва хороолол, Драгон бас терминал төв, 7 давхар хаягт байрлах Драгон холдинг ХХК /РД:5118395/

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 10 773 900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Тогтохсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Харвайн толгой ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харвайн толгой ХХК нь 2014 оны 06 сарын 23-ны өдөр Драгон холдинг ХХК-тай Барилгын дотоод заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Олон улсын зорчигч тээврийн терминалын барилгын подвал, 1-7 давхрын дотоод заслын ажлыг хийж гүйцэтгэж, гэрээний 3.2-д зааснаар нийт ажлын хөлсийг 513 000 000 төгрөгөөр тохирч 40 хувийг бартераар 60 хувийг бэлэн болон бэлэн бусаар төлөхөөр тохиролцсон.

2015 оны 02 сарын 03-ны өдөр 2015/69 тоот Барилгын байгууламжийг ашиглалтад оруулах комиссийн акт гарч, 2015 оны 05 сарын 27-ны өдөр гэрээний 2 тал тооцоо нийлж, үлдэгдэл 19 532 579 төгрөгийг Драгон холдинг ХХК төлөхөөр болсон. Гэтэл удаа дараа шаардаж өнөөдрийн байдлаар 10 773 900 төгрөгийг гаргаж өгөхгүй байгаа тул гэрээний 8.2-д заасны дагуу шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Харвайн толгой ХХК нь 2014 оны 06 сарын 23-ны өдөр Драгон холдинг ХХК-тай Барилгын дотоод заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Олон улсын зорчигч тээврийн терминалын барилгын подвал, 1-7 давхарын дотоод заслын ажлыг хийж гүйцэтгэсэн. Улсын комисс албан ёсоор хүлээж аваад үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо нэхэмжилж байгаа мөнгө гэрээний мөнгө биш гэрээний мөнгөнөөс ажлын барьцаа болгож авч үлдсэн мөнгөний үлдэгдэл мөнгө юм. Нийт гэрээний үнийн дүнгийн барьцаа 5 хувь байсныг харилцан тохироод 3 хувь болгосон. Тэр 3 хувь болох 18 420 991 төгрөгийг хариуцагч авч үлдсэн. Барилгын тухай хуулиар 3 жил болоод засварлах зүйл байвал засаж өгөөд үлдэгдэл мөнгө авах байсан. Ингээд 2017 онд ажлаа хийж өгөөд мөнгөө авъя гэдэг санал тавьсан. Материалаа компаниахаа мөнгөнөөс хасуулаад ажлаа хийхээр тохирсон. 1 500 000 төгрөгийн урьдчилгаа аваад нягтлан н.Нямсүрэн гэж хүнтэй хамт явж материалаа авсан, 1 сар 20 хоногт засвараа хийсэн. Ингээд харилцан тохиролцож гэрээний үнийн 3 хувь 18 420 991 төгрөгөөс бага багаар авсаар байгаад үлдэгдэл 10,773,900 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Харвайн толгой ХХК-ийн гаргасан Гэрээний дагуу 10 733 900 төгрөг-ийг хариуцагч Драгон холдинг ХХК-иас шаардсан нь тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар байгуулсан 2014 оны 06 сарын 23-ны өдрийн 28 тоот Барилгын дотоод заслын ажил гүйцэтгэх гэрээний үүрэг, үр дагавар гэж үзэж байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэл, түүнийгээ нотолсон баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй, шаардлагыг баримтаар нотолж чадаагүй өөрөөр хэлбэл хуульд заасан үүргээ хэрэгжүүлж чадаагүй байна.

Хариуцагч нь хариу тайлбартаа Барилгын дотоод заслын ажил гүйцэтгэх гэрээний үүрэг, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 350 дугаар зүйлийн 350.1.2, Барилгын тухай хуулийн 40.1.1 заалтыг зөрчиж гэрээ болон хуульд зааснаар үүргээ биелүүлээгүй гэжээ. Гэтэл тухайн барилга байгууламжийг 2015 оны 02 сарын 03-ны өдөр улсын комиссийн 2015/69 тоот акт гарч ашиглалтад хүлээн авсан.

Хариу тайлбартаа Гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлыг 2 тал байлцаж 2015 оны 5 сарын 27-ны өдөр тооцоо нийлж, үлдэгдэл тооцоогоор 19 532 579 төгрөгийн үлдэгдэл гарсныг хариуцагч төлж барагдуулснаар өнөөдөр 10 733 900 төгрөгийн төлбөрийг гэрээний 3.2-д заасны дагуу төлөх үүргээ биелүүлээгүй. гэжээ. Хариуцагчийн дээрх гэрээ болон хуульд заасан үүргээ биелүүлсэн ба харин дээрх хуулийг зөрчсөн тухай хэн, хаана, ямар байгууллага тогтоож нотолсон нь тодорхойгүй нотлогдохгүй байна.

Хариу тайлбартаа ... тооцоог хийж дуусгасан гэжээ. Гэтэл тооцоо нийлсэн актаар гарсан үлдэгдэл 10 733 900 төгрөгийг хэрхэн, яаж, хэзээ төлсөн талаарх санхүүгийн нотолсон баримт хэрэгт байхгүй, хариуцагч гаргаж ирээгүй, нотлоогүй.

Хариу тайлбартаа чанартай стандарт шаардлагад нийцүүлж гүйцэтгээгүй гэжээ. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д заасан хугацаанд гомдлын шаардлага гаргаагүй.

Хариу тайлбартаа Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 15-ны өдөр гаргасан нэхэмжлэл энэ удаа гаргасан нэхэмжлэл нь агуулгын хувьд шаардлагыг үгүйсгэх үндэслэл нь нэгэн адил гэжээ. Өмнө шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэхэмжлэгч нь Харвайн толгой ХХК-ийн захирал Л.Тогтохсүрэн оролцсон. Энэ удаа нэхэмжлэгч нь Харвайн толгой ХХК, харин Л.Тогтохсүрэн нь тухайн компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, няцаасан баримтыг гаргаагүй атлаа Иргэний хуулийн ямар зүйл заалтаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах гээд байгаа нь ойлгомжгүй бөгөөд тодорхойгүй байна. Иймд хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримт гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй чадаагүй, Иргэний хуулийн 343.1-д заасан .....хөлс төлөх үүргээ биелүүлээгүй, 349 дүгээр зүйлийн 349.1-д зааснаар гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрсөн байх тул мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Харвайн толгой ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Драгон холдинг ХХК-иас 10 733 900 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасантай танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байх тул Драгон холдинг ХХК-ийн зүгээс дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна. Үүнд:

Харвайн толгой ХХК-ийн захирал Л.Тогтохсүрэн нь шинээр баригдсан Драгон терминалын барилгын подвал, 1-7 давхрын дотоод заслын ажлыг тус барилгын батлагдсан зураг төслийн дагуу гэрээнд заасан хугацаанд чанартай, стандарт шаардлагад нийцүүлэн гүйцэтгэхээр 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр №28 тоот Барилгын дотоод заслын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэвч Харвайн толгой ХХК нь Барилгын дотоод заслын ажил гүйцэтгэх гэрээ-ээр хүлээсэн үүрэг, Иргэний хуулийн 206.1, 350.1.1, 350.1.2 болон Барилгын тухай хуулийн 40.1.1-т заасныг тус тус зөрчиж гэрээ болон хуульд зааснаар үүргээ биелүүлээгүй.

Хэдийгээр Харвайн толгой ХХК нь гэрээнд заасан хугацаанд барилгын дотоод заслын ажлыг батлагдсан зураг төсөл, дотоод монтаж, ил далд ажлын батлагдсан мэргэжлийн, технологийн өндөр түвшинд чанар стандартын шаардлагыг бүрэн хангаж гүйцэтгэх үүргээ зөрчсөн хэдий ч манай компани тооцоог хийж дуусгасан. Гэтэл Харвайн толгой ХХК нь 10 733 900 төгрөг нэхэмжилж байгаа нь хууль зүйн хийгээд бодит үндэслэлгүй юм.

Тухайн гэрээт ажлыг гүйцэтгэхэд Харвайн толгой ХХК-д мэргэжлийн үндсэн ажилчид байхгүй улмаас мэргэжлийн бус хүмүүс олж, бага цалин өгч ажиллуулж байсан. Уг ажилчид нь барилгын техник, технологийн алдаа гаргаж, шаардлага, стандартыг зөрчиж гүйцэтгэсэн учир тухайн үед барилгын заслыг хүлээж авсан тухай акт үйлдэгдээгүй, хүлээж авах ч боломж байгаагүй юм. Харвайн толгой ХХК-ийн гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй учир байр ашиглалтад орсон өдрөөс шүүмжлэл дагуулж, одоог хүртэл бид эвдрэлийг зассаар байна. Мөн тус компани 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ажил хүлээлцэхэд ажлаа хүлээлгэж өгөөгүй, ажил хүлээн авсан акт баримт бичиг хийгдээгүй, комиссын дараа дутуу ажлаа гүйцээнэ гэж тохирсон боловч дахиж ирээгүй юм.

Ийнхүү холбоогүй байж байснаа 2019 оны 03 сарын 15-нд гэнэт ирээд дутуу ажлаа хийнэ, цалин материалын хөлс өг гэж нэхээд, аваарын шатны ханыг эмулсдаж будсан. Манай компани барилгын дотооод заслын ажил гүйцэтгэх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу төлбөр тооцооны асуудлыг шийдсэн. Харин Харвайн толгой ХХК нь ажил гүйцэтгэсэн ажилчдын мөнгө төгрөгийг өгөөгүй асуудлаар хуулийн байгууллагаар шалгуулж, Драгон холдинг ХХК-д мөнгө үлдсэн мэтээр ярьж, бусдыг төөрөгдүүлж байна.

Түүнчлэн Харвайн толгой ХХК-ийн захирал албан тушаалтай Л.Тогтохсүрэн нь өмнө нь 2019 оны 3 дугаар сарын 15-нд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Драгон холдинг ХХК-иас 10 733 900 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан хэдий ч шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Энэ удаад Л.Тогтохсүрэн нь иргэний хувиар биш хуулийн этгээдийн хувиар нэхэмжлэл гаргаж байгаа хэдий ч агуулгын хувьд нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл нь нэгэн адил юм. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлага няцаагдаж байх тул Харвайн толгой ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнө иргэн Л.Тогтохсүрэн гэж хүн шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Энэ удаа Д.Нямжав захиралтай Харвайн толгой ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл дээр Харвайн толгой ХХК тамгаа дараагүй, Д.Нямжав гэж хүн цэнхэр өнгийн балаар гарын үсэг зурсан байна. Нэхэмжлэлийн шаардлага Иргэнийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явагдах ёстой гэж бодож байна. Дараагийн асуудал тухайн аж ахуй нэгж иргэн Л.Тогтохсүрэнд итгэмжлэл олгосон байна. Итгэмжлэл дээр Л.Тогтохсүрэнгийн регистрийн дугаар байхгүй байгаа харагдсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэх хавтас хэрэгт мөн байхгүй. Итгэмжлэл нь хуульд заасан тодорхой байх шаардлагад нийцэхгүй байна гэж харагдаж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өнөөдрийн хуралд оролцож буй Л.Тогтохсүрэн хоёр нэг хүн мөн эсэх нь эргэлзээтэй байна. Хэрэгт авагдсан баримтуудыг харахад нэхэмжлэлийн үнийн дүн санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдсон зүйл хэрэг дотор харагдахгүй байна. Хариуцагч мөнгөө өгсөн гээд байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолж буй баримт нь Гансүх овогтой Дүүрэнбаяр гэж хүний Хаан банкны депозит дансны хуулга байгаа. Хаан банкны депозит дансны хуулга дээр Нарангоо гэж хүний шилжүүлсэн мөнгөний гүйлгээний утга энэ хэргийг шийдвэрлэх нотлох баримт биш гэж үзэж байна. Яагаад гэвэл гэрээний оролцогч эрх зүйн харилцаанд ороогүй хүний дансны хуулга байна. Нэхэмжлэлийн шаардлагын анхан шатны баримтаар тогтоогдож байгаа тоцоолол нь ойлгомжгүй байна гэж харагдаж байна. Өмгөөлөгчийн хувьд Драгон холдинг ХХК-ийг төлөөлөөд хэд хэдэн удаа ажиллаж байсан. Улсын бүртгэлийн гэрчилгээ шүүхэд гаргаж өгөөч гэж хэлж байсан. Гэрчилгээ дээр Драгон холдинг ХХК-ийн захирал Б.Октябрь гэж байдаг. Энэ асуудал дээр хүлцэл өчье. Гэрээний заалтуудыг анхны тайлбар дээрээ хэлсэн. Гэрээний 4.3, 4.5, 4.6 дахь заалтууд дээрх засварын ажил, барьцаатай байгаа хугацааны засварыг хэрхэн хийгдэх, хэн хүлээж авах гэх мэт бүгд бичигдсэн байгаа. Улсын комисс хүлээж авснаар энэ ажил дууслаа гэсэн зүйл байхгүй. Гэрээний 4.3-д зааснаар уг хөрөнгөөр засварлах эсвэл гүйцэтгэгчийн хөрөнгөөр засварлах гэж заасан байдаг. Ил далд ажлын актгүйгээр талуудын тохиролцсон ажил хэрхэн явагдсан гэдэг тодорхойгүй байна. Барьцааны хөрөнгө нь дутуу доголдолтой ажил гарвал засах баталгаа болгож авж үлдсэн мөнгө, энэ мөнгөөрөө засвараа гүйцэт хийгээгүй гэж хариуцагч тал тайлбартаа хэлээд байгаа. Нэхэмжлэгч Л.Тогтохсүрэнгийн 2019 онд гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Нэхэмжлэгч тал миний тайлбарт маргахүй байгаа. Мөн Л.Тогтохсүрэн гэж хүн Драгон холдинг ХХК-тай уулзаад гэрээгээ дүгнэж, гаргасан зардлаа хоёр талаасаа нийлээд, нэхэмжлэхээ явуулаад, тооцоогоо бүрэн гүйцэт болгоод шүүхэд хандвал шүүх хэрэг шийдвэрлэхэд амар байх гэж бодож байна. Ингэхгүйгээр тодорхойгүй дүнгээр нэхэмжлэл гаргаад байгаа нь хоёр тал үл ойлголцолд хүрэх шалтгаан болоод байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч, мөн Харвайн толгой ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Тогтохсүрэнг хариуцагч компани Драгон холдингХХК-ийн төлөөлөгч нартай уулзаж байгуулсан гэрээгээ дүгнэж, гаргасан зардлаа хоёр талаасаа нийлээд, нэхэмжлэхээ явуулаад, тооцоогоо бүрэн нэг мөр болгоод шүүхэд хандаач гэж хүсмээр байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Харвайн толгой ХХК нь 10 773 900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Драгон холдинг ХХК хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж Барилгын дотоод заслын ажил гүйцэтгэх гэрээ, Харвайн толгой ХХК-ийн 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн тооцоо нийлсэн акт, 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2015/69 дүгээр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, Г.Дүүрэнбаярын Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг,

Хариуцагч тал татгалзлаа дэмжиж гэрэл зургийн үзүүлэлтийг нотлох баримтаар гарган мэтгэлцэж байна.

Зохигчид 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Барилгын дотоод заслын ажил гүйцэтэх гэрээ байгуулж, ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч олон улсын зорчигч тээврийн терминалын барилгын дотоод заслыг ажлыг гүйцэтгэх, захиалагч буюу хариуцагч хийсэн ажлыг хүлээн авч, тооцоо хийхээр /хх-3/ тохиролцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг хүлээнэ гэж заасныг зөрчөөгүй буюу талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь барилгын дотоод заслын ажлыг батлагдсан зураг төслийн дагуу, стандартын шаардлага хангаж, хугацаанд нь хүлээлгэж өгөх /гэрээний 5.1/, дутагдал, гологдол гаргавал өөрийн хөрөнгөөр арилгах /гэрээний 5.4/, заслын ажлын чанарын баталгаа болгож гэрээний үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх мөнгө хөрөнгийг суутгуулж Барилгын тухай хуульд заасан хугацаа дуусмагч шилжүүлэн авах /гэрээний 5.7/, захиалагч нь дотоод заслын ажлын үе, шат бүрт хяналт тавьж, акт үйлдэх /гэрээний 4.3/, ажлын гүйцэтгэлийг зөвшөөрч, хүлээн авч, тооцоог хийх /гэрээний 4.5/, заслын ажлын чанарын баталгаа болгож гэрээний үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний үнийн дүнг Барилгын тухай хуульд заасан нэг жилийн баталгаат хугацаа дуусах хүртэл шилжүүлэхгүй, дутагдал, доголдол гарвал барьцаа хөрөнгө эсхүл гүйцэтгэгчийн хөрөнгөөр засуулахаар /гэрээний 4.6/ заажээ.

Хариуцагч Драгон холдинг ХХК нь нэхэмжлэгч Харвайн толгой ХХК-ийг гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй, шаардлага хангахгүй ажил гүйцэтгэсэн, ажил хүлээлцсэн баримт үйлдээгүй, ажлаа хаяж явсан, мөнгөө төлж дуусгасан гэж тайлбарладаг боловч тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, шүүхэд баримтаар өгсөн гэрэл зураг нь хариуцагчийн татгалзлыг нотлох баримт гэж дүгнэхэд эргэлзээтэйгээс гадна хариуцагчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гэрэл зургийг хэзээний зураг гэдгийг мэдэхгүй /хх-95/ гэх тайлбар гаргажээ. Барилгын дотоод заслын ажилд ямар нэг доголдол илэрвэл захиалагч буюу хариуцагч нь энэ тухай гомдлын шаардлага гаргах эрхтэй боловч шаардлага гаргасан эсэх баримт хэрэгт цуглараагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бол хүлээн зөвшөөрөхгүй үндэслэл, түүнийг нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч хариуцагч энэ үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байна.

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаас үзэхэд Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, Драгон холдинг ХХК-ийн Олон улсын зорчигч тээврийн үйлчилгээний терминалын барилга-ыг /актын 1.1/ ... ашиглалтад оруулахад бэлэн болсон тухай захиалагч байгууллагын ... мэдэгдлийн дагуу ... шинээр барьсан өргөтгөл, шинэтгэл, их засварын ажлын чанар, холбогдох акт, баримтуудтай танилцаад газар дээр нь шалган ... /1.6/, ... байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэв /2.1/ гэжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч барилгын дотоод заслын ажлыг гэрээнд заасан хугацаанд, чанар, стандартын шаардлагын дагуу гүйцэтгэсэн бөгөөд захиалагч буюу хариуцагч дотоод заслын ажлын талаар гомдол гаргаагүй буюу хариуцагчийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй, шаардлага хангахгүй ажил гүйцэтгэсэн гэх тайлбар дээрх баримтаар няцаагдаж байна.

Зохигчид ажлын гүйцэтгэлийн барьцааг 5 хувь гэж гэрээнд тусгасан боловч бодит байдал дээр 3 хувь буюу 18 420 991 төгрөг гэж тохиролцсон, барьцааг гэрээний үнийн дүнгээс суутгасан тухай маргаагүй ба энэ нь тооцоо нийлсэн акт гэх баримтаар давхар нотлогдож байна. Нэхэмжлэгч 18 420 991 төгрөгөөс авсаар байгаад нэхэмжлэлийн шаардлага болох 10 773 900 төгрөг үлдсэн болохыг нотолж Г.Дүүрэнбаярын Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримтаар гаргажээ. Тус баримтыг шинжлэн судлахад Драгон холдинг ХХК нь 2017 оны 03 сарын 16-ны өдөр 300 000 төгрөг /хх-66/, 2017 оны 04 сарын 17-ны өдөр 200 000 төгрөг /хх-67/, 2018 оны 10 сарын 11-ний өдөр 1 000 000 төгрөг, 2018 оны 10 сарын 23-ны өдөр 1 500 000 төгрөг /хх-60/, 2018 оны 12 сарын 06-ны өдөр 200 000 төгрөгийг барьцааны мөнгө, ажлын хөлс, засварын төлбөр гэх мэтээр Харвайн толгой ХХК-д шилжүүлжээ. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч дотоод заслын ажил гүйцэтгэх гэрээний үүрэг шаардах эрхтэй, хариуцагч шаардах эрх буюу хөлс төлөхөө хүлээн зөвшөөрч байсан бөгөөд хариуцагчийн төлбөр төлж дууссан гэх тайлбар нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгч тал ... ажлаа хаяад алга болсон ... гэх хариуцагчийн тайлбарыг няцааж улбар шар, хөх өнгийн тэмдэглэлийн дэвтэр баримтаар өгсөн бөгөөд эдгээр дэвтэр нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарах нотлох баримт бус тул шинжлэн судалсан боловч шүүхийн шийдвэрийг үндэслээгүй болно.

Шүүх нэхэмжлэгчийн шаардлагаа нотолж ирүүлсэн баримт, түүний тайлбар, хариуцагчийн татгалзлаа нотолж ирүүлсэн баримт, түүний тайлбарыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, өөрийн дотоод итгэлээр үнэлж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Драгон холдинг ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 10 773 900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Харвайн толгой ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, 79 дүгээр зүйлийн 79.1-д ... үүрэг хүлээсэн этгээд ... бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, 79.7-д Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр тоолно гэж тус тус заажээ. Талууд 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ /хх-3-4/ байгуулж, 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр үлдэгдэл тооцоо нийлж /хх-6/, хариуцагч Драгон холдинг ХХК нь 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 300 000 төгрөг /хх-66/, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 200 000 төгрөг /хх-67/ нэхэмжлэгч Харвайн толгой ХХК-д шилжүүлжээ. Тодруулбал хариуцагч тооцоо нийлж, мөнгө шилжүүлж байсан нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нэг хэлбэр тул нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхгүй.

 

Харвайн толгой ХХК гэх оноосон нэртэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москва хороолол 131/5-59 хаягт байрлах хуулийн этгээдийг /хх-10/ төлөөлөх эрх бүхий захирал Д.Нямжав нэхэмжлэл гаргасан /хх-1/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж байхаас гадна түүний 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/24 дүгээр албан бичгээр Л.Тогтохсүрэнг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон нь /хх-14/ Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасан хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх, олгосон он, сар, өдрийг заах, хугацааг заах зохицуулалтыг зөрчөөгүйг дурдах нь зүйтэй. Мөн хариуцагч Драгон холдинг ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Гүйцэтгэх захирал Б.Октябрь болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй боловч зохигчид хариуцагчийн төлөөлөгч Б.Октябрь мөн эсэх талаар маргахгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Драгон холдинг ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 10 773 900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Харвайн толгой ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 187 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Драгон холдинг ХХК-иас 187 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Харвайн толгой ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР