Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2022/00160

 

                                “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар  

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2020/00680 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 975 дугаар магадлалтай,

“*********” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

  “******” ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 10,773,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батбаярын гаргасан гомдлоор  

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. “*******” ХХК нь “********” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 10,773,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2020/00680 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “******” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 10,773,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “********** толгой ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 187,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-аас 187,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “********” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 975 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2020/00680 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн өмгөөлөгчийн төлсөн 187,333 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

 4. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх бөгөөд уг үр дүнг бүхэлд нь Улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авсан, нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажилд чанарын доголдол байсан гэдгийг хариуцагч баримтаар нотолж чадаагүй нөхцөлд 10,773,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болсон гэж үзнэ. Хэргийн 7-8 дугаар талд авагдсан комиссын актаас үзэхэд терминалын барилгыг 2015.02.03-ны өдөр улсын комисс хүлээн авсан байх бөгөөд хариуцагч Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасан хугацаанд гомдлын шаардлага гаргаж байсан талаарх баримт байхгүй байна” гэсэн хуулийн болон бодит үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Ажил гүйцэтгэх гэрээний хамгийн гол зүйл нь ажлын үр дүн гэж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т заасан. Бодит байдал дээр “*******” ХХК-д мэргэжлийн үндсэн ажилчид байхгүй улмаас мэргэжлийн бус хүмүүс олж, бага цалин өгч ажиллуулж байсан. Уг ажилчид нь барилгын техник, технологийн алдаа гаргаж, шаардлага, стандартыг зөрчиж гүйцэтгэсэн учир тухайн үед барилгын заслыг хүлээж авсан тухай акт үйлдээгүй, хүлээж авах ч боломж байгаагүй юм. “*******” ХХК-ийн гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй учир байр ашиглалтад орсон өдрөөс шүүмжлэл дагуулж, одоог хүртэл бид эвдрэлийг зассаар байна. Мөн тус компани 2015.02.03-ны өдөр ажил хүлээлцэхэд ажлаа хүлээлгэж өгөөгүй, ажил хүлээн авсан акт баримт бичиг хийгдээгүй, комиссын дараа дутуу ажлаа гүйцээнэ гэж тохирсон боловч дахиж ирээгүй юм. Нэхэмжлэгч тал гэрээнд заасан хугацаанд барилгын дотоод заслын ажлыг батлагдсан зураг төсөл, дотоод монтаж, ил далд ажлын батлагдсан мэргэжил, технологийн өндөр түвшинд чанар стандартын шаардлагыг бүрэн хангасан барилгын дотоод заслын ажлыг гүйцэтгэх үүргээ зөрчсөн байхад 10,733,900 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь хуулийн болон бодит үндэслэлгүй байна.

4.1. “Барилгын дотоод заслын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 4-р зүйлийн 4.3. “Гүйцэтгэгчийн дотоод заслын ажлын явцад мэргэжил, технологийн болон түүний чанар, үр дүнд хяналт тавьж заслын ажлын үе шат бүрт акт үйлдэж 2 тал гарын үсэг зурж баталгаажуулж ажиллана”, 4.5. “Хяналтын инженерийн ажлын гүйцэтгэлийг зөвшөөрч, хүлээн авч, гарын үсэг гүйцэтгэлийн тооцоог хийнэ” гэж заасны дагуу барилгын дотоод заслын ажлыг “*******” ХХК хариуцагчид хүлээлгэж өгөөгүй, акт үйлдээгүй учир ажлыг хүлээж авч, гарын үсэг зурж баталгаажуулаагүй юм. Гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь илэрхий байхад ийнхүү Иргэний хуулийн 343 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагчийг үүргээ биелүүлээгүй мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч тал гэрээт ажлын гологдол, доголдлоо хийж дуусгахгүй хаяж яваад гэнэт 2019.03.15-нд гэнэт ирээд “дутуу ажлаа хийнэ, цалин материалын хөлс өг” гэж нэхээд, аваарын шатны ханыг эмульсдэж будсан боловч өөр ажлын доголдлуудаа засаагүй, засаагүй учраас ажлаа хүлээлгэж өгч чадаагүй. Ажлыг хүлээлгэн өгсөн баримт хэрэгт байхгүй. Барилгын дотоод заслын ажил гүйцэтгэх гэрээний 1-р зүйлийн 1.2. “Захиалагч нь шинжлэх ухаан, техник, эдийн засгийн шаардлага хангасан, барилгын дотоод заслыг түлхүүр гардуулахад бэлэн болсон байдлаар хүлээн авч эцсийн тооцоо хийнэ" гэж заасны дагуу техник, эдийн засгийн шаардлага хангасан заслыг “********” ХХК хийгээгүй учраас манай хяналтын инженер хүлээн аваагүй. Ийнхүү ажлыг хүлээн авсан баримт хэрэгт байхгүй. Тухайн барилгыг хэдийгээр улсын комисс хүлээн авсан ч ажил гүйцэтгэгч тодорхой хугацааны дараа нэмэлт засварын ажлаа хийгээд үлдэгдэл төлбөрөө нэхэмжлэх эрхтэй байтал ийнхүү чанарын шаардлага хангасан ажил хийж өгөөгүй, захиалагч ажлыг хүлээн аваагүй нь тодорхой байхад төлбөр гаргуулахаар шийдэх нь бодит үндэслэлгүй юм.

4.2. Энэ нэхэмжлэлийг өмнө нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “*******” ХХК-аас 10,733,900 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан хэдий ч шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6.-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах гэжээ. Энэхүү нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг шийдвэрлэсэн. Тус захирамж хүчин төгөлдөр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д “Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэсний дагуу шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолж буй баримт нь Г.Дүүрэнбаяр гэх хүний Хаан банкны депозит дансны хуулга байдаг. Хаан банкны депозит дансны хуулга дээр н.Нарангоо гэж хүний шилжүүлсэн мөнгөний гүйлгээний утга энэ хэргийг шийдвэрлэх нотлох баримт биш гэж үзэж байна. Учир нь гэрээнд оролцогч биш, эрх зүйн харилцаанд ороогүй хүний дансны хуулга гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг нотолж чадаагүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, “********” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

6. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “********” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 10,773,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “********” ХХК-д олгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

7. Нэхэмжлэгч “*******” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...******* ХХК-тай 2014.06.23-ны өдөр барилгын дотоод заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ...2015.02.03-ны өдөр 2015/69 тоот барилгын байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт гарч, ...2015.05.27-ны өдөр гэрээний 2 тал тооцоо нийлсэн, ...10,773,900 төгрөгийг төлөхгүй байх тул гаргуулж өгнө үү...” гэж тодорхойлсон байна.

8. Хариуцагч “********” ХХК “...н.Нарангоо гэж хүний шилжүүлсэн мөнгөний гүйлгээний утга энэ хэргийг шийдвэрлэх нотлох баримт биш, ...өмнө нь тухайн асуудлыг шийдвэрлэсэн хуулийн хүчин хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа, нэхэмжлэгчийн ажлын үр дүн чанарын доголдолтой...” гэж мэтгэлцжээ.

Зохигч ажлын хөлсний хэмжээнд маргаагүй, харин ажлын үр дүн доголдолтой,  н.Нарангоо гэж хүний шилжүүлсэн мөнгөний гүйлгээний утга энэ хэргийг шийдвэрлэх нотлох баримт мөн болох, уг маргааныг шийдвэрлэсэн хуулийн хүчин хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа эсэх нь маргааны зүйл болсон байх бөгөөд эдгээрийг хариуцагчийн өмгөөлөгч Б.Батбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо дурджээ.

9. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж зөв тодорхойлж, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

10. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-д зааснаар нэхэмжлэгч гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэхээр шаардлага гаргах эрхтэй.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх бөгөөд уг үр дүнг бүхэлд нь Улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авсан, нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажилд чанарын доголдол байсан гэдгийг хариуцагч баримтаар нотолж чадаагүй гэж дүгнэж, хариуцагчаас 10,773,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй. 

Үүнээс гадна хэргийн 7-8 дугаар талд авагдсан комиссын актаас үзэхэд терминалын барилгыг 2015.02.03-ны өдөр улсын комисс хүлээн авсан байх бөгөөд хариуцагч Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1заасан хугацаанд гомдлын шаардлага гаргаагүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

11. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус хуульчилжээ.

12. “*******” ХХК нь 2014.06.23-ны өдөр “******” ХХК-тай барилгын дотоод заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, олон улсын зорчигч тээврийн терминалын барилгын подвал, 1-7 давхрын дотоод заслын ажлыг хийж гүйцэтгэх, гэрээний 3.2-т зааснаар нийт ажлын хөлс 513,000,000 төгрөгийн 40 хувийг бартераар 60 хувийг бэлэн болон бэлэн бусаар төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогджээ.

Гэрээний талуудын тооцоо нийлж, үлдэгдэл 19,532,579 төгрөгийг “********” ХХК төлөх үүрэгтэй байгааг баталгаажуулсан акт, барилга байгууламжийг улсын комисс хүлээн авсан акт зэргийг нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтаар гаргасныг хариуцагч баримтаар няцааж, үгүйсгэж чадаагүй байна.

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болсон баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Хариуцагч “*******” ХХК-ийн “...талуудын хооронд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа...” гэх утгатай тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

14. Нэхэмжлэгч ажлын хөлс 18,420,991 төгрөгөөс 10,773,900 төгрөг үлдсэн болохыг нотолж Г.Дүүрэнбаярын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримтаар гаргасан бөгөөд шүүхээс тус баримтыг шинжлэн судлаж, “********” ХХК 2017.03.16-ны өдөр 300,000 төгрөг, 2017.04.17-ны өдөр 200,000 төгрөг,  2018.10.11-ний өдөр 1,000,000 төгрөг, 2018.10.23-ны өдөр 1,500,000 төгрөг, 2018.12.06-ны өдөр 200,000 төгрөгийг барьцааны мөнгө, ажлын хөлс, засварын төлбөрт “********” ХХК-д шилжүүлсэн гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

15. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батбаярын гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2020/00680 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 975 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч Б.Батбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 187,333 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ЦОЛМОН

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Г.АЛТАНЧИМЭГ

                                            ШҮҮГЧИД                            Г.БАНЗРАГЧ

                                                                                        П.ЗОЛЗАЯА 

                                                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ