Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2019/01518

 

 

 

 

 

 

 

 

 

                                              Ш.Тгийн  нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн   2019 оны 05 сарын 23 өдрийн 102/ШШ2019/01521 дугаар шийдвэртэй, Ш.Тгийн нэхэмжлэлтэй, хариуцагч холбогдох, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 3/15938 дугаар албан бичгээр орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгож, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 2-29 байрны 44 тоотын зарцуулах эрхийг сэргээх албан бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:  Ш.Т нь С.Цолмонтой 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Орон сууц, худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 54 000 000 төгрөгөөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 2-29 дүгээр байрны 44 тоот 2 өрөө байрыг худалдаж авсан. Тухайн үед улсын бүртгэлд бүртгэлтэй уг байрны хууль ёсны өмчлөгчөөр С.Цолмон байсан бөгөөд хүчин төгөлдөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй байсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь Ч.Батцэцэгийн нэр дээрх орон сууцыг С.Цолмонгийн нэр дээр шилжүүлснээс болж Ч.Батцэцэг нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бусаар явагдсан гэж нэхэмжлэл гаргасан. Сүхбаатар дүүргийн шүүх 2011 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 1425 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн байдаг. Төлбөр төлөгч Ч.Батцэцэг төлбөр авагч С.Цолмон нарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байсныг Ш.Т мэдээгүй. Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар нь С.Цолмонгийн өмчлөх эрх хууль ёсны бөгөөд тэрхүү эрхийг хязгаарласан эрх бүхий байгууллага, албан тушаалтны тодорхой шийдвэр байхгүй байсан учир өмчлөх эрхийг Ш.Тд шилжүүлэн бүртгэсэн. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1425 дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа буруу буюу хууль бусаар явуулсны улмаас 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Ч.Батцэцэгт дээрх орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж, улмаар 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Ш.Тг орон сууцнаас албадан гаргасан. Харин Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1425 дугаар шийдвэрээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1019/0010 дугаартай байр, орон сууцнаас албадан гаргах тогтоол болон дээрх орон сууцны анхны болон хоёрдахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 оны/-ийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт гүйцэтгэгдсэн шийдвэр хүчингүй болсон бол уг шийдвэрээр төлбөр авагчид олгогдсон бүх зүйлийг гаргуулж төлбөр төлөгчид буцаан олгох буюу тийм боломжгүй бол буцаан олгох үеийн ханшаар үнийг төлнө гэж заасны дагуу орон сууц нь хуулийн дагуу Ш.Тгийн өмчлөлд шилжсэн, бодит байдалд С.Цолмонгоос Ч.Батцэцэгт буцаах боломжгүй байсан учир Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны орон сууцны үнийг С.Цолмонгоор төлүүлэх ажиллагааг хийх ёстой байсан. Мөн дээрх шийдвэрээр Ш.Тг маргаж буй байр орон сууцнаас албадан гаргахаар заагаагүй. Өөрөөр хэлбэл уг орон сууцны өмчлөх эрх Ш.Тд шилжин хууль ёсны шударга эзэмшигч болсон байхад дээрх байдлаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан болох нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 514 дүгээр тогтоолд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны явуулсан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 2-29 дүгээр байрны 44 тоот 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлсөн болон уг орон сууцны өмчлөх эрхийг Ч.Батцэцэгт шилжүүлсэн ажиллагааг тус тус хүчингүй болгож шийдвэрлэснээр тогтоогдсон. Энэхүү шүүхийн тогтоолоор Ш.Тгийн эрхийг сэргээж шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 468 дугаар гүйцэтгэх хуудсаар эхэлсэн боловч миний өмчлөх эрхийг сэргээх ажиллагаа явагдаагүй, өнөөдрийг хүртэл орон сууцандаа орж чадаагүй байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас таныг өмчлөгчөөр тогтоосон шийдвэр байхгүй учир өмчлөгчөөр тогтоогдож байж, орон сууцандаа орох боломжтой гэсэн хариуг өгч байгаа нь үндэслэлгүй байна. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт өмчлөх эрх сэргээлгэх тухай хүсэлт гаргасны дагуу тус газрын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 7/2692 дугаартай албан бичигт Батцэцэгт олгосон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, таны өмчлөх эрхийг сэргээж бүртгэх нь үндэслэлтэй байна гэсэн хариуг ирүүлсний дагуу Ш.Т 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандаж мэдүүлэг гаргасан. Энэ дагуу 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр НШШГГт үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээх талаар хүсэлт гаргасан боловч тус газраас мөн хууль бус шаардлага буюу төлбөр төлөгч Ч.Батцэцэг шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлж барагдуулаагүй, мөн орон сууцыг таны өмчлөлд шилжүүлэх тухай шүүхийн шийдвэр гараагүй өмчлөх эрх тогтоолгох нэхэмжлэл орон сууц худалдан борлуулан иргэнд холбогдуулан шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариуг өгсөн. Дээрх байдлаар Ч.Батцэцэг төлбөр төлөгчтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 2-29 дүгээр байрны 44 тоот орон сууцны асуудал хамааралгүй, миний өмчлөх эрх үүсэх үндэслэл болсон орон сууц худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр, үүнийг үндэслэн 2011 оны 7 дугаар сарын 07-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээг улсын бүртгэлд бүртгэсэн байсан учир дахин шүүхэд өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргах шаардлагагүй байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь хууль бус ажиллагаа явуулан 2015 оны 3/15938 дугаар албан бичгээр орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх талаар улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийлгүүлэн хууль ёсны өмчлөгч Ш.Тгийн эрхийг сэргээлгэх боломжийг хязгаарлаж, эрхийг зөрчиж байгаа нь үндэслэлгүй болно. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2015 оны 3/15938 дугаар албан бичгээр орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгож, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо,13 дугаар хороолол 2-29 дүгээр байрны 44 тоот орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээх албан бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг НШШГГт даалгаж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн тайлбарт: Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1019 дүгээр захирамжаар С.Цолмон нь Ч.Батцэцэгийн нэхэмжлэлийн шаардлага болох Ч.Батцэцэг, С.Цолмон нарын хооронд байгуулагдсан 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг болон уг хэлцлээр шилжүүлсэн орон сууцыг Ч.Батцэцэгт буцаан шилжүүлэхийг Ч.Батцэцэг нь С.Цолмонгийн нэхэмжилсэн 35 100 000 төгрөгийг төлөхийг тус тус хүлээн зөвшөөрснийг баталж шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эрхийн улсын бүртгэлийн Ү-2204026766 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол-2, Энхтайваны өргөн чөлөө 29 дүгээр байрны 44 тоот 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж, төлбөр авагчид шилжүүлсэн боловч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1425 дугаар шийдвэрээр ажиллагааг хүчингүйд ажиллагааг тооцсон. Шүүхийн шийдвэрийн дагуу зөвтгөн явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 2636 дугаар шийдвэр, Иргэний хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 641 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 514 дүгээр тогтоолоор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны явуулсан, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Энхтайвны өргөн чөлөө 29 дүгээр байрны 44 тоот 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Ч.Батцэцэгт шилжүүлсэн ажиллагааг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлээс тухайн орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон орон сууцтай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж шийдвэрлэсэн. Нэхэмжлэлд дурдсан орон сууц нь төлбөр төлөгч Ч.Батцэцэгийн өмчлөлд бүртгэлтэй, төлбөр төлөгч иргэн шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлж барагдуулаагүй тул гуравдагч этгээдийн хүсэлтээр үл хөдлөх хөрөнгийн эрхийг сэргээх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо С.Цолмонгоос нэхэмжлэх нь зүйтэй бөгөөд тус газрыг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 он/ хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар НШШГГт холбогдох 2015 оны 3/15938 дугаар албан бичгээр орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгож, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 2-29 дүгээр байрны 44 тоот орон сууцыг захиран зарцуулах эрхийг сэргээх албан бичгийг улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг хариуцагч байгууллагад даалгах тухай Ш.Тгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.Тгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хэрлэнчимэгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/01521 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч байна. Ш.Т нь С.Цолмонтой 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 54 000 000 төгрөгөөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 2-29 дүгээр байр 44 тоот 2 өрөө байрыг худалдан авахад уг байрны хууль ёсны өмчлөгчөөр С.Цолмон улсын бүртгэлд бүртгэлтэй, хүчин төгөлдөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй байсан. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 хэсэгт зааснаар улсын бүртгэлийн байгууллага С.Цолмонгийн өмчлөх эрх хууль ёсны бөгөөд уг эрхийг хязгаарласан эрх бүхий байгууллага, албан тушаалтны тодорхой шийдвэр байхгүй байсан тул өмчлөх эрхийг Ш.Тд шилжүүлэн бүртгэж, С.Цолмонгийн өмчлөх эрх дуусгавар болсон. Тухайн үед төлбөр төлөгч Ч.Батцэцэг төлбөр авагч С.Цолмон нарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байсныг Ш.Т мэдээгүй.

Харин Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1425 дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа хууль бусаар явуулсны улмаас 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Ч.Батцэцэгт дээрх орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж, 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр орон сууцнаас албадан гаргасан.

Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах үндэслэл болсон дээрх шийдвэрээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1019/0010 дугаартай байр, орон сууцнаас албадан гаргах тогтоол болон дээрх орон сууцны анхны болон хоёрдахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн.

2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууц нь хуулийн дагуу Ш.Тгийн өмчлөлд шилжсэн, бодит байдалд С.Цолмонгоос Ч.Батцэцэгт буцаах боломжгүй байсан учир Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны орон сууцны үнийг С.Цолмонгоор төлүүлэх ажиллагааг хийх ёстой байсан.

Мөн дээрх шийдвэрээр иргэн Ш.Тгийн өмчлөх эрхийн талаар маргаагүй байхад хуулийн дагуу өмчилж авсан орон сууцнаас хууль бусаар албадан гаргасан нь Үндсэн хуульд заасан өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн. Уг орон сууцны өмчлөх эрх Ш.Тд шилжсэн, хууль ёсны шударга өмчлөгч болсон байхад дээрх байдлаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар хууль бус ажиллагаа явуулсан болох нь Улсын Дээд шүүхийн 2014 оны 514 дүгээр тогтоолоор тогтоогдсон.

Ч.Батцэцэг төлбөр төлөгчтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 2-29 дүгээр байр 44 тоот орон сууцны асуудал хамааралгүй, өмчлөх эрх үүсэх үндэслэл болсон орон сууц худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр, үүнийг үндэслэн 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээг улсын бүртгэлд бүртгэсэн байсан. Энэ эрхийг шүүхийн шийдвэрээр сэргээсэн учир нэхэмжлэгч дахин шүүхэд өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргах шаардлагагүй байхад шийдвэр гүйцэтгэх алба нь хууль бус ажиллагаа явуулан 2015 оны 3/15938 дугаар албан бичгээр орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх талаар улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийлгүүлэн хууль ёсны өмчлөгч миний эрхийг сэргээлгэх боломжийг хязгаарлаж, эрхийг зөрчиж байгаа нь үндэслэлгүй. Шүүх хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус явуулж байгаа болохыг нотолж, нэхэмжлэгчээс үндэслэл болгон тайлбарласан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх заалтыг хэрхэн үгүйсгэж байгаа талаараа шийдвэртээ тусгаагүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ш.Т нь хариуцагч НШШГГт холбогдуулан тус газрын 2015 оны 3/15938 дугаар албан бичгээр орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгож, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 2-29 дүгээр байрны 44 тоотын захиран зарцуулах эрхийг сэргээх албан бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг даалгах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “ .., Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тухай 2015 оны 3/15938 дугаар албан бичиг нь миний өмчлөх эрхээ сэргээлгэх боломжийг хязгаарласан ..,” гэж тайлбарлалаа.

Хэргийн 62 дугаар талд авагдсан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн гэх 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2 Энхтайваны өргөн чөлөө 29 дүгээр байрны 44 тоот 2 өрөө орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж хариу ирүүлнэ үү ” гэсэн 3/15938 тоот албан бичиг нь маргааны үйл баримттай хамааралтай байх бөгөөд уг баримтад хариуцагч байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарагдсан байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа хэргийн оролцогчийн хувьд  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсгийн заалт хамаарахгүй тул мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүхэд ирүүлэх журамтай.

Хариуцагч байгууллагын архивын “хуулбар үнэн” дардастай баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох чадвараа алдах тул давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулж тухайн баримтад үндэслэж  дүгнэлт хийх боломжгүй.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн   2019 оны 05 сарын 23 өдрийн 102/ШШ2019/01521 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

  

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 М.НАРАНЦЭЦЭГ

                                  ШҮҮГЧИД                                А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                    А.МӨНХЗУЛ