Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/ма2020/00828

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2020/00828

 

 

Н.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2020/00343 дугаар шийдвэртэй, Н.Б-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н-т холбогдох

2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 1/7606 дугаар албан бичгээр төлбөр авагчид шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 4603 дугаар шийдвэрээр Н.Б-гаас нийт 129 300 450 төгрөгийг М.Саруулхангайд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Н.Б-гийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамжны 18 дугаар байрны 3 тоотын, 5 өрөө орон сууцыг анхны дуудлага худалдаагаар 191 730 000 төгрөгөөр оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар болсон. Н.Б- 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Улсын Дээд Шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2016/01382 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн. Төлбөр авагч М.Саруулхангай болон шийдвэр гүйцэтгэгч нар нь М.Саруулхангайн нэр дээр шилжүүлбэл зөрүү мөнгө өгнө гэсэн аман гэрээ байгуулж 2 жилийн хугацаанд 129 300 450 төгрөгийг төлөөд орон сууцыг буцаан авах нөхцөлтэйгөөр тохиролцоо хийсэн. Тохиролцооны үндсэн дээр орон сууцыг М.Саруулхангай нэр дээр шилжүүлэхээр 2017 оны 3 сарын 9-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүсэлт гаргаж сууцыг М.Саруулхангайд шилжүүлсэн. Дээрх шилжүүлэх процессийн үндсэн дээр ажиллагаа явагдсан боловч төлбөр авагч М.Саруулхангай тус дүүргийн шүүхэд иргэн Н.Б-д холбогдуулан Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 18 дугаар байрны 3 тоот орон сууцны өмчлөгч бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр иргэн Н.Б-тай орон сууц хөлслөх гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан боловч өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөр төлөөгүй ба нийт 5 695 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. М.Саруулхангай нь дээрх орон сууцыг эхнэр Б.Туяагэрэлд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Гуравдагч этгээд нь шүүх хуралдаан дээр байрыг буцааж өгөхгүй гэсэн тайлбар гаргадаг. Ер нь шийдвэр гүйцэтгэгч нь Улсын Дээд шүүхийн тогтоолыг биелүүлээгүй, 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнийн санал аваагүй, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах байсан боловч ийм ажиллагаа хийгээгүй, төлбөр төлөгч, авагч нар эвлэрсэн гэж байгаа боловч бодит байдлаар эвлэрээгүй. Гэтэл эвлэрсэн гэж дээрх ажиллагаануудыг хийлгүйгээр төлбөр авагчид төлбөр төлөгчийн эд хөрөнгийг шилжүүлснийг зөвшөөрөхгүй. Энэ талаар бид ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хандсан боловч шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа зөв гэж үзсэн. Иймд 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 1/7606 дугаар албан бичгээр төлбөр авагчид шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгончимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж маргаан бүхий 5 өрөө байр нь барьцаа хөрөнгө биш, харин Н.Б-гийн өмчлөлийн хөрөнгө байсан тул Шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 18 дугаар байрны 3 тоот орон сууцыг битүүмжилж, 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хураах ажиллагааг явуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авахад талууд үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй. Төлбөр авагчийн хүсэлтээр Итгэлт эстимэйт ХХК-ийг шинжээч томилж дээрх 5 өрөө байрыг үнэлүүлж 273 900 000 төгрөгийн үнэлгээг талуудад танилцуулсан. Орон сууцны үнэлгээний тогтоосон үнийг 70 хувиар тооцож 191 730 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй, 50 хувиар хоёр дуудлага худалдаагаар оруулсан. Төлбөр төлөгч Н.Б- нь 50 хувиар албадан дуудлага худалдаанд оруулсанд гомдож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Н.Б-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон ба Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын Дээд Шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1382 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53.1, 53.4 дэх хэсэгт заасан дараалал алдагдсан шалтгаан буюу маргаан бүхий байр нь өмчлөлийн хөрөнгө биш учир төлбөр төлөгчийн арилжааны банк дахь мэдээллийг аваагүй, ажиллагаа хийгээгүй дараалал алдсан үндэслэлээр хүчингүй болгосон.

Процесс ажиллагааны хувьд хууль зөрчсөн асуудал байхгүй ба анхан шатны болон давж заалдах шатны шүүхээр хүчин төгөлдөр хянагдаад гарсан байдаг. Тэгээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг миний бие явуулж, төлбөр төлөгчийн арилжааны банкны зарлагын гүйлгээг хязгаарлаж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг мэдэгдээд, уулзаж тайлбар аваад явсан. Тайлбар авахад төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд дахин гомдол гаргаж, шийдвэр гүйцэтгэл дээр ирээд байх нь сэтгэл зүйн хувьд хэцүү байна, тиймээс сайн дураар төлбөрийг төлж барагдуулах тухай хүсэлтээ өгсөн байдаг. 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр төлбөрөө сайн дураараа биелүүлэх тухай хүсэлтийг гаргаж өөрийн өмчлөлийн орон сууцаа төлбөрт тооцон шилжүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т төлбөр авагч, төлбөр төлөгч хоорондоо эвлэрэх, тэдгээрийн гаргасан тодорхойлолтоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож болно гэж заасны дагуу хүсэлтийг шийдвэрлээд хөрөнгийг төлбөр авагч М.Саруулхангайн өмчлөлд шилжүүлж, дуусгавар болгосон. Энэ нь Н.Б-гийн хүсэл зориг байсан бөгөөд үүнд ямар нэгэн хуурсан, мэхэлсэн зүйл байгаагүй, төлбөр авагчтай тохиролцоод 2 жилийн дараа байраа буцааж авна гэсэн зүйл ч яригдаагүй. Н.Б- тухайн үедээ би байрандаа хэсэг хугацаанд баймаар байна л гэдэг зүйлийг ярьж байсан, гэхдээ өөрийн хүсэл зоригийн дагуу байраа гуравдагч этгээд М.Саруулхангайд өгсөн. Тэдний хооронд чухам ямар тохиролцоо байсныг би мэдэхгүй. Дуудлага худалдааны ажиллагаанд гомдол гаргаж гурван шатны шүүхээр шийдвэрлүүлээд зөвтгөж явж байхад дахин Сүхбаатар дүүргийн 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлээд, үнэлгээнд гомдол гаргаж байсан. 2 дугаар сарын 17-ны өдрийн 2955 захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татаж аваад хэрэгсэхгүй болгосон байдаг. Н.Б- нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хүсэлт гаргахаас өмнө 4 удаа шүүхэд хандсан. Улсын дээд шүүхийн тогтоолын дагуу процессын дарааллыг зөвтгөн явж байх явцад төлбөр төлөгч Н.Б- нь хүсэлтээ гаргасан учир, эвлэрсэн шалтгаанаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссанаас хойш бүтэн 3 жилийн дараа дахин ийм асуудал ярих боломжгүй, үүний дараагийн үр дагавар шүүхээр шийдэгдээд явчихсан байгаа. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б- нь байрандаа нэг жилийн хугацаанд амьдрах боломж олгооч, одоо нэгэнт шүүхийн шийдвэрээр танай хөрөнгө болсон юм чинь бид түрээсийн төлбөр төлөөд амьдаръя гэж хүсэлт тавьж байсан. Энэ үед миний эхнэр Б.Туяагэрэл эвлэрээд дуусгах нь зүйтэй гэж үзэж байсан учраас Н.Б-тай орон сууц хөлслөх гэрээг хийсэн. Энэ орон сууц хөлслөх гэрээ бол бидний хооронд хийгдсэн албан ёсны гэрээ, үүнээс өөр ямар нэг хэлцэл тохироо огт байгаагүй. Орон сууцыг Б.Туяагэрэлийн нэр дээр шилжүүлж, орон сууц хөлслөх гэрээ хийх нь Н.Б-гийн хүсэлт санаачилгаар хийгдсэн. Түүний яриад байгаачлан 2 жилийн хугацаанд надад төлбөрөө төлөөд байраа авна гэсэн тохиролцоо огт байгаагүй. Н.Б-гийн шүүхэд гаргаж байгаа гомдол, шаардлагууд бүгд нэг утгатай. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3, 37 дугаар зүйлийн 37.2.2, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасныг баримтлан Н-т холбогдох 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 1/7606 дугаар албан бичгээр төлбөр авагчид шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай Н.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1д зааснаар нэхэмжлэгч Н.Б-гаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргалын давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 1-д шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 1398, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1841 дүгээр магадлалыг дурдаж нэгэнт тогтоогдсон байдлыг дахин нотлох шаардлагагүй гэж үзжээ. Дээрх шүүхийн шийдвэр магадлалаар иргэн Г.Туяагэрэл болон Н.Б- нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь хуулийн дагуу байгуулагдсан эсэхэд л шүүх дүгнэлт өгсөн болохоос шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг хэлэлцээгүй болно. Мөн Улсын дээд шүүхийн 2016 оны 1382 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосон байхад шийдвэр гүйцэтгэгч албадан ажиллагаагаа зөвтгөж явуулаагүйг хуулийн дагуу явагдсан байна гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай гэж үзэхээр байна. 2-т шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2017 онд явагдсан байхад 3 жилийн дараа эрхээ хэрэгжүүлэхээр хандаж байгаа нь ойлгомжгүй болжээ. Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй нь нэхэмжлэлийг үгүйсгэн хэрэгсэхгүй болгох үндэслэл биш гэж үзэж байна. Гомдол гаргагч Н.Б- нь иргэн М.Саруулхангайд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.06.25-ны өдрийн 4603 дугаар шийдвэрээр 129.300.450 төгрөг төлөх, улсын бүртгэлийн Ү-2202009243 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалсан боловч М.Саруулхангайд шилжүүлснийг буцаан Н.Б-гийн өмчлөлд буцаан шилжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь Н.Б-гийн ганц өмчлөлийн хөрөнгө биш бөгөөд гэр бүлийн дундын өмч байсан. Шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа гэр бүлийн дундын өмчлөлөөс гаргуулж байгаа гэдгээ анхаараагүй мөн дундын өмчлөлийн хөрөнгийн бусад өмчлөгчдийг улсын бүртгэлд бүртгүүлэх боломжийг олголгүй шууд нэг талыг барьсан үйлдэл хийж шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ үл хөдлөх эд хөрөнгийг ганцхан Н.Б-гийн өмчлөлд бүртгүүлүүлэн түүнээс төлбөр гаргуулах ажиллагааг явуулсан. Энгийн ухаанаар бодоход 273 900 000 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээг \үнэлгээ бага байна гэж маргаад\ Улсын дээд шүүхээс хүчингүй болгосоор байхад 129 300 450 төгрөгийн төлбөрт тооцож өгсөн нь эргэлзээтэй. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Н.Б- нь Н-т холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. Түүнчлэн, талууд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч, төлбөр төлөгчийн хооронд эд хөрөнгийг буцаан худалдан авах, эвлэрэх агуулгатай ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулагдсан эсэхэд маргажээ. Гэрээний үүргийг зөвхөн гэрээний талаас шаардах юм. Тухайн төлбөр барагдуулах ажиллагаанд шийдвэр гүйцэтгэх байгууллагыг ямар үндэслэлээр буруутгаж байгаа нь тодорхойгүй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Улсын Дээд шүүхийн тогтоолыг биелүүлээгүй, үнийн санал аваагүй, эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдахгүйгээр төлбөрт тооцон өгсөн гэх үндэслэл зааснаас гадна шийдвэр гүйцэтгэх ажиллагаан дээр эвлэрээгүй, 129 300 450 төгрөгийг төлбөр авагчид төлөөд орон сууцаа буцаан авах тохиролцоотой байсан гэж маргажээ.

 

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг бүрэн тодруулж нэхэмжлэлийн шаардлага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гарч байгаа гомдол эсхүл Иргэний хуулиар гаргаж буй ердийн нэхэмжлэлийн алин болохыг тодруулж үйл баримтыг бүрэн тогтоох нь зүйтэй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ олон удаа өөрчилж олон янзаар тайлбарласнаас гадна одоо 129 300 450 төгрөгөө төлөөд байраа тохиролцсон ёсоор буцаан авъя гэхэд өгөхгүй байна. Өөртөө илтэд хохиролтой хэлцлийг хэн ч хийхгүй гэжээ. Шийдвэр гүйцэтгэх байгууллагыг хариуцагчаар татсан шалтгаан, ямар үйлдэлд буруутгаж байгаа, юу шаардаж байгаа нь тодорхойгүй байна.

 

Хэрэв шийдвэр гүйцэтгэлийн тодорхой үйлдэл, үйл ажиллагаанд гомдол гарч байгаа бол 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар шүүхээс урьдчилан шийдвэрлэх журмыг баримталсан эсэх, шүүхэд хандах хугацааны талаар мэтгэлцүүлж дүгнэх шаардлагатай. Иргэний хуульд зааснаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, учирсан хохирлоо арилгуулах зэрэг агуулга, үндэслэлээр нэхэмжилж байгаа бол нэхэмжлэлийн шаардлага үйл баримтыг тодруулснаар хуулийг зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм. Үйл баримт тодорхой болсноор нотлох баримтыг харьцуулан дүгнэх, хуулийн зүйлчлэл хийх боломж бүрдэх юм.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2020/00343 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД