Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2021/00850

 

2021           06            24                                          001/ХТ2021/00850

 

 

 

...................гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2020/00343 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 828 дугаар магадлалтай,

 

...................гийн нэхэмжлэлтэй

...................т холбогдох

 

2017.03.13-ны өдрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийг 2017.03.09-ний өдрийн 1/7606 дугаар албан бичгээр төлбөр авагчид шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Гуравдагч этгээд ..................., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранхүү нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ..................., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015.06.25-ны өдрийн 4603 дугаар шийдвэрээр ...................гаас нийт 129,300,450 төгрөгийг ...................д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж ...................гийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамжны 18 дугаар байрны 3 тоотын, 5 өрөө орон сууцыг анхны дуудлага худалдаагаар 191,730,000 төгрөгөөр оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар болсон. ................... 2017.01.16-ны өдөр үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Улсын Дээд Шүүхийн 2016.12.13-ны өдрийн 2016/01382 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн. Төлбөр авагч ................... болон шийдвэр гүйцэтгэгч нар нь ...................н нэр дээр шилжүүлбэл зөрүү мөнгө өгнө гэсэн аман гэрээ байгуулж 2 жилийн хугацаанд 129,300,450 төгрөгийг төлөөд орон сууцыг буцаан авах нөхцөлтэйгөөр тохиролцоо хийсэн. Тохиролцооны үндсэн дээр орон сууцыг ................... нэр дээр шилжүүлэхээр 2017.03.9-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүсэлт гаргаж сууцыг ...................д шилжүүлсэн. Дээрх шилжүүлэх процессийн үндсэн дээр ажиллагаа явагдсан боловч төлбөр авагч ................... тус дүүргийн шүүхэд иргэн ...................д холбогдуулан Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 18 дугаар байрны 3 тоот орон сууцны өмчлөгч бөгөөд 2017.03.22-ны өдөр иргэн ...................тай орон сууц хөлслөх гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан боловч өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөр төлөөгүй ба нийт 5,695,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. ................... нь дээрх орон сууцыг эхнэр Б.Туяагэрэлд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Гуравдагч этгээд нь шүүх хуралдаан дээр байрыг буцааж өгөхгүй гэсэн тайлбар гаргадаг. Ер нь шийдвэр гүйцэтгэгч нь Улсын Дээд шүүхийн тогтоолыг биелүүлээгүй, 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнийн санал аваагүй, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах байсан боловч ийм ажиллагаа хийгээгүй, төлбөр төлөгч, авагч нар эвлэрсэн гэж байгаа боловч бодит байдлаар эвлэрээгүй. Гэтэл эвлэрсэн гэж дээрх ажиллагаануудыг хийлгүйгээр төлбөр авагчид төлбөр төлөгчийн эд хөрөнгийг шилжүүлснийг зөвшөөрөхгүй. Энэ талаар бид ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хандсан боловч шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа зөв гэж үзсэн. Иймд 2017.03.13-ны өдрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийг 2017.03.09-ний өдрийн 1/7606 дугаар албан бичгээр төлбөр авагчид шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгончимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж маргаан бүхий 5 өрөө байр нь барьцаа хөрөнгө биш, харин ...................гийн өмчлөлийн хөрөнгө байсан тул Шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу 2016.01.05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 18 дугаар байрны 3 тоот орон сууцыг битүүмжилж, 2016.01.22-ны өдөр хураах ажиллагааг явуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авахад талууд үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй. Төлбөр авагчийн хүсэлтээр Итгэлт эстимэйт ХХК-ийг шинжээч томилж дээрх 5 өрөө байрыг үнэлүүлж 273,900,000 төгрөгийн үнэлгээг талуудад танилцуулсан. Орон сууцны үнэлгээний тогтоосон үнийг 70 хувиар тооцож 191,730,000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй, 50 хувиар хоёр дуудлага худалдаагаар оруулсан. Төлбөр төлөгч ................... нь 50 хувиар албадан дуудлага худалдаанд оруулсанд гомдож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2016.06.14-ний өдөр ...................гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон ба Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын Дээд Шүүхийн 2016.12.13-ны өдрийн 1382 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53.1, 53.4 дэх хэсэгт заасан дараалал алдагдсан шалтгаан буюу маргаан бүхий байр нь өмчлөлийн хөрөнгө биш учир төлбөр төлөгчийн арилжааны банк дахь мэдээллийг аваагүй, ажиллагаа хийгээгүй дараалал алдсан үндэслэлээр хүчингүй болгосон. Процесс ажиллагааны хувьд хууль зөрчсөн асуудал байхгүй ба анхан шатны болон давж заалдах шатны шүүхээр хүчин төгөлдөр хянагдаад гарсан байдаг. Тэгээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг миний бие явуулж, төлбөр төлөгчийн арилжааны банкны зарлагын гүйлгээг хязгаарлаж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг мэдэгдээд, уулзаж тайлбар аваад явсан. Тайлбар авахад төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд дахин гомдол гаргаж, шийдвэр гүйцэтгэл дээр ирээд байх нь сэтгэл зүйн хувьд хэцүү байна, тиймээс сайн дураар төлбөрийг төлж барагдуулах тухай хүсэлтээ өгсөн байдаг. 2017.02.24-ний өдөр төлбөрөө сайн дураараа биелүүлэх тухай хүсэлтийг гаргаж өөрийн өмчлөлийн орон сууцаа төлбөрт тооцон шилжүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т төлбөр авагч, төлбөр төлөгч хоорондоо эвлэрэх, тэдгээрийн гаргасан тодорхойлолтоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож болно гэж заасны дагуу хүсэлтийг шийдвэрлээд хөрөнгийг төлбөр авагч ...................н өмчлөлд шилжүүлж, дуусгавар болгосон. Энэ нь ...................гийн хүсэл зориг байсан бөгөөд үүнд ямар нэгэн хуурсан, мэхэлсэн зүйл байгаагүй, төлбөр авагчтай тохиролцоод 2 жилийн дараа байраа буцааж авна гэсэн зүйл ч яригдаагүй. ................... тухайн үедээ би байрандаа хэсэг хугацаанд баймаар байна л гэдэг зүйлийг ярьж байсан, гэхдээ өөрийн хүсэл зоригийн дагуу байраа гуравдагч этгээд ...................д өгсөн. Тэдний хооронд чухам ямар тохиролцоо байсныг би мэдэхгүй. Дуудлага худалдааны ажиллагаанд гомдол гаргаж гурван шатны шүүхээр шийдвэрлүүлээд зөвтгөж явж байхад дахин Сүхбаатар дүүргийн 2017.01.27-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлээд, үнэлгээнд гомдол гаргаж байсан. 2 дугаар сарын 17-ны өдрийн 2955 захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татаж аваад хэрэгсэхгүй болгосон байдаг. ................... нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хүсэлт гаргахаас өмнө 4 удаа шүүхэд хандсан. Улсын дээд шүүхийн тогтоолын дагуу процессын дарааллыг зөвтгөн явж байх явцад төлбөр төлөгч ................... нь хүсэлтээ гаргасан учир, эвлэрсэн шалтгаанаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссанаас хойш бүтэн 3 жилийн дараа дахин ийм асуудал ярих боломжгүй, үүний дараагийн үр дагавар шүүхээр шийдэгдээд явчихсан байгаа. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ................... нь байрандаа нэг жилийн хугацаанд амьдрах боломж олгооч, одоо нэгэнт шүүхийн шийдвэрээр танай хөрөнгө болсон юм чинь бид түрээсийн төлбөр төлөөд амьдаръя гэж хүсэлт тавьж байсан. Энэ үед миний эхнэр Б.Туяагэрэл эвлэрээд дуусгах нь зүйтэй гэж үзэж байсан учраас ...................тай орон сууц хөлслөх гэрээг хийсэн. Энэ орон сууц хөлслөх гэрээ бол бидний хооронд хийгдсэн албан ёсны гэрээ, үүнээс өөр ямар нэг хэлцэл тохироо огт байгаагүй. Орон сууцыг Б.Туяагэрэлийн нэр дээр шилжүүлж, орон сууц хөлслөх гэрээ хийх нь ...................гийн хүсэлт санаачилгаар хийгдсэн. Түүний яриад байгаачлан 2 жилийн хугацаанд надад төлбөрөө төлөөд байраа авна гэсэн тохиролцоо огт байгаагүй. ...................гийн шүүхэд гаргаж байгаа гомдол, шаардлагууд бүгд нэг утгатай. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2020/00343 дугаар шийдвэрээр 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3, 37 дугаар зүйлийн 37.2.2, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасныг баримтлан ...................т холбогдох 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 1/7606 дугаар албан бичгээр төлбөр авагчид шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай ...................гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1‑д зааснаар нэхэмжлэгч ...................гаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 828 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2020/00343дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээд ..................., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранхүү нар хяналтын гомдолдоо: Магадлалын үндэслэх хэсэгт... анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг бүрэн тодруулж нэхэмжлэлийн шаардлага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гарч байгаа гомдол эсхүл Иргэний хуулиар гаргаж буй ердийн нэхэмжлэлийн аль нь болохыг тодруулж үйл баримтыг бүрэн тогтоох нь зүйтэй... мөн... хэрэв шийдвэр гүйцэтгэлийн тодорхой үйлдэл, үйл ажиллагаанд гомдол гарч байгаа бол 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар шүүхээс урьдчилан шийдвэрлэх журмыг баримталсан эсэх, шүүхэд хандах хугацааны талаар мэтгэлцүүлж дүгнэх шаардлагатай. Иргэний хуульд зааснаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, учирсан хохирлоо арилгуулах зэрэг агуулга, үндэслэлээр нэхэмжилж байгаа бол нэхэмжлэлийн шаардлага үйл баримтыг тодруулснаар хуулийг зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм. Үйл баримт тодорхой болсноор нотлох баримтыг харьцуулан дүгнэх, хуулийн зүйлчлэл хийх боломж бүрдэх юм... гэсэн нь ИХШХШ тухай хуулийн 172.2.1... шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн... гэж үзэхээр дүгнэлт болжээ. Учир нь зохигчид өөрийн шаардлага татгалзлын үндэслэлээ өөрөө тодорхойлж ИХШХШ тухай хуулийн 38.1, 38.3, 38.6-т зааснаар нотлох баримтаа бүрдүүлэх, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахаас бус анхан шатны шүүх нотлох баримт цуглуулах үүрэггүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй юм... түүнчлэн талууд ШШГ ажиллагааны явцад төлбөр авагч, төлбөр төлөгчийн хооронд хөрөнгийг буцаан худалдан авах эвлэрэх агуулгатай ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулагдсан эсэхэд маргажээ... гэж дүгнэсэн нь өрөөсгөл байна. Нэхэмжлэлийн шаардлага нь: 2017.03.13-ны өдрийн 208-р шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгасан тогтоол болон, Чингэлтэй дүүргийн 3-р хороо, 2-р 40-н мянгат, 18-р байрны 03 тоот улсын бүртгэлийн ...................бүртгэлтэй эд хөрөнгийг 2017.03.09-ний өдрийн 1/7606-р албан бичгээр төлбөр авагчид шилжүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох бөгөөд талуудын маргаан нь “тогтоол” шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зөв байсан буруу байсан гэж л маргажээ. Үүнийг давж заалдах шатны шүүх гэрээний үүрэгтэй холбоотой талуудын маргаан гэж үзсэн нь шүүхийн “Магадлал” үнэн зөв байх шаардлагад нийцсэнгүй. Нийслэлийн давж заалдах шатны шүүх бусдын онц их хэмжээний мөнгийг итгэл эвдэх замаар мэхлэн аваад элдэв арга хэрэглэн төлбөрөөс зайлсхийн, иргэн аж ахуй нэгжийг туйлдуулж 8 жил гаруй хугацаанд шүүхээр зохиомол маргаан үүсгэж буйд хэрэг хянан шийдвэрлэх явцад зөв дүгнэлт хийлгүй иргэн ...................гийн зохиосон “хөг аянд хөл нийлсэн” магадлал гаргалаа. Магадлалыг хүчингүй болгож шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн төлбөр авагч буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч ................... нь ...................т холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон 2017.03.13-ны өдрийн тогтоол, 2017.03.09-ний өдрийн 1/7606 дугаар албан бичгээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг төлбөр авагчид шилжүүлэх тухай ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан, хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаажээ.

 

Шүүх тухайн маргааны үйл баримтын талаар эрх зүйн үүднээс бүрэн дүгнэлт хийхийн тулд зохигчид анхаараагүй боловч тухайн хэрэгт ач холбогдолтой эрх зүйн асуудлаар талуудыг мэтгэлцүүлэх, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах ажиллагааг хийгээгүй, улмаар хэрэглэх хэм хэмжээг тодорхойлох боломжгүй тул хэргийг дахин хянан хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй болсон байна.

 

................... нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015.06.25-ны өдрийн 4603 дугаар шийдвэрээр 129,300,450 төгрөгийг ...................д төлөх үүргээ биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан, зарим ажиллагааг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрүүд хэрэгт авагдсан, 2017.02.24, 2017.03.09-ний өдөр ................... нь шүүхийн шийдвэрийг биелүүлж, өөрийн өмчлөлийн 5 өрөө орон сууцыг төлбөрт тооцон өгч төлбөрийг барагдуулсан талаар хүсэлт гаргасан, 2017.03.13-ны өдөр төлбөр авагч ................... шийдвэр биелүүлснийг мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргасан, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар 2017.03.09-ний 1/1706 дугаар албан бичгээр ...................д өмчлөх эрхийг шилжүүлэхийг мэдэгдэж, 2017.03.13-ны өдрийн 208 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ.

 

Гэвч нэхэмжлэгч ................... нь “...төлбөр авагчтай бодит байдалд эвлэрээгүй, ...................д орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж, 2 жилийн дотор 129,300,450 төгрөгийг төлж орон сууцаа буцааж авахаар тохирсон, гэтэл төлбөр авагч нь орон сууцны өмчлөх эрхийг эхнэр Туяагэрэлд шилжүүлсэн, орон сууц хөлслөх гэрээ байгуулж намайг хуурсан, 524,000,000 төгрөгийн үнэтэй орон сууцыг 129,000,000 төгрөгийн төлбөрт өгч илтэд хохиролтой хэлцлийг хэн ч хийхгүй” гэсэн үндэслэл гаргасан байх ба анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэх байгууллагыг нэхэмжлэгч ямар үндэслэлээр буруутгаж байгаа, хэнд холбогдуулан ямар шаардлага гаргасан, орон сууцны өмчлөх эрх хэнд байгаа, орон сууц ямар үнэтэй зэрэг маргааны ач холбогдол бүхий асуудлыг тодруулж, зохих эрх зүйн дүгнэлтийг хийгээгүй байна.

 

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ний өдрийн 828 дугаар магадлалыг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар гуравдагч этгээдээс хяналтын журмаар гомдол гаргахдаа 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                      ШҮҮГЧИД                                                          П.ЗОЛЗАЯА

                                                                                                 Г.ЦАГААНЦООЖ

                                                                                                 Д.ЦОЛМОН

                                                                                                 Х.ЭРДЭНЭСУВД