Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 182/ШШ2020/00343

 

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 182/ШШ2020/00343

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрнгт оршин суух, Н овогт Н.Б /ЧК/-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: СДНШШГ газарт холбогдох

2017.03.13-ны өдрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийг 2017.03.09-ний өдрийн 1/7606 дугаар албан бичгээр төлбөр авагчид шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Б , хариуцагчийн төлөөлөгч Д.О , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.С , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дэлгэрмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015.06.25-ны өдрийн 4603 дугаар шийдвэрээр Н.Б гаас нийт 129.300.450 төгрөгийг М.С д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Н.Б гийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамжны 18 дугаар байрны 3 тоотын, 5 өрөө орон сууц, Ү-2202009243 улсын бүртгэлийн дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийг анхны дуудлага худалдаагаар 191.730.000 төгрөгөөр оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар болсон. Н.Б  2017.01.16-ны өдөр үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016.12.13-ны өдрийн 2016/01382 дугаар тогтоолоор тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Төлбөр авагч М.С  болон шийдвэр гүйцэтгэгч нар нь М.С н нэр дээр шилжүүлбэл зөрүү мөнгө өгнө гэсэн аман гэрээ байгуулж 2 жилийн хугацаанд 129.300.450 төгрөгийг төлөөд орон сууцыг буцаан авах нөхцөлтэйгээр тохиролцоо хийсэн. Тохиролцооны үндсэн дээр орон сууцыг М.С  нэр дээр шилжүүлэхээр 2017.03.09-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүсэлт гаргаж өөрийн өмчлөлийн орон сууцыг М.С д шилжүүлсэн.

Дээрх шилжүүлэх процессын үндсэн дээр ажиллагаа явагдсан боловч төлбөр алагч М.С  тус дүүргийн шүүхэд иргэн Н.Б д холбогдуулан Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 18 дугаар байрны 3 тоот орон сууцны өмчлөгч өгөөд 2017.03.22-ны өдөр иргэн Н.Б тай орон сууц хөлслөх гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан боловч өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөр төлөөгүй ба нийт 5.695.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. М.С  нь дээрх орон сууцыг эхнэр Б.Т д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байдаг. Тэгээд гуравдагч этгээд нь шүүх хуралдаан дээр байрыг буцааж өгөхгүй гэсэн тайлбар гаргадаг.

Ер нь шийдвэр гүйцэтгэгч нь Улсын дээд шүүхийн тогтоолыг биелүүлээгүй, 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37.2.2, Иргэний хуулийн 177.1-д зааснаар үнийн санал аваагүй, 39.3-т зааснаар эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах байсан боловч ийм ажиллагаа хийгээгүй, төлбөр төлөгч, авагч нар эвлэрсэн гэж байгаа боловч бодит байдлаар эвлэрээгүй. Гэтэл эвлэрсэн гэж дээрх ажиллагаануудыг хийлгүйгээр төлбөр авагчид төлбөр төлөгчийн эд хөрөнгийг шилжүүлснийг зөвшөөрөхгүй. Энэ талаар бид ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хандсан боловч шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа зөв гэж үзсэн. Иймд 2017.03.13-ны өдрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийг 2017.03.09-ний өдрийн 1/7606 дугаар албан бичгээр төлбөр авагчид шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015.06.25-ны өдрийн 4603 дугаар шийдвэрээр Н.Б гаас 128.500.000 төгрөгийг гаргуулж М.С д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах болон хяналтын шатны шүүхээр шийдвэр хянагдаж, хүчин төгөлдөр болсон. Энэхүү шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж маргаан бүхий 5 өрөө байр нь барьцаа хөрөнгө биш, харин Н.Б гийн өмчлөлийн хөрөнгө байсан тул Шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу 2016.01.05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 18 дугаар байрны 3 тоот орон сууцыг битүүмжилж, 2016.01.22-ны өдөр хураах ажиллагааг явуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудаас үнийн санал авахад талууд үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй. Тэгээд төлбөр авагчийн хүсэлтээр Итгэлт эстимент ХХК-г шинжээч томилж дээрх 5 өрөө байрыг үнэлүүлж 273.900.000 төгрөгний үнэлгээг талуудад танилцуулсан. Орон сууцны үнэлгээний тогтоосон үнийг 70 хувиар тооцож 191.730.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй, 50 хувиар хоёр дуудлага худалдаагаар оруулсан.

Төлбөр төлөгч Н.Б  нь 50 хувиар албадан дуудлага худалдаанд оруулсанд гомдож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байдаг. 2016.06.14-ны өдөр анхан шатны шүүхийн 59 дугаар шийдвэрээр Н.Б гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн Н.Б  нь Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд хандсан ба 2016.09.14-ны өдрийн 1573 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Тэгээд Улсын Дээд Шүүхийн 2016.12.13-ны өдрийн 1382 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53.1, 53.4-т заасан дараалал алдагдсан шалтгаан буюу маргаан бүхий байр нь өмчлөлийн хөрөнгө биш учир төлбөр төлөгчийн арилжааны банк дахь мэдээллийг аваагүй, ажиллагаа хийгээгүй дараалал алдсан үндэслэлээр хүчингүй болгосон. Харин процесс ажиллагааны хувьд хууль зөрчсөн асуудал байхгүй ба анхан шатны болон давж заалдах шатны шүүхээр хүчин төгдөр хянагдаад гарсан байдаг. Тэгээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг миний бие явуулж, төлбөр төлөгчийн арилжааны банкны зарлагын гүйлгээг хязгаарлаж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг мэдэгдээд, уулзаж тайлбар аваад явсан. Тайлбар авахад төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд дахин гомдол гаргаж, шийдвэр гүйцэтгэл дээр ирээд байх нь сэтгэл зүйн хувьд хэцүү байна, тиймээс сайн дураар төлбөрийг төлж барагдуулах тухай хүсэлтээ өгсөн байдаг.

2017.02.24-ний өдөр төлбөрөө сайн дураараа биелүүлэх тухай хүсэлтийг гаргаж өөрийн өмчлөлийн орон сууцаа төлбөрт тооцон шилжүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т төлбөр авагч, төлбөр төлөгч хоорондоо эвлэрэх, тэдгээрийн гаргасан тодорхойлолтоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож болно гэж заасны дагуу хүсэлтийг шийдвэрлээд төлбөр төлөгч Н.Б гийн өмчлөлийн хөрөнгийг төлбөр авагч М.С н өмчлөлд шилжүүлж, сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул нотариатаар батлуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Энэ нь зөвхөн төлбөр төлөгч Н.Б гийн хүсэл зориг байсан бөгөөд үүнд ямар нэгэн хуурсан, мэхэлсэн зүйл байгаагүй, төлбөр авагчтай тохиролцоод 2 жилийн дараа байраа буцааж авна гэсэн зүйл ч яригдаагүй. Харин Н.Б  тухайн үедээ би байрандаа хэсэг хугацаанд баймаар байна л гэдэг зүйлийг ярьж байсан, гэхдээ өөрийн хүсэл зоригийн дагуу байраа гуравдагч этгээд Саруулхангайд өгсөн. Тэдний хооронд чухам ямар тохиролцоо байсныг би мэдэхгүй. Шүүхийн шийдвэрийн дагуу явагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гаргасан гомдлыг удаа дараа хуулийн байгууллага хянаж байсан. Дуудлага худалдааны ажиллагаанд гомдол гаргаж гурван шатны шүүхээр шийдвэрлүүлээд зөвтгөж явж байхад дахин Сүхбаатар дүүргийн 2017.01.27-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлээд, үнэлгээнд гомдол гаргаж байсан. 02 сарын 17-ны өдрийн 2955 захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татаж аваад хэрэгсэхгүй болгосон байдаг.

Өөрөөр хэлбэл төлбөр төлөгч Н.Б  нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хүсэлт гаргахаас өмнө 4 удаа шүүхэд хандсан байдаг. Бид улсын дээд шүүхийн тогтоолын дагуу процессын дарааллыг зөвтгөн явж байх явцад төлбөр төлөгч Н.Б  нь хүсэлтээ гаргасан учир, эвлэрсэн шалтгаанаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Тэгээд ч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссанаас хойш бүтэн 3 жилийн дараа дахин ийм асуудал ярих боломжгүй, үүний дараагийн үр дагавар шүүхээр шийдэгдээд явчихсан байгаа. Өөрөөр хэлбэл тус шүүхийн шүүгч И.Амартөгс шүүгч дээр Т ийн нэхэмжлэлтэй Н.Б д холбогдох түрээсийн төлбөр гаргуулах, маргаан бүхий байрыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдсэн, энэ шийдвэрт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон талаар дүгнэсэн. Харин хариуцагч Н.Б  шийдвэрийг давж заалдсан, магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Энэ шийдвэр хүчин төгөлдөр болсон учир, нэхэмжлэл нь үндэслэлгүй байна, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаж, нэгэнт дуусгавар болсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б  нь 2017.02.24-ний өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасны дараа миний эхнэр Б.Т тэй хэд хэдэн удаа уулзаж та нарыг хохироох бодол байгаагүй, амьдралын болон санхүүгийн хүнд байдлаас болсон гэдгийг зөвөөр ойлгоорой, төлбөрөө төлөхгүй олон жил таныг хохироосондоо уучлалт гуйж, 2017.03.09-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт дахин хүсэлт гаргасан байдаг. Цаашид Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон төлбөр авагч М.С  нартай шүүх болон бусад төрийн байгууллагад ямар нэг гомдол нэхэмжлэл гаргахгүй гэж бичиж өгснөөс гадна Н.Б , түүний нөхөр Н.Мөнхбат нарын 100 хувийн эзэмшлийн хувийн компани болох Нэмүт констракшн ХХК-ийн төлөх ёстой 126.654.300 төгрөгийн өр төлбөрийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.02.24-ний өдрийн 1800 тоот шийдвэрийн дагуу эхний ээлжинд барагдуулна гэж амласан.

Мөн Н.Б  нь энэ байрандаа нэг жилийн хугацаанд амьдрах боломж олгооч, одоо нэгэнт шүүхийн шийдвэрээр танай хөрөнгө болсон юм чинь бид түрээсийн төлбөр төлөөд амьдаръя гэж хүсэлт тавьж байсан. Энэ үед миний эхнэр Б.Т  эвлэрээд дуусгах нь зүйтэй гэж үзэж байсан учраас Н.Б тай орон сууц хөлслөх гэрээг хийсэн. Энэ орон сууц хөлслөх гэрээ бол бидний хооронд хийгдсэн албан ёсны гэрээ, үүнээс өөр ямар нэг хэлцэл тохироо огт байгаагүй. Орон сууцыг Б.Т ийн нэр дээр шилжүүлж, орон сууц хөлслөх гэрээ хийх нь Н.Б гийн хүсэлт санаачилгаар хийгдсэн гэдэг нь гэрээний 1.2-т Ү-2202009243 бүртгэлийн дугаартай орон сууц нь Б.Т ийн өмч болох нь нотлогдсон болно гэсэн заалт бүхий гэрээг хийсэн байгаагаар баталгаажна. Түүнээс биш түүний яриад байгаачлан 2 жилийн хугацаанд надад төлбөрөө төлөөд байраа авна гэсэн тохиролцоо огт байгаагүй, үүнийг ч нэхэмжлэгч нотолж чадахгүй байгаа. Ер нь бол маргаан бүхий орон сууцыг Н.Б  нь анх 2013.07.04-ний өдөр надад төлөх төлбөртөө бэлэглэлийн гэрээгээр миний өмчлөлд шилжүүлсний дараа 2015.12.28-ны өдөр бэлэглэлийн гэрээгээ хүчин төгөлдөр бусад тооцуулж буцаан авах хүртэл 2 жил хагасын хугацаанд ч, 2017.03.09-ний өдөр надад өр төлбөртөө шүүхийн шийдвэрээр миний өмчлөлд шилжүүлснээс хойш өнөөдрийг хүртэл 3 жилийн хугацаанд тус орон сууцанд амьдарсаар байгаа. Мөн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд дахин дахин гомдол гаргаж, хуулиар олгогдсон гэх ямар нэг эрхээ хангуулж байгаа энэ бүх хугацаанд нөгөө талд нь төлбөр авагч бид 2013 онд анх шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 7 жил өнгөрөхөд бодитоор нэг ч төгрөгийн хохирлоо барагдуулж чадаагүй байгаа юм. Н.Б  шүүхийн байгууллагад гаргаж байгаа гомдол, шаардлагууд бүгд нэг утгатай, яг адилхан, нэг л гомдлыг өөр өөр хэлбэрээр оруулан иргэний хэргийн шат, шатны шүүхэд дахин дахин гомдол гаргаж байна.

Өөрөөр хэлбэл Н.Б гийн одоо гаргаад байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлд байгаа гомдлын шаардлага нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр 2019.08.12-ны өдрийн 1398 дугаартай шийдвэрээр шийдэгдсэн нь харагдаж байна. Уг шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон бөгөөд энэ нь хуулийн дагуу маш тодорхой, нотлох баримтаар тогтоогдсон талаар дурдсан байгаа. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа хийгдэж байх явцад төлбөр төлөгч Н.Б  нь хүсэлт гаргаснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасан төлбөр төлж барагдуулсан гэх үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон болох нь зохигчдын тайлбар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн журмаар бүрдүүлж авсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж зааснаар 1398 дугаартай хэргийн материалын 45-134 дүгээр хуудаст байгаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн журмаар бүрдүүлж авсан 89 хуудас нотлох баримтыг хянан хэргийг шийдвэрлэсэн байхад шүүхэд олон дахин гомдол гаргаж, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажлыг хүндрүүлж байна. Энэ магадлалд нэхэмжлэгч гомдол гаргаагүй, шийдвэр хүчин төгөлдөр болсон. Манай зүгээс албадан гүйцэтгэх тухай хүсэлтээ өгсөн. И.Амартөгс шүүгчийн туслах нь албадан гүйцэтгэх захирамж удахгүй гарна гэж хэлсэн. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасан болон хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т заасныг тус тус үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Н.Б  нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулж 2017.03.13-ны өдрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийг 2017.03.09-ний өдрийн 1/7606 дугаар албан бичгээр төлбөр авагчид шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг шийдвэр гүйцэтгэгч, төлбөр авагч М.С тай хуйвалдаж, Н.Б гийн өмчлөлийн байрыг гуравдагч этгээд М.С д шилжүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосныг зөвшөөрөхгүй, учир нь Н.Б , М.С  нарын хооронд 2 жилийн хугацаанд Н.Б  нь төлбөрөө төлөөд байраа буцааж авах тохиролцоо байсан, гэтэл М.С  нь байрыг буцааж өгөхгүй болохоо шүүх хуралдаан дээр мэдэгдсэн, Улсын дээд шүүхийн 1318 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэгч нь хуульд заасан дараалал зөрчсөн гэж анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож хэргийг буцаасан, харин шийдвэр гүйцэтгэгч нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар үнийн санал авах, албадан дуудлага худалдаанд оруулах зэрэг ажиллагааг хийлгүй, шууд талууд эвлэрсэн гэж үзсэн нь хууль зөрчсөн, талууд бодит байдлаар эвлэрээгүй учир шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хүчингүй болгох ёстой гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал уг тайлбарыг зөвшөөрөхгүй байх бөгөөд Улсын дээд шүүхийн 2016.12.13-ны өдрийн 1382 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэгчийг хуульд заасан төлбөр гаргуулах дараалал зөрчсөн гэж үзэн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин буцаасан, ингээд шийдвэр гүйцэтгэгч 2002 оны Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53.3-т заасан ажиллагааг хийж эхэлсэн бөгөөд Н.Б  нь гомдлоосоо татгалзсан, энэ ажиллагааны явцад өөрөө хүсэл зоригоо илэрхийлэн маргааны зүйл болсон хөрөнгөө төлбөр авагч, гуравдагч этгээд М.С д шилжүүлэн өгсөн, талуудын эвлэрсэн асуудалд шийдвэр гүйцэтгэгч ямар нэгэн оролцоо байхгүй, хуурч мэхэлсэн зүйлгүй, Н.Б  нь хоёр жилийн хугацаанд төлбөрөө төлөөд байраа буцааж авах тохиролцоо байсан талаар мэдэхгүй, тийм зүйл яригдаагүй, нэгэнт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон, түүний дараагийн үр дагаврыг шүүх шийдсэн хүчин төгөлдөр үйл баримт байгаа учир нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.

 

Харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь Н.Б  тухайн үедээ манай эхнэр Т тэй удаа дараа уулзаж, эвлэрье гэсэн санал тавьсан, өөрөө энэ талаарх хүсэлтээ шийдвэр гүйцэтгэгчид бичгээр өгсөн, тийм учраас маргааны зүйл болсон 5 өрөө орон сууц миний нэр дээр төлбөрт шилжин ирсэн, би уг байраа эхнэр Т д шилжүүлсэн, харин Н.Б  нь байраа түрээслэн суухаар болж гэрээ байгуулсан боловч түрээсийн төлбөрөө өгөхгүй байсан учир Т  нь Н.Б д холбогдуулж, түрээсийн төлбөр гаргуулах, байр чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, ингэхдээ нэхэмжлэлийн шаардлага болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон талаар дүгнэсэн, уг шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээсэн, Н.Б  хяналтын шатанд гомдол гаргаагүй, шийдвэр хүчин төгөлдөр болсон, гүйцэтгэх хуудас нь удахгүй гарна, иймд шийдвэрлэсэн үйл баримтын талаар Н.Б  нь дахин маргаж байгаа нь үндэслэлгүй, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тайлбарласан.

 

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015.06.25-ны өдрийн 4603 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015.08.24-ний өдрийн 1130 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015.11.05-ны өдрийн 899 дүгээр тогтоолоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, Н.Б гаас зээлийн төлбөрт 128,500,000 төгрөгийг гаргуулж М.С д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 225,000,000 төгрөгт холбогдох хэсэг болон барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

М.С , Н.Б  нарын хооронд 2013.06.27-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээ, 2013.06.28-ны өдөр байгуулагдсан орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамжны 18 дугаар байрны 3 тоот, 132,8 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууц, мөн байрны зоорийн давхрын 103, 104 тоот автозогсоолыг М.С н өмчлөлөөс Н.Б гийн өмчлөлд шилжүүлж, 2013.06.27-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгч М.С  нь хариуцагч Нэмүт констракшн ХХК-нд холбогдох шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Дээрх шийдвэрүүдийг үндэслэн, нэхэмжлэгч М.С н гаргасан хүсэлтийн дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.27-ны өдрийн 38554 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, мөн өдрийн 4340 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн байх бөгөөд, уг захирамж, гүйцэтгэх хуудасны дагуу хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлж, холбогдох ажиллагааг явуулсан байх бөгөөд 2017.03.13-ны өдрийн 208 дугаар тогтоолоор тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн 16.1.2-т зааснаар төлбөр төлөгч төлбөрөө бүрэн төлсөн үндэслэлээр дуусгавар болгосон байна.

 

Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Н.Б  нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон 2016.03.04-ний өдрийн 3/59 тоот үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.06.14-ний өдрийн 59 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.06.14-ний өдрийн 1573 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016.12.13-ны өдрийн 1382 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон 2016.03.04-ний өдрийн 3/59 тоот үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг шийдвэр гүйцэтгэгч хуулийн 53 дугаар зүйлд заасан дараалал зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.

 

Энэхүү тогтоолын дагуу 2017.01.09-ний өдөр хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53.1, 53.4-т зааснаар төлбөр төлөгч Н.Б гийн арилжааны банкин дахь мэдээллийг авах, дансны хасалт хийж, энэ талаар тэмдэглэл үйлдэн, банкуудад албан бичиг хүргүүлсэн, шийдвэр гүйцэтгэгч Д.О  2017.01.18-ны өдөр төлбөр төлөгч Н.Б тай уулзалт хийж, түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа хийхийг анхааруулан энэ талаар тэмдэглэл үйлдсэн байх ба төлбөр төлөгч Н.Б  нь Итгэлт эстимэйт ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргаснаасаа татгалзсан болохыг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.02.16-ны өдрийн 2955 дугаар шүүгчийн захирамжаар шийдвэрлэжээ.

Үүний дараа буюу 2017.02.24-ний өдөр төлбөр төлөгч Н.Б  нь ...миний бие шүүхийн шийдвэрийг биелүүлж, өөрийн өмчлөлийн Ү-2202009243 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамжны 18 дугаар байрны 3 тоот, 132,8 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг төлбөр авагч М.С н нэр дээр шилжүүлж, төлбөрийг барагдуулж байна гэсэн утга бүхий хүсэлт, мөн 2017.03.09-ний өдөр дээрх агуулга бүхий хүсэлтийг дахин гаргасан байх ба, энэ талаар шийдвэр гүйцэтгэгч түүнтэй уулзан тэмдэглэл хөтлөн баримтжуулжээ.

 

Тийм учраас төлбөр авагч буюу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.С  нь 2019.03.13-ны өдөр ...Н.Б  3-н шатны шүүхийн шийдвэрийг сайн дураараа бүрэн биелүүлсэн тул шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг хааж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож өгнө үү гэсэн утга бүхий хүсэлтийг гаргасан байх бөгөөд үүний дагуу хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2017.03.09-ний өдрийн 1/7606 дугаар албан бичгээр төлбөр төлөгч Н.Б гийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамжны 18 дугаар байрны 3 тоот, 132,8 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг төлбөр авагч М.С н нэр дээр шилжүүлж, 2017.03.13-ны өдрийн 208 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон байна.

 

Ингээд 2017.03.09-ний өдөр маргааны зүйл болсон Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамжны 18 дугаар байрны 3 тоот, 132,8 м.кв талбайтай 5 өрөө орон сууцны өмчлөгч нь М.С  болсон байх бөгөөд тэрээр өмчлөх эрхийг 2017.03.15-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр өөрийн эхнэр гэх Б.Т д шилжүүлжээ.

 

Б.Т  нь Н.Б д холбогдуулж орон сууц хөлслөх гэрээний үүрэгт нийт 5,695,000 төгрөг гаргуулах, орон сууцыг суллаж өгөхийг даалгах тухай шаардлагыг тус шүүхэд гаргасан байх бөгөөд 2019.08.12-ны өдрийн 1398 дугаар шийдвэрээр хариуцагч Н.Б гаас 3,855,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Т д олгож, Б.Т ийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамжны 18 дугаар байрны 3 тоот, 132,8 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг чөлөөлж, хүлээлгэн өгөхийг хариуцагч Н.Б д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 1,840,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, мөн хариуцагч Н.Б гийн гаргасан 2017.03.22-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.10.30-ны өдрийн 1841 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Анхан шатны шүүх 2019.08.12-ны өдрийн 1398 дугаар шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт ...Хариуцагч Н.Б  нь маргаж буй орон сууцны өмчлөгч байсан боловч өмчлөлийн зүйлээ үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд шийдвэр гүйцэтгэлийн журмаар орон сууцны өмчлөх эрхээ алдаж улмаар эзэмших эрхгүй болсон байх бөгөөд тэрээр орон сууцыг өмчлөгч Б.Т тэй орон сууц хөлслөх гэрээ байгуулж улмаар гэрээний зүйлийг эзэмшин ашиглаж байсан, тэрээр Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар Н.Б  нь өөрийн өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулснаар эд хөрөнгийг мэдэлдээ байлгах эрхээ алдаж, түүний эзэмшил дуусгавар болсон гэж үзнэ,

Төлбөр авагч М.С  нь дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж, улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа хийгдэж байх явцад төлбөр төлөгч Н.Б  нь хүсэлт гаргаснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасан төлбөр төлж барагдуулсан гэх үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон, өөрөөр хэлбэл төлбөр төлөгч Н.Б  шийдвэрт заагдсан төлбөрт өөрийн өмчлөлийн орон сууцыг төлбөр авагч М.С н нэр дээр шилжүүлж, төлбөрийг барагдуулах хүсэлт гаргаж байсан болох нь тогтоогдсон... гэж дүгнэсэн.

 

Харин нэхэмжлэгч Н.Б  нь 2019.10.30-ны өдрийн 1841 дугаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй байх бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, Б.Т  нь анхан шатны шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтээ гаргасан гэх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар бодит үнэнд нийцсэн.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Н.Б  нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т зааснаар өөрийн хүсэл зоригийн дагуу өмчлөлийн хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамжны 18 дугаар байрны 3 тоот, 132,8 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг төлбөр авагч буюу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.С д 128,500,000 төгрөгийн хэмжээнд бүрэн шилжүүлж, төлбөрийг хаан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь 2017.03.13-ны өдөр нэгэнт дуусгавар болсон, тэрээр М.С  маргаан бүхий орон сууцны өмчлөгч болсон, дамжуулаад эхнэр Б.Т д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлснээр Б.Т  өмчлөгч болсон, түүний өмчлөлийн байрыг Н.Б гийн эзэмшлээс чөлөөлж Б.Т д шилжүүлж, түрээсийн төлбөр гаргуулан шийдвэрлэсэн тус шүүхийн 1398 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсон байх бөгөөд шүүх энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлох шаардлагагүй болно.

 

Тодруулбал нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хооронд хоёр жилийн дараа төлбөрөө бүрэн төлөөд М.С гаас байраа буцааж авна гэсэн тохиролцоо байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч Н.Б  шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон процесс нь хуульд заасны дагуу явагдаагүй гэж үзсэн бол тухайн үедээ буюу 2017 онд эрхээ хэрэгжүүлэх боломжтой байхад хэрэгжүүлээгүй, бүтэн 3 жилийн дараа энэ асуудлыг хөндөж байгаа нь ойлгомжгүй болжээ.

 

Түүнчлэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсны дараах үйл баримт буюу маргаан бүхий 5 өрөө орон сууцны өмчлөгч болох нэхэмжлэгч Б.Т ийн Н.Б д холбогдуулан гаргасан түрээсийн төлбөр гаргуулах, байрыг чөлөөлүүлэх тухай маргаанд шүүх дүгнэлт өгч эцэслэн шийдвэрлэсэн, Улсын дээд шүүхийн 1318 дугаар тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэгчийн хуулийн дагуу явуулж эхэлсэн ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.Б  нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн, өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг нэгэнт төлбөр авагч М.С д шилжүүлснээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон үйл баримтад хууль зөрчсөн, шийдвэр гүйцэтгэгчийн буруутай байдал тогтоогдсонгүй.

 

Энэ бүгдийн эцэст нэхэмжлэгч Н.Б  нь шүүхийн шийдвэрийн дагуу төлөх ёстой 128,500,000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж дуусгасан байх бөгөөд, үүний үр дүнд түүний ямар эрх ашиг хөндөгдсөн, иргэний эрх зүйн ямар хамгаалалт хүссэн нь ойлгомжгүй, нэхэмжлэгч талын дээрх тайлбар дурдсан үндэслэлүүдээр няцаагдаж байх бөгөөд 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3, 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасан ажиллагаануудыг шийдвэр гүйцэтгэгч хийх шаардлагагүй, өмнө нь хийгдсэн байх бөгөөд, энэ ажиллагаа хуулийн дагуу явагдсан, харин мөн хуулийн 53 дугаар зүйлд заасан ажиллагаанаас эхэлж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үргэлжлүүлснийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Иймд Н.Б гийн гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2002.01.10-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зохицуулалтаар шийдвэрлэсэн бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгох тухай бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.2002.01.10-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3, 37 дугаар зүйлийн 37.2.2, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2017.03.13-ны өдрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийг 2017.03.09-ний өдрийн 1/7606 дугаар албан бичгээр төлбөр авагчид шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай Н.Б гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1‑д зааснаар нэхэмжлэгч Н.Б гаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА