Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2019/01517

 

 

 

 

 

 

 

 

 

                                       Б.Эийн  нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн   2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2019/01156 дугаар шийдвэртэй, Б.Эийн нэхэмжлэлтэй, хариуцагч ХНХЯанд холбогдох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 15 000 000 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Соёл-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ганцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:  Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын албан тушаалд ажиллаж байгаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн Б/282 тоот тушаалаар хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0540 шийдвэрээр Хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/282 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг ХНХЯнаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017/0639 магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 505 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. ХНХЯны сайд шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг эхлүүлсэн. Гэвч Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэр биелэгдээгүй байна. Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 001/ХТ2018/01938 тоот тогтоол гарсан, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх 101 өдрийн цалин хөлстэй тэнцэх олговрыг өдөрт 41 559 төгрөгөөр тооцоход 4 197 459 төгрөг болно. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/01028 дугаар шийдвэр биелээгүй тул 9 142 980 төгрөг дээр одоогийн авах ёстой 4 197 459 төгрөгийг нэмж 15 000 000 төгрөг шаардаж байна гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т Аймаг, нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан газар, хэлтсийн даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан газар, хэлтсийн даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан дарга Төрийн албаны тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж томилж, чөлөөлнө гэж заасан бөгөөд уг хуулийн заалт 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжиж эхлэхээс өмнөх буюу 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Б.Эийг ажилд эгүүлэн тогтоох үүрэг шүүхийн шийдвэрийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад байсан бөгөөд уг хугацаанд хамаарах цалинтай тэнцэх нөхөн олговрыг хариуцах, харин хуульд томилох эрх бүхий субъект өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш эрх зүйн үр дагаврыг хариуцах боломжгүй юм. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХНХЯ-наас урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4 197 459 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 802 541 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч ХНХЯ-нд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтанд заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтанд зааснаар хариуцагч ХНХЯ-наас улсын тэмдэгтийн хураамжид 82 109 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Соёл-Эрдэнийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 01156 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 10 802 541 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг эс зөвшөөрч байна. Б.Э нь Өмнөговь аймгийн засаг даргын дэргэдэх Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байсан бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/282 тоот тушаалаар хэлтсийн даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Тус тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 0540 дугаар шийдвэрээр Б.Эийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, цалин хөлс гаргуулахаар шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 069 дүгээр сарын 06-ны өдрийн 0639 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 505 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг эхлүүлсэн. Гэвч захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэр бүрэн биелэгдээгүй байна.

2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 01028 тоот шийдвэрээр 9 059 862 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч түүнээс хойш бүтэн 1 жил болоход огт цалин хөлс өгөөгүй. Иймд Б.Эийн ажилгүй байсан үеийн цалинг, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж, шүүхийн шийдвэрийг дахин хянаж зөвтгөж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ганцэцэгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгчийн өмнөх ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг шүүхээс шийдвэрлэсэн өдөр нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэдгийг тогтоосон бөгөөд энэ хугацаанаас эхлэн 3 сарын дотор нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарснаас хойш хугацааны цалин хөлсөө нэхэмжлэх байсан. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх заалт 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжиж эхлэхээс өмнөх үе буюу 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Б.Эийг ажилд эгүүлэн тогтоох үүрэг шүүхийн шийдвэрийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад байсан бөгөөд уг хугацаанд хамаарах цалинтай тэнцэх нөхөх олговрыг хариуцах, харин хуульд томилох эрх бүхий субъект өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш эрх зүйн үр дагаварыг хариуцах боломжгүй. Гэтэл шүүх энэ нөхцөл байдалд хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй учраас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

           

Нэхэмжлэгч Б.Э ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 15 000 000 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь Өмнөговь аймгийн Засаг даргын 2013 оны б/07 дугаар захирамжаар тус аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байгаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2006 оны Б/282 дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байх бөгөөд шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоожээ. Тэрээр нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9 142 980 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1678 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 1938 дугаартай тогтоол хүчин төгөлдөр байна. /хх4, 7/

 

Хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд аваагүйгээс нэхэмжлэгчийн ажил хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авах эрх зөрчигдсөн байна.  

 

Ажил олгогч 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/64 тоот тушаалаар Б.Эийг ажилд нь эгүүлэн томилсон байх тул ажилтныг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд томилох хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас ажилгүй байсан хугацааг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол гарсан 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс түүнийг ажилд нь эгүүлэн тогтоосон 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаагаар тодорхойлсон байх тул шүүх түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг 4 197 459 төгрөг гэж тооцоолсон нь зөв байна.

 

Нэхэмжлэгчийн 9 059 862 төгрөг гаргуулах шаардлагыг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байх ба уг шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж Иргэний хээрг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт заасан байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн 9 059 862 төгрөгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулах нь зүйтэй, нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан гомдлыг хангах хуулийн үндэслэлгүй болно.

 

Хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн б/64 дугаартай тушаалаар ажилд нь эгүүлэн томилсон байх тул ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжлэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй. Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг Хүүхэд хамгааллын хууль хэрэгжиж, холбогдох албан тушаалд томилох эрх бүхий субъект өөрчлөгдсөн гэх 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд биелүүлээгүй байхын зэрэгцээ, энэ өдрөөс хойш эрх бүхий этгээдэд тухайн шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар мэдэгдэж байсан нь баримтаар нотлогдохгүй байна.         

 

Иймд хариуцагчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг нэхэжмлэгч хэтрүүлсэн, Хүүхэд хамгааллын тухай хууль 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн, хуульд томилох эрх бүхий субъект өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи эрх зүйн үр дагаварыг хариуцахгүй гэх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.  

Дээр дурдсан үндэслэлээр зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байна. 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн   2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2019/01156 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д зааснаар зохигчид улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.    

 

                                                   

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 М.НАРАНЦЭЦЭГ

                                             ШҮҮГЧИД                                 А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                               А.МӨНХЗУЛ