Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2020/00424

 

Б.Эийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2019/01156 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1517 дугаар магадлалтай,

Б.Эийн нэхэмжлэлтэй

ХНХЯанд холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 15 000 000 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ганцэцэг, Б.Энхцэцэг нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Соёл-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын албан тушаалд ажиллаж байгаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн Б/282 тоот тушаалаар хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0540 шийдвэрээр Хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/282 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг ХНХЯнаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017/0639 магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 505 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. ХНХЯны сайд шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг эхлүүлсэн. Гэвч Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэр биелэгдээгүй байна. Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 001/ХТ2018/01938 тоот тогтоол гарсан, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх 101 өдрийн цалин хөлстэй тэнцэх олговрыг өдөрт 41 559 төгрөгөөр тооцоход 4 197 459 төгрөг болно. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/01028 дугаар шийдвэр биелээгүй тул 9 142 980 төгрөг дээр одоогийн авах ёстой 4 197 459 төгрөгийг нэмж 15 000 000 төгрөг шаардаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т Аймаг, нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан газар, хэлтсийн даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан газар, хэлтсийн даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан дарга Төрийн албаны тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж томилж, чөлөөлнө гэж заасан бөгөөд уг хуулийн заалт 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжиж эхлэхээс өмнөх буюу 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Б.Эийг ажилд эгүүлэн тогтоох үүрэг шүүхийн шийдвэрийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад байсан бөгөөд уг хугацаанд хамаарах цалинтай тэнцэх нөхөн олговрыг хариуцах, харин хуульд томилох эрх бүхий субъект өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш эрх зүйн үр дагаврыг хариуцах боломжгүй юм. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2019/01156 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХНХЯ-наас урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4 197 459 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 802 541 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч ХНХЯ-нд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтанд заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтанд зааснаар хариуцагч ХНХЯ-наас улсын тэмдэгтийн хураамжид 82 109 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1517 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2019/01156 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д зааснаар зохигчид улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ганцэцэг, Б.Энхцэцэг нар хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6 дахь хэсэг, итгэмжлэлээр олгогдсон эрхийнхээ дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан. Нэхэмжлэгчийн өмнөх ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг шүүхээс шийдвэрлэсэн өдөр нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэдгийг тогтоосон бөгөөд энэ хугацаанаас эхлэх 3 сарын дотор нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарснаас хойш хугацааны цалин хөлсөө нэхэмжлэх ёстой байсан. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн болохыг илтгэж байна. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т “Аймаг, нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан газар, хэлтсийн даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан газар, хэлтсийн даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан дарга Төрийн албаны тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж томилж, чөлөөлнө.” гэж заасан бөгөөд уг хуулийн заалт 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжиж эхлэхээс өмнөх үе буюу 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Б.Эийг ажилд эгүүлэн тогтоох үүрэг шүүхийн шийдвэрийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад байсан бөгөөд уг хугацаанд хамаарах цалинтай тэнцэх нөхөх олговрыг хариуцах, харин хуульд томилох эрх бүхий субьект өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш эрх зүйн үр дагаварыг хариуцах боломжгүй юм. ХНХЯнаас хуульд томилох эрх бүхий субьект өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/123 дугаартай албан бичиг, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2/587 дугаартай албан бичгээр М.Туултай холбоотой шүүхийн шийдвэрийг биелүүлэх асуудлыг шилжүүлж байгаа болон шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн томилох асуудлаар холбогдох арга хэмжээ авч, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдэхийг мэдэгдсэн албан бичгүүдийг хүргүүлж байсан. Гэтэл Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүх Б.Эийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдэхдээ Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэгт өөрчлөлт орж Б.Эийг ажилд томилох эрх гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргад шилжсэн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх цалин хөлстэй тэнцэх олговорыг ХНХЯнаас гаргуулахаар шийдвэрлэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй учраас анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Э хариуцагч ХНХЯанд холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговор 15 000 000 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийг гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо шүүхийн шийдвэрийн дагуу олгох ёстой 9 142 980 төгрөг, ажилд эгүүлэн тогтоогоогүй байгаа тул 2018.12.20-2019.05.13 хүртэл хугацааны олговор 4 197 459 төгрөг нийт 15 000 000 төгрөг гэж заажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 4 197 459 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн зохигчдын хоорондох маргааныг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0540 дүгээр шийдвэрээр Б.Эийг Өмнөговь аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоосон, уг шийдвэрийг давж заалдах, хяналтын шатны шүүх хэвээр үлдээжээ.

Б.Э нь ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 18-ны өдрийн 1028 дугаар шийдвэрээр хариуцагчаас 9 142 980 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэсэн, уг шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1678 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 1938 дугаартай тогтоолоор хэвээр үлдээсэн байна. /хх4, 7/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн б/64 дүгээр тушаалаар Б.Эийг ажилд эгүүлэн томилсон байх тул 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 13 хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4 197 459 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ.

Нэхэмжлэгч нь 2019 оны 05 сарын 06-ны өдөр, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, уг асуудлаар дахин шийдвэр гаргадаггүй тул нэхэмжлэлээс 10 802 541 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй байна.

Хүүхэд хамгааллын тухай хууль 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн, хуульд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргыг томилох эрх бүхий субъект өөрчлөгдсөн гэж 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи эрх зүйн үр дагаварыг хариуцахгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон тул эрх залгамжлан авах боломжгүй бөгөөд хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар энэ талаар шийдвэрлүүлэх боломжтой юм.

Шүүх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр олговор гаргуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69, 46 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2019/01156 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1517 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ганцэцэг, Б.Энхцэцэг нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР

                         ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА