Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2019/01156

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                     

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  аймаг, баг, тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, Б.Э-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: дүүрэг, хороо, байрлах “Х яам”-нд холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 15,000,000 төгрөг гаргуулах, Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.С, хариуцагчийн төлөөлөгч   О.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюун-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд болон төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ө аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын албан тушаалд ажиллаж байгаад Х сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн Б/282 тоот тушаалаар хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Нийслэл дэхь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0540 шийдвэрээр Б.Эийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/282 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг Х яамнаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017/0639 магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх  хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 505 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Х яамны сайд шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг эхлүүлсэн. Гэвч Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэр биелэгдээгүй байна. Иймд нэхэмжлэгч Б.Эийн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 001/ХТ2018/01938 тоот тогтоол гарсан 2018 оны 12 дугаар  сарын 20-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын  13-ны өдөр хүртэлх х101 өдрийн цалин хөлстэй тэнцэх олговрыг өдөрт 41,559 төгрөгөөр тооцож 4,197,459 төгрөг гаргуулж нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/01028 дугаар шийдвэр биелээгүй тул 9,142,980 төгрөг дээр одоогийн нэхэмжилж байгаа 4,197,459 төгрөгийг нэмж 15,000,000 төгрөг шаардаж байна гэв. 

 

 Хариуцагч “Х яам”-ны төлөөлөгч О.Ганцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Эийн ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т Аймаг, нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан газар, хэлтсийн даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан газар, хэлтсийн даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан дарга Төрийн албаны тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж томилж, чөлөөлнө гэж заасан бөгөөд уг хуулийн заалт 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжиж эхлэхээс өмнөх буюу 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Б.Эийг ажилд эгүүлэн тогтоох үүрэг шүүхийн шийдвэрийн дагуу Х сайдад байсан бөгөөд уг хугацаанд хамаарах цалинтай тэнцэх нөхөн олговрыг хариуцах, харин хуульд томилох эрх бүхий субъект өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш эрх зүйн үр дагаврыг хариуцах боломжгүй юм. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

           Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ. 

 

Нэхэмжлэгч Б.Э хариуцагч “Х яам”-нд холбогдуулан урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 15,000,000 төгрөг гаргуулах Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Соёл-Эрдэнэ шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Э 2018 оны 12 дугаар  сарын 20-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын  13-ны өдөр хүртэлх 101 өдрийн цалин хөлстэй тэнцэх олговрыг өдөрт 41,559 төгрөгөөр тооцож 4,197,459 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа /бичгээр/ тодруулж, нэхэмжлэлийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 15,000,000 төгрөг гаргуулах шаардлагаа Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/01028 дугаар шийдвэрээр 9,142,980 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр биелээгүй тул 9,142,980 төгрөг дээр одоогийн нэхэмжилж байгаа 4,197,459 төгрөгийг нэмж 15,000,000 төгрөг шаардсан гэж аргачлалаа тайлбарлав.

 

Хариуцагч Х яам нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, хуульд томилох эрх бүхий субьект өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш эрх зүйн үр дагаврыг хариуцах боломжгүй гэж маргаж байна.

 

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 540 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийг Ө аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, цалин хөлстэй тэнцэх олговорт 5,942,929 төгрөг олгохоос ажилгүйдлийн тэтгэмжид авсан 1,658,335 төгрөгийг хасч, 4,284,594 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг, Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 639 дүгээр магадлалаар өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/282 тоот тушаалыг хүчингүй болгож, Б.Эийг Ө аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд томилохыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад даалгахаар шийдвэрлэн, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 505 дугаартай тогтоолоор дээрх магадлалыг хэвээр шийдвэрлэсэн ба уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Нэхэмжлэгч Б.Э Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 540 дүгээр шийдвэр гарсан өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6,326,744 төгрөг гаргуулж, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/01028 дугаар шийдвэрээр урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 9,059,862 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 885,866 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, Нийслэлийн иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1678 дугаар магадлалаар “Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/01028 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч “Х яам”-наас 9,142,980 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эт олгосугай” гэж тогтоох хэсгийн 3 дах заалтын “...дурдаж,” гэсний дараа “нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг буцаан олгосугай” гэж тус тус өөрчлөн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй” гэж шийдвэрлэсэн байна.  

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 001/ХТ2018/01938 тоот тогтоолоор “Нийслэлийн иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1678 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар олгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэдэг. Дээрх шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдэж, хариуцагч 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/64 тоот тушаалаар Б.Эийг ажилд томилж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж мэтгэлцэж байна.  

 

Ажилтан ажлаас чөлөөлөгдөж, ажилгүй болох, шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх, шүүх уг нэхэмжлэлийн дагуу үүсгэсэн иргэний хэргийг хянан шийдвэрлэх нь ажил олгогчийн хууль бус шийдвэр гаргаснаас үүсэх эрх зүйн үр дагавар мөн тул ажилтны ажлаас халагдсанаас хойш ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан бүх хугацаанд хамаарах тул ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговор олгох үүргээс чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй.

 

Иймд 2018 оны 12 дугаар  сарын 20-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын  13-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт /өдөрт 41,559 төгрөг х 101 өдөр/ 4,197,459 төгрөгийг хариуцагч “Х яам”-наас гаргуулж нэхэмжлэгч Б.Эт олгож, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг ажил олгогчид даалгах үндэстэй. 

 

Харин нэхэмжлэлийн шаардлагаас Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/01028 дугаар шийдвэрээр урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 9,059,862 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр биелэгдээгүй үндэслэлээр дахин шаардлага гаргасан гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарлаж, хариуцагчийн төлөөлөгч О.Ганцэцэг нь 9,059,862 төгрөг гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа гэж мэтгэлцэж  байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 10,802,541 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбоотой бол түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/01028 дугаар шийдвэрээр сарын дундаж цалин хөлсийг /нэг өдөрт 41,559 төгрөгөөр/ тогтоосныг баримталж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч “Х яам”-наас урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4,197,459 /дөрвөн сая нэг зуун ерэн долоон мянга дөрвөн зуун тавин ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,802,541 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч “Х яам”-нд даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтанд заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтанд зааснаар хариуцагч “Х яам”-наас улсын тэмдэгтийн хураамжид  82,109 төгрөгийг гаргуулж Улсын орлого болгосугай.

 

4. Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.НАРАНГЭРЭЛ