Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2019/01492

 

 

 

 

2019 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2019/01492

 

 

 

 

 

 

                                            Х.Бы  нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн   2019 оны 05 сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/01161 дугаар шийдвэртэй, Х.Бы  нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Хд холбогдох 278 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн тайлбарт:  Хариуцагч Г.Хд 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 65 000 000 төгрөг, 200 000 юанийг 5 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцох нөхцөлтэй зээлдүүлэн зээлийн гэрээг тус бүрт нь бичгээр байгуулж, нотариатаар батлуулан 65 000 000 төгрөг, 200 000 юанийг Г.Х тоолж бэлнээр хүлээн авсан. Барьцаанд 89-33 УНД улсын дугаартай Фолксваген, 77-38 УИД улсын дугаартай Бенз S 550 автомашинууд, 000477701 дугаар гэрчилгээтэй Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Товчооны замын 58 дугаар гудамж 2 тоот хаяг байршилтай 480 м.кв талбайтай оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 000631083 дугаар гэрчилгээтэй 22-ын товчооны баруун талд байршилтай гэр бүлийн хамтын хэрэгцээний 800 м.кв газар зэргийг барьцаанд тавьсан.

Үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг огт гүйцэтгээгүй тул Г.Хтэй 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр уулзахад зээл, зээлийн хүү, алдангийг хариуцагч өөрөө тооцон 289 385 098 төгрөг болсныг харилцан тохиролцож 2017 оны 7 дугаар сарын 18-ны дотор төлж бурэн барагдуулах, барагдуулаагүй тохиолдолд Товчооны замын 52 дугаар гудамжны 2 тоотод байрлах 480 м.кв обьект, Сонгино хайрхан дүүргийн 32 дугаар хороо 1-р гудамж 25, 26 тоотод байрлах үйлдвэрийн байр зэргийг чөлөөлөн шилжүүлж өгөхөөр тодорхойлолт, баталгаа гаргаж өгсөн боловч биелүүлээгүй.

Дараа нь 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр А.Мөнх-Эрдэнийг байлцуулан уулзахад, нийт төлбөрийн хэмжээг 278 000 000 төгрөг байна гэж тооцон тодорхойлолт, баталгаа, зээл төлөх графикийг үйлдэж надад өгсөн хэдий ч зээл авснаас хойшхи 2 жил 5 сарын хугацаанд огт төлбөр төлөөгүй, сүүлийн үед гэрийн хаалгаа тайлахгүй, утсаа авахаа больсон зэрэг нь зээлийн төлбөрийг сайн дураараа төлнө гэсэн амлалтаа биелүүлэх итгэлийг алдагдуулж байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Би Г.Хгийн өөрөө тооцон гаргаж өгсөн 278 000 000 төгрөг төлнө гэсэн хамгийн сүүлчийн энэ тодорхойлолт, баталгааны дүнгээр нэхэмжлэлээ гаргасан.

Зээлээ төлөхгүй байхаар нь би 2018 оны 06 дугаар 28-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан. Г.Х 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө надаас 2015 оноос эхлэн мөнгө зээлээд төлж байснаа хагас дутуу ч гэсэн мэдүүлсэн байдаг бөгөөд 20 000 000 зээлээд төлснөө мэдүүлсэн нь дээрхи баримттай холбоотой асуудал. Мөн 2 машинаа барьцаалан 60 гаруй сая төгрөг зээлснээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Харин энэ мэдүүлэг дээр дурьдсан 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 7 000 000, дараа нь 3 000 000 төгрөг төлсөн гэдэг нь урьд нь зээлдүүлсэн мөнгөний төлбөр юм. Энэ мэдүүлэг дээрээ миний нэхэмжлэлд хамаарах 2 гэрээг 2016 оны 10 дугаар сард хийснээ маш тодорхой мэдүүлсэн байдаг.

2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээнээс өмнөх зүйл яриад байна. Өмнөх харилцаа бол дуусчихсан. Хонгорхүүгийн авсан зээл 65 000 000 төгрөгийг гэрээнд зааснаар бодоход 146 250 000 төгрөг, 200 000 юанийг гэрээнд заасны дагуу бодоход 176 976 000 төгрөг нийлээд 323 226 000 төгрөг гарч байгаа боловч гэрээний талуудын хамгийн сүүлд тооцоо нийлж үйлдсэн баримтын дагуу нэхэмжлэл гаргасан. 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш 2 000 000 төгрөгийг төлсөн учраас 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ бусдаас авах авлага гэдэгт Г.Хгээс авах авлага 276 000 000 төгрөг гэж бичсэн. Иймд Г.Хгээс 278 000 000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Х.Б, Г.Х нарын хооронд хийгдсэн Зээлийн гэрээнүүд хүчин төгөлдөр бус байна. Хэрэгт авагдсан нотлох баримт буюу зээлийн гэрээний доод талд нотариатч өөрөө мөнгөн дэвсгэртийн тоо ширхэг, нийт үнийн дүнг бичсэн байдаг. Гэвч миний хувьд 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр иргэн Х.Баас 65 000 000 төгрөг болон 200 000 юань хүлээж аваагүй. Үүнийг зээлийн гэрээг гэрчилсэн нотариатч мэдэж байсан бөгөөд тухайн үед нь иргэн Х.Бд энэ нь хууль бус талаар тайлбарлаж байсан. Гэсэн хэдий ч иргэн Х.Б нь зүгээр ингээд хийж болно гэснээр энэхүү зээлийг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр олгосон мэт гэрээг бичин надаар гарын үсэг зуруулсан. Иймээс 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр би Х.Баас нэг ч төгрөг, юань аваагүй тул Иргэний хуулийн 281.1 дэх хэсэгт заасан буцаан төлөх үүрэг хүлээхгүй.

Зээлийн гэрээний дагуу байгуулсан гэх барьцааны гэрээний зүйл болох 89-33 УНД улсын дугаартай Волксваген маркын автомашин нь 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Экокапитал ББСБ” ХХК-тай байгуулсан 15-272 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 15-272 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу эзэмшил өмчлөл нь шилжсэн эд хөрөнгө юм. Мөн 77-38 УНД улсын дугаартай Бенз 8550 автомашин нь “Есөн шижир ББСБ” ХХК-ийн эзэмшилд шилжсэн хөрөнгө байдаг. Энэхүү 2 тээврийн хэрэгслийн өмчлөл гуравдагч этгээдэд байдаг гэдгийг нэхэмжлэгч Х.Б мэдэж байсан бөгөөд өөрөө энэхүү барьцааны гэрээг хүсч таньдаг гэх нотариатчаар гэрчлүүлсэн байдаг.

Иймээс дээрх 2 хөдлөх хөрөнгө буюу тээврийн хэрэгслийг барьцаалсан үйл баримт нь хууль ёсны нотлох баримт биш юм. Мөн зээлийн гэрээний барьцаа болох Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, товчооны зам 58 дугаар гудамж 2 тоот хаягт байрлах 480 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан гэжээ. Хэдийгээр барьцааны гэрээ байгаа боловч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь эх хувиараа байхгүй байхад байсан мэтээр нотариатын үйлдэл хийсэн нь Нотариатын тухай хуулийг зөрчсөн үйлдэл болжээ.

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхээр заасан, мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан. Нөгөө талаар барьцааны зүйл гэгдэх дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь Голомт банкинд эх хувиараа хадгалагдаж байгаа бөгөөд Баянгол дүүргийн нотариатч гэрчилгээний эх хувийг тулган үзэлгүй хуулбарыг нь үндэслэн барьцааны гэрээг батлах үйлдэл хийсэн. Нотариатын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.-д Үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэхтэй холбогдсон аливаа хэлцэл болон өвлөх эрхтэй холбогдсон баримт бичгийг зөвхөн тухайн эд хөрөнгө байгаа тойргийн нотариатч гэрчилнэ гэж заасан бөгөөд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг Баянгол дүүргийн 207 дугаартай нотариатч гэрчилсэн байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.5-д нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн, зөв эсэхийг хянаж нягтлах, 21.2.9-т нотариатын үйлдэл хийх явцад үйлчлүүлэгч хууль зөрчсөн болох нь илэрвэл зохих арга хэмжээ авахуулахаар холбогдох байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээсэн атлаа зориуд биелүүлээгүй нь илтэд хууль бус байна. Харин 21.3.3. нотариатын үйлдэл хийж болохгүй нөхцөл байдлыг нуун дарагдуулж нотариатын үйлдэл хийхийг хориглосон байна. Өөрөөр хэлбэл 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 65 000 000 төгрөг, 200 000 юань өгч авалцаагүй байхад өгч авалцсан мэтээр үйлдэл хийсэн нь мөн хууль бус байна. Нотариатын үйлдэл хийх зааврын 5 дугаар зүйлийн 5.5-д гэрээ, хэлцлийн агуулгыг хянах явцад тэдгээр нь хууль тогтоомж зөрчсөн, эсхүл өөр гэрээ хэлцлийг халхавчлах зорилго агуулсан, түүнчлэн хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн зэрэг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулсан, эсхүл хэлцэл хийсэн этгээд ноцтой төөрөгдсөн, мэхлэгдсэн, хүчинд автсан зэрэг Иргэний хуулийн 58-60 дугаар зүйлд хүчин төгөлдөр бусд тооцож болох хэлцлийн шинж илэрвэл тухайн гэрээ, хэлцлийг нотариатч гэрчлэхгүй гэж заасан. Гэвч Баянгол дүүргийн нотариатч өөрөө энэхүү заавраа зөрчиж хууль бус гэрээ хэлцлийг баталсан байна. 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх тул түүнийг үндэслэн байгуулсан барьцааны гэрээнүүд нь мөн адил Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тодорхой байна. Г.Х нь Х.Баас 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 100 000 юань, 15 000 000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 5 000 000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 20 000 000 төгрөгийг тус тус зээлж нийт 71 073 000 төгрөгийг авсан. 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 7 000 000 төгрөг төлсөн.

Одоо нийт 64 073 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 7 000 000 төгрөгийг хүлээн авсан талаар талууд маргаагүй. Харин 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мөнгө хүлээн авсан хүлээлгэн өгсөн баримт байдаггүй. Тухайн өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлээгүй, автомашинууд нь “Экокапитал” болон “Есөн шижир” ББСБ-ын өмч байгааг мэдсээр байж барьцааны гэрээ хийсэн тул хүчин төгөлдөр бус юм.

Иймд хариуцагч нь хэрэгт нотлох баримтаар авагдсан зээлийн болон барьцааны гэрээний дагуу аливаа үүрэг хүлээх хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх:  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1.-д заасныг баримтлан Г.Хгээс 276 000 000 /хоёр зуун далан зургаан сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч /зээлдүүлэгч/ Х.Бд олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 000 000 /хоёр сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтйин хураамжид төлсөн 1 547 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж , хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1 537 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Бд олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар давж заалдах журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/01161 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 278 000 000  төгрөгийн хувьд 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр олгосон 65 000 000 төгрөг, 200 000 юанийн зээлийг огт гүйцэтгээгүй төлбөр 278 000 000 төгрөг гэж бичин шаардсан байдаг. Хэрэв зээлийн гэрээнд заасан ёсоор мөнгө хүлээлгэн өгсөн бол зээлийн гэрээнд заасан арга аргачлалаар тооцох ёстой. Шүүх 276 000 000 төгрөгийг яаж бодож, ямар үндэслэлээр хангаж шийдвэрлэсэн талаараа хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

            2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Х.Б, Г.Х нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хувьд Г.Х миний бие Х.Баас 2016 оны 05 дугаар 07-ны өдөр 100 000 юань, 15 000 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 5 000 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 20 000 000 төгрөг, нийт 71 073 000 төгрөг зээлж авсан. Уг мөнгөнөөс 7 000 000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл нь 64 073 000 төгрөг болсон. Дээрх мөнгийг төлөөгүй байсан учраас зээлсэн мөнгийг тооцож Х.Б нь дээрх төлбөрөө баталгаажуулж зээлийн гэрээ хийе гэж санал тавьсаны улмаас 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 65 000 000 төгрөгийн зээлийн гэрээг сүүлд байгуулсан. Зээлийн гэрээг нөхөж байгуулсан нь үнэн. Гэрээний доод хэсэгт 65 000 000 төгрөгийг хүлээн авсан гэж бичсэн боловч 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр бодит байдал дээр 65 000 000 төгрөгийг аваагүй. Х.Б өмнө өгсөн мөнгөний хүүгээ тооцон зээлийн гэрээнд бичсэн учраас бодитой өгч авалцсан зүйл огт байхгүй. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө өгч, авалцаагүй учраас талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй. Харин зээлийн гэрээнд Г.Х гарын үсэг зурсан, урьд зээлийн тооцоотой байсан, амаар тохиролцож зээлдсэн өр, төлбөрөө баталгаажуулан бичгээр үйлдсэн баримт гэж үзэхээр байхад шүүх үүнийг анхааралгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд туйлын гомдолтой байна. Нэхэмжлэгч хэдэн төгрөгийн үндсэн зээл, хэдэн төгрөгийн хүү, хэдэн төгрөгийн алданги нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй байхад шүүх тодруулахгүйгээр нийт 276 000 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуульд хүү, алданги гэсэн 2 өөр ойлголт байхад шүүх үүнийг нэхэмжлэгчээс тодруулахгүйгээр, тодорхойгүй байдлаар шийдвэрлэсэн нь алдаа юм.

2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 200 000 юанийн зээлийн гэрээний тухайд Г.Х миний бие 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Х.Баас 200 000 юань аваагүй. Харин 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 100 000 юань авсан байсан. Уг мөнгийг өгөөгүй байсан болохоор Х.Б нь 65 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагддаг өдөр өр төлбөрөө баталгаажуулж зээлийн гэрээ хийе гэсэн санал тавьсаны улмаас  2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 200 000 юанийн зээлийн гэрээг сүүлд нөхөж байгуулсан. Нэхэмжлэгч үүнийг 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа найз өмгөөлөгч нараасаа зөвлөгөө авсан эргээд ажилдаа томилогдох болсон учраас ийм байдлаар явж болохгүй гэсэн учраас нөхөж зээлийн гэрээ хийсэн гэдгээ тайлбарласан.

2017 оны 06 дугаар сарын 11, 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн тодорхойлолт баталгаа зээлийн төлөх график гаргах нь гэсэн бичгийг Х.Б “чи надаас мөнгө зээлсэн биз дээ одоо надад бичиг хийж өг” гэж дарамт үзүүлж, гарын үсэг зур гэсэн шаардлагыг удаа дараа үзүүлж байсан болохоор дээрх 2 бичигт гарын үсэг зурсан. А.Мөнх-Эрдэнэ гэдэг хүний нэрийг дурдаж байна. Тэр хүнтэй хамт сүрдүүлэх маягтай шаардаж бичүүлсэн. Түүнээс хойш Х.Бтай тооцоо нийлж гарын үсэг зурж баталгаажуулаагүй. Уг байдлыг шүүхэд тайлбарлан хэлсээр байхад хэт нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрт тооцоо нийлсэн байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Талууд уг баримт дээр тооцоогоо нийлээд гарын үсгээ зурж хүлээн зөвшөөрсөн зүйл байхгүй. Гэтэл шүүх үүнийг анзаарахгүйгээр дээрх 2 бичгийг шүүхийн шийдвэр гарах үндэслэл болгож байгаад гомдолтой байна. Дээрх 2 бичигт тооцсон, нийлсэн гэж бичсэн үг, өгүүлбэр байхгүй байхад тооцоо нийлсэн гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “ ... хариуцагч Г.Х нь нэхэмжлэгч Х.Баас 2016 оны 06 дугаар сарын 10-ны орой Ж.Пүрэвсүрэнгээр дамжуулан 5 000 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 20 000 000 төгрөг тус тус зээлдсэн, 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 70 000 000 төгрөгийн хүү 7 000 000 төгрөгийг Х.Бд өгсөн талаар талууд маргаагүй болно ...” гэж дүгнэсэн. Үүнээс үзэхэд Г.Х би Г.Батсайханд 7 000 000 төгрөг төлсөн нь нотлогдсон байхад 2 000 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

            2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулахаас өмнө Х.Баас мөнгө зээлж байсан нь тогтоогдож байхад шүүх маргаагүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Харин ч хариуцагч талаас энэхүү үйл баримтыг иш үндэс болгон маргаж байхад шүүх буруу дүгнэлт хийсэн. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж дүгнээгүй. Нэхэмжлэгчийн өөрийн гараар бичсэн мөнгө хүлээлцсэн болон тооцоолол хийсэн баримтыг хариуцагчийн цахим шууданд үзлэг хийх замаар бэхжүүлж авсан боловч нотлох баримтыг тал бүрээс нь дүгнэлгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан нь хууль зөрчиж байна. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд хариуцагч 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мөнгө хүлээж авахдаа нэг бүрчлэн тоолж хүлээн авсан гэдэг бөгөөд шүүх хуралдааны явцад гэрчийн мэдүүлэгт мөнгөө тоолоогүй “яахын яахын гэж хэлээд тоололгүй аваад гарсан” гэх гэрчийн мэдүүлэгтэй зөрчилдөж байгаа нь тухайн өдөр зээлийн гэрээний дагуу мөнгө эд зүйл хүлээлцсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Х.Б өмнө нь зээлийн харилцаатай байсан, мөнгөө бүрэн төлсөн гэж тайлбарлаж байгаа бол үүнийгээ баримтаар нотлох үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч энэ талаар ямар ч баримт шүүхэд гаргаж өгөөгүй. Учир нь нэхэмжлэгч хариуцагч нарын гарын үсэг бүхий баримт энэхүү зээлийн үнэн бодит тооцоо юм. Иймд анхан шатны шүүх хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байх тул  шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Нэхэмжлэгч Х.Б хариуцагч Г.Хд холбогдуулан 278 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн 5-10 дугаар талуудад 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хариуцагч нь нэхэмжлэгчээс 65 000 000 төгрөг, 200 000 юанийг 5 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдэн авч, зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцох тухай зээлийн гэрээ, дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч нь өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Товчооны зам 58 гудамж, 2 тоот хаягт байршилтай 480 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, 89-33 УНД улсын дугаартай волксваген маркийн автомашин, 77-38 УНД улсын дугаартай бенз эс 550 маркийн автомашиныг барьцаалсан барьцааны гэрээ авагдсан байна.

 

Нэхэмжлэгч 278 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дээрх зээлийн гэрээг үндэслэсэн бөгөөд гэрээний гүйцэтгэвэл зохих үүргийг талууд харилцан тодорхойлж хэргийн 14-15 дугаар тал дахь 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “ .., Иргэн Х.Баас авсан зээл, зээлийн хүү 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 289 385 098 төгрөг болсныг харилцан тохиролцож төлнө .., гэх, 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр “ .., Иргэн Х.Баас авсан 278 000 000 төгрөгийг графикийн дагуу төлнө .., ” гэх баримт үйлдсэн гэж тайлбарлажээ.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох бөгөөд хариуцагчийн 65 000 000 төгрөг, 200 000 юань хүлээн авсан тухай, мөн үүргийг хүлээн зөвшөөрсөн тодорхойлолт зэргийг үгүйсгэх баримтгүй байна.

 

Хариуцагч “нэхэмжлэгчээс 2016 оны 05 дугаар сараас 2016 оны 06 дугаар сар хүртэл нийт 71 073 000 төгрөг зээлж авсан, уг мөнгөнөөс 7 000 000 төгрөг төлсөн, үлдэгдэл 64 073 000 төгрөг болсон. Уг мөнгийг төлөөгүй учраас баталгаажуулъя гэсэн санал тавьж 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 65 000 000 төгрөгийн, 200 000 юанийн зээлийн гэрээг сүүлд байгуулсан” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

Хариуцагч 65 000 000 төгрөг, 200 000 юанийн 2 гэрээний үүрэгт нийт 323 226 000 төгрөг төлөхөөр байх боловч нэхэмжлэгч хариуцагчаас хүлээн зөвшөөрч тодорхойлолтод тусгагдсан дүнгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагаа гаргасныг буруутгах үндэслэлгүй. 

Иймд 278 000 000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 2 000 000 төгрөгийг хасч 276 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцэж байна. /хх42/

 

Хэргийн 88-89 дүгээр тал дахь “2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 20 000 төгрөг 1 000 ширхэгээр 20 000 000 төгрөг тоолж хүлээн авлаа, хүлээлгэн өгсөн Х.Б, хүлээн авсан Г.Х”, “06 дугаар сарын 07-ны өдрөөс 07 дугаар сарын 07-ны өдрийн хүүнд 70 000 000 төгрөгийн 10 хувь 7 000 000 төгрөг хүлээж авав” гэх баримт, гэрч Ш.Пүрэвсүрэнгийн “ .., өмнөх тооцоо 07 дугаар сард дууссан гэж байсан, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр н.Хонгорхүү, н.Батсайхан нарын хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуулахад би дэргэд нь байсан. Хариуцагч мөнгө аваад эргүүлж өгөөгүй ..,” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчээс өмнө нь хэд хэдэн удаа мөнгө зээлж байсан, 7 000 000 төгрөг нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээтэй хамааралгүй болох нь тогтоогдож байна. /хх81-82/

 

Хариуцагч нь нотариатын үйлдлийн талаар гомдол гаргаагүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн   2019 оны 05 сарын 15 өдрийн 181/ШШ2019/01161 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 217 585 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт  зааснаар магадлалыг  танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.ОТГОНЦЭЦЭГ

                                             ШҮҮГЧИД                                 Г.ДАВААДОРЖ                                                                                                                           

                                                                                               А.МӨНХЗУЛ