Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00149

 

 

Д.Баярсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 184/ШШ2019/00917 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 1434 дугаар магадлалтай,

 

Д.Баярсайханы нэхэмжлэлтэй,

О.Алтанхундагад холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах, ...26.920.000 төгрөгийн үнэ бүхий тавилга, ...орон сууц, авто зогсоолыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид тооцон ногдох хэсгийг гаргуулах тухай үндсэн,

65 толгой малыг хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож, ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгч М.Балжинсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Баттөмөр, хариуцагчийн өмгөөлөгч М.Балжинсүрэн, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Баярсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2004 онд О.Алтанхундагатай гэр бүл болсон. Бидний дундаас 2007 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүү А.Алтан-Эрдэнэ төрсөн. Харамсалтай нь нөхөр О.Алтанхундага нь гэр бүл байх хугацаанд байнга архидан согтуурч, агсам тавьж, хэл амаар доромжлон, архи уусан үедээ байнга хүчирхийлэл үйлдэж зодож тарчлаах шинжтэй үйлдэл гаргадаг болно. Миний бие цагдаагийн байгууллагад олон удаа хандахыг эрмэлзэж байсан боловч ингэж явсан тохиолдолд улам хэрцгий болдог тухай сонсоод цагдаагийн байгууллагад шалгуулахаас эмээж өдийг хүрсэн. Би О.Алтанхундагад зодуулснаас болж нилээд олон удаа гэмтэл авч түүний улмаас эмчилгээ оношилгоо хийлгэсэн. Түүнчлэн хүү А.Алтан-Эрдэнэ маань сэтгэл санаа, зан араншингийн хувьд өөрчлөлт орж цаашид хүү бид хоёр хүнд хэлбэрийн хүчирхийлэлд өртөх өндөр эрсдэл дунд байна. Тухайлбал 2014-12-10 орой О.Алтанхундага нь миний тархи руу хоолны халбаганы ишээр цохиж миний тархинд хүнд гэмтэл учруулсан тухай эмнэлгийн тодорхойлолт, гэрчийн мэдүүлгийг хавсаргав. О.Алтанхундагийг эр хүний хувьд хүндэлж, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг нь шалгуулахаас татгалзаж, хамт байх хугацаанд гаргасан хүчирхийллийг одоог хүртэл тэвчиж ирсний эцэст өөрийгөө, хамгийн гол нь хүүгийнхээ ирээдүйг бодож бүрмөсөн эргэж буцахааргүй салахаар шийдсэн болно.

Иймд гэрлэлтийг цуцалж, хүү А.Алтан-Эрдэнийг миний асрамжид үлдээж хуульд заасны дагуу тэтгэмж тогтоож өгнө үү. Мөн хуульд заасны дагуу О.Алтанхундагийг эцэг эхийг хязгаарлаж хүү А.Алтан-Эрдэнийн эрх ашгийг хамгаалж өгнө үү. Мөн Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Орчлон хороолол, хд 43-92 тоот орон сууц, УНС6474 дугаартай HOWO маркийн автомашины ногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Баярсайхан нэхэмжлэлийн шаардлага болох Хово маркийн автомашинаас өөрт болон хүүхдэд минь ногдох хэсгийг гаргуулах шаардлагаасаа татгалзжээ.

 

Нэхэмжлэгч Д.Баярсайхан 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: Дараах гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, орчлон хороолол, хд 43 дугаар байрны зоорийн давхарт байрлах автозогсоол, 2012 он, 15,000,000 төгрөг, 20 тн контейнер, 2006 он, 800,000 төгрөг, унтлагын тавилга /ор, шкаф, комод, шүүгээ гм/, 2008 он, 2,600,000 төгрөг, самсунг маркийн 42 инчийн телевизор, 2008 он, 2,250,000 төгрөг, шарп маркийн хөргөгч, 2008 он, 860,000 төгрөг, самсунг маркийн гэрийн кинотеатр, 2008 он, 1,100,000 төгрөг, панасоник маркийн угаалгын машин, 2008 он, 860,000 төгрөг, филипс маркийн тоос сорогч, хивс цэвэрлэгч, 2008 он, 850,000 төгрөг, компьютер, принтер, 2009 он, 1,100,000 төгрөг, зочны өрөөний тавилга /ханын стенк/, 2008 он, 1,500,000 төгрөг 10 нэр төрлийн нийт 26,920,000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулна гэжээ. 

Нэхэмжлэгч Д.Баярсайхан 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: Сонгинохайрхан дүүрэг, 27-р хороо, орчлон хороолол, хд 43-92 тоотод байрлах 61,3 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 15 м.кв талбайтай автозогсоолыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоолгох, орон сууц, автозогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь О.Алтанхундагын нэр дээр байсан боловч тэрээр үүнийгээ өөрийн хуваарьт өмч мэт үзэж байна. Иймд уг орон сууц, автозогсоолыг Д.Баярсайхан, О.Алтанхундага нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоож, хууль зүйн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Баярсайхан 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: 1. Дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 27-р хороо, хд 43-92 тоотод байрлах Ү-000243510 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээтэй 61,3 кв.м талбайтай 2 өрөө орон сууц, 15 кв.м талбайтай автозогсоолыг хариуцагч О.Алтанхундага хууль зөрчиж бусдад худалдсан байх тул О.Алтанхундага, О.Ариунболд нарын хооронд 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан таван сая төгрөгийн үнийн дүнтэй Орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах.

2. Дээрх орон сууцыг О.Ариунболд нь 69 сая төгрөгийн үнийн дүнтэй 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ээр Б.Алтансүхэд дамжуулан худалдсан байх тул Х.Ариунболд, Б.Алтансүх нарын хооронд байгуулсан уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах.

3. О.Ариунболд нь 27 дугаар хороо, ХД 43 дугаар байрны зоорийн давхарт байрлах 15 кв.м талбайтай автозогсоолыг Э.Гомбо-Очирт 2 сая төгрөгийн үнийн дүнтэй 2016 оны 02 дугаар 16-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр худалдсан байх тул уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах. Мөн гэрлэлт цуцалж, дундын өмчийг хувааж, гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг хуваарилахдаа Б.Баярсайхан, хүү А.Алтан-Эрдэнэ нарын өмчлөлд Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, ХД 43-92 тоотод байрлах 61,3 кв.м талбайтай хоёр өрөө орон сууц, 43 дугаар байрны зоорийн давхарт байрлах 15 кв.м автозогсоолыг олгох нь хууль зүйд нийцнэ.

Түүнчлэн О.Алтанхундагад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас эцэг байх эрхийг хасуулах, уулзах эрхэд хязгаарлалт тогтоож хориглуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Гэрийн эд хогшил, 20 тн контейнер зэрэг хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай шаардлагыг бид харилцан тохиролцож эвлэрч О.Алтанхундага 3,000,000 төгрөг өгөхөөр тохирсон тул маргаангүй. Харин хүү бид хоёрт гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулан өгөхдөө СХД-ийн 27-р хороо, Орчлон хороолол, ХД 43-92 тоот орон сууц, автозогсоолыг миний болох хүү Алтан-Эрдэнийн өмчлөлд үлдээж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О.Алтанхундага шүүхэд гаргасан тайлбартаа: Би Д.Баярсайхантай 2004 онд гэр бүл болж, 2007 онд хүү Алтан-Эрдэнэ гарсан. Би Алтан-Дорнод компанид насосчины ажил хийдэг байсан. 2009 оноос өдийг хүртэл ахтайгаа хамт газар тариалан эрхэлж хавар, зун, намрын улиралд гэрийн бараа харахгүй, амьдралын төлөө тэмцэж ирсэн болохоос архи байнга ууж, хүчирхийлж байгаагүй. Би 2008 онд мал авч хадам аав ээжээ ажилгүй байхад малчнаар авч ажлуулж цалин 150,000 төгрөг болон төлийн 10 хувийг өгдөг байсан. Миний мал ч өссөн, хадам ч малжсан. 2013 оноос танай хадам дүү нар малыг чинь зараад байна гэж сонсогддог байсан учир би 2013 онд бүх бог малаа зараад үхэр адуугаа хадам дээрээ үлдээсэн. 2014 оны 12-р сард миний зөвшөөрөлгүй нэг адууг идэшний адуугаар хадам ахынх идсэн байсан. Мөн дүү Таравчамба зараад Портер машинд ачаад явуулсныг хүн гэрчилнэ. Миний эхнэр болон хадам ээж хулгай хийгээд байгаа хүүхдээ, дүүгээ өмөөрөөд одоо миний амьдрал салах хэмжээнд очоод байна. Би хүүгээ сэтгэл санааны хямрал, өөрчлөлтөд ортол нь дарамталж байгаагүй. Анх бид хоёр 2013.04.30-нд байруудаа ХААН банкны барьцаанд тавиад зээл авсан. Би мөнгөөрөө 2013.05.07-нд 64-74 УНС улсын дугаартай Хово маркийн автомашин аваад эхнэр Баярсайханы дүү Таравчамба, Ичинноров хоёрыг жолоочоор сарын 800,000 төгрөгөөр тус тус цалинжуулж ажлуулж байсан. Би хүүгээ Тольт дунд сургуульд 1,700,000 төгрөг төлж бэлтгэл ангиас нь эхлээд 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл суралцуулж байсан. Би хүүгээ өөрөө авна. Баярсайхан бид 2 Орчлон хороололд 2 өрөө байртай байсан. Банкны лизингийг ах Алтанболд төлж байгаа. Орчлон хорооллын байр дүү Ариунболдынх. Яагаад гэвэл миний төрсөн дүү Ариунболд ХУД-т байсан 2 өрөө байраа 68 сая төгрөгөөр зарсан боловч харин тухайн үед хоёр тал харилцан зөвшилцөж гэрээндээ 20 сая төгрөгөөр бичсэн нь үнэн. Баярсайхан бид 2 дүүгээс мөнгө хэрэгтэй байна гээд 68 сая төгрөгийг нь хэрэглэсэн. Байраа барьцаанаас чөлөөлөгдөхөөр нэр дээр нь шилжүүлж өгнө гэж хэлж байсан. Үүнийг мэдсээр байж яагаад уг байрыг авна гээд байгааг гайхаж байна гэжээ.

 

Хариуцагч О.Алтанхундага шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2009 онд Төв аймгийн Баянхангай сумын иргэн малчин Р.Цээсүрэнгээс А үсгийн тамгатай хонгор азаргатай адуу, саран дэвсгэртэй бундан тамгатай хонгор азаргатай адуу, нийт 58 тооны адууг 49,000,000 төгрөгөөр, мөн 2013 оны 9 сард Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын иргэн, малчин Б.Гонгороос БГ тамгатай хурдан удмын зээрд азаргыг 3,000,000 төгрөгөөр тус тус худалдаж авсан. Мөн 2008 онд Төв аймгийн Батсүмбэр сумын иргэнээс нийт 10 тооны гунжин үхэр худалдаж авсан. Өөрөө малаа маллах боломжгүй байсан учир Д.Баярсайханы эцэг Л.Дэлэгээр Төв аймгийн Заамар суманд малаа маллуулж байсан. Малчин Л.Дэлэгийн мал малласны хөлсөнд бог малын төлөөс тодорхой хувийг тооцон өгч, мөн үүн дээр нэмж бэлэн мөнгөөр хөлс өгч байсан. Малын хоол тэжээлийг бүгдийг би өөрийн зардлаар хангаж өгч байсан. Гэтэл 2013 оноос хойш Заамар сумын хэд хэдэн иргэнээс малчин Л.Дэлэг болон түүний хүү Д.Таравчамба нар миний зөвшөөрөлгүй адуу малаас зарж байгааг мэдсэн. Иймд миний бие адуу үхрээ Төв аймгийн Аргалант сумын Майхны аманд зусахдаа тоолоход 67 адуу, 25 үхэр байсан. Үүнийг тухайн үед мал тоолоход байж бүртгэж авсан манай ээжийн тэмдэглэлийн дэвтрээс харж болно. Үүнээс хойш 12 адууг зарсан бөгөөд 55 адуу гэж тооцож байна. Л.Дэлэг өөрийн нэр дээр миний адуу, үхрийг жил бүр тоолуулдаг байсан. Түүний нэр дээр тоологдож байгаа ч эцсийн өмчлөгч нь миний бие бөгөөд адуугаа саран дэвсгэртэй А үсгэн тамгаар тамгалж байсан.

Иймд гэр бүлийн дундын өмчлөлийн 55 толгой адуу, 25 толгой үхэр, нийт 80 толгой малаас өөрт ногдох хэсгийг тогтоолгож гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Баттөмөр сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Л.Дэлэгийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаргасан тодорхойлолтоор гэр бүлийн дундын өмчлөлийн малын асуудал яригдаж байгаа. Тухайн үед талууд малын тооллогын дүнгээр эвлэрч байсан байдаг. 2018 оны тооллогоор 5 дугаар сарын 03-нд 25 толгой адуу, 9 толгой үхэр байна гэж тодорхойлолт гаргаж өгсөн байдаг. Үлдсэн мал нь үхэж үрэгдсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрсдөө нотолж чадахгүй байгаа тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй боловч 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн Л.Дэлэгийн тодорхойлолтыг үндэслэн15,750,000 төгрөгийн үнэлгээтэй мал байгаа гэж үүнээс ногдох хэсгийг гаргуулахад татгалзах зүйлгүй гэжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 184/ШШ2019/00917 дугаар шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан Авга овогт Очирбатын Алтанхундага /рд:ЧБ81061211/Боржигон овогт Дэлэгийн Баярсайхан /рд:НН82030160/ нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү А.Алтан-Эрдэнийг эх Д.Баярсайханы асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан 2007 оны 6 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү А.Алтан-Эрдэнийг 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг О.Алтанхундагаар тэжээн тэтгүүлж, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.1, 131 дүгээр зүйлийн 131.1-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, орчлон хороолол, хд 43-92 тоотод байрлах эрхийн бүртгэлийн Ү-2201024250 дугаартай 61,3 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, орчлон хороолол, хд 43 дугаар байрны зоорийн давхрын 43 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201046273 дугаарт бүртгэлтэй автозогсоол, 28 толгой адуу, 9 толгой үхрийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн болохыг тогтоож, орон сууц, автозогсоолын үнэлгээнээс гэр бүлийн нэг гишүүнд ногдох хэсгийг 27,666,000 төгрөгөөр тооцон 55,333,000 төгрөгийг, бусад гэрийн эд хогшлын үнэд тооцон өгөхөөр тохиролцсон 3,000,000 төгрөгийн хамт нийт 58,333,000 төгрөгийг хариуцагч О.Алтанхундагаас гаргуулан нэхэмжлэгч Д.Баярсайханд, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас гэр бүлийн нэг гишүүнд ногдох хэсэг болох 8,370,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Баярсайханаас гаргуулан хариуцагч О.Алтанхундагад олгож, үлдэх 1,913,333 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6-д зааснаар О.Алтанхундага нь тус хуулийн 26.2-т заасан үүргийг эхийн адил хүлээхийг, энэхүү үүргээ хэрэгжүүлэхэд нь эх Д.Баярсайхан саад болохгүй байхыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 53 дугаар зүйлийн 53.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 1,141,100 төгрөгийг, хариуцагчийн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч О.Алтанбаганаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 109,283 төгрөгийг гаргуулан улсын орлогод, 596,092 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, шинжээчийн зардлын 50,000 төгрөгийг гаргуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 1434 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 184/ШШ2019/00917 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 451.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч М.Балжинсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн гэр бүлийн дундын хөрөнгийг тооцож шийдвэрлэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй, хуулийн дагуу шийдвэрлээгүй гэж үзэж байгаа тул шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгуулж, өөрчлүүлэхээр дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Хариуцагч О.Алтанхундагын хувьд гэр бүлийн маргаан үүсэхээс өмнө буюу О.Алтанхундага Д.Баярсайхан хамт амьдарч байх үед тэдний гэр бүлийн өмчлөлд Сонгинохайрхан дүүрэг, 27-р хороо, Орчлон хороолол, хд43-92 тоот орон сууц болон авто зогсоол байсан боловч гэр бүлийн маргаан үүсэхээс өмнө уг орон сууцтай холбоотой дараах үйл явдал болсон байдаг.

О.Алтанхундагын төрсөн дүү О.Ариунболд 2014 оны 06 дугаар сард гэр бүлийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 1-р хороо, 120 мянгат, 8-1 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг зарах гэж байхад нь О.Алтанхундага, Д.Баярсайхан нар О.Ариунболдод хандан бидэнд мөнгөний хэрэг болоод байна, байрыг чинь зараад мөнгийг нь манайх хэрэглэе, харин танайх манай байранд амьдарчих, бид нар байр банкны барьцаанаас чөлөөлөгдөхөөр гэрчилгээг танай нэр дээр шилжүүлье гэсэн санал тавьсан. О.Ариунболд, түүний эхнэр Д.Оюунтуяа нар саналыг хүлээн зөвшөөрч байранд нүүж очсон. Маргаан бүхий орон сууц ХААН банкны зээлийн барьцаанд байсан тул О.Ариунболдын гэр бүлд өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэх боломжгүй байсан тул барьцаанаас чөлөөлсний дараа гэрчилгээг шилжүүлэх байдлаар эдгээр хоёр гэр бүлийн хооронд тохиролцоо хийгдсэн. Тухайн үед О.Алтанхундага, Д.Баярсайхан нар нь Төв аймгийн Заамар суманд байсан бөгөд уг 68,000,000 төгрөгийг О.Алтанхундагын төрсөн ээж буюу Д.Баярсайханы хадам ээж Д.Отгон худалдан авагч талаас өөрийн дансанд хүлээн авч О.Алтанхундага, Д.Баярсайхан нарт өгсөн. 2016 оны 03 дугаар сард маргаан бүхий орон сууц банкны барьцаанаас чөлөөлөгдөж О.Алтанхундага болон О.Ариунболд нарын хооронд 2016.03.23-ны өдөр байгуулагдсан ХХАГ-ээр уг орон сууц О.Ариунболдын өмчлөлд шилжсэн. Дээрх үйл баримтууд нь хэргийн материалд авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогддог: гэрч Д.Отгон, О.Ариунболд нарын мэдүүлэг болон гуравдагч этгээдээр өгсөн тайлбар, гэрч Д.Оюунтуяагийн мэдүүлэг, ХААН Банкны Зээлийн болон Барьцааны гэрээ, О.Ариунболд нь Сонгинохайрхан дүүрэг дэх орон сууцны ус, дулаан, цахилгааны төлбөрийг 2014 оны 06 сараас (орон сууцанд амьдарч эхэлсэн хугацаа) 2016 оны 06 сар хүртэл (орон сууцыг бусдад худалдсан хугацаа) төлж байсныг нотлох тооцооны хуудсууд, О.Ариунболдын орон сууц болох Хан-Уу дүүрэг дэх орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ /2014.08.25 болон Д.Отгоны 68,000,000 төгрөгийг хүлээж авсан дансны хуулга, Д.Баярсайханы дансанд орлого тушаасан баримт, 2014 оны 06 сард Сонгинорхайрхан дүүрэг дэх гэр бүлийн өмчлөлийн орон сууцаа О.Ариунболдын гэр бүлд суллаж өгсөн тухай Д.Баярсайханы шүүх хурал дээр өөрийн биеэр хэлсэн тайлбар /яагаад суллаж өгсөн шалтгаанаа хэлэхээс татгалзсан/. Нэхэмжлэгч Д.Баярсайхан, О.Ариунболд уг байранд амьдарч байсан бэ гэдэг талаарх баримтыг шүүхэд өгч, нотлох үүргээ хэрэгжүүлэх ёстой байсан ч энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй.Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн дээрх үйл баримт бичгийн нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгч энэ үйл баримтыг няцааж чадахгүй байгаагаар тогтоогдож байхад хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн, мөн үүргийн эрх зүйн харилцаа ба өмч шилжих харилцаа /хийсвэрлэх зарчим/-ыг ялган дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүйгээр маргааныг шийдвэрлэсэн.

О.Алтанхундага, Д.Баярсайхан нар О.Ариунболд, Д.Оюунтуяа нарын өмчлөлийн орон сууцыг худалдсан мөнгийг нь хэрэглэх, төлбөрийн оронд өөрсдийнхөө орон сууцыг банкнаас чөлөөлөгдөхөөр өмчлөх эрхийг шилжүүлнэ гэсэн энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 44 дүгээр зүйлд Болзол тавьж хийсэн хэлцэл-н харилцаа үүссэн гэж үзэх боломжтой. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т Эиэ хуулийн 56.1.2-56.1.4, 56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ. гэж заасан. Өөрөөр хэлбэл 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн гэрээг өмнө нь үүссэн О.Алтанхундага, Д.Баясайрхан нарын О.Ариунболдын өмнө хүлээсэн үүргээс салгаж үзэх боломжгүй юм. Нэхэмжлэгч Д.Баярсайханаас О.Алтанхундага болон О.Ариунболд нарын хооронд 2016.03.23-ны өдөр байгуулагдсан ХХАГ, 2016.07.04-ний өдөр О.Ариунболд болон Б.Алтансүхийн хооронд байгуулагдсан ХХАГ, О.Ариунболд болон Э.Гомбо-Очир нарын хооронд 2016.12.16-ны өдрийн 2 ХХАГ-г тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож орон сууцыг авто зогсоолыг өөрийн болон хүү А.Алтан-Эрдэнийн өмчлөлд үлдээх шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргасан. 2019 оны 04 сарын 08-ны өдрийн шүүх хурал дээр нэхэмжлэгч нь хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох гэсэн шаардлагаасаа татгалзаж, орон сууц, автозогсоолтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа орон сууц болон автозогсоолыг гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө болохыг тогтоолгож, тэдгээр хөрөнгөөс өөрт болон хүү А.Алтан-Эрдэнэд ногдох хэсгийг гаргуулах гэсэн шаардлагаар өөрчилж буйгаа тодорхой хэлсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох гэсэн шаардлагаасаа татгалзсанаар орон сууц болон автозогсоолын өмчлөлийг бусдад гэрээний дагуу шилжүүлсэн хэлцэлүүдийн хүчин төгөлдөр байдалтай маргахгүй буюу тэдгээр хэлцлийн хүчин төгөлдөр байдлыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн гэж ойлгогдож байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй орон сууц, автозогсоолын хувьд гэрлэлт цуцлах үед гэрлэгчдийн өмчлөлд байгаагүй, аль хэдийн гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн байсан. Мөн нэхэмжлэгч нь орон сууц, автозогсоолыг гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлсэн хэлцэпүүдийг хүчин төгөлдөр бус гэж маргаагүй. Иймд тэдгээр хөрөнгүүдийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөнд хамааруулан тооцсон нь үндэслэлгүй юм.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь үндэслэлгүй тухайд: Хариуцагч О.Алтанхундагын анхны сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь нийт 55 толгой адуу, 25 толгой үхрийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд тооцуулж, өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлага байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж малчин Л.Дэлэгийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаргаж өгсөн тодорхойлолтын дагуу малын тоо толгойг тогтоож, дундын хөрөнгөд тооцуулахаар болсон. Тус тодорхойлолтын дагуу 15 толгой үхэр, 50 толгой адуу байсан. Гэтэл малчин Л.Дэлэг нь мал үхэж үрэгдсэн, тоо толгой нь цөөрсөн хэмээн дахин 2018 оны 05 сарын 03-ны өдөр тодорхойлолт гаргаж өгсөн бөгөөд тус тодорхойлолтын дагуу үхэр 9 толгой, адуу 28 толгой болж буурсан. Тодорхойлолтдоо туслах малчин хэмээн гараар бичсэн тодорхойлолт, малын эмчийн тодорхойлолт зэрэг баримтуудыг хавсаргаж өгсөн боловч тэдгээр нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхээргүй, мөн тэдгээр үхсэн малууд нь Алтанхундагын мал байсан гэдэг нь нотлогдохооргүй байсан. Иймд хариуцагчийн хувьд Л.Дэлэгийн сүүлд гаргаж өгсөн тодорхойлолт зохих ёсоор нотлогдохгүй байх тул үхсэн малын тоог нь 2018 оны малын тооллогоос харах шаардлагатай, Л.Дэлэгийн 2018 оны малын тооллогыг холбогдох этгээдээс гаргуулъя гэсэн хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй бөгөөд Л.Дэлэгийн 2018 онд гаргаж өгсөн тодорхойлолтыг үндэслэн сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн. 2016 оны малын тоо толгойн тодорхойлолт болон малын үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтийн дагуу тооцоход адуу нийт 28,360,000 төгрөг, үхэр нийт 6,700,000 төгрөг, нийт малын үнийн дүн 35,060,000 болж байгаа. Үүнээс гэр бүлийн нэг гишүүнд ногдох хэмжээ 11,686,666 төгрөг болно гэж үзэж байгаа юм. Хариуцагчийн хувьд 2018 оны тодорхойлолт буюу 2017 оноос хойш Алтанхундагын малаас 22 толгой адуу, 6 толгой үхэр үхэж үрэгдсэн гэдэг нь нотлох баримтаар нотлогдоогүй байхад шүүх 2018 оны тодорхойлолтыг үндэслэн сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэн энэхүү гомдлыг гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ

Д.Баярсайхан нь О.Алтанхундагад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, 26.920.000 төгрөгийн үнэ бүхий контейнер, гэрийн тавилга болон орон сууц, авто зогсоолыг гэр бүлийн дундын эд хөрөнгөд тооцон, өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч орон сууц, авто зогсоолыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө биш гэж марган, энэ талаарх шаардлагыг эс зөвшөөрсөн ба ...65 тооны малаас өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

1.Зохигчид 2004 онд гэр бүл болсон, 2006 онд гэрлэлтээ бүртгүүлсэн, 2007 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүү А.Алтан-Эрдэнэ төрсөн байх ба гэрлэгчид 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа болох нь тогтоогджээ.

Шүүх гэрлэгчид эвлэрч амьдрах боломжгүй, хэн аль нь гэрлэлт цуцлахыг зөвшөөрсөн, тэтгэлэг тогтоохыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэж үзэж гэрлэлтийг цуцалж, хүү А.Алтан-Эрдэнийг эхийн асрамжид үлдээж, тэтгэлэг тогтоосон нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1., 14.5., 14.7., 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т нийцжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 20 тонны контейнер болон зурагт, хөргөгч зэрэг гэрийн эд хогшлыг хариуцагчид үлдээх, О.Алтанхундага нь нэхэмжлэгч Д.Баярсайханд 3.000.000 төгрөг өгөхөөр зохигчид харилцан тохиролцжээ.

Хариуцагч шүүхийн шийдвэрээс гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоох, гэрийн эд хогшилтой холбоотой маргааныг шийдвэрлэсэн хэсэгт гомдол гаргаагүй тул энэ талаар дүгнэлт хийгээгүй болно.

2.Хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

2.1.Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, ХД 43-92 тоотын 61.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, мөн байрны зоорийн давхрын 15 м.кв авто зогсоолыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулан, өөрт болон хүүхдэд ногдох хэсэгт 55.333.000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө биш... гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар О.Алтанхундага нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг О.Ариунболдоос 2013 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр худалдан авч, өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн, энэ үед орон сууц, авто зогсоол хамтдаа бүртгэлтэй байсан байх ба зохигчид уг орон сууцанд хамт амьдарч байсан нь тогтоогджээ /3 дугаар хавтас хэргийн 79-84 дүгээр тал/.

Очир таван болд ХХК болон Арвин сүү түмэн түрүү ХХК-иуд нь 2013 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр ХААН банкнаас 200.000.000 төгрөгийн зээл авахдаа О.Алтанхундагын нэр дээр бүртгэгдсэн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна /хэргийн 1 дүгээр хавтас 223-229 дүгээр тал/.

Уг орон сууцанд О.Алтанхундагын дүү О.Ариунболд 2014 оны 7 дугаар сараас хойш амьдарч байсан байх ба тэрээр шүүхэд ...эхнэр Д.Отгонтуяагийн нэр дээр бүртгэлтэй Хан-уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгатын 8 дугаар байрны 1 тоотын 2 өрөө орон сууцыг 68.600.000 төгрөгийг зараад мөнгийг нь О.Алтанхундага, Д.Баярсайхан нарт өгсөн, ...2016 оны 6 сард барьцаанаас чөлөөлөгдөхөд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, ХД 43-92 тоотын 61.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, 15 м.кв авто зогсоолыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, ...2016 оны 8 сард Б.Алтансүхэд зарсан... гэсэн тайлбар гаргажээ/хэргийн 2 дугаар хавтас 220 дугаар тал/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч шүүхэд ...гэр бүл болоод Сонгинохайрхан дүүргийн Цамбагаравт 2 өрөө байр худалдаж аваад амьдарч байсан, энэ байраа зараад Орчлон хорооллын 43-92 тоот байрыг 74.000.000 төгрөгөөр худалдаж авсан, ...байр зарсныг мэдээгүй гэсэн тайлбар гаргасныг хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.

Түүнчлэн О.Алтанхундага нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд ...би 68.000.000 төгрөгийг аваад хэрэглэчихсэн болохоор орон сууцыг дүүгийнхээ нэр дээр шилжүүлж өгсөн, ...68.000.000 төгрөгийг ээжээс авсан, нэхэмжлэгч 500.000 төгрөг авсан, нэхэмжлэгчийн эгчид өртэй байсан тул 6.000.000 төгрөг өгсөн, үлдсэн мөнгийг би машин механизм түрээсэлж байсны төлбөрт өгсөн... гэсэн тайлбар гаргасан нь мөн үгүйсгэгдээгүй байна /хэргийн 2 дугаар хавтас 236-238 дугаар тал/.

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, мөн гэрлэгчдийн хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарахаар Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.2., 126.2.4.-т заасан.

Маргааны зүйл болж буй орон сууц, авто зогсоол О.Алтанхундагын нэр дээр бүртгэгдсэн хэдий ч зохигчид хамтран амьдрах хугацаандаа худалдан авсан нь тогтоогдсон тул шүүх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэж, тухайн эд хөрөнгийн үнэлгээг үндэслэн нэхэмжлэгч болон хүү А.Алтан-Эрдэнэд ногдох хэсэг болох 55.333.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3.-г зөрчөөгүй байна.

2.2.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд Л.Дэлэгийн 2017 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн Тодорхойлолтыг дурдаж, ...50 адуу, 15 үхэр нийт 65 толгой малыг дундын өмч болохыг тогтоож, ногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ /3дугаар хавтас хэргийн 221 дүгээр тал/.

Хэрэгт Төв аймгийн Заамар сумын малчин Л.Дэлэг гэж гарын үсэг зурсан 2017 оны 10 дугаар сарын 20, 2018 оны 5 дугаар сарын 3-ний өдрийн Тодорхойлолт гэх баримт авагджээ /2 дугаар хавтас хэргийн 140-141, 3 дугаар хавтас хэргийн 55/.

Малчин Л.Дэлэгийн маллаж байсан мал 2018 онд зуданд болон тураалаар үхсэн болохыг малын эмч, мөн туслах малчин Ж.Батзориг, Б.Цэцгээ, Б.Сундуй, Отгонбаатар нар тодорхойлсон баримт хэрэгт авагдсан, хариуцагч үгүйсгэж чадаагүй байна /3 дугаар хавтас хэргийн 57-64 дүгээр тал/.

Д.Баярсайханы аав Л.Дэлэг нь хариуцагчийн малыг маллаж байсан боловч гэрлэлт цуцлах үед хэчнээн тооны мал байсан эсэх нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, шүүх нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн 28 адуу, 9 үхэр нийт 37 толгой малыг дундын өмч үзэж, хариуцагчид ногдох хэсгийг тооцож, нэхэмжлэгчээс 8.370.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 184/ШШ2019/00917 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 1434 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч М.Балжинсүрэнгийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 9 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 451.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ

 

ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ