Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2019/01161

 

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2019/01161

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.Б -ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Х-д холбогдох

278.000.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэжлэгдсэн төлөөлөгч Э.Т, түүний өмгөөлөгч О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнтуяа нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

                Хариуцагч Г.Х нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 65.000.000 төгрөг болон 200.000 юаныг 5 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгээр хоёр Зээлийн гэрээ байгуулж, нотариатаар батлуулан нэг бүрчлэн тоолж бэлнээр хүлээн авч, барьцаанд 89-33 УНД улсын дугаартай Фолксваген, 77-38 УИД улсын дугаартай Бенз S 550 автомашинууд, 000477701 дугаар гэрчилгээтэй Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Товчооны замын 58 дугаар гудамж 2 тоот хаяг байршилтай 480 м.кв талбайтай оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 000631083 дугаар гэрчилгээтэй 22-ын товчооны баруун талд байршилтай гэр бүлийн хамтын хэрэгцээний 800 м.кв газар зэргийг барьцаанд тавьсан.

Үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг огт гүйцэтгээгүй тул Г.Х-тэй 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдор уулзахад зээл, зээлийн хүү, алдангийг хариуцагч өөрөө тооцон 289.385.098 төгрөг болсныг харилцан тохиролцож 2017 оны 7 дугаар сарын 18-ны дотор төлж бурэн барагдуулах, барагдуулаагүй тохиолдолд Товчооны замын 52 дугаар гудамжны 2 тоотод байрлах 480 м.кв обьект, Сонгино хайрхан дүүргийн 32 дугаар хороо 1-р гудамж 25,26 тоотод байрлах үйлдвэрийн байр зэргийг чөлөөлөн шилжүүлж өгөхөөр амлан тодорхойлолт, баталгаа гаргаж өгсөн боловч биелүүлээгүй.

Дараа нь 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр А.Мөнх-Эрдэнийг байлцуулан уулзахад, нийт төлбөрийн хэмжээг 278.000.000 төгрөг байна гэж тооцон тодорхойлолт, баталгаа, зээл төлөх графикийг үйлдэж надад өгсөн хэдий ч зээл авснаас хойшхи 2 жил 5 сарын хугацаанд огт төлбөр төлөөгүй, сүүлийн үед гэрийн хаалгаа тайлахгүй, утсаа авахаа больсон зэрэг нь зээлийн төлбөрийг сайн дураараа төлнө гэсэн амлалтаа биелүүлэх итгэлийг алдагдуулж байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Би Г.Хгийн өөрөө тооцон гаргаж өгсөн 278.000.000 төгрөг төлнө гэсэн хамгийн сүүлчийн энэ тодорхойлолт, баталгааны дүнгээр нэхэмжлэлээ гаргасан.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сар 16-ны өдрийн 04480 дугаартай Нотлох баримт шаардан авах тухай захирамжийн 1 дэх заалтад дүрьдсан ...Хариуцагч Г.Хнь 2016 оны 6 дугаар сард нэхэмжлэгч Х.Б-аас мөнгө авсан гэх баримт ... надад одоо байхгүй.

Г.Х нь миний төрөл садан Э.Ганбаатар гэдэг дүүгийн найз гэж анх танилцан надаас хэд хэдэн удаа төгрөгөөр болон юанаар зээл аван буцаан төлсөн тул би өөрт байсан мөнгө өгсөн, авсан болон тооцоо нийлсэн баримтуудыг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2 гэрээг хийхээс өмнө устгасан бөгөөд түүний шүүхэд ирүүлсэн 20 сая төгрөг зээлсэн болон бусад тэмдэглэл бүхий баримт нь миний нэхэмжлэлд холбогдох 2 зээлийн гэрээнд хамааралгүй урьдах зээлийн баримт болох нь дараах байдлаар нотлогдоно.

Зээлээ төлөхгүй илтэд зугатаад байхаар нь би 2018.06.28-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан. Г.Х 2018.07.06-ны өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө надаас 2015 оноос эхлэн мөнгө зээлээд төлж байснаа хагас дутуу ч гэсэн мэдүүлсэн байдаг бөгөөд 20 сая төгрөг зээлээд төлснөө мэдүүлсэн нь дээрхи баримттай холбоотой асуудал юм.

Мөн 2 машинаа барьцаалан 60 гаруй сая төгрөг зээлснээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Харин энэ мэдүүлэг дээр дурьдсан 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 7 сая төгрөг, дараа нь 3 сая төгрөг төлсөн гэдэг нь урьд нь зээлдүүлсэн мөнгөний төлбөр юм.

Энэ мэдүүлэг дээрээ миний нэхэмжлэлд хамаарах 2 гэрээг 2016 оны 10 дугаар сард хийснээ маш тодорхой мэдүүлсэн байдаг.

Би Г.Х-г анх зээл хүсэхээр нь очиж үйлдвэртэй нь танилцсан бөгөөд надад бусдаас их хэмжээний авлагатай гээд гэрээ бичиг баримтууд үзүүлж байсан учир их итгэсэн. Огт гэрээгүйгээр, заримдаа гарын үсэггүйгээр мөнгө өгчихөөд нөхөж хийх тохиолдол ч байсан, тэр үед ч итгэл алдаж байгаагүй. Энэ үед би АТГ-т шалгагдан БХЯ-ны БХЗГ-ын даргын албан тушаалаасаа түдгэлзсэн байсан бөгөөд 2016 оны 10-р сард зээл хүсэх үед миний албан тушаалыг сэргээн хуучин албан тушаалдаа томилогдохоор болсон байсан тул Г.Х-д итгээгүйдээ биш, хожим Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгахад зайлшгүй шаардлагатай гэдэг үүднээс энэ 2 зээлийн гэрээг хийж мөнгө зээлдүүлсэн. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жил дараалан мэдүүлсэн байгаа.

Зээлийн гэрээ, барьцааны гэрээ хийхдээ, урьд нь авсан зээлээ бүрэн төлж байсан тул Г.Х-д итгэн түүний санал болгосноор 89-33 УНД дугаартай Волксваген, 77-38 дугаартай Бенз 550 машинуудыг төлбөр төлөгдтөл би граждаа хадгалах, СХД -32 хороо Товчооны замын 58-ын 2 тоотод байрлах 480 м.кв үл хөдлөх хөрөнгийг барьцаанд байгаа гэсэн тул хуулбар бичиг баримтуудаар нь давхар барьцаалахаар тохиролцоод барьцааны гэрээг хийсэн. Барьцааны гэрээнд давхар барьцаалсан тухай тэмдэглэгдсэн байгаа тул Нотариатын тухай хууль зөрчигдсөн гэж үзэхгүй байна. Хэрвээ би цагдаад хандахдаа 2 машинаа барьцаалснаа нуусныг нь хэлсэн бол Залилангийн хэрэг болох нь нотлогдох байсан юм байна.

Нотариатын тухай хуулийн 7-р зүйлийн 7.3 дахь хэсгийн заалт нь ... Үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлэхтэй холбогдсон ... асуудалд хамаарах бөгөөд Барьцааны гэрээгээр үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх эрх үүсдэггүй.

Тухайн Зээлийн гэрээнүүдийг байгуулах үед Г.Х Баянгол дүүргийн 8-р хороо, 4-р хороололын 13-р байрны 111 тоотод амьдарч байсан тул Баянгол дүүргийн тойргийн нотариатчаар үйлчлүүлсэн нь Нотариатын тухай хуулийн 7-р зүйлийн 7.3-д заасан шаардлагыг хангаж байгаа. Нотариатын телбөрийг Г.Хтөлсөн.

Баянгол дүүргийн тойргийн нотариатч хэрэгтэй болсон тул урьд нь үйлчлүүлж байсан Төгсөө гэдэг нотариатч руу утасдан ирүүлж гэрээг байгуулсан. Гэрээний маягтын авсан, өгсөн мөнгөний хэмжээг бичдэг хэсэг дээр Г.Х бид хоёр хоёулаа авсан, өгсөн мөнгөнийхөө хэмжээг үнэн зөвөөр бичүүлсэн. Үүнээс гадна Г.Хнадаас Зээлийн 2 гэрээгээр 65 сая төгрөг, 200 мянган юань зээлсэн болох нь нэхэмжлэлд хавсаргасан түүний удаа дараа гаргаж өгсөн баримтүудаар нотлогдож байна.

Энэ зээлийн гэрээнүүдийг Г.Х өөрөө миний ажил дээр ирж, түүний хүсэлт санаачлагаар хийсэн тул ноцтой төөрөгдсөн, мэхлэгдсэн гэх, урьд нь бидний хооронд ямар нэг гэрээ хийгдэж байгаагүй тул өөр гэрээг халхавчлах зорилго агуулсан гэх зэргээр хууль зөрчигдөөгүй.

Хариуцагч Г.Х  ИХШХШТ хуулийн 25.2.1, 25.2.2-д зааснаар шүүхэд үнэн зөв тайлбар, нотлох баримт гаргаж егех үүргээ шударгаар биелүүлэх шаардлагатай. Цагдаад мэдүүлэг өгөхдөө би залилаагүй зээлсэн гээд, шүүхэд болохоор барьцаа хөрөнгөө барьцаалсан байсныгаа нууснаа баримт болгож өөртөө ашигтайгаар худлаа тайлбарлаад байна.

Хариуцагч Г.Х-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Зээлийн гэрээнээс өмнөх зүйл яриад байна. Өмнөх харилцаа бол дуусчихсан харилцаа юм Зээлийн гэрээ байгуулсан өдөр бол 65 сая төгрөг, 200.000 юань хүлээн авлаа гээд өөрөө гарын үсэг зураад хүлээгээд авсан, Хонгорхүү өөрөө чадвар, чадамжтай иргэн мөнгө авчихаад өнөөдөр ингэж ярьж болохгүй шүү дээ. Хонгорхүүгийн авсан зээл 65 сая төгрөгийг гэрээнд зааснаар бодоход 146.250.000 төгрөг, 200.000 юаныг гэрээнд заасны дагуу бодоход 176.976.000 төгрөг нийлээд 323.226.000 төгрөг гарч байгаа боловч гэрээний талуудын хамгийн сүүлд тооцоо нийлж үйлдсэн баримтын дагуу нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл бичихдээ улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг нэмээд биччихсэн байсан.

Миний бие 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Г.Х-д 65 сая төгрөг, 200.000 юанийг 5 сарын хугацаатай, сарын 10%-ийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-ийн алданги тооцохоор зээлдүүлсэн, түүнээс хойш удаа дараа тооцоо нийлэхэд хамгийн сүүлд 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 278.000.000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулна гэсэн баталгаа, график гаргаж өгсөн.

Үүнээс хойш буюу 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш 2 сая төгрөгийг төлсөн учраас 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ бусдаас авах авлага гэдэгт Г.Х-гээс авах авлага 276.000.000 төгрөг гэж бичсэн.

Иймд Г.Х-гээс 278.000.000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х.Б, Г.Х нарын хооронд хийгдсэн Зээлийн гэрээнүүд хүчин төгөлдөр бус байна. Учир нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгийг буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт буюу зээлийн гэрээний доод талд нотариатч өөрөө мөнгөн дэвсгэртийн тоо ширхэг, нийт үнийн дүнг бичсэн байдаг.

Гэвч миний хувьд 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр иргэн Х.Баас 65.000.000 төгрөг болон 200.000 юань хүлээж аваагүй. Үүнийг Зээлийн гэрээг гэрчилсэн нотариатч мэдэж байсан бөгөөд тухайн үед нь иргэн Х.Бд энэ нь хууль бус талаар тайлбарлаж байсан. Гэсэн хэдий ч иргэн Х.Б нь зүгээр ингээд хийж болно гэснээр энэхүү зээлийг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр олгосон мэт гэрээг бичин надаар гарын үсэг зуруулсан.

Иймээс 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр би Х.Б-аас нэг ч төгрөг, юань аваагүй тул Иргэний хуулийн 281.1 дэх хэсэгт заасан буцаан төлөх үүрэг хүлээхгүй.

Зээлийн гэрээний дагуу байгуулсан гэх барьцааны гэрээний зүйл болох 89-33 УНД улсын дугаартай Волксваген маркын авто машин нь 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Экокапитал ББСБ ХХК-тай байгуулсан 15-272 дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 15-272 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу эзэмшил өмчлөл нь шилжсэн эд хөрөнгө юм.

Мөн 77-38 УНД улсын дугаартай Бенз 8550 автомашин нь Есөн шижир ББСБ ХХК-ийн эзэмшилд шилжсэн хөрөнгө байдаг.

Энэхүү 2 тээврийн хэрэгслийн өмчлөл гуравдагч этгээдэд байдаг гэдгийг нэхэмжлэгч Х.Б мэдэж байсан бөгөөд өөрөө энэхүү барьцааны гэрээг хүсч таньдаг гэх нотариатчаар гэрчлүүлсэн байдаг.

Иймээс дээрх 2 хөдлөх хөрөнгө буюу тээврийн хэрэгслийг барьцаалсан үйл баримт нь хууль ёсны нотлох баримт биш юм. Мөн зээлийн гэрээний барьцаа болох Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, товчооны зам 58 дугаар гудамж 2 тоот хаягт байрлах 480 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан гэжээ.

Хэдийгээр барьцааны гэрээ байгаа боловч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь эх хувиараа байхгүй байхад байсан мэтээр нотариатын үйлдэл хийсэн нь Нотариатын тухай хуулийг зөрчсөн үйлдэл болжээ.

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхээр заасан, мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан.

Нөгөө талаар барьцааны зүйл гэгдэх дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь Голомт банкинд эх хувиараа хадгалагдаж байгаа бөгөөд Баянгол дүүргийн нотариатч гэрчилгээний эх хувийг тулган үзэлгүй хуулбарыг нь үндэслэн барьцааны гэрээг батлах үйлдэл хийсэн.

Нотариатын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.-д Үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэхтэй холбогдсон аливаа хэлцэл болон өвлөх эрхтэй холбогдсон баримт бичгийг зөвхөн тухайн эд хөрөнгө байгаа тойргийн нотариатч гэрчилнэ гэж заасан бөгөөд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг Баянгол дүүргийн 207 дугаартай нотариатч гэрчилсэн байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Мөн хуулийн 21.2.5.нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн, зөв эсэхийг хянаж нягтлах; 21.2.9.нотариатын үйлдэл хийх явцад үйлчлүүлэгч хууль зөрчсөн болох нь илэрвэл зохих арга хэмжээ авахуулахаар холбогдох байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээсэн атлаа зориуд биелүүлээгүй нь илтэд хууль бус байна.

Харин 21.3.3. нотариатын үйлдэл хийж болохгүй нөхцөл байдлыг нуун дарагдуулж нотариатын үйлдэл хийхийг хориглосон байна. Өөрөөр хэлбэл 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 65.000.000 төгрөг, 200.000 юань өгч авалцаагүй байхад өгч авалцсан мэтээр үйлдэл хийсэн нь мөн хууль бус байна.

Нотариатын үйлдэл хийх зааврын 5 дугаар зүлйийн 5.5-д Гэрээ, хэлцлийн агуулгыг хянах явцад тэдгээр нь хууль тогтоомж зөрчсөн, эсхүл өөр гэрээ хэлцлийг халхавчлах зорилго агуулсан, түүнчлэн хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн зэрэг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулсан, эсхүл хэлцэл хийсэн этгээд ноцтой төөрөгдсөн, мэхлэгдсэн, хүчинд автсан зэрэг Иргэний хуулийн 58-60 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бусад тооцож болох хэлцлийн шинж илэрвэл тухайн гэрээ, хэлцлийг нотариатч гэрчлэхгүй гэж заасан гэвч Баянгол дүүргийн нотариатч өөрөө энэхүү заавраа зөрчиж хууль бус гэрээ хэлцлийг баталсан байна.

2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх тул түүнийг үндэслэн байгуулсан Барьцааны гэрээнүүд нь мөн адил Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тодорхой байна.

Г.Х нь Х.Б-аас 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 100.000 юань, 15 сая төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 5 сая төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 20 сая төгрөгийг тус тус зээлж нийт 71.073.000 төгрөгийг авсан. 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 7 сая төгрөг төлсөн.

Одоо бол нийт 64.073.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 7 сая төгрөгийг хүлээн авсан талаар талууд маргаагүй. Харин 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мөнгө хүлээн авсан хүлээлгэн өгсөн баримт байдаггүй. Тухайн өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлээгүй, автомашинууд нь Экокапитал болон есөн шижир ББСБ-ын өмч байгааг мэдсээр байж барьцааны гэрээ хийсэн тул хүчин төгөлдөр бус юм.

Иймд хариуцагч нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Зээлийн болон барьцааны гэрээний дагуу аливаа үүрэг хүлээх хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Г.Х-д холбогдуулан 278.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.  

Г.Х нь Х.Б-аас 65.000.000 төгрөгийг 5 сарын хугацаатай зээлж, 10%-ийн хүүтэйгээр төлөх, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-ийн алданги тооцож төлөхөөр,

200.000 юанийг 5 сарын хугацаатай зээлж, 10%-ийн хүүтэйгээр төлөх, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-ийн алданги тооцож төлөхөөр тус тус харилцан тохиролцож 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Зээлийн гэрээ байгуулжээ. /хх-ийн 5, 6-р хуудас/

Дараа нь 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр тооцоо нийлж 2017 оны 7 дугаар сарын 18-ны дотор 289.385.098 төгрөгийг төлж барагдуулах тухай тэмдэглэж зээлдэгч Г.Х гарын үсэг зурсан байна. /хх-ийн 14-р хуудас/

Дараа нь 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр дахин тооцоо нийлж 278.000.000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулах тухай тэмдэглэж зээлдэгч Г.Х гарын үсэг зурсан байна. /хх-ийн 15-р хуудас/

Зохигчид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсэг зурснаар зээлийн гэрээ хүчин төгөлдөр болжээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй.

Зээлдүүлэгч Х.Б нь зээлдэгч Г.Хд 65.000.000 төгрөгийг 200.000 юанийн хамт 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зээлдүүлэн уг 65.000.000 төгрөг, 200.000 юанийг /20.000х3250 ширхэг =65.000.000 төгрөг/ , /100х2000 ширхэг=200.000 юань/ зээлдэгч бодитойгоор хүлээн авч, тухайн өдөр хийсэн Зээлийн гэрээний доод талд уг мөнгийг хүлээн авсан Г.Хгэжээ. /хх-ийн 5,6-р хуудас/

Талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр дууссан байх бөгөөд зээлдэгч Г.Х2017 оны 6 дугаар сарын 11, 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрүүдэд тус тус тооцоо нийлж, 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 30.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 90.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 100.000.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 15-ны дотор 58.000.000 төгрөгийг тус тус төлж нийт 278.000.000 төгрөгийг дээрх графикийн дагуу төлнө гэж тэмдэглэл үйлдэн гарын үсэг зурсан байх тул талууд хоорондоо тооцоо нийлсэн гэж үзнэ. /хх-ийн 14,15-р хуудас/

Зохигчид тооцоо нийлсэн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш хариуцагч Г.Х 2.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Х.Бд өгсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хариуцагч Г.Хнь зээлийн гэрээний үүрэгт 276.000.000 төгрөгийг /278.000.000-2.000.000=276.000.000/ хариуцагч нэхэмжлэгч Х.Бд төлөх үүрэгтэй. /хх-ийн 5,6,14,15, 40-43-р хуудас/

Иймд хариуцагч /зээлдэгч/ Г.Х-гээс 276.000.000 /хоёр зуун далан зургаан сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч /зээлдүүлэгч/ Х.Б-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хариуцагч Г.Х нь нэхэмжлэгч Х.Б-аас 2016 оны 6 дугаар сарын 10-ны орой Ж.Пүрэвсүрэнгээр дамжуулан 5 сая төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 20 сая төгрөгийг тус тус зээлдсэн, 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 70 сая төгрөгний хүү 7 сая төгрөгийг Х.Б-д өгсөн талаар талууд маргаагүй болно. /хх-ийн 58,59,78-84-р хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ НЬ:

            1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1.-д заасныг баримтлан Г.Х-гээс 276.000.000 /хоёр зуун далан зургаан сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч /зээлдүүлэгч/ Х.Б-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтйин хураамжид төлсөн 1.547.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж , хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1.537.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Бд олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

                                            

                                     ДАРГАЛАГЧ                        Ч.ИЧИНХОРЛОО