| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/0682/Э |
| Дугаар | 153 |
| Огноо | 2020-03-30 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 153
О.М холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Энх-Амгалан, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 839 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1264 дүгээр магадлалтай, О.Мд холбогдох 1909001240236 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Энх-Амгалангийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Төрийн тусгай хамгаалалтын газарт шалган нэвтрүүлэгч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 34-16 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Э овогт Оны М.
О.М нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг Монгол Улсын Их сургуулийн замын уулзвар дээр албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаа зохицуулагч Э.Тэргүүнийг замын хөдөлгөөнд оролцож байсан 23-33 УБА дугаарын “Тоёота Приус-10” загварын тээврийн хэрэгслийн жолооч Б.Гыг зогсоон бичиг баримтыг нь шалгаж байх үед Төрийн тусгай хамгаалалттай газрын үнэмлэх үзүүлж бичиг баримтыг нь өгөөд явуулчих гэж хүч хэрэглэн эсэргүүцэж биед нь халдан цохиж, хууль сахиулагчийг эсэргүүцсэн, мөн түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч О.Мыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мыг 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3,150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,150,000 торгох ялаар тогтоож,
хохирогч Э.Т нь гэм буруутай этгээдээс өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Энх-Амгалан гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр давж заалдах гомдлоо анхан шатны шүүхэд өгснөөр бидний гомдолтой прокурор 10 дугаар сарын 25-ны өдөр,11 дүгээр сарын 01-ний өдөр цагдаа Э.Тэргүүн танилцсанаас хойш 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 38.4 дүгээр зүйлд заасныг ноцтой зөрчин хуралдааны тэмдэглэлд өөрчлөлт оруулж хүргэж өгсөн байдаг.
Давж заалдах шүүхийн хуралдааны тов гарлаа гэж мэдэгдсэнээр 2019 оны 12 дугаар сарын 16-ны өглөө хэргийн материалтай танилцаж анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийг өөрчилж зассан нь тогтоогдож байсан тул хуралдааныг хойшлуулах хүсэлтэнд гэрч Д.Мягмар, О.Оюунтунгалаг болон хөдөөнөөс гэрч Б.Гантулгыг ирүүлж тэмдэглэлтэй болон ярианы бичлэгтэй танилцуулж, үүний дараа шүүгдэгчтэй шүүх хуралд үгээ бэлдээд 01 дүгээр сарын 20-ны өдөр хуралд оролцох байсныг гуйвуулж гэрч оролцуулах гэлээ гэж бидний эрхийг хязгаарлаж хууль зөрчсөн. 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүсэлтийг авахгүй, мэдээлэл лавлагаанд өг гэхээр нь мэдээлэл лавлагааны ажилтан эмэгтэйд өгөхөд туслах шууд авах ёстой гэж байснаа хүсэлтийг бариад туслах руу явсан, ирээд шүүгч Ц.Оч гадагшаа гарсан гэнэ таныг хүлээ удахгүй ирнэ гэхээр нь хүлээсэн, шүүгч Ц.Оч ирээгүй, араас туслах Б.Б шүүгч ирлээ, өрөөндөө байна таньтай уулзана, ярианы бичлэг байгаа гэхээр нь уулзах хориотой гээд очоогүй.
Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгч З.Болдбаатар хохирогч Э.Тээс яагаад нэхэмжлэл гаргахгүй гэж байгаа юм, нэхэмжлэл гаргах эрхтэй гэж яриад байхаар нь шүүгдэгч О.М гэнэт хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэж хэлчихсэн тэгтэл шүүгч З.Болдбаатар шүүх хурал завсарлалаа гэж завсарлаж, хурлаа үргэлжүүлэн хийхдээ шүүгдэгч О.Мд эцсийн үгээ хэл гэж хэлээгүй, зарлаагүй шүүгдэгчээр эцсийн үгийг хэлүүлэлгүй шүүхийн шийдвэрээ танилцуулчихсан юм.
Энэ байдлыг өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралд оролцсон гэрч Б.Гантулга, Д.Мягмар, О.Оюунтунгалаг нар гэрчлэхээс гадна хэлж чадаагүй 3 хуудас үг нь байхад хүний эрх, эрх чөлөөг гутаан доромжилж О.Мын хохь гэж болгож болохгүй.
2019 оны 09 дүгээр сарын 23-ны өглөө шүүхийн нарийн бичгийн дарга Д.Амуундарьтай уулзахаар очиход байгаагүй, 99079413 гэсэн дугаар авч байхад тэр ирсэн тэмдэглэлтэй танилцан, шүүгдэгчийн эцсийн үгийг хэлүүлээгүй гэхэд зөвшөөрч байсан, чамайг 3 дахь өдөр ирж танилц гэсэн, 24, 25, 26, 27-ны өдрүүдэд нэг удаа ярьж бусад үед утсаа аваагүй учир 5 дахь өдөр хайж яваад хурлын танхимд олж тэмдэглэл гарсан уу танилцана гэсэн шүү дээ яагаад утсаа аваагүй бэ гэхэд Д.Амуундарь утас эвдэрсэн, 3 дахь өдөр тэмдэглэлээ гаргаад өгчихсөн гээд танилцуулалгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн.
Шүүгдэгч О.М шүүх хуралдаанд хэлэх эцсийн үгэндээ цагдаа Э.Тэргүүнд зодуулж гэмтсэн байхад мөрдөгч Идэр шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол өгөлгүй эрүүдэн шүүсэн, гэмтсэн байдлын камерын бичлэг хийсэн д/х Шагдарсүрэн болон нотлох баримт болох 4-н замын уулзварын бичлэгийг мөрдөгч нар авалгүй устгуулж эрүүдэн шүүж хохироосон тухай 3 хуудас үг хэлэх байсныг хязгаарлаж хэлүүлэлгүй хууль зөрчсөн боловч хэлсэн болгож хуралдааны тэмдэглэлийг бүхэлд нь засаж өөрчилсөн байсан .
Шүүгдэгч О.Мыг шүүх хуралдаанд шүүгдэгчийн эцсийн үг хэлэх боломж олголгүй яллаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.25 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн .
Давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна гэсэн нь үндэслэлгүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаас шүүгдэгч О.Мыг яллах, шийтгэх, буруутгах, гүтгэх, хэлмэгдүүлэх, үг, үсгийг түүж бичиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, 1.7 дугаар зүйл, 1.12 дугаар зүйл, 9.6 дугаар зүйлийн 1, 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан заалтуудыг ноцтой зөрчин ялгаварлан гадуурхаж хууль зөрчин цагаатгах, үгүйсгэх нотлох баримтыг хэлэлцэлгүй хэлмэгдүүлсэн байдаг.
Тус магадлалд камерийн бичлэг устгасан гэж байна, ийм асуудал болоогүй, яг арктай байр руу чиглэсэн хяналтын камер байгаагүй, энэ талаар хариу албан хэрэгт хавсаргасан гэж прокурор Х.Еркебулан ор үндэсгүй гүтгэж хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдсан байдаг. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын телекамерийн бичлэг 7-30 хоног хадгалагддаг тул Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо МУИС-ийн уулзварт байрлах хяналтын телекамерийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн мэдээлэл байхгүй болно. Дарга Д.Одбаяр 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 03/560 дугаартай хариуг өмгөөлөгчийн хүсэлтээр авсан байдаг. /хх-ийн 90/
Цагдаа Э.Тэргүүн нь шүүгдэгч О.Мыг зодож, гэмтээсэн мөртлөө мөрдөн шалгах ажиллагааны үед Төрийн тусгай хамгаалалтын газрын үнэмлэх үзүүлээд “Хөгшөөн” ийшээ гарч уулзья гэхээр нь дагаж явсан гэх бөгөөд 4-н замын уулзварийн телекамерийн бичлэгийг зориуд устгасан, хэв журмын эргүүл д/х Шагдарсүрэн бичсэн бичлэгээ ч устгаж нотлох баримтгүй болгож хүний эрх, эрх чөлөөг зөрчин цагдаа Э.Тэргүүнд давуу байдал бий болгож гэмт хэргийн шинжгүй үйлдэлд зөвхөн “Үнэмлэх” үзүүллээ гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ялласныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Шүүгдэгчийн эхнэр нь гэрч Б.Мягмар, нэг дор ажилладаг үйлчлэгч О.Оюунтунгалаг нар маргааны дэргэд байгаагүй, шүүгдэгчийг хамгаалсан, өмөөрсөн шинжтэй мэдүүлэг өгсөн, харин гэрч Ц.Дуламсүрэн, Г.Уянга, Г.Бөхболд нарын мэдүүлсэн мэдүүлэг хэргийн бодит байдалтай нийцсэн гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцээгүй нь дараах байдлаар батлагдана. Үүнд гэрч Г.Бөхболд, Ц.Дуламсүрэн, Г.Уянга нарын мэдүүлсэн мэдүүлэг гэрч Б.Гантулга, Э.Ганзориг О.Оюунтунгалаг, Б.Байгалмаа нарын мэдүүлгүүдээр батлагдаагүй, гэрч Г.Бөхболд, цагдаа Э.Тэргүүнтэй замын цагдаагийн нэг тасагт цуг ажилладаг, гэрч Г.Бөхболд, Ц.Дуламсүрэн, Г.Уянга нарын мэдүүлгээс шүүгдэгч О.Мөнхтулгыг яллах, буруутгах үг, үгнүүдийг түүж бичиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Тухайлбал, нилээн сайн зодуулсан, боль, боль гэж хэлсэн,102-т дуудлага өгсөн гэдэг нь батлагдаагүй, лавлагаа баримтгүй өмөөрч хамгаалсан бөгөөд мөрдөгч, цагдаа нарын хэлсэн үгээр мэдүүлсэн, мөн Э.Тэргүүн давуу байдлаа ашиглаж мөрдөн шалгах ажиллагааны үед шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гарсны дараа зориуд худал мэдүүлэг өгч шүүгдэгч О.Мыг хилс хэрэгт гүтгэснийг прокурор Ц.Амгаланбаатар хамгаалж, өмгөөлсөн нь хэрэгт батлагдаг юм.
Гэрч Г.Бөхболд, Ц.Дуламсүрэн, Г.Уянга нарыг өмгөөлөгчийн хүсэлтээр анхан шатны шүүх хуралдаанд оролцуулах гэж шүүх хуралдааныг 2-3 удаа хойшлуулсан боловч мэдүүлгээ батлаж шүүх хуралдааны мэтгэлцээнд оролцоогүй зугатаасан Цагдаа Э.Тэргүүн, шүүгдэгч О.Мөнхтулгыг арктай байрны арканд дагуулж очоод гөлөг минь, пизда минь, чи хэн юм, яах гээд байгаа юм гэж доромжилж толгойгоороо мөргөн цохиж, зодсоныг гэрч Б.Гантулга шууд гэрчилдэг бөгөөд зураг ч байгаа гэтэл магадлалд дурьдаагүй орхиж хуулийн шаардлагыг зөрчөөгүй гэж дүгнэсэн магадлалыг бүхэлд нь үгүйсгэж байна. /24, 26, 30/
Цагдаа М намайг цохиж унагаад дээр гарч 10 гаруй удаа цохьсон гэдэг нь худал болох нь түүний өмсөж явсан хувцас, формд урагдалт, шороо, тоосоор бохирлогдсон ул мөр илрээгүй, мөрдөс болон энгэрийн камерт ямар нэгэн эвдрэл гэмтэл үүсээгүй бөгөөд энэ талаар Э.Тэргүүний мэдүүлсэн мэдүүлэг болон албан бичигт бичигдсэн байхад зодсон гэж ялласан нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй бөгөөд 5 удаа мөрдөгч, прокурорт бичсэн хүсэлтүүдээр батлагдаж байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэрч Б.Гантулга, Б.Мягмар, О.Оюунтунгалаг нарын мэдүүлгүүдийг прокурорын яллах дүгнэлтэнд бичилгүй зориуд орхиж, цагдаа Э.Тэргүүнд ашигтай давуу байдал бий болгож О.М эрхийг хязгаарлан ялгаварлан гадуурхаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байдаг.
Мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлд заасныг цагдаагийн 4-н мөрдөгч мөрдөн шалгах явцдаа хэргийн ач холбогдол бүхий 4-н замын 24 цагийн бичлэгтэй телекамерийн бичлэгийг зориуд авалгүй устгаж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эрүүдэн шүүсэн мөрдөгч нарыг дурьдаагүй орхиж шүүгдэгч О.Мөнхтулгыг үйлдээгүй хэргийнх нь төлөө хилс хэрэгт ялласан.
Шүүгдэгч О.М болон гэрч Б.Гантулга нарыг гэм буруугүй гэдгийг нотлох 4-н замын уулзварийн телекамерийн бичлэгийг зориуд авалгүй устгуулсан мөрдөгч д/ч Э.Идэр, мөн мэдүүлэг авахдаа өмгөөлөгч оролцуулалгүй хэлсэн, ярьсан үгийн бичихгүй орхих, хасах, шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол үйлдэж өгөлгүй, олон офицерууд оруулж эрүүдэн шүүсэн, цагдаагийн дэд хурандаа Шагдарсүрэн ямар зорилгоор, яах гэж О.М-ыг зодуулж гэмтсэнийг телекамерийн бичлэг хийж авсан, яагаад устгасан, хуралдааны тэмдэглэл зассан, цагдаад зодуулсан зэрэг үйлдлийн талаар Хүний Эрхийн Үндэсний Комисст гомдол гаргаж, АТГ шалгаж байна.
Гэрч О.О нэг цагдаа нь чи ингэж ярьж болохгүй ээ, чи шууд түрүүлээд цохьсон гэж хэл гэж үг зааж өгсөн гэх мэдүүлгийг магадлалд дурьдаагүй орхиж цагдаа Тэргүүнд давуу байдал олгосон байдаг.
Магадлалд маргааны дэргэд байсан, байгаагүй гэж гэрч нарыг ялгаж, салгасан байдаг, байсан гэрч нь Б.Гантулга мөн бөгөөд цагдаа Э.Тэргүүн О.М ахыг арк руу дагуулж очоод гөлөг минь, пизда минь, чи хэн юм, яах гээд байгаа юм гэж доромжилж, мөргөж цохиж, зодож биед нь гэмтэл учруулсан болон нотлох баримтыг устгаж, шүүх эмнэлэгт үзүүлэлгүй эрүүдэн шүүсэн, намайг харсаар байтал ахыг цагдаа Э.Тэргүүн зодсон гэж мэдүүлсэн мэдүүлгийн талаар анхан шатны шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд огт дурьдаагүй, дүгнээгүй хэлэлцээгүй орхин хүний эрх, эрх чөлөөг зөрчин хязгаарлаж Эрүүгийн хэрэг хянан шйдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан заалтуудыг ноцтой зөрчсөн байдаг .
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэжээ.
Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “О.М нь албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн ажилтан Э.Тэргүүний биед халдан зодож, Хууль сахиулагчийг эсэргүүцсэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүх дээрх зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулсан. Хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.М нь Э.Тэргүүнд зодуулсан үндэслэлээр шинжээч томилсон боловч хоёр ширхэг фото зургаар шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй гэж буцаасан. О.Мд холбогдох хэргийг гудамжинд явсан, хувийн ашиг сонирхолгүй гэрч нарын мэдүүлгээр цагдаагийн алба хаагчийг О.М зодсон нөхцөл байдал тогтоогдсон. Камерийн бичлэгийг устгасан, шүүгдэгчийн эцсийн үгийг хэлүүлээгүй зэрэг асуудлыг шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо дурдсан бөгөөд магадлалаар хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт хийсэн.
Шүүх О.М холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн буруу хэрэглээгүй, Эрүүгий хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Энх-Амгалангийн гаргасан гомдлыг үндэслэн О.Мд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
О.М нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Монгол Улсын Их сургуулийн замын уулзвар дээр албан үүргээ гүйцэтгэж байсан хууль сахиулагч, зохицуулагч Э.Тэргүүний тавьсан шаардлагыг биелүүлэлгүй эсэргүүцэхдээ, Төрийн тусгай хамгаалалтын газрын үнэмлэх үзүүлж, улмаар хүч хэрэглэн биед нь халдан цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх О.Мд холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд О.Мын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.
Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...шүүх Эрүүгийн хэрэг хянан шйдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул шийдвэрүүдийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 839 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1264 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.М-ын өмгөөлөгч Л.Энх-Амгалангийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН