Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 1021

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: Өү Юу Жи Си Си Си Си ХХК,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Гуравдагч этгээд: Бух чулуу ХХК 

Нэхэмжлэлийн шаардлага: “...Бух чулуу ХХК-д 1.7 га газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А-318 тоот тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Очхүү, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрцэцэг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал, Б.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани Баянзүрх дүүргийн 11 хороо, Туулын гүүрний баруун урд талд 2007 оноос хойш 30000 мкв газрыг аялал жуулчлалын хотхон барих зориулалтаар эзэмшиж байсан бөгөөд уг газар дээр замын трасс орсон гэдэг шалтгаанаар маргаан үүсч, бид 2012 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд хандан, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн засаг дарга нарыг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу манай компани 13,4 га газрыг эзэмшихээр болж, Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 000314322 тоот гэрчилгээг дахин шинээр гаргуулан авсан билээ. Бид уг газар дээрээ кадастрын зургийн дагуу хашаагаа барих гэтэл манай эзэмшлийн газар дээр БОНХАЖЯамны зөвшөөрлөөр Бух чулуу ХХК үйл ажиллагаа явуулж байгааг мэдэж, энэ талаар тодруулахаар БОНХАЖЯамны кадастрын мэргэжилтэн Э.Анхбаяр, ахлах мэргэжилтэн Д.Шижирболд нартай уулзаж лавлахад “2014 онд Бух чулуу ХХК-д 1.7 га газрыг ашиглуулахаар гэрчилгээ олгосон, танай компанийн газар бүхэлдээ Богдхан уулын дархан цаазат газарт хамаарах учраас нийслэлээс авсан танай газар эзэмших гэрчилгээ хүчингүй гэдэг тайлбарыг өгсөн юм. Энэ асуудлыг бид судалж үзэхэд БОНХАЖ-ын сайдын 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А-135 тоот тушаалын дагуу Богдхан уулын дархан цаазат газрын газар ашиглалттай холбоотой асуудлыг /Богдхан уулын хилийн цэс, 21-р шон гэх мэт/ судлан шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж, дээрх ажлыг 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор зохион байгуулах үүрэгтэй хэдий ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн шийдэлд хүрээгүй, яамны сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцэгдсэн асуудал байхгүй байна. Дархан цаазтай Богд уулын хилийн цэс батлах тухай анхны акт болох 1988 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Бүгд найрамдах Монгол ард улсын АИХ-ын Тэргүүлэгчдийн 78 тоот зарлиг, түүнээс хойш шинэчлэгдэн гарсан тушаалууд, УИХ-ын 1995 оны 26 тоот тогтоол зэрэгт Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэсийг тодорхой заасан байхад маргаан үүсгэж, Нийслэлийн өмчийн харилцааны газраас хуулийн дагуу олгосон бидний эзэмшлийн газар дээр БОНХАЖЯамнаас өөр хуулийн этгээдэд давхардуулан газар олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэсэн заалтыг зөрчсөн байна. Иймд Бух чулуу ХХК-д 1,7 га газар ашиглах эрх олгосон БОНХАЖЯамны сайдын 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А318 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бух чулуу ХХК нь аялал жуулчлалын зориулалтаар ашиглах 2014/76 тоот гэрчилгээний дугаар бүхий 1,7 га газар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Кадастрын хэлтсийн мэдээллийн санд бүртгэлтэй, Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагт багтаж байгаа. УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор Хүрэл тогоотын ам Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагт багтаж байна. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А-318 дугаар тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсгийг тус тус үндэслэн “Бух чулуу” ХХК-д олгосон 1,7 га газар нь хууль зүйн үндэслэлтэй тул “Өү Юу Жи Си Си Си Си” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд Бух чулуу ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Өү Юу Жи Си Си Си Си” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Бух чулуу ХХК нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Богдхан уулын дархан цаазат газар Хүрхрээгийн ам нэртэй газарт 1,7 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар Баягаль орчин, ногоон хөгжлийн яамны сайдын 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А-318 дугаар тушаалаар ашиглах эрхийг авсан. Энэхүү тушаал нь хууль тогтоомжид нийцсэн, хууль ёсны шийдвэр юм. Тус яамнаас дээрх шийдвэрийг үндэслэн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон. Тус компани нь газар ашиглах эрхийг шударгаар олж авч, газрын төлбөрийг цаг тухайд нь төлж, үүргээ биелүүлэн, ашиглах эрхээ хуулийн хүрээнд хэрэгжүүлж байгаа болно. Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг тодорхой зааж өгсөн бөгөөд үүнээс үзэхэд Бухчулуу ХХК-ийн ашиглах эрх бүхий газар нь Богдхан уулын дархан цаазат газарт хамаарч байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д зааснаар дархан цаазат газарт ашиглах эрх олгох эрх бүхий этгээд нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын бүрэн эрхэд хамаардаг. Иймд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдаас газар ашиглах эрх олгогдохоор хуулинд заагдсан газарт Нийслэлийн Засаг даргаас эрх хэмжээгээ хэтрүүлэн газар эзэмших эрх олгосон нь хууль бус байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг зохицуулж өгсөн. Нэхэмжлэлд дурдсанаар “Бид уг газар дээрээ кадастрын зургийн дагуу хашаагаа барих гэтэл манай эзэмшлийн газар дээр БОНХАЖЯамны зөвшөөрлөөр Бух чулуу ХХК үйл ажиллагаа явуулж байгааг мэдэж...” гэжээ. Эндээс үзэхэд 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр /2015 онд захиргааны актыг мэдсэн/ газар эзэмших эрхийн гэрчилгээ аваад хашаа барих гэтэл мэдсэн болох нь харагдаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасны дагуу актыг мэдсэн даруйдаа шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байтал нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр 54.1.8-д заасан нөхцөл байдал бий болсон байх тул тус хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Өү Юу Жи Си Си Си Си” ХХК нь “...Бух чулуу ХХК-д 1.7 га газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А-318 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

Шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг хянан үзээд хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай байх тул захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гартал маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч  “Өү Юу Жи Си Си Си Си” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн нутагт 134000 мкв газрыг цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 000314322 дугаартай гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээг байгуулжээ.

Харин гуравдагч этгээд “Бухчулуу” ХХК-д Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А-318 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Хүрхрээгийн ам нэртэй газарт аялал жуулчлалын зориулалтаар 1,7 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэж, 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 2014/79 дугаар гэрчилгээ олгож, 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр газар ашиглах тухай гурвалсан гэрээг байгуулсан байна. 

Нэхэмжлэгчээс “Дархан цаазтай Богд уулын хилийн цэс батлах тухай анхны акт болох 1988 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Бүгд найрамдах Монгол ард улсын АИХ-ын Тэргүүлэгчдийн 78 тоот зарлиг, түүнээс хойш шинэчлэгдэн гарсан тушаалууд, УИХ-ын 1995 оны 26 тоот тогтоол зэрэгт Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэсийг тодорхой заасан байхад маргаан үүсгэж, Нийслэлийн өмчийн харилцааны газраас хуулийн дагуу олгосон бидний эзэмшлийн газар дээр БОНХАЖЯамнаас өөр хуулийн этгээдэд давхардуулан газар олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэсэн заалтыг зөрчсөн байна” гэж маргаж байна.

Монгол Улсын Их Хурлын 1995 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаартай “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг “Айц уул /1735.2/, түүнээс хойш орших 1624.0, 1338.0, тоотууд, 1338.0 тоотоос зүүн хойш орших Яармаг, Нисэхийн чиглэлээс Нүхтийн ам руу салсан засмал замын уулзварын баруун урд талын 1 тоот шон, Нүхтийн засмал замыг хатлан засмал замын урд захаар Яармагийн гүүрний зүүн урд үзүүр, түүнээс зүүн тийш Туул голын урд эргээр Баянзүрх авто замын гүүрний баруун урд 21 тоот шон, түүнээс зүүн урагш орших Хүрэлтогоотын амны доод талын төмөр замын гүүрний баруун талын 3 тоот шон, Төмөр замын далангийн баруун талыг даган Төрхурахын голыг гарч, төмөр замын дунд хоёр гүүрний баруун гар талын 4, 5 тоот шон, мөн төмөр замын далангийн баруун талыг ... Айц уул /1735.2/” гэж тогтоосон байна. 

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2/1599 дугаар албан бичигт “18654308217085 нэгж талбарын дугаар бүхий газар 133999,6 мкв талбайтайгаар “Өү Юу Жи Си Си Си Си” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн газрыг “Бухчулуу” ХХК-ийн газар ашиглах гэрчилгээний хавсралтанд дурдагдсан солбицлыг давхцуулж үзэхэд бүрэн давхцалтай байна”, мөн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1/14 дугаар албан бичигт “Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмчлөл, эзэмшил, ашиглалтын бүртгэл болон зурган мэдээлэл бүртгэгддэг бөгөөд Улсын Их Хурлын 1995 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3 дахь заалтаар батлагдсан Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг тус мэдээллийн санд ороогүй байна. Богдхан уулын дархан цаазат газрын газар ашиглалттай холбоотой асуудлыг судлан шийдвэрлэх зорилгоор 2015 онд БОНХАЖ /хуучин нэрээр/-ын Сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд манай газраас мэргэжилтнүүд оролцон ажиллаагүй бөгөөд уг ажлын хэсгийн ажлын үр дүнд шинэчлэн тогтоосон хилийн заагийн зураг тус газарт албан ёсоор баталгаажиж ирээгүй тул “Өү Юу Жи Си Си Си Си” ХХК, “Бухчулуу” ХХК-д эзэмшүүлсэн гэх газруудыг шинэчилсэн хилийн заагийн зурагтай давхцуулан харуулах боломжгүй байна” гэжээ. 

Харин Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 10/1469 дүгээр албан бичигт “Бухчулуу” ХХК-ийн 1,7 га газар нь бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газартай давхцаагүй, мөн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 10/2629 дүгээр албан бичигт нийслэл болон яамны мэдээллийн санд хилийн цэс зөрүүтэй тогтоогдсон тул хилийн цэс, газар ашиглалттай холбоотой ажлын хэсгийг шинэчлэн дахин ажиллуулах шаардлагатай гэсэн саналтай байна” гэж тус тус дурдсан байна. 

Дээрхээс дүгнэхэд Монгол Улсын Их Хурлын 1995 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолоор тогтоосон Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын бүс нь нийслэлийн газрын мэдээллийн сан болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалтын газрын кадастрын санд бодит байдлаас зөрүүтэй бүртгэгдсэн байгаагаас нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн газар нь уг хязгаарлалтын бүсэд бүрэн болон хэсэгчлэн орж давхардсан эсэхийг шүүх тогтоох боломжгүй байна. 

Нэхэмжлэгч “Өү Юу Жи Си Си Си Си” ХХК-ийн эзэмшил газар нь гуравдагч этгээд “Бухчулуу” ХХК-д Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А-318 дугаар тушаалаар ашиглуулсан газартай давхардсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд ийнхүү Байгаль орчин, ногоон хөгжлийн яам “Бухчулуу” ХХК-д давхардсан байдлаар газар ашиглуулах эрх олгосон нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-д заасантай тус тус нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. 

Түүнчлэн цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийн газар эзэмших эрх гуравдагч этгээдийн газар ашиглах эрхээс түрүүлж үүссэн байна.

Иймд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын эзэмшиж, ашиглаж буй газрын давхцлыг арилгах үүднээс уг маргаан бүхий газар нь Богдхан уулын дархан цаазат газарт хамаарч байгаа эсэх болон уг тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүс нь Монгол Улсын Их Хурлын 1995 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолоор тогтоосонтой хэрхэн таарч байгаа эсэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь цаашид тодруулах шаардлагатай байх тул маргаан бүхий Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А-318 дугаар тушаалын “Бухчулуу” ХХК-д холбогдох хэсгийг захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас дахин шинэ акт гаргах хүртэл Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А-318 дугаар тушаалын “Бухчулуу” ХХК-д холбогдох хэсгийг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй. 

2. Шүүхээс тогтоосон хугацаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас шинэ акт гаргаагүй бол Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А-318 дугаар тушаалын “Бухчулуу” ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-д зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид нь 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              О.ОЮУНГЭРЭЛ