Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2019/01221

 

 

 

 

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2019/01221

 

 

 

 

 

                                           Ш.Зын нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Б.Нармандах, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/01157 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш.З, хариуцагч С ХХК-д холбогдох нөхөн олговорын орлого 306 001 668 төгрөг, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч талаас Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэнтэй байгуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 43 575 675.1 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, хариуцагчийн өмгөөлөгч С.Б, Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн тайлбарт: Би 2010 оноос эхлэн С ХХК-д өөрийн эзэмшлийн 41-52 УНЗ, 41-59 УНО улсын дугаартай автобуснуудыг нэр дээр нь шилжүүлэн нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж байсан бөгөөд сар бүр улсаас олгодог нөхөн төлбөрийг, Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэдтэй байгуулах гэрээ-г байгуулан шугаманд явуулаад одоог хуртэл аваагүй. С ХХК-аас 2009 онд аж амьдралаа дээшлүүл гэж манай гэр бүлд 38-64 УНБ улсын дугаартай автобус бэлэглэсэн би тухайн үед БНСУ-д ажиллаж байсан. Энэ нь С ХХК-ийн зүгээс 2015 онд “Транскапитал” ББСБ-д намайг автомашины зээл авч байхад гаргаж өгсөн 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 03/79 тоот албан бичгээр нотлогддог. Тухайн үед н.Бах амьд байсан тул бичиг баримтыг үнэн зөвөөр нь хийж өгдөг байсан. 38-64 УНБ улсын дугаартай автобусны нөхөн төлбөрийн мөнгийг одоог хүртэл огт авч чадаагүй. 2005 онд би аж амьдралаа дээшлүүлэх зорилгоор БНСУ-руу гэрээт ажилчнаар явж ажиллаад 2010 онд буцаж ирсэн. Ингээд эхнэрийн дүү Г.Очир нэг автобус, би бас нэг автобус худалдаж аваад Монгол руу өөрийн нэрээр ачуулж хүлээн авагчийн нэр дээр хадам ах н.Балданшаравын эхнэр н.Өлзийбатын нэрийг тавьж ачуулсан. Гаалийн баримт нь одоо хуулбараараа байгаа. Тухайн үед эхнэрийнхээ нэрийг тавиагүй учир нь бага насны хүүхэдтэй гадуур ажил хөөцөлдөж мэдэхгүй, хадам ахын эхнэр Өлзийбат С ХХК-даа ажилладаг, хил гааль хариуцдаг байсан тул нэрийг нь хүлээн авагч дээр тавьсан. Дараа нь би нутагтаа эргэж ирэхэд миний Солонгос улсаас ачуулсан Дэү маркийн автобусанд 41-52 УНЗ улсын дугаар авч эзэмшигч байгууллагаар нь С ХХК-ийг бүртгүүлсэн байсан. Тухайн компаниас өөр ззэмшигчтэй автобусыг шугаманд явуулдаггүй, автобусны эзэдтэй компани тусдаа гэрээ хийж явуулдаг журамтай байсан учир бүртгүүлсэн байсан. 41-52 УНЗ улсын дугаартай миний мөнгөөр худалдаж авсан автобус 2010 оны 04-р сарын 16-ны өдөр Монгол Улсад орж ирсэн бөгөөд 2010 оны 05-р сараас эхлэн шугаманд явж эхэлсэн. Эхнэр бид хоёр зөвлөлдөж байгаад 2011 онд дахин нэг автобус худалдаж авъя гэж тохиролцож Монгол Улсаас Дэү маркийн автобус худалдан авч 41-59 УНО улсын дугаар авч С ХХК-ийн дотоод дүрмийн дагуу нэр дээр нь бүртгүүлсэн. Би С ХХК-д эхлээд засварчинаар дараа нь тэрэг тавиулагчаар 2015 оны 08 дугаар сар хүртэл ажилласан. Тус компанийн шугаманд автобусаа явуулдаг эздүүд нь компанитай гэрээгээ хийж байхыг нь олж үзээд н.Бахад хэлж байгаад 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Солонгос улсаас худалдан авсан 41-52 УНЗ дугаартай автобустай холбоотой Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэдтэй байгуулах гэрээг байгуулсан. Харин 2011 онд худалдаж авсан 41-59 УНО улсын дугаартай автобустай холбоотой гэрээг 2011 оны 07-р сарын 05-ны өдөр байгуулсан. Миний хоёр автобус 2015 оны 04 дүгээр сар хүртэл нийтийн тээврийн шугаманд явж, улсаас албан ёсоор өгдөг нөхөн олговорыг С ХХК-д олгож байсан. Би одоог хүртэл нэг ч сарын нөхөн олговор гэрээ ёсоор С ХХК-аас авч байгаагүй. Манай гэр бүл Москва хорооллын 6 дугаар байрны 72 тоотын 2 өрөө байртай байсан. Эхнэрийгээ амьд байхад хүү том болж байна, тусдаа өрөөтэй болгоё гээд Москва хорооллынхоо 2 дугаар байранд 3 өрөө байр авахаар болж 2011 онд Худалдаа хөгжлийн банкнаас 25.0 сая төгрөгийн зээл авахаар болсон. Тухайн үед н.Бахын эхнэр н.Өлзийбат яаралтай 20.0 сая төгрөгийн хэрэг байна. Танай барьцаа чинь хангалттай 45.0 сая төгрөгийн зээл авчих юм байна гэсээр байгаад 45 сая төгрөгийн зээл авахуулсан. Ингээд 20 сая төгрөгөө н.Өлзийбат эгч авсан. Энэ тухай С ХХК-ийг үүсгэн байгуулагч н.Бах, манай талийгаач хоёр мэдэж байсан. 2012 оны эхээр эхнэр минь нас барсан, хүү бид хоёр арай ядан сэхээ орж байхад 2014 онд н.Бахын авгай н.Өлзийбат эгч нас барсан. Эгчийг нас барахаас өмнө н.Бахтай нэг удаа ярихад дүү минь жаахан хүлээж бай, ер нь ах нь чамд 120.0 сая төгрөг бөөнд нь өгнө гэж хэлсэн. Би тухайн үед ахаа автобусны гэрээгээ шинэчилж хийе гэдэг санал тавихад н.Бах гэрээ шинэчлэх шаардлага байхгүй. Гэрээгээ сайн уншвал гэрээний 5.6-д нөхөн олговрын 30 хувийг бааз авна, 5.3-т гэрээ хийсэн талуудын аль нэг нь гэрээ цуцлах саналгүй бол гэрээг хүчинтэйд тооцно гэсэн заалт байгаа, дахиж хийх шаардлагагүй. Монгол Улсад том оврын автобус үйлдвэрлэгдсэн хугацаанаасаа хойш 12 жил үйлчилгээнд явдаг стандарттай. Хугацаа нь дуусахаар аяндаа шугаманд явуулахаа болино гэж хэлсэн. 2016 онд н.Бах хүнд өвчтэй болох нь оношлогдож, удтал эмчлүүлж байгаад харамсалтайгаар нас барсан. 41-59 УНО улсын дугаартай автобусыг шугаманд явах хугацаа дууссаны дараа би өөрөө С ХХК-аас авч “Тэнүүн огоо” ХХК-д 5.0 сая төгрөгөөр үнэлж сэлбэгэнд зарсан. 41-52 УНЗ улсын дугаартай автобусны хугацаа нь дууссаны дараа надад хүлээлгэн өгсөн тул одоо миний төрсөн дүү н.Гансүхийн Баруунтурүүнд байдаг хашаанд нь байгаа. Шугаманд явах хугацаа дууссан автобуснуудыг би захиран зарцуулж байгаа байдал нь дээрхи автобуснууд миний эзэмшлийнх болохыг бүрэн нотолж байна. 120 сая төгрөг нь С ХХК-ийн үүсгэн байгуулагч талийгаач хүргэн ах н.Балданшаравын хэлж, тооцож байсан үнийн дүн ба улсаас үнэ төлбөргүйгээр нийтийн тээврийн байгууллагыг дэмжих зорилгоор засгийн газрын хэрэгжүүлж буй төслийн хүрээнд 30 шинэ автобус өгсөн. Тэгээд айл бүрт хоёр автобусыг байгууллагаас тараасан. Миний бие тус компанид засварчнаар ажиллаж байхдаа зөвхөн сар бүрийнхээ цалингаа авч амьдралаа залгуулж байсан. Одоо банкинд С ХХК-аас төлж байгаа мөнгө нь н.Өлзийбат эгчийн н.Батхишигт зориулж авсан мөнгө юм. С ХХК-тай байгуулсан автобусны гэрээ хуурамч байх үндэслэлгүй. Тус гэрээг банкны ажилчид шалгаж үзээд үнэн гэдгийг нь батлаад миний нэр дээр 44.0 сая төгрөгийн зээл олгосон ба би гурван автобусныхаа нөхөн олговрын мөнгөө нэг ч удаа авч байгаагүй. 3 автобусанд нийт 437 145 241 төгрөгийг Улаанбаатар хотын Тээврийн газраас олгосон байдаг. Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэдтэй байгуулсан гэрээний 2.6-д заасны дагуу нөхөн олговрын 30 хувийг компани авах болзолтой тул нийт нөхөн олговорт олгогдсон 437 145 241 төгрөгөөс 30 хувь буюу 131 143 572 төгрөгийг хасаж нэхэмжилж байна. Иргэний хуулийн 198 дугаар зүйлд зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан. Гэрээний 1.1, 1.2-т гэрээний зорилго шууд утгаараа тайлбарлагдсан. Талууд мэдээж том автобустай хүний автобусыг өөрийнхөө шугаманд явуулаад ганцхан тэр зүйлээр ашиг олоод байгаа биш, гэрээний 2.6-д зааснаар Засгийн газраас баталсан тодорхой дүрэм, журмын дагуу өндөр настан, сургуулийн насны хүүхэд, цэрэг, цагдаа, тусгай, хууль хүчний байгууллагын хүмүүсийг автобусаар үнэ төлбөргүй зорчуулдаг үүний нөхөн олговрыг буцаан компаниудад мөнгө олгодог. Автобусны компаниуд шууд, жирийн насанд хүрсэн хүмүүст билетээ зарж мөнгө олохоос гадна эдгээр хөнгөлөлт эдлүүлдэг хүмүүсийг автобусаараа зорчуулсныхаа төлөө улсаас нөхөн олговор авдаг. Энэ нөхөн олговроос автобусны компани ашгаа олоод нөхөн олговроос гадна, билетээ зараад ашиг олдог, үндсэн ашиг нь тэр болдог, үүнээсээ шугамны автобуснаас 30 хувийг нь бааз авдаг. Гэрээний 5.3-т зааснаар гэрээг цуцлах талаар аль нэг тал санал гаргаагүй бол гэрээг хүчинтэйд тооцно гэж байдаг. Монгол Улсын MNS-5012-2001 MNS-5012-2008 стандартын 7.4-т зааснаар нийтийн зоригч тээврийн үйлчилгээнд зорчих тээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэгдсэн хугацаанаас хойш 12 жилээс дээш жил ашиглагдсан тээврийг хэрэгсэл ашиглахыг хориглоно гэсэн. Үүний дагуу 2015 оны 5-6 сард автобуснуудыг нийтийн шугаманд явуулах, үйлчилгээнд гаргах эрх нь стандартын дагуу хаагдсан учраас гэрээ дуусгавар болсон, автобус явахаа больсон. Иймд 41-52 автобус дээр 2010 оноос 2015 оны 07 дугаар сар хүртэл 7 удаа нөхөн олговрын мөнгө авсан, бид энд автобусны олсон ашиг нэхээгүй, нөхөн олговрын мөнгө нэхэж байна. Уг автобус дээр гэхэд 136 621 362.50 төгрөгийг энэ хугацаанд нөхөн олговрын мөнгө орсон байгаа. 38-64 нь 2009 оноос эхлээд мөн 2015 оны 07 дугаар сар хүртэл 164 836 848.50 төгрөг орсон байгаа, 41-59 дээр 2011 оноос эхлээд 2015 оны 07 дугаар сар хүртэл 135 687 030 төгрөг орсон байгаа нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

            Хариуцагчийн тайлбарт: С ХХК-ийн ерөнхий захирал Готовын Балданшарав 2017 оны 08 дугаар сард нас барсан. Ерөнхий захирал амьд сэрүүн байх хугацаандаа С.Зөглөг үлдээгүй гэдгээ өөрийн биеэр хэлж байсан. Мөн холбогдох тооцоог харахад манай байгууллага нь С.Зөглөггүй байгаа тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гэтэл 41-52 УНЗ улсын дугаартай автобус нь манай байгууллагын гарааш №17,41-59УНО улсын дугаартай автобус нь гарааш №22, 38-64 УНБ улсын дугаартай автобус нь гарааш №50 гэсэн бүртгэлтэй байдаг.Архивын материалаас автобус бүрийн тооцооны бүртгэлийг шүүж үзэхэд ГР№17 нь 2010 оны 05 дугаар сараас 2015 оны 07 дугаар сарын хооронд нийт үлдэгдэл тооцоо 6 716 607 төгрөг байсан. ГР№22 нь 2011 оны 03 дугаар сараас 2015 оны 07-р сарын хоорондын нийт үлдэгдэл тооцоо 10 201 230 төгрөг байсан. ГР№50 нь 2009 оны 08 дугаар сараас 2015 оны 07-р сарын хоорондын тооцооны үлдэгдэл 9 303 301 төгрөг байсан. Нийт 3 автобусны тооцоо 6 716 607+10 201 230+(-9 303 301)=7 614 536 төгрөг байсан. 2015 оны 7 дугаар сараас 2018 оны 03 дугаар сарыг дуустал манай байгууллагаас ерөнхий захирал Б.Бямбабаяр, дэд захирал Б.Лхагвадулам нар Ш.Зын ХААН банкны 5057208713, ХХБанкны 495055137 дансаар 23 888 776,89 төгрөг өгсөн. Ш.Зын хүү З.Сугарсанжаагийн сургалтын төлбөрт 3 180 000 төгрөг Тольт дунд сургууль руу шилжүүлж, нийт 27 068 776,89 төгрөг өгсөн байна. Ш.Зод авбал зохих авлагаас нь илүү 19 454 240.90 төгрөгийг өгсөн.

Манай компанийн захирал Ц.Өлзийбат нь 2011 оны 07 сарын 05-ны өдөр Ш.Зтой Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэдтэй байгуулах гэрээг Ш.З болон бусад жолооч, ажилчдын ахуй амьдралыг дээшлүүлэх, нийгмийн хэрэгцээг хангаж орон сууцтай болгох зорилгоор тус тус хийж байсан байдаг. Энэ зорилгын хүрээнд одоогийн Ш.Зын амьдарч байгаа Сонгинохайрхан дүүргийн, 29-р хороо, Москва хорооллын 131/2-р байрны 61 тоот орон сууцны банкны 8 хувийн зээлийн нөхцлийг хангуулах зорилготой хууль зөрчин гэрээ хийж зээлд хамруулж өгсөн байдаг. Гэвч Ш.З нь тухайн үеийн захирлуудыг нас барсаны дараа тус хуурамч гэрээг гарган ирж шүүхэд материал болгон бүрдүүлж их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаад харамсаж байна. Одоогийн компанийн удирдлага нь Ш.Зод ах дүүгийн ёсоор хандаж түүний увайгүй үйлдлийг тэвчиж өнөөдрийг хүртэл Ш.Зын хүү З.Сугарсанжааг бодож сургалтын төлбөр болох 3 180 000 төгрөгийг төлсөн бөгөөд одоо амьдарч буй байрны хүү, үндсэн төлбөр болох 24,612,776 төгрөгийг төлсөөр байна. Мөн С ХХК-ийн 41-59 УНО, 41-52 УНЗ улсын дугаартай автобусуудыг нэхэмжлэгч Ш.З нь дураараа аашлан компанийн хөрөнгийг өөрийн өмч мэт өөр компанид зарж, тонож шамшигдуулсан байгаа нь шүүхийн үзлэг хийсэн өдөр нотлогдсон. Иймд Ш.Зын үндсэн нэхэмжпэл болон нэмэгдүүлсэн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Зоригт ах автобусны эзэн юм бол 2010.04.16-ны өдөр Сутайн буянт ХХК-иас Г.Очирт өгсөн итгэмжлэлээр 2012.04.15-ны өдрийн 1/018 тоот итгэмжлэлээр Замын үүдийн гаалийн газарт бүрдүүлэлт хийж, холбогдох бичиг баримтыг бүрдүүлж хүлээн авахаар Ц.Өлзийбат захиралд итгэмжлэл олгосон. 2011.02.26-ны өдөр манай байгууллага дээр ирж байгаа их багтаамжийн автобусыг Ц.Батхишигт олгож өгнө үү гэсэн мөн итгэмжлэл байдаг, манайд ажиллаж байсан манай ээжийн бага дүү Батхишиг байгаа, 2011.02.23-ны өдөр 1/0119 тоот итгэмжлэлийг Батхишигт олгосон байдаг. 38-64 УНБ 2009 онд Монгол Улсын Засгийн Газрын хөрөнгө оруулалтаар С ХХК авч байсан автобус юм. С ХХК-ийн эзэмшлийн автобус байсан байхад, яагаад Ш.Зтой автобусны эзэдтэй хийх гэрээг хийхгүй. Уг гэрээг банкны шаардлага хангуулах гэж Ш.З ахыг зээлэнд оруулах зорилготой, зорилгоо биелүүлсэн гэрээ. Ц.Өлзийбат захирал ах дүүс болон найз нөхөдөө дэмжиж амьжиргааг нь дээшлүүлж орон сууцанд оруулах зорилгоор биелэгдэх боломжгүй хуурамч гэрээ хийж өгч, тэдгээр хүмүүсийг орлоготой мэт харагдуулж, банк, банк бус байгууллагын зээлийн шаардлагыг хуурамчаар хангуулж зээл авах нөхцөлийг бүрдүүлж дэмжлэг үзүүлдэг байсан. 2015 онд “Транскапитал” ББСБ-д энэхүү хуурамч гэрээний үндсэн дээр гаргаж өгсөн тодорхойлолтыг Ш.З үндэслэсэн байна. Гэтэл өөрт нь бэлэглэсэн болохыг нотлох баримт байхгүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд: Манай компанийн захирал Ц.Өлзийбат нь 2011 оны 01 дүгээр сарын 05, 2011 оны 07 сарын 05-ны өдөр Ш.З болон бусад жолооч нартай нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэдтэй байгуулах гэрээг ажилчдын ахуй амьдралыг дээшлүүлэх, нийгмийн хэрэгцээг хангаж орон сууцтай болгох зорилгоор хуурамч гэрээ хийсэн байдаг. Одоогийн компанийн удирдлага нь Ш.Зод ах дүүгийн ёсоор хандаж, өнөөдрийг хүртэл Ш.Зын хүү З.Сугарсанжааг бодож 2016-2018 оны сургалтын төлбөр болох 3 180 000 төгрөгийг төлсөн бөгөөд одоо амьдарч буй Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москва хороолол 131/2 байрны 61 тоотод байрлах хүү, үндсэн төлбөр болох 24 612 776 төгрөгийг төлсөн. Мөн Ш.З нь С ХХК-ийн 41-59 УНО, 41-52 УНЗ улсын дугаартай автобусуудыг өөрийн өмч мэт тоносон болон бусдад зарсан нь шүүхийн үзлэг хийсэн өдөр нотлогдсон. Компанийн өмч хөрөнгө болох дээрх 2 автобусыг тус тус 5,000,000 төгрөгөөр үнэлж байна. Ш.З нь тухайн үеийн захирлуудыг нас барсаны дараа материал бүрдүүлж, худал хэлж мөнгө авах санаатай байна. Иймд хүүхдийн сургалтын төлбөрт төлсөн 9 030 000 төгрөг, Ш.Зын байрны зээлд төлсөн 24 545 675.1 төгрөг, сургалтын төлбөрийн зөрүү 5 782 899.1 төгрөг, С ХХК-ийн өмчийн 2 автобусны үнэ 10 000 000 төгрөг, нийт 43 575 675.1 төгрөгийг Ш.Зоос гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ш.З сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэдтэй гэрээ байгуулах үед С ХХК-ийн үүсгэн байгуулагч, компанийн захирал Г.Балданшарав, түүний эхнэр н.Өлзийбат нар бүгд амьд сэрүүн байсан. Гэрээг тухайн үед С ХХК-ийн эрх бүхий ажилтан Ц.Мөнхжаргал байгууллагаа төлөөлж байгуулсан байдаг. Миний хувьд хуурамч бичиг баримт бүрдүүлэх шаардлага байхгүй, тийм боломж ч байхгүй. Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудын хувь нь банкнаас, мөн С ХХК-аас шүүхийн журмаар гаргаж өгсөн баримтууд байгаа. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

                Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С ХХК-аас 141 164 819,5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Зод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 164 836 848,5 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Ш.Зын нэхэмжлэлтэй хариуцагч С ХХК-д холбогдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-д зааснаар С ХХК, Ш.З нарын хооронд байгуулсан 2011 оны 01 сарын 05, 2011 оны 07 сарын 05-ны өдрийн Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэнтэй байгуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай, 41-52 УНЗ улсын дугаартай болон 41-59 УНО улсын дугаартай автобусны үнэ тус бүр 5 000 000 төгрөг, нийт 10 000 000 төгрөг гаргуулах хариуцагч С ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар сургалтын төлбөрт төлсөн 9 030 000 төгрөг, орон сууцны зээлд төлсөн 24 545 675,1 төгрөг гаргуулах тухай хариуцагч С ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.З шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 845 900 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч С ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 863 774 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадуламын давж заалдах гомдолд: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/01 157 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг буюу тогтоох хэсгийн нэг дэх заалтыг эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Ш.З нь хариуцагч С ХХК-тай 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ДЭҮ маркийн 41-52 УНЗ улсын дугаартай, 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ДЭҮ 41-59 УНО улсын дугаартай том оврын автобусуудыг нийслэлийн оршин суугчдын нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахаар “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэдтэй байгуулах гэрээ”-г тус тус байгуулж, түүний нэр дээр эзэмшигчээр бүртгүүлсэний дагуу хариуцагч нь эдгээр автобусыг нийслэлийн оршин суугчдын нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж ашиг олж байсаы болох нь тогтоогдож байна гэжээ. Гэвч шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримт нь С ХХК-ийн өмчлөлд дээрх автобуснууд бүртгэлтэй байсан үйл баримтыг харуулах бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл гаалийн мэдүүлгээсээ эхлээд манай компаний өмч болох нь тоггоогдоно. Тухайн тээврийн хэрэгслүүдийг БНСУ-аас импортлон оруулж ирсэнээс хойш ч цорын ганц өмчлөгч нь С ХХК юм. Түүнчлэн шүүхээс Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар гэрээ байгуулсанд тооцохоор, энэ хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ гэж шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг тодорхойлжээ.

Гэвч уг түрээслүүлэгч нь тухайн хөрөнгийн буюу 41-52 УНЗ, 41-59 УНО улсын дугаартай том оврын автобуснуудын өмчлөгч биш учир хөрөнгийг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтанд шилжүүлэх тухай ойлголт байхгүй, тухайн тээврийн хэрэгслүүдийг гэрээ байгуулсанаар түрээслэгчид шилжүүлэн өгсөн гэх үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддоггүй. Иймээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Харин манай компани тухайн тээврийн хэрэгслүүдийг өмчлөгчийнх нь хувьд өөрийн дүрэмд заасан үйл ажиллагаагаа хэрэгжүүлж, нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж байсан нь үнэн. Шүүх Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1-д түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож турээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй талаар заасан ба нэхэмжлэгч Ш.З нь 41-52 УНЗ, 41-59 УНО улсын дугаартай автобуснуудыг хувийн хэрэгцээнд зарцуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул эдгээр тээврийн хэрэгслийн өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй гэжээ. Гэвч бодит байдал дээр Ш.З нь манай компанид тэрэг тавиулагчаар ажилладаг байсан бөгөөд өөрийн ажил, албан тушаалыг ашиглан бусдын өмчлөлийн хөрөнгийн дур мэдэн авч авсан хууль бус үйлдлийг нь өөрийнхөө хөрөнгийг авсан мэтээр бодит байдлаас эсрэгээр дүгнэсэн байх бөгөөд ямар нотлох баримтад үндэслэн манай байгууллагыг Ш.Зод уг тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн гэж үзсэн нь туйлын ойлгомжгүй байна. Түүнчлэн хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүх хариуцагч 2011 оны 01 сарын 05, 07 сарын 05-нд гэрээ байгуулагдсанаас хойш дээрх 2 автобусыг 2015 оны 04 сар хүртэл нийтийн тээвэрт явуулан ашиглаж байсан болох нь зохигчийн тайлбар, хариуцагч талын шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудаар нотлогдсон ба түрээсийн гэрээ нь тодорхой хугацаанд үргэлжилдэг гэжээ. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д “... түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам үйлчилнэ” гэсэн ба мөн хуулийн 296 дугаар 296.1-д “Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол ... сунгасанд тооцно” гэж заасны дагуу түрээсийн гэрээний хугацаа үргэлжилсэн гэж үзэх тул Ш.Зын нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг 2015 оны 04 сараас эхлэн тоолоход шаардлага гаргах хугацаа нь 2018 оны 04 сард дуусахаар байгаа бөгөөд 2018 оны 01 сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ гэж шүүхээс дүгнэсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1 жилийн хугацаа дууссан үеэс шаардлага гаргах хугацааг тооцох нь зүйтэй гэж үзэж байгаа бөгөөд тухайн тээврийн хэрэгслүүдийг Ш.З манай байгууллагад хүлээлгэн өгсөн нь тогтоогдохгүй байх тул шаардах эрх хэзээ үүссэн эсэхийг тодорхойлох боломжгүй, Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д заасан журмыг хэрэглэх боломжгүй болно. Харин талуудын хооронд байгуулагдсан гэрээнд Ц.Өлзийбат гарын үсэг зурсан үйл баримтад талууд маргадаггүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан улсын бүртгэлийн лавлагаагаар Ц.Өлзийбатыг гүйцэтгэх захирлаар томилсон үйл баримт тогтоогдоогүй бөгөөд энэ нь С ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд байсан болох нь тогтоогдоно. Иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан эрхгүй этгээдийн хийсэн хэлцлийн талаарх шүүхийн дүгнэлт буруу болсон. Цалингийн зээл авч байсан талаар маргадаггүй бөгөөд хавтаст хэрэгт энэ талаарх баримтууд нь авагдсан байхад шүүх болсон үйл явдал, хариуцагчийн тайлбарыг уялдуулж, дүгнэлт хийлгүйгээр хэт нэг талыг барьж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл шүүх талуудын хооронд дүр үзүүлэн хуурамч гэрээ хийж байгаа бол нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болох автобусыг С ХХК-ийн нэр дээр бүртгүүлэн түүний эзэмшилд шилжүүлэхгүй байж зөвхөн гэрээг банкинд өгөх ... гэжээ. Гэвч дээрх автобуснууд нь нэхэмжлэгчийн өмчлөлд байсан болон нэхэмжлэгч С ХХК-д шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдохгүй байхын зэрэгцээ уг гэрээг ганц хувь үйлдэж, огт өгөөгүй, аваагүй төлбөрийг авсан, өгсөн мэтээр баримт үйлдэж банкинд хүргүүлсэн үйл баримтыг шүүх буруу дүгнэжээ. Иймээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ш.З нь хариуцагч С ХХК-д холбогдуулан нөхөн олговорын орлого 306 001 668 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэнтэй байгуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, сургалтын төлбөрт төлсөн 9 030 000 төгрөг, байрны зээлд төлсөн 24 545 675.1 төгрөг, 2 автобусны үнэ 10 000 000 төгрөг, нийт 43 575 675.1 төгрөг гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Шүүхээс тухайн маргаантай хамаарал бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

Хариуцагч С ХХК-д нэхэмжлэгч Ш.З нь 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс засварчин, 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс тэрэг тавиулагчаар ажиллаж байсан, 2011-2015 онуудад өөрийн өмчлөлийн 2 ширхэг автобусыг гэрээний үндсэн дээр С ХХК-д нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж байсан нь тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч нь 41-52 УНЗ, 41-59 УНО, 38-64 УНБ улсын дугаартай автобусны нөхөн олговор 306 001 668 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд 38-64 УНБ улсын дугаартай 3 дахь автобусны хувьд, нэхэмжлэгчийг 2009 онд БНСУ-д ажиллаж байхад нь С ХХК-аас аж амьдралаа дээшлүүл гэж бэлэглэсэн гэх боловч хэрэгт уг автобусыг нэхэмжлэгчид бэлэглэсэн талаарх баримтгүй тул холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Харин 41-52 УНЗ, 41-59 УНО улсын дугаартай автобус нь нэхэмжлэгчийн өмчлөлийнх болох талаар гэрч Г.Очир, Н.Болормаа, Н.Жавзмаа, Ц.Мөнхжаргал нар мэдүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн эзэмшилд 2 ширхэг автобус байгаа талаар үзлэг хийсэн тэмдэглэл хэрэгт авагдсан, шүүхээс дээрх автобусны өмчлөлийн талаар хийсэн дүгнэлт зөв байна. /1хх88, 191, 127-136/

Хариуцагч С ХХК нийтийн тээвэр эрхлэх сонирхолтой хувийн тээврийн хэрэгсэлтэй жолооч, эздийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулж нийслэлийн оршин суугчдын нийтийн тээврийн үйлчилгээний эрэлт хэрэгцээг хангах, хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээг дээдэлсэн соёлтой, шуурхай, чанартай үйлчилгээг бий болгох зорилгоор 2011 оны 01 дүгээр сарын 05, 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Ш.Зтой нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэдтэй байгуулах гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, 41-52 УНЗ, 41-59 УНО улсын дугаартай дэйвү маркийн автобусны эзэмшигчээр бүртгэгджээ. Уг гэрээ нь 1 жилийн хугацаатай байгуулагдаж дахин сунгагдаагүй байна.

 

Шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсний зэрэгцээ мөн хуулийн 296 дугаар зүйлийн 296.1, 318 дугаар зүйлийн 318.5 дах хэсэгт заасан түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ, эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно гэх зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. /1хх12-15/

 

2015 оны 04 дүгээр сард 41-52 УНЗ, 41-59 УНО автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан тул талуудын хооронд байгуулсан гэрээ уг хугацааг хүртэл хүчин төгөлдөр байсан гэж үзэх бөгөөд гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар автобусыг нэхэмжлэгчид 2015 оны  04 дүгээр сард хүлээлгэж өгснөөс хойш 3 жилээр тооцогдоно.

Түүнчлэн дээрх гэрээнүүдийн 5.3-т гэрээ хийсэн 2 талын аль нэг нь гэрээ цуцлах саналгүй бол гэрээг хүчинтэйд тооцно гэж заасан байгааг харгалзан үзэх шаардлагатай.

Талууд гэрээний 2.6-д жолооч /эзэн/ нарын үйлдвэрлэлийн материаллаг бааз болон ажлаар хангах үйлчилгээ үзүүлсэний хувьд сар бүрийн хуваарилагдсан нөхөн олговрын 30 хувийг шугамын үйл ажиллагааны зардалд тооцон компанийн санхүүжилтэнд авахаар тохиролцсон байжээ.

С ХХК-д Монгол Улсын Засгийн газрын 2001 оны Нийслэлийн нийтийн тээврээр үнэгүй зорчих явдлыг журамлах тухай 259 дугаар тогтоолын дагуу нөхөн олговрыг шилжүүлсэн, үүнээс хариуцагч нь 30 хувийг суутган авч, 70 хувийг 2010-2011 онуудад Ш.Зод өгч байсан нь хэргийн 1 дүгээр хавтасны 21-24, 2 дугаар хавтасны 57-58 тал дахь зарлагын ордер зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь өөрт олгогдох нөхөн олговрын хэмжээг С ХХК-аас ирүүлсэн 1 хавтас 142 хуудас нотлох баримтаас түүвэрлэж, 41-52 УНЗ улсын дугаартай автобусанд 2010-2015 оны 07 дугаар сар хүртэл 136 621 362.50 төгрөг, 41-59 УНО улсын дугаартай автобусанд 2011-2015 оны 07 дугаар сар хүртэл 135 687 030 төгрөг гэж тооцоолсныг хариуцагч тал баримтаар үгүйсгээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэргийг шийдвэрлэхээр заасан.

Шүүх 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 1 жил 4 сарын хугацаанд явуулсан байх бөгөөд иргэний хэрэг үүсгэсэн өдөр талуудад өөрийн тайлбар, татгалзал, түүнтэй холбоотой нотлох баримтаа гаргаж өгөх, мөн хуулийн 25, 38 дугаар зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн байх ба шүүхээс хариуцагчийн хүсэлтийг шийдвэрлэсэн үндэслэлийг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд хариуцагч нь “ .., манай компанийн захирал Ц.Өлзийбат 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэнтэй байгуулах гэрээг Ш.З болон бусад жолооч, ажилчдын ахуй амьдралыг дээшлүүлэх, нийгмийн хэрэгцээг хангаж орон сууцтай болгох зорилгоор байгуулсан ..,” гэж тайлбарладаг.

Нэхэмжлэгч нь нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэдтэй байгуулах гэрээг тухайн үед хариуцагч байгууллагын захирал байсан Ц.Өлзийбаттай байгуулсан байх ба уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй.

Хэргийн 1 дүгээр хавтасны 19, 149, 161 дэх талд С ХХК-ийн захирал Ц.Өлзийбатын гарын үсэгтэй “тус байгууллагын ерөнхий инженер Г.Очиртод БНСУ-аас байгууллагын нэр дээр ирж буй Дэйвү маркийн 2 ширхэг автобусны гаалийн бүрдүүлэлт болон холбогдох бичиг баримтыг бүрдүүлж хүлээн авахыг зөвшөөрсөн” итгэмжлэл, “Ш.Зыг 41-52 улсын дугаартай автобусны нөхөн олговрын орлогыг захиран зарцуулах эрхтэйг тодорхойлсон” бичиг, БНСУ-аас ирэх их багтаамжийн 6 ширхэг автобусыг инженер ажилтай Ц.Батхишигт олгох хүсэлт зэрэг авагдсан байх ба эдгээрээс үзэхэд Ц.Өлзийбат нь байгууллагын өдөр тутмын асуудлаар холбогдох газруудтай харилцаж байсан нь тогтоогдож байна.

             Хэрэгт компанийн захирал Ц.Өлзийбат тухайн гэрээ хэлцэл хийх эрхгүй этгээд болох талаар баримтууд авагдаагүй байх ба шүүх сөрөг шаардлагыг хуульд зааснаар нотлоогүй гэж дүгнэснийг үгүйсгэх боломжгүй.

Нэхэмжлэгчийн хүү З.Сугарсанжаагийн сургалтын төлбөрт төлсөн 9 030 000 төгрөг, орон сууцны зээлд төлсөн 24 545 675,1 төгрөгийн хувьд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн үндэслэлтэй болно.

            Шүүх тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсгийг баримталсан нь буруу байх тул уг заалтыг хасч шийдвэрлэсэн болно.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/01157 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “326 дугаар зүйлийн 326.1” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 864 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт  зааснаар магадлалыг  танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                    ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                Э.ЗОЛЗАЯА

   ШҮҮГЧИД                               Б.НАРМАНДАХ

                              А.МӨНХЗУЛ