Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2019/01220

 

 

 

 

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2019/01220

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ш Г Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Б.Нармандах, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2019/01322 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш Г Т ХХК, хариуцагч ӨК ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ян, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

Нэхэмжлэгчийн тайлбарт: Ш Г Т ХХК болон ӨК ХХК-ийн хооронд 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 18-030 дугаартай ALC блок худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу ӨК ХХК нь хөнгөн бетон буюу бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан авагч Ш Г Т ХХК нь бүтээгдэхүүнийг хүлээн авч, төлбөр төлөх үүргийг харилцан хүлээсэн. ӨК ХХК нь нэг бүр нь 130 000 төгрөгийн үнэ бүхий нийт 1300 м.куб хөнгөн бетоныг нийлүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд Ш Г Т ХХК нь гэрээний 4.2-т заасанчлан урьдчилгаа төлбөрт 10 000 000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр шилжүүлсэн боловч гэрээний дагуух бүтээгдэхүүн нийлүүлэлт нэг ч удаа хийгдээгүй буюу гэрээний үүргээ огт биелүүлээгүй. Түүнчлэн талуудын хооронд байгуулсан гэрээний 6.1-д худалдагчийн буруугаас бүтээгдэхүүнийг хугацаанд нь нийлүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдан авагчид төлнө гэж заасан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анзийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж тус тус заасныг дагуу Ш Г Т ХХК-аас гэрээний дагуу гүйцэтгэсэн үнийн дүн болох 10 000 000 төгрөгөөс алдангийг тооцоолон үзэхэд 5 000 000 төгрөгийн алданги үүсжээ. Иймд ӨК ХХК-аас хөнгөн бетоны төлбөр болох 10 000 000 төгрөг, алданги 5 000 000 төгрөг нийт 15 000 000 төгрөгийг гаргуулан өгч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: 2017 оноос эхлэн Ш Г Т ХХК-тай хамтран ажилласан. 2017 оны 5 дугаар сард “Грийн ресурс” ХХК-ийг бүрэн төлөөлөн ALC блок худалдах, худалдан авах гэрээг “Грийн ресурс” ХХК болон Ш Г Т ХХК-ийн хооронд байгуулж тухайн жилдээ гэрээний үүргээ 2 тал бүрэн биелүүлэн хамтран ажилласан. ӨК ХХК болон Ш Г Т ХХК нарын хооронд 2018 оны 04 сарын 25-ны өдөр 18-030 дугаартай, мөн өдөр 18-040 дугаартай ALC блок худалдах, худалдан авах гэрээ 2 гэрээг тус тус байгуулж урьдчилгаа 10 000 000 төгрөгийг өгсөн. Тухайн үед “Грийн ресурс” ХХК-аас ӨК ХХК-ийн захирал Ц.Алтанцэцэг авлагатай байсан учраас уг компанийн блокны үйлдвэрээс Ш Г Т ХХК-д 2 удаа ӨК ХХК-ийн нэр дээр 2 машин хөнгөн блокийг зарлагын падаан тамга тэмдэгтэйгээр машин тус бүр 33.35 м3 буюу нийт 66,7 м3 блок буулгасан ба мөнгөн дүнгээр 8 671 000 төгрөгийн блок буулгачихсан байсан. Харин Ш Г Т ХХК-ийн захирал н. Энхбаяр нь өөрөө гэрээний үүргээ зөрчиж 2018 оны 05 сард “Грийн ресурс” ХХК-ийн хөнгөн блокны үйлдвэртэй гэрээ хийж өөрөө сайн дураараа манай байгууллагад ямар нэгэн мэдэгдэлгүйгээр гэрээгээ цуцалсан. Бид хөнгөн блок нийлүүлэхгүй гэсэн ямар ч шалтгаан гаргаагүй. Манай байгууллагаас хэзээ ч блок нийлүүлэхгүй гэж мэдэгдээгүй, өөрсдөө дур мэдэн миний хамтран ажилладаг байгууллагатай гэрээ хийж бидэнтэй хийсэн гэрээгээ зөрчсөн бөгөөд манай компанид нэг ч удаа блок авах талаараа хандаж байгаагүй болно. Бид хөнгөн блокоо гэрээний дагуу нийлүүлэхэд хэзээд бэлэн байсан. Гэтэл ямар ч шалтгаангүйгээр өөрсдөө өөр байгууллагатай гэрээ хийсэн болохоор манай байгууллагад гэрээ зөрчөөгүй. Бид гэрээг зөрчөөгүй учраас алданги төлөхгүй гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ӨК ХХК-аас 10 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш Г Т ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ӨК ХХК-аас 174 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш Г Т ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн давж заалдах гомдолд: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1322 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэрт “... үүргийг гүйцэтгэх хугацааг гэрээгээр тохиролцоогүй” гэжээ. “АLС” блок худалдах, худалдан гэрээгээр 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бараагаа нийлүүлэхээр тохиролцсон боловч хариуцагч нь уг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Нэгэнт хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул түүнээс тус гэрээний 6.1-д заасны дагуу алданги болох 5 000 000 төгрөг шаардсан нь үндэслэл бүхий байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ш Г Т ХХК хариуцагч ӨК ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний дагуу хөнгөн бетон худалдан авахаар шилжүүлсэн 10 000 000 төгрөг, үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс үүссэн алдангид 5 000 000 төгрөг, нийт 15 000 000 гаргуулахаар шаардсаныг хариуцагч хөнгөн блокны 10 000 000 төгрөгийг буцааж төлөх боломжтой, харин алдангийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Талуудын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ALC блок худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч нь 1 бүрийн үнэ нь 130 000 төгрөгийн нийт 169 000 000 төгрөгийн үнэтэй 1 300 м.куб хөнгөн блок нийлүүлэх, худалдан авагч нийлүүлсэн бүтээгдэхүүний үнийг төлөх үүргийг хүлээсэн байх ба зохигчид төлбөрийг 69,17 м.кв 3 өрөө байрыг 1 м.кв-ыг 1 650 000 төгрөгөөр тооцож бэлэн авах, 54 952 000 төгрөгөөс 10 000 000 төгрөгийн урьдчилгаа авч үлдэгдэл 44 592 000 төгрөгийг хувааж төлөхөөр тохиролцсон байна. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна /хх6-8/

2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэгч нь Ш Г Т ХХК блок төлбөр гэх утгаар хариуцагчийн данс руу 10 000 000 төгрөг шилжүүлсэн болох нь хэргийн 4 дүгээр талд авагдсан ХААН банкны орлогын баримтаар тогтоогдож байна. Талууд урьдчилгаа төлбөр өгсөн, авсан талаар маргаагүй болно.

Талууд гэрээний үйлчлэх хугацааг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэж, мөн худалдан авагч бүтээгдэхүүнийг хүлээн авсыг гэрчлэх баримт бичигт гарын үсэг зурснаар бүтээгдэхүүн хүлээн авсанд тооцно гэж тохиролцсон байх боловч гэрээний зүйлийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн баримтгүй байна. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд өгсөн 10 000 000 төгрөгөө шаардах эрхтэй.

Шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан тохиолдолд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх хуулийн зохицуулалтын хүрээнд бүтээгдэхүүний урьдчилгаа төлбөрт нэхэмжлэгчээс төлсөн 10 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болно.

Талууд гэрээний 6.1 дэх хэсэгт худалдагчийн буруугаас бүтээгдэхүүнийг хугацаанд нь нийлүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдан авагчид төлнө, 6.5-д энэхүү гэрээний үйлчлэх хугацаанд хүлээсэн үүргээ биелүүлэхээс аль нэг тал татгалзсан тохиолдолд буруутай тал нөгөө талд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлнө гэж тохиролцсон байна.

Хариуцагчийг гэрээний хугацаанд буюу 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тул анз шаардах эрхгүй.

Анхан шатны шүүхийн нэхэмжлэгч гэрээний үүргийн гүйцэтгэлийг бус гэрээнээс татгалзсаны үр дагаврыг шаардсан тул хариуцагчаас алданги гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэснийг үгүйсгэх боломжгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2019/01322 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Э.ЗОЛЗАЯА

   ШҮҮГЧИД                        Б.НАРМАНДАХ

                                                                               А.МӨНХЗУЛ