Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 001322

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 6059651 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Дандарбаатарын гудамж, 53/6 байран байрлах ш.г.т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: Монгол улсын хуулийн этгээд 5435668 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Сайншайн виллаж 332 байр, 7 давхар, 705 тоотод байрлах “Ө.К” ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Я, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ш.г.т” ХХК болон “Ө.К” ХХК нарын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 18-030 дугаартай ALC блок худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу худалдагч болох “Ө.К” ХХК нь хөнгөн бетон буюу бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан авагч ш.г.т” ХХК нь бүтээгдэхүүнийг хүлээн авч, төлбөр төлөх үүргийг харилцан хүлээсэн. Гэрээний дагуу “Ө.К” ХХК нь нэг бүр нь 130,000 төгрөгийн үнэ бүхий нийт 1300 м.куб хөнгөн бетоныг нийлүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд ш.г.т” ХХК нь гэрээний 4.2-т заасанчлан урьдчилгаа төлбөрт 10,000,000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр шилжүүлсэн боловч гэрээний дагуух бүтээгдэхүүн нийлүүлэлт нэг ч удаа хийгдээгүй буюу гэрээний үүргээ огт биелүүлээгүй. Түүнчлэн талуудын хооронд байгуулсан гэрээний 6.1-д “Худалдагчийн буруугаас бүтээгдэхүүнийг хугацаанд нь нийлүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-тай тэнцэх хэмжээний алдангийг худалдан авагчид төлнө” гэж заасан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 анзийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж тус тус заасныг дагуу ш.г.т” ХХК-с гэрээний дагуу гүйцэтгэсэн үнийн дүн болох 10,000,000 төгрөгөөс алдангийг тооцоолон үзэхэд 5,000,000 төгрөгийн алданги үүсжээ. Иймд “Ө.К” ХХК-с ш.г.т” ХХК-ийн гүйцэтгэсэн хөнгөн бетоны төлбөр болох 10,000,000 төгрөг, түүний алдангийн төлбөр болох 5,000,000 төгрөг нийт 15,000,000 төгрөгийг гаргуулан өгч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ө.К” ХХК-ийн захирал Ц.Алтанцэцэг миний бие 2017 оноос эхлэн ш.г.т” ХХК-тай хамтран ажилласан. 2017 оны 5 дугаар сард би “Г.р” ХХК-ийг бүрэн төлөөлөн ALC блок худалдах, худалдан авах гэрээг г.рХХК болон ш.г.т” ХХК нарын хооронд байгуулж тухайн жилдээ гэрээний үүргээ 2 тал бүрэн биелүүлэн хамтран ажилласан. 2018 онд би өөрийн “Ө.К” ХХК-ийн хөнгөн блокны үйлдвэрээ ажиллуулж “Ө.К” ХХК болон ш.г.т” ХХК нарын хооронд 2018 оны 04 сарын 25-ны өдөр 18-030 дугаартай, мөн өдөр 18-040 дугаартай ALC блок худалдах, худалдан авах гэрээ 2 ч гэрээг тус тус байгуулж урьдчилгаа 10,000,000  төгрөгийг шилжүүлж өгсөн. Тухайн үед г.рХХК-иас “Ө.К” ХХК-ийн захирал Ц.Алтанцэцэг миний бие авлагатай байсан учраас тухайн компанийн блокны үйлдвэрээс ш.г.т” ХХК-д 2 удаа “Ө.К” ХХК-ийн нэр дээр 2 машин хөнгөн блок “Ө.К” ХХК-ийн зарлагын падаан тамга тэмдэгтэйгээр машин тус бүр 33.35 m3/ буюу / нийт 66,7 m3 блок буулгасан ба мөнгөн дүнгээр 8 671 000 /найман сая зургаан зуун далан нэг мянга/ төгрөгийн блок буулгачихсан байсан. Харин ш.г.т” ХХК-ний захирал н. Энхбаяр нь өөрөө гэрээний үүргээ зөрчиж 2018 оны 05 сард г.рХХК-ийн хөнгөн блокны үйлдвэртэй гэрээ хийж өөрөө сайн дураараа манай байгууллагад ямар нэгэн мэдэгдэлгүйгээр гэрээгээ цуцалсан болно. Бид хөнгөн блок нийлүүлэхгүй гэсэн ямар ч шалтаг шалтгаан гаргаагүй. Өөрөө сайн дураараа гэрээгээ цуцалж өөр байгууллагад гэрээ хийх хүртэл блок нийлүүлэгдэж байсан болно. Манай байгууллагаас хэзээ ч блок нийлүүлэхгүй гэж мэдэгдээгүй байхад өөрсдөө дур мэдэн миний хамтран ажилладаг байгууллагатай гэрээ хийж бидэнтэй хийсэн гэрээгээ зөрчсөн бөгөөд манай компанид нэг ч удаа блок авах талаараа хандаж байгаагүй болно. Бид хөнгөн блокоо гэрээний дагуу нийлүүлэхэд хэзээд бэлэн байсан. Гэтэл ямар ч шалтгаангүйгээр өөрсдөө өөр байгууллагатай гэрээ хийсэн болохоор манай байгууллагад гэрээ зөрчсөн нэг ч асуудал байхгүйг үүгээр мэдэгдье. Мөн манай компанийн блокны үйлдвэрийн ажил 2019 оны 05 сарын 15-наас эхлэхээр төлөвлөгдсөн байгаа. Иймд 2019 оны 05 сарын 15-наас хойш хэзээ ч хамаагүй үлдэгдэл хөнгөн блокийг нийлүүлэхэд бэлэн байгааг мөн үүгээр мэдэгдье. Харин бид гэрээг зөрчөөгүй учраас нэг ч төгрөгийн алданги төлөхгүй болно гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ш.г.т” ХХК нь хариуцагч “Ө.К” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний дагуу хөнгөн бетон худалдан авахаар шилжүүлсэн үнэ 10,000,000 төгрөг, гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн хариуцлага буюу алдангид 5,000,00 төгрөг нийт 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч, гэрээний үүргээ зөрчөөгүй тул алданги 5,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг “талуудын хооронд байгуулсан 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 18-030 дугаартай “ALC блок худалдах, худалдан авах гэрээ”-ний үүргийг хангуулна гэж тодорхойлсон.

Нэг талаас ш.г.т” ХХК нөгөө талаас “Ө.К” ХХК-ийн хооронд 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр “ALC блок худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж худалдагч тал болох “Ө.К” ХХК нь нэг бүрийн үнэ нь 130,000 төгрөгийн үнэ бүхий 1300 мкуб нийт 169,000,000 төгрөгийн хөнгөн бетоныг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч ш.г.т” ХХК нь бүтээгдэхүүнийг баримт бичийг үндэслэн хүлээн авч, үнэ төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан тус гэрээгээр тогтоогдож байна. /х.х-ийн 6-8 дахь талд/

Тус гэрээнд илэрхийлсэн хүсэл зориг, агуулга, зорилго зэрэг нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан “худалдах-худалдан авах” гэрээний агуулгад нийцэж байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зохицуулсан.

Зохигчид гэрээ байгуулсан үйл баримт болон худалдан авагч нь гэрээний 4.2 дахь хэсэгт заасны дагуу бүтээгдэхүүний урьдчилгаа төлбөрт 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөгийг худалдагч талд шилжүүлсэн үйл баримтын талаар маргахгүй байна. /х.х-ийн 4 дэх талд/

нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс үзэхэд гэрээний үүргийн гүйцэтгэлийг бус гэрээнээс татгалзсаны үр дагаврыг шийдвэрлүүлэхээр шаардсан бөгөөд хариуцагч нь бүтээгдэхүүний үнэнд төлсөн 10,000,000 төгрөгт холбогдох хэсгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу бүтээгдэхүүний урьдчилгаа төлбөрт нэхэмжлэгчээс төлсөн 10,000,000 төгрөгийг хариуцагч “Ө.К” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч ш.г.т” ХХК-нд олгох үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан гэрээний 6.1 дэх хэсэгт “худалдагчийн буруугаас бүтээгдэхүүнийг хугацаанд нь нийлүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдан авагчид төлнө” гэж тохиролцсон тохиролцооны дагуу хариуцагчаас алдангид 5,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж зохицуулсан бөгөөд уг зохицуулалт нь үүргийн гүйцэтгэлийн хугацаа хэтрүүлэлттэй холбоотой хариуцлагын хэлбэр юм.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг бус гэрээнээс татгалзсаны үр дагаврыг шийдвэрлүүлэхээр шаардсан тул энэ тохиолдолд хариуцагчаас алданги гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн, хэдийгээр талууд гэрээгээр алданги тооцохоор тохиролцсон боловч үүргийг гүйцэтгэвэл зохих хугацааг гэрээгээр тохиролцоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 5,000,000 төгрөгийг шаардсан нь үндэслэлгүй байна.

Иймд, хариуцагч “Ө.К” ХХК-иас 10,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ш.г.т” ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Ө.К” ХХК-иас 10,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ш.г.т” ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ө.К” ХХК-иас 174,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ш.г.т” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.