Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2020/00766

 

“Ш Г Т”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2019/01322 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1220 дугаар магадлалтай,

“Ш Г Т”ХХК-ний нэхэмжлэлтэй

“Ө К”ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: “Ш Г Т”ХХК болон “Ө К”ХХК-ийн хооронд 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 18-030 дугаартай ALC блок худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу “Ө К”ХХК нь хөнгөн бетон буюу бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан авагч “Ш Г Т”ХХК нь бүтээгдэхүүнийг хүлээн авч, төлбөр төлөх үүргийг харилцан хүлээсэн. “Ө К”ХХК нь нэг бүр нь 130 000 төгрөгийн үнэ бүхий нийт 1300 м.куб хөнгөн бетоныг нийлүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд “Ш Г Т”ХХК нь гэрээний 4.2-т заасанчлан урьдчилгаа төлбөрт 10 000 000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр шилжүүлсэн боловч гэрээний дагуух бүтээгдэхүүн нийлүүлэлт нэг ч удаа хийгдээгүй буюу гэрээний үүргээ огт биелүүлээгүй. Түүнчлэн талуудын хооронд байгуулсан гэрээний 6.1-д худалдагчийн буруугаас бүтээгдэхүүнийг хугацаанд нь нийлүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдан авагчид төлнө гэж заасан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж тус тус заасныг дагуу “Ш Г Т”ХХК-аас гэрээний дагуу гүйцэтгэсэн үнийн дүн болох 10 000 000 төгрөгөөс алдангийг тооцоолон үзэхэд 5 000 000 төгрөгийн алданги үүсжээ. Иймд “Ө К”ХХК-аас хөнгөн бетоны төлбөр болох 10 000 000 төгрөг, алданги 5 000 000 төгрөг нийт 15 000 000 төгрөгийг гаргуулан өгч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 2017 оноос эхлэн “Ш Г Т”ХХК-тай хамтран ажилласан. 2017 оны 5 дугаар сард Грийн ресурс ХХК-ийг бүрэн төлөөлөн ALC блок худалдах, худалдан авах гэрээг Грийн ресурс ХХК болон “Ш Г Т”ХХК-ийн хооронд байгуулж тухайн жилдээ гэрээний үүргээ 2 тал бүрэн биелүүлэн хамтран ажилласан. “Ө К”ХХК болон “Ш Г Т”ХХК нарын хооронд 2018 оны 04 сарын 25-ны өдөр 18-030 дугаартай, мөн өдөр 18-040 дугаартай ALC блок худалдах, худалдан авах гэрээ 2 гэрээг тус тус байгуулж урьдчилгаа 10 000 000 төгрөгийг өгсөн. Тухайн үед Грийн ресурс ХХК-аас “Ө К”ХХК-ийн захирал Ц.Алтанцэцэг авлагатай байсан учраас уг компанийн блокны үйлдвэрээс “Ш Г Т”ХХК-д 2 удаа “Ө К”ХХК-ийн нэр дээр 2 машин хөнгөн блокийг зарлагын падаан тамга тэмдэгтэйгээр машин тус бүр 33.35 м3 буюу нийт 66,7 м3 блок буулгасан ба мөнгөн дүнгээр 8 671 000 төгрөгийн блок буулгачихсан байсан. Харин “Ш Г Т”ХХК-ийн захирал н. Энхбаяр нь өөрөө гэрээний үүргээ зөрчиж 2018 оны 05 сард Грийн ресурс ХХК-ийн хөнгөн блокны үйлдвэртэй гэрээ хийж өөрөө сайн дураараа манай байгууллагад ямар нэгэн мэдэгдэлгүйгээр гэрээгээ цуцалсан. Бид хөнгөн блок нийлүүлэхгүй гэсэн ямар ч шалтгаан гаргаагүй. Манай байгууллагаас хэзээ ч блок нийлүүлэхгүй гэж мэдэгдээгүй, өөрсдөө дур мэдэн миний хамтран ажилладаг байгууллагатай гэрээ хийж бидэнтэй хийсэн гэрээгээ зөрчсөн бөгөөд манай компанид нэг ч удаа блок авах талаараа хандаж байгаагүй болно. Бид хөнгөн блокоо гэрээний дагуу нийлүүлэхэд хэзээд бэлэн байсан. Гэтэл ямар ч шалтгаангүйгээр өөрсдөө өөр байгууллагатай гэрээ хийсэн болохоор манай байгууллагад гэрээ зөрчөөгүй. Бид гэрээг зөрчөөгүй учраас алданги төлөхгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2019/01322 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Ө К”ХХК-аас 10 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ш Г Т”ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ө К”ХХК-аас 174 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ш Г Т”ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1220 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2019/01322 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх хяналтын гомдолдоо: Магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: 1. Магадлалд “...гэрээний үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тул анз шаардах эрхгүй...” гэжээ. Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан талаар нэхэмжлэлдээ бичээгүй ба шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь мөн тайлбарыг гаргаагүй байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. 2. Магадлалд гэрээний гүйцэтгэлийг бус гэрээнээс татгалзсаны үр дагаврыг шаардсан тул хариуцагчаас алданги гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэснийг үгүйсгэх боломжгүй...” гэжээ. Гэрээний 6.1 болон 10 дугаар зүйлд талууд эцсийн хугацаа болон алдангийг харилцан тохиролцсон боловч хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул 2019.01.01-ний өдрөөс алданги тооцож эхлэх ба шүүхийн шийдвэр гарах хүртэл уг алданги тоологдох ч хуульд “...50 хувиас хэтэрч болохгүй” гэсэн тул 5 сая төгрөгний алданги тооцогдоно. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх буруу дүгнэлт хийсэн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Ш Г Т”ХХК, хариуцагч “Ө К”ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний дагуу хөнгөн бетон нийлүүлээгүй тул шилжүүлсэн 10 000 000 төгрөгийг буцаан гаргуулах, үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэж алданги 5 000 000 төгрөг, нийт 15 000 000 гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч 10 000 000 төгрөгийг буцааж төлнө, харин алдангийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 10 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Шүүх худалдах-худалдан авах гэрээнээс үүссэн зохигчийн хоорондох маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Талуудын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ALC блок худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч “Ө К”ХХК 1 бүрийн үнэ нь 130 000 төгрөгийн нийт 169 000 000 төгрөгийн үнэтэй 1 300 м.куб хөнгөн блок нийлүүлэх, худалдан авагч үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн, “Ш Г Т”ХХК урьдчилгаа төлбөрт 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн боловч хөнгөн блок нийлүүлээгүй, гэрээ хэрэгжээгүй үйл баримт тогтоогджээ.

Шүүх гэрээний төрөл, гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээнээс татгалзах үндэслэл журмын талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан тохиолдолд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэг бий болдог тул 10 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Гэрээнээс татгалзснаар гэрээ дуусгавар болох бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний үүрэг анзыг шаардах эрхгүй, шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, “алданги гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй юм.

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2019/01322 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1220 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Х.СОНИНБАЯР

                                ШҮҮГЧ                                                                 П.ЗОЛЗАЯА