Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
Хэргийн индекс | 182/2018/02875/И |
Дугаар | 210/МА2019/01191 |
Огноо | 2019-06-24 |
Маргааны төрөл | Зуучлал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2019/01191
2019 оны 06 сарын 24 өдөр | Дугаар 210/МА2019/01191 |
Б.Тгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/00838 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Т, хариуцагч МА ХХК-д холбогдох сурагч солилцооны хөтөлбөрийн гэрээг цуцалж, 17 700 039 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н, хариуцагчийн өмгөөлөгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.
Нэхэмжлэгчийн тайлбарт: Бид төрсөн охин н.Бг АНУ-д суралцуулахын тулд Мкомпанитай 2017 оны 10 сарын 12-ны өдөр 01\05 дугаартай High school exchange USA хөтөлбөрөөр АНУ-д суралцах сурагч, түүний эцэг, эхийн хооронд байгуулах гэрээнд гарын үсэг зурсан болно. Тухайн байгууллага явах хүүхдийн овог, нэр, гэрээ хийх хүний нэр, хаягийг солиод тавьчих боломжтой бэлэн загвар гэрээ өгч, бид түүнд нь гарын үсэг зурсан. Мөн хүүхдийн хичээл 2018 оны 01 сарын 15-ны өдөр гэхэд эхэлнэ гэсэн учир бид охиноо сургуулиас нь гаргаж бэлтгэлээ базааж эхэлсэн. Энэ гэрээг хийхэд хүрсэн гол шалтгаан нь АНУ-ын Face the world нэртэй спонсор байгууллагын шугамаар өмнө нь манай улсаас хүүхдүүд явж суралцаж байсан тухай бид мэдэж байсан учраас тухайн байгууллагыг найдвартай гэж үзсэн. Гэрээний дагуу хүүхэд Америк айлд амьдарч, сургуульд сурах ёстой байсан тул бид Мкомпанийн ажилтнуудаас охин 16 нас хүрч байгаа хүүхэд учир амьдрах айл нь том болсон эрэгтэй хүүхэдгүй айл байх ёстой гэдгийг онцлон анхааруулж байсан. Гэтэл тус компанийн сонгосон айл нь хоёр том эрэгтэй хүүхэдтэй айл байсан тул бид тухайн айлаас татгалзсан. Тэд ч хүлээн зөвшөөрч дараагийн айлаа хайна гэдгээ хэлсэн. Америкт хүүхдийн хичээл эхлэх байсан 2018 оны 01 сарын 15-ны өдөр өнгөрсөн. Гэтэл 2018 оны 01 дүгээр сарын 29-нд Мкомпаниас бидэнд захиа ирсэн бөгөөд хүүхдийг байлгах айл болон сургуулийн мэдээлэл баталгаажиж ирсэн тул хүүхдээ явуул, 02 дугаар сарын 05-нд хичээл нь эхэлнэ гээд н.Бг байлгах гэр бүлийн хүмүүсийн зургийг явуулсан. Мөн захидлаас харахад зуучлалын гэрээнд заагдсан спонсор байгууллага болох Face the world нь Academic foundation international cultural exchange гэсэн өөр байгууллага болж солигдсон. Спонсор байгууллага өөрчлөгдсөн тухай зуучлагч компани бидэнд өмнө нь мэдэгдээгүй. Бид хүүхдээ Америк руу хүргэж өгөөд байлгах айлын хүмүүстэй нь уулзана гэхэд боломжгүй, хүүхдээ хүргэж өгнө гэвэл онгоцны буудлаас цааш явахгүй, мөн байлгах айлын хүмүүстэй уулзуулахгүй утсаар ч ярихыг хориглоно гэсэн. Дурдсан нөхцөл байдлын улмаас бид хүүхдээ тухайн компанийн шугамаар АНУ-руу явуулахаас татгалзаж гэрээгээ цуцлах тухай “Монарч” ХХК-д 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр мэдэгдсэн бөгөөд тус компанид төлсөн мөнгөө буцаан авах шаардлага тавьсан. Гэвч тус компани маргааш өдөр нь 03/07 дугаартай албан бичгээр бидэнд хариу ирүүлэхдээ төлбөрийг буцаахаас татгалзсан учир бид тус компанийг гэрээний дагуу ямар зардал гаргаснаа нотолсон бичиг баримтыг ирүүлэхийг хүссэн. Энэ дагуу өмгөөлөгч Д.Намсрайжавын и-мэйл хаягаар 2018 оны 03 сарын 19-нд үйл ажиллагааны зардал болон эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгал 5 500 ам.доллар, англи хэлний түвшин тогтоох шалгалт ELTiS 45 usd, буухиа шуудангийн зардал 114 210 төгрөг болсон гэсэн захиа ирүүлсэн боловч баримтуудыг өнөөдрийг хүртэл олж хараагүй. Гэвч бид зарим нэг зардал гарсан байж болохыг бодолцож түүний нөхөн төлбөр болон төвөг удсаны төлбөрт нийт 2 000 ам.долларыг үлдээн суутгуулж, 5 000 ам.доллараа буцаан авах хүсэлтэйгээ тус компанид илэрхийлсэн боловч компани 3 000 доллар л буцаах боломжтой гэсэн. Бид үүнийг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд одоо бид тус компанид төлсөн 6 900 ам.долларыг бүрэн төлүүлэх хүсэлтэй байна. Мкомпани охин Бг Америк явуулах гэрээгээр тохирсон үүргээ өмнө дурдсанаар зохих ёсоор биелүүлээгүй, гарсан зардал нь бодитой биш, үнэмшилгүй, баримтгүй, хүүхэд ч сэтгэл санааны хохирол амслаа. Иймд Мкомпанид дээр дурдсан гэрээний дагуу төлсөн 6 900 ам.доллар буюу шилжүүлсэн өдрийн ханшаар 16 921 030 төгрөгийг тус компаниас буцаан гаргуулж өгнө үү. Ам.долларын ханшийг Мкомпани руу шилжүүлсэн өдрийн ханшаар бодож нэхэмжилсэн. Гэвч бидний хувьд, зуучлалын хөлсийг ам.доллараар төлсөн, мөн гэрээ хэрэгжихгүй болсноос үүдэн бидний зүгээс төлсөн мөнгөө буцааж авах хүсэлтийг тус компани шийдвэрлэж өгөхгүй бүтэн нэг жил чирэгдүүлж, улмаар шүүхээр шийдвэрлүүлэхээс өөр аргагүй байдалд хургэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасныг үндэслэн ам.долларын ханшийг мөнгө шилжүүлсэн өдрөөр бус нэхэмжлэл гаргасан 2018 оны 11 сарын 12 ны өдрийн Монгол банкны албан ёсны ханш болох 1 ам.доллар 2 517.17 төгрөгөөр тооцож байна.
Иймд 6 700 ам.доллар нь 17 200 039 төгрөг болох ба, үүнд зардалд тушаасан 500 000 төгрөгийг нэмэхэд, нэхэмжлэлийн нийт дүн 17 700 039 төгрөг болж байх тул энэ дүн болон өмнө нэхэмжилсэн 16 921 030 төгрөгийн зөрүү 779 009 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, улмаар 17 700 039 төгрөгийг М компаниас гаргуулж өгнө үү. Гэрээг цуцлах хүртэл үе шатанд гарсан зардал болох 180 ам.доллар, 160 ам. доллар, 45 ам. доллар, 20 ам. доллар, 25.000 төгрөг, зуучлалын хөлс 200 ам. долларыг суутгаад үлдэх төлбөрөө буцаан гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагчийн тайлбарт: Хариуцагч компани Б.Ттай байгуулсан High school exchange USA хөтөлбөрөөр АНУ-д суралцах сурагч, түүний эцэг, эхийн хооронд байгуулах гэрээнд АНУ дахь спонсор байгууллагыг Face the world гэж бичсэн байсан ч тус байгууллага нь тодорхой бус нөхцлийн улмаас хагас жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй болсныг бидэнд мэдэгдсэн тул бид энэ талаар н.Т болон түүний гэр бүлд утсаар мэдэгдсэн. Тэд АНУ дахь байгууллага нь солигдож байгааг хүлээн зөвшөөрч, шинэ спонсор байгууллагын эцэг, эх болон сурагчтай байгуулдаг гэрээнд гарын үсэг зурсанаар бид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсан. Улмаар компани гэрээний үүргээ зохих ёсоор нь биелүүлж байсан бөгөөд 2018 оны 01-р сарын 18-нд High school exchange USA хөтөлбөрт оролцогч н.Бг хүлээн авах айл буюу Host family нь Washigton bernay Centraliad амьдардаг айл байгаа талаар мэдэгдэхэд Б.Тгийн гэр бүл татгалзсан хариу өгсөн тул бид сурагчийн гэр бүлийн зүгээс тухайн Америк айлаас татгалзсан талаарх мэдээллийг АНУ-ын хамтран ажилладаг байгууллагад мэдэгдсэн. Ингээд, үүнээс 2 өдрийн дараа Бг хүлээн авах айлын асуудал шийдэгдэж, түүнийг өөр зочин айл хүлээн авахаар болсон. Тэр айл нь нь хувиараа бизнес эрхэлдэг, нярав хийдэг айл байсан ба Бгийн суралцах байсан ахлах сургуулийн хаврын улирлын хичээл нь 2018 оны 02-р сарын 05-нд эхэлж 06-р сарын 15-нд дуусах байсан. Бидэнд зочин айлын талаар утсаар мэдэгдсэн ба дэлгэрэнгүй мэдээллийг бүрэн баталгаажиж ирэх хүртэл буюу уг гэр бүл нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй талаарх цагдаагийн лавлагаа зэрэг холбогдох шалгуурыг давж баталгаажиж ирэх хүртэл бид хөтөлбөрт оролцогчид мэдээллэхгүй байхыг хүсдэг тул Б.Тд айл нь тодорхой болсон байна, та түр хүлээнэ үү хэмээн утсаар мэдэгдсэн байсан. Улмаар 2018 оны 01-р сарын 26-ны өдөр айлын мэдээлэл эцсийн байдлаар баталгаажсан тул Б.Тд энэ талаар утсаар мэдэгдэж, 29-ний өдөр албан тоот хүргүүлсэн. Гэтэл Б.Тгийн гэр бүл айлын аав нь их эвгүй, нүдэнд хүйтэн хүн байна гэдэг шалтгаанаар тухайн айлаас татгалзсан. Манай байгууллагаас хүүхдийг хөтөлбөрт хамрагдахад шаардагдах бэлтгэл ажлыг бүрэн гүйцэтгэж н.Бг АНУ-руу хүргэж өгөх төлөвлөгөөтэй байсан бөгөөд хүргэж өгөхөөр онгоцны тийзээ хүртэл худалдан гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн. Иймд нэхэмжлэлийг хүлээн авах хууль зүйн болон гэрээнд заасан үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1., 399.4., 401 дүгээр зүйлийн 401.1., 402 дугаар зүйлийн 402.2.-т зааснаар МА ХХК-аас 13 554 731 төгрөг гаргуулж Б.Тд олгож, нэхэмжлэлийн шаардлагын 4 145 308 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 265 800 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид МА ХХК-аас 225 724 төгрөг гаргуулж Б.Тд олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд:
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/00838 дугаар шийдвэрийн зарим хэсгийг буюу 13 554 731 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр МА ХХК нь сурагчийг АНУ-ын ахлах сургуульд сурах, америк гэр бүлд амьдрах боломжийг зуучлан явуулах, сурагч нь шаардлагатай, үнэн зөв бичиг баримтыг бүрдүүлж өгөх, зуучлалын хөлсийг төлөхөөр тохиролцсон. Энэ нь талуудын тайлбар, шүүхэд гаргасан нотлох баримтуудаар нотлогдоно. Гэтэл шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг даалгаврын гэрээ мэтээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Энэхүү гэрээнүүд эрх зүйн өөр зохицуулалттай, өөр үр дагавар бий болгодог. Шүүх талуудын хооронд үүссэн харилцааг буруу тодорхойлсноор шүүхийн шийдвэр буруу болжээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... биечлэн хүргэж өгч, хөтөлбөрт заасан нөхцөл болзлын дагуу сургалтанд хамруулах үүргийг хүлээсэн, хөтөлбөрийн АНУ-ын талын байгууллагатай суралцагч хүүхдийн эцэг, эхийг холбож өгөх үүргийг хүлээгээгүй ...” гэжээ. М агентлаг нь хөтөлбөрт хамрагдаж буй сурагчдын эцэг эхэд хөтөлбөрийн талаарх шаардлага, үйл ажиллагааны талаар мэдээллэх, сурагчийн гаргасан аливаа хүсэлтийг спонсор байгууллагад мэдээллэх, хариуг шуурхай мэдэгдэх, сурагчийн бичиг баримтанд зөвлөмж туслалцаа үзүүлэх, бичиг баримтыг заасан хугацаанд спонсор байгууллагад илгээх, сурагчийг хүлээж авах эсэх хариуг сурагчийн эцэг эхэд мэдэгдэх зэрэг уг хөтөлбөрт оролцогчдод зөвлөгөө мэдээлэл хүргэх, хариуг мэдээлэх үүргийг гэрээний дагуу хүлээсэн. Шүүхийн шийдвэрт “... тодорхой үйлдэл хийх буюу биечлэн хүргэж өгч хөтөлбөрт заасан нөхцөл болзлын дагуу сургалтанд хамруулах үүргийг хүлээсэн” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. М агентлаг нь сурагчийг биечлэн хүргэж өгөх үүргийг хүлээгээгүй бөгөөд н.Биндэрьяа, н.Хонгор хоёрын хувьд хүргэж өгөхөөр болсон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоно. Сурагчийн эцэг эхийг спонсор байгууллагатай холбож тэдгээрийн гаргасан хүсэлт болон хариуг цаг алдалгүй дамжуулан мэдээлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн. Харин сурагчдыг хөтөлбөрт амжилттай хамрагдаж Америкийн нэгдсэн улсад суралцах боломжоор хангагдах үүднээс тэдгээрт бусад амжилттай суралцаад ирсэн хүүхдүүдийн туршлагыг хуваалцан зөвлөмж, мэдээллийг хүргэж ажилдаг болно. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “бид хүүхдээ Америк хүргэж өгөөд байлгах хүмүүстэй нь уулзана гэхэд “Монарч” ХХК-ийнхан тэр боломжгүй үлдсэн нөхцөл байдлын улмаас бид хүүхдээ АНУ-руу явуулахаас татгалзаж гэрээгээ цуцлах тухайгаа мэдэгдсэн гэж тайлбарлаж байна. Спонсор байгууллага болон “М” агентлагийн хооронд байгуулагдсан гэрээний дагуу агентлаг буюу манай байгууллага сурагчдын эцэг эхтэй шууд харьцаж, спонсор байгууллага буюу АРСЕ зочин айл буюу сургуультай шууд харьцаж, 2 байгууллага тэдгээрийг холбож зуучлах үүрэг хүлээсэн тул эцэг эх нь шууд Америкт очин зочин айл болон сургуультай уулзах боломжгүй юм.
Энэхүү хөтөлбөр нь Америкийн Нэгдсэн улсын төрийн департментийн, засгийн газрын соёл солилцооны хөтөлбөр юм. Иймд тодорхой шалгуур дор, мөн тодорхой журмын үндсэн дээр хэрэгждэг олон орны, олон сурагчид хамрагддаг хөтөлбөр юм. Хөтөлбөрт хамрагдаж буй сурагчдыг хүлээн авах сургууль, гэр бүлийн сонголт нь удаан үргэлжилдгийг сурагч, эцэг эхчүүдэд гэрээ байгуулахаас өмнө урьдчилан хэлдэг бөгөөд зарим тохиолдолд тухайн сурагч АНУ-д очиход координатор буюу спонсор байгууллагын ажилтан хүлээн авч байгаад байршуулах тохиолдол гардаг. Үүнийг талуудын хооронд байгуулсан гэрээний 10.5-д тусгасан, нэхэмжлэгч танилцаж хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гэрээ байгуулагдсан. Эхний амьдрах айл болон сургуулийн мэдээлэл 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр баталгаажиж ирсэн. Гэтэл тус айлаас татгалзсан тул энэ талаар АНУ-ын хамтран ажилладаг спонсор байгууллагадаа мэдэгдсэн. Ингээд дараагийн айл 2 хоногийн дараа тухайн дүүрэгт олдсон гэдгийг нэхэмжлэгчид мэдэгдсэн. Гэтэл тухайн айлыг мөн голж ойлгомжгүй хандлага гарган, гэрээний дагуу төлсөн төлбөрийг буцааж авах тухай 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр манай байгууллагад бичиг өгсөн. Америк дахь талаас айлыг нарийн шалгуурын дор судалж үзсэний дараагаар шаардлага хангасан тул мэдээлэл нь баталгаажиж ирдэг. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д зочин айлаас татгалзах талаар тусгасан, мөн 17 дугаар зүйлд зааснаар сурагч байрлах айлдаа хуваарилагдсаны дараа АFIСЕ хөтөлбөрөөс нэрээ сайн дураараа татсан тохиолдолд AFIСЕ сурагчийн төлбөрөөс нэмж 500 ам.долларыг суутгахаар заасан. Талуудын хооронд байгуулагдсан зуучлалын гэрээний 5.1-д заасан төлбөр буюу хөтөлбөрийн зардлыг манай байгууллага бүгдийг авдаггүй, зохих байгууллагад шилжүүлдэг, шилжүүлсний үндсэн дээр урилга ирнэ, амьдрах айлыг судлана, сургууль бэлтгэгдэнэ, визанд орох эрх нь нээгдэх, виза авах зэргээр шат дамжлагатай явагддаг, энэ талаар гэрээ байгуулахаас өмнө танилцуулж хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гэрээ байгуулдаг. “Монарч” ХХК гэрээний үүргээ биелүүлж, хоёр ч айл олж, сургуульд сурах боломжоор хангасан. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй хүүхдээ Америк руу явуулаагүй. Улмаар үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах хууль болон гэрээнд заасан үндэслэл байгаагүй, түүний гэрээний үүргэээ зөрчсөн явдалд МА ХХК буруугүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иймд гэрээний High School Exchange USA хөтөлбөрөөр АНУ-д суралцах сурагч, түүний эцэг, эхийн хооронд байгуулах гэрээ”-ний 7.3, 7.11, 7.13, 10.5 заалтууд, Иргэний хуулийн 223.2, 224.1, 225.4.4, 227.2, 410 дугаар зүйлүүдийг тус тус үндэслэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.Т хариуцагч МА ХХК-д холбогдуулан сурагч солилцооны хөтөлбөрийн гэрээг цуцалж, 17 700 039 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Талуудын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 01/05 тоот High School Exchange USA хөтөлбөрөөр АНУ-д суралцах сурагч, түүний эцэг, эхийн хооронд байгуулах гэрээгээр “Монарч” ХХК Б.Тгийн охин Б.Бг АНУ-ын соёлтой танилцаж, 2017-2018 оны хичээлийн жилд АНУ-ын ахлах сургуульд сурч, Америк гэр бүлд амьдрах боломжийг олгох, сурагч нь шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөх, хөлс төлөх үүргийг харилцан тохиролцсон байх ба шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв болжээ. /хх8-9/
Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, даалгавар өгөгч нь хөлс төлөх үүрэгтэй бөгөөд гэрээний нөхцөл, талуудын харилцан тохиролцсон байдал, гэрээ хэрэгжих явцаас үзэхэд даалгаврын гэрээний шинжийг агуулсан байна. Талуудын тохиролцоонд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний агуулга тусгагдаагүй, зохигчид хөтөлбөр хэрэгжих хугацаанд гэрээний 2.13-т сурагчийг АНУ-д явуулж хөтөлбөрт оролцуулах, хичээлийн жил дуусахад буцааж ирүүлэх талаар спонсор байгууллагатай хамтран ажиллах, сурагчийн талаар шуурхай мэдээдэл авч байх зорилгоор 24 цагаар ажиллах утас, факстай байх, мөн интернетийн шугамаар харилцаж шаардлагатай асуудлыг нэн даруй эцэг, эхэд мэдээлж хариу явуулж байх зэрэг үүрэг хүлээхээр тохиролцсон байх тул зуучлалын харилцаа үүссэн гэж үзэхээргүй байна.
Шүүх талуудын гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Нэхэмжлэгч 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 500 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 6 700 ам.доллар тус тус төлсөн нь хэргийн 10 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдож байна.
Гэрээний 5.1-д хөтөлбөрийн нийт зардал нь 7 200 ам.доллар байх ба үүнд спонсор байгууллагын зардал /гэр бүлд байршуулах, сургуультай холбоотой бүртгэл мэдээлэл, үүнтэй холбоотой зардлууд/, АНУ-ын элчин сайдын яамны үйлчилгээний хураамж /160 ам.доллар/, эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгал, DS2019 маягт буюу J1 урилга, англи хэлний бэлтгэл 3 сар, англи хэлний түвшин тогтоох шалгалт, элчингийн ярилцлагад бэлтгэх хичээл, бичиг баримтын орчуулга, буухиа шуудангийн зардал, банкны шимтгэл, SEVIS хураамж /180 ам.доллар/ зэрэг зардал багтсан байна. Харин олон улсын болон Америкийн дотоодын нислэгийн нэг удаагийн очих, ирэх зардал, халаасны мөнгө зэрэг нь дээрх зардалд багтаагүй байна.
Иргэний хуулийн 399 дугаар зүйлийн 399.4 дэх хэсэгт зааснаар ямар ч үед даалгавар өгөгч даалгавраа цуцлах, даалгавар гүйцэтгэгч даалгавраас татгалзах эрхтэй, шүүх нэхэмжлэгчээс төлөгдсөн төлбөрийн дүнгээс хөтөлбөрт хамрагдах бэлтгэл ажиллагаанд гарсан зардал 405 ам доллар, 25 000 төгрөг, гэрээ цуцалсан тохиолдолд буцаан олгогдохгүй зардал 1 200 ам долларыг тус тус хасч тооцсон, энэ талаар гомдол гаргаагүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/00838 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 724 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
А.МӨНХЗУЛ