Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2019/01156

 

 

 

 

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2019/01156

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      Э.Нын нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/01080 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Н, хариуцагч НШШГГт холбогдох төлбөр гаргуулахаар хураагдсан эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлүүлэх, 2 дахь албадан дуудлага худалдаагүй хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, түүний өмгөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн тайлбарт: Нэхэмжлэгч Э.Нын аав Жигжидсүрэн 2010 онд маргаан бүхий үл хөдлөхийг худалдаж авсан. Э.Н айлын отгон хүү учраас байрыг өв залгамжлах эрхтэй. Нэхэмжлэгчийн аав нас барж, уй гашуутай байхад эгч Э.Бямбасүрэн өөрийн нэр дээр үл хөдлөхийн өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулж, “Анта финанс” ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, зээл авсан. Э.Н үл хөдлөхийн өмчлөгчөөр тогтоолгохоор Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дүгээр зүйлийн 122.1-д зааснаар маргаан бүхий үл хөдлөхийг битүүмжлэлээс чөлөөлүүлэх, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 24 дүгээр байрны 94 тоот 2 өрөө орон сууцыг 2018 оны 12 сарын 20-ны өдөр явуулсан 2 дахь албан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Э.Нын нэхэмжлэлтэй Ж.Бямбасүрэнд холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх хэрэгт 2018 оны 11 сарын 30-ны өдрийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж гарсан. Шүүгчийн захирамжийн дараа буюу 2018 оны 12 сарын 20-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаа явагдсан. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлт баталгаажуулах шүүгчийн захирамж гарсан байхад дуудлага худалдаа явуулсан нь хууль зөрчсөн гэжээ.

            Хариуцагчийн тайлбарт: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 сарын 28-ны өдрийн 1742 дугаартай шийдвэрээр Ж.Бямбасүрэнгээс 146 400 000 төгрөг гаргуулж, “А Ф ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар төлбөр төлөгч Ж.Бямбасүрэнгийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 24 дүгээр байр, 94 тоот хаягт байршилтай, Y-2205013741 улсын бүртгэлийн дугаар бүхий 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч, гүйцэтгүүлэгч нараас үнийн санал авахаар харилцан тохиролцож, үл хөдлөхийг 150 000 000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний мэдээг 2018 оны 10 сарын 05-ны өдөр 4/16670 дугаартай мэдэгдлээр мэдэгдсэн. Төлбөр төлөгч Ж.Бямбасүрэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-д зааснаар үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах сарын хугацаа олгосон ч борлуулаагүй. Анхны албадан дуудлага худалдааг 2018 оны 11 сарын 22-ны өдөр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар харилцан тохирч 150 000 000 төгрөгийн 70 хувь буюу 105 000 000 төгрөгөөр дуудсан ч үнийн санал ирээгүй тул 2018 оны 12 сарын 21-ний өдөр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д зааснаар харилцан тохирч 150 000 000 төгрөгийн 50 хувь буюу 75 000 000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулахад 76 200 000 төгрөгөөр үл хөдлөх хөрөнгө худалдан борлогдсон. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарт: Ж.Бямбасүрэн 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр зээл хүссэн өргөдөл “А Ф ББСБ” ХХК-д бичиж, бизнесээ санхүүжүүлэх зорилгоор 60 000 000 төгрөгийн зээл авсан. Зээлийн барьцаанд Ж.Бямбасүрэнгийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 24 дүгээр байр, 94 тоот 2 өрөө орон сууц барьцаалсан. “А Ф ББСБ” ХХК Ж.Бямбасүрэнд зээл олгож, үл хөдлөх барьцаалахдаа үл хөдлөхийн өмчлөх эрхийн гэрчилгээг шалгаж, нотариатаар батлуулсан. Талуудын хооронд хуулийн хүчин төгөлдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Ж.Бямбасүрэн зээлийн төлбөр төлөөгүйгээс “А Ф ББСБ” Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 1 сарын 31-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Шүүхээс зээлийн төлбөрт Ж.Бямбасүрэнгээс 147 360 000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдсэн. Тухайн үед шүүхийн шийдвэрт зохигчдын хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй, шийдвэр хүчин төгөлдөр болсон. Ж.Бямбасүрэн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, “А Ф ББСБ” ХХК-аас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас гаргуулах хүсэлт гаргаж, шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн. Нэхэмжлэгч Э.Нын эрх ашиг хохироосон зүйл байхгүй. 2018 оны 9 сарын 28-ны өдөр эд хөрөнгө хураах тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч Ж.Бямбасүрэн, Э.Н, н.Баянсан нарыг байлцуулж, эд хөрөнгө хураасан. Эд хөрөнгө хураасан тогтоолд Э.Н гарын үсэг зурсан. Э.Н шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль ёсны дагуу явагдаж байгаа гэдгийг мэдэж байсан. Нэхэмжлэгч тал 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Э.Нын хууль ёсны эрх ашиг хөндөгдөх байсан бол “Анта финанс” ББСБ-ын нэхэмжлэлтэй Ж.Бямбасүрэнд холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцох эрх нь нээлттэй байсан. Нэхэмжлэгч тал 2 дахь албадан дуудлага худалдаа явагдсаны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах гэсэн оролдлого. Э.Н Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2-д заасныг тус тус баримтлан шаардлага гаргах эрхтэй этгээд гэж өөрийгөө тодорхойлж, хууль ёсны өмчлөгч гэж нэхэмжлэлдээ дурдсан ч энэ байдлыг нотолсон ямар ч нотлох баримт байхгүй. Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн нотлох баримтаас харахад Э.Н Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.5-д зааснаар өв хүлээж авахаас татгалзсан. Татгалзал нь нотариатын гэрчилгээ, өвлөх эрхийн гэрчилгээний хавсралтад тусгагдсан байна. Ж.Бямбасүрэнд үл хөдлөхийн өвлөх эрхийн гэрчилгээ хууль ёсны дагуу олгогдсон. “Анта финанс” ББСБ-ын барьцаанд тавьсан үл хөдлөхийн хууль ёсны өмчлөгч Ж.Бямбасүрэн болох нь тодорхой харагдана. Улсын бүртгэлийн байгууллагаас олгосон гэрчилгээ өнөөдөр ч хүчин төгөлдөр хэвээр байгаа. Иймд Э.Н битүүмжлэгдсэн болон хураагдсан эд хөрөнгийн талаар шаардлага гаргах эрхтэй этгээд биш болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Э.Н өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж үзвэл Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар улсын бүртгэлийн үнэн, зөв эсэхэд гомдол гаргах эрхтэй байсан ч гомдол гаргаагүй. 2012 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 61 дугаартай үл хөдлөх хөрөнгө өвлөх эрхийн гэрчилгээ, улсын бүртгэл хуулийн хүчин төгөлдөр. Э.Нт үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх хуулийн дагуу үүсээгүй, өмчлөх эрхтэй этгээд биш. Өөрөө сайн дураараа өмчлөх эрхээсээ татгалзсан. Э.Н маргаан бүхий орон сууцыг Шийдвэр гүйцэтгэлээс хураах үед байлцсан. Ж.Бямбасүрэнд үл хөдлөхийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон гэдгийг мэдсээр байж, хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж байна. Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх заалтыг баримтлан хариуцагч НШШГГт төлбөр гаргуулахаар хураагдсан Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 24 дүгээр байр, 94 тоот хаягт байршилтай, Ү-2205013741 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх, 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Э.Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаярын давж заалдах гомдолд: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1080 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн аав Жигжидсүрэн нь 2010 онд уг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан. Э.Н айлын отгон хүү учраас байрыг өв залгамжлах эрхтэй. аав нь нас барж уй гашуутай байхад эгч Э.Бямбасүрэн өөрийн нээр дээр үл хөдлөхийн өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан байдаг. Мөн “А Ф ББСБ” ХХК-тай зээлийн гэрээг байгуулж, зээл авсан. Э.Н үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлүүлэх, шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 24 дүгээр байрны 94 тоот 2 өрөө орон сууцыг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр явуулсан 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан. Шүүх Э.Нын нэхэмжлэлтэй Ж.Бямбасүрэнд холбогдох орон сууцны өмчлөлийг тогтоолгох орон сууцны зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх хэрэгт 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж гаргасан. Шүүгчийн захирамжийн дараа 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаа явагдсан. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлт баталгаажуулах шүүгчийн захирамж гарсан байхад дуудлага худалдаа явуулсан нь хууль зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

 

Нэхэмжлэгч Э.Н хариуцагч НШШГГт холбогдуулан төлбөрт хураагдсан эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлүүлэх, 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

                Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1742 дугаар шийдвэрээр хариуцагч Ж.Бямбасүрэнгээс зээлийн гэрээний үүрэгт 146 400 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Антафинанс” ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 696 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 24 дүгээр байр 94 тоот хаягт байршилтай Г-000220112, Ү-2205013741 улсын бүртгэлийн дугаар бүхий 29 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан журмын дагуу албадан гүйцэтгэдэг зарчимтай байна.

 

            Хариуцагч байгууллага 827 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, барьцааны эд хөрөнгийг битүүмжлэн, хураах ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ.

Төлбөр төлөгч барьцаанд хураагдсан эд хөрөнгөө 150 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч хүлээн зөвшөөрч, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4 дэх хэсэгт заасан журмын дагуу төлбөрт хураагдсан хөрөнгийг анхны болон хоёрдахь албадан дуудлага худалдаанд оруулж 76 200 000 төгрөгөөр худалдсан болох нь хэргийн 74-76 дугаар талд авагдсан шийдвэр дуудлага худалдааны хурлын тэмдэглэлээр тогтоогдсон, анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.  

Маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч болон түүний бусад ах дүү нар нь өвлөн авахаас татгалзсанаар түүний төрсөн эгч Ж.Бямбасүрэн 2012 онд өвлөн авсан үйл баримт хэргийн 135-136 дугаар талд авагдсан өвлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Э.Н Ж.Бямбасүрэнд холбогдуулан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, түүний хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2018 оны 16126 дугаар захирамжаар уг орон сууцыг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд битүүмжилж, шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан байна. Тэрээр тус шүүхийн шүүгчийн 2018 оны 16856 дугаар захирамжаар Э.Нын нэхэмжлэлийг зохигчид шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэх үндэслэлээр буцаасан байх ба өмнөх захирамжийн үйлчлэл дуусгавар болно. /хх171-173/

Иймд нэхэмжлэгчийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах шүүгчийн захирамж гарсаны дараа 2 дахь албадан дуудлага худалдаа явуулсан нь хууль зөрчсөн гэх гомдлыг хангах хуулийн үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/01080 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Н.БАТЗОРИГ

   ШҮҮГЧИД                        Э.ЗОЛЗАЯА

                                                                               А.МӨНХЗУЛ