Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2020/00559

 

Ж.Нын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/01080 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1156 дугаар магадлалтай,

Ж.Нын нэхэмжлэлтэй

НШШГГт холбогдох

Төлбөр гаргуулахаар хураагдсан эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлүүлэх, 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаярын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Урангоо, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Сумъяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Нын аав Жигжидсүрэн 2010 онд маргаан бүхий үл хөдлөхийг худалдаж авсан. Ж.Н айлын отгон хүү учраас байрыг өв залгамжлах эрхтэй. Нэхэмжлэгчийн аав нас барж, уй гашуутай байхад эгч Э.Бямбасүрэн өөрийн нэр дээр үл хөдлөхийн өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулж, Анта финанс ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, зээл авсан. Ж.Н үл хөдлөхийн өмчлөгчөөр тогтоолгохоор Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дүгээр зүйлийн 122.1-д зааснаар маргаан бүхий үл хөдлөхийг битүүмжлэлээс чөлөөлүүлэх, НШШГГаас Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 24 дүгээр байрны 94 тоот 2 өрөө орон сууцыг 2018 оны 12 сарын 20-ны өдөр явуулсан 2 дахь албан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ж.Нын нэхэмжлэлтэй Ж.Бямбасүрэнд холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх хэрэгт 2018 оны 11 сарын 30-ны өдрийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж гарсан. Шүүгчийн захирамжийн дараа буюу 2018 оны 12 сарын 20-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаа явагдсан. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлт баталгаажуулах шүүгчийн захирамж гарсан байхад дуудлага худалдаа явуулсан нь хууль зөрчсөн гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 сарын 28-ны өдрийн 1742 дугаартай шийдвэрээр Ж.Бямбасүрэнгээс 146 400 000 төгрөг гаргуулж, Анта финанс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар төлбөр төлөгч Ж.Бямбасүрэнгийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 24 дүгээр байр, 94 тоот хаягт байршилтай, Y-2205013741 улсын бүртгэлийн дугаар бүхий 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч, гүйцэтгүүлэгч нараас үнийн санал авахаар харилцан тохиролцож, үл хөдлөхийг 150 000 000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний мэдээг 2018 оны 10 сарын 05-ны өдөр 4/16670 дугаартай мэдэгдлээр мэдэгдсэн. Төлбөр төлөгч Ж.Бямбасүрэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-д зааснаар үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах сарын хугацаа олгосон ч борлуулаагүй. Анхны албадан дуудлага худалдааг 2018 оны 11 сарын 22-ны өдөр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар харилцан тохирч 150 000 000 төгрөгийн 70 хувь буюу 105 000 000 төгрөгөөр дуудсан ч үнийн санал ирээгүй тул 2018 оны 12 сарын 21-ний өдөр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д зааснаар харилцан тохирч 150 000 000 төгрөгийн 50 хувь буюу 75 000 000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулахад 76 200 000 төгрөгөөр үл хөдлөх хөрөнгө худалдан борлогдсон. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.Бямбасүрэн 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр зээл хүссэн өргөдөл Анта финанс ББСБ ХХК-д бичиж, бизнесээ санхүүжүүлэх зорилгоор 60 000 000 төгрөгийн зээл авсан. Зээлийн барьцаанд Ж.Бямбасүрэнгийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 24 дүгээр байр, 94 тоот 2 өрөө орон сууц барьцаалсан. Анта финанс ББСБ ХХК Ж.Бямбасүрэнд зээл олгож, үл хөдлөх барьцаалахдаа үл хөдлөхийн өмчлөх эрхийн гэрчилгээг шалгаж, нотариатаар батлуулсан. Талуудын хооронд хуулийн хүчин төгөлдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Ж.Бямбасүрэн зээлийн төлбөр төлөөгүйгээс Анта финанс ББСБ Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 1 сарын 31-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Шүүхээс зээлийн төлбөрт Ж.Бямбасүрэнгээс 147 360 000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдсэн. Тухайн үед шүүхийн шийдвэрт зохигчдын хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй, шийдвэр хүчин төгөлдөр болсон. Ж.Бямбасүрэн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, Анта финанс ББСБ ХХК-аас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас гаргуулах хүсэлт гаргаж, шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн. Нэхэмжлэгч Ж.Нын эрх ашиг хохироосон зүйл байхгүй. 2018 оны 9 сарын 28-ны өдөр эд хөрөнгө хураах тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч Ж.Бямбасүрэн, Ж.Н, н.Баянсан нарыг байлцуулж, эд хөрөнгө хураасан. Эд хөрөнгө хураасан тогтоолд Ж.Н гарын үсэг зурсан. Ж.Н шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль ёсны дагуу явагдаж байгаа гэдгийг мэдэж байсан. Нэхэмжлэгч тал 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Ж.Нын хууль ёсны эрх ашиг хөндөгдөх байсан бол Анта финанс ББСБ-ын нэхэмжлэлтэй Ж.Бямбасүрэнд холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцох эрх нь нээлттэй байсан. Нэхэмжлэгч тал 2 дахь албадан дуудлага худалдаа явагдсаны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах гэсэн оролдлого. Ж.Н Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2-д заасныг тус тус баримтлан шаардлага гаргах эрхтэй этгээд гэж өөрийгөө тодорхойлж, хууль ёсны өмчлөгч гэж нэхэмжлэлдээ дурдсан ч энэ байдлыг нотолсон ямар ч нотлох баримт байхгүй. Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн нотлох баримтаас харахад Ж.Н Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.5-д зааснаар өв хүлээж авахаас татгалзсан. Татгалзал нь нотариатын гэрчилгээ, өвлөх эрхийн гэрчилгээний хавсралтад тусгагдсан байна. Ж.Бямбасүрэнд үл хөдлөхийн өвлөх эрхийн гэрчилгээ хууль ёсны дагуу олгогдсон. Анта финанс ББСБ-ын барьцаанд тавьсан үл хөдлөхийн хууль ёсны өмчлөгч Ж.Бямбасүрэн болох нь тодорхой харагдана. Улсын бүртгэлийн байгууллагаас олгосон гэрчилгээ өнөөдөр ч хүчин төгөлдөр хэвээр байгаа. Иймд Ж.Н битүүмжлэгдсэн болон хураагдсан эд хөрөнгийн талаар шаардлага гаргах эрхтэй этгээд биш болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Ж.Н өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж үзвэл Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар улсын бүртгэлийн үнэн, зөв эсэхэд гомдол гаргах эрхтэй байсан ч гомдол гаргаагүй. 2012 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 61 дугаартай үл хөдлөх хөрөнгө өвлөх эрхийн гэрчилгээ, улсын бүртгэл хуулийн хүчин төгөлдөр. Ж.Нт үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх хуулийн дагуу үүсээгүй, өмчлөх эрхтэй этгээд биш. Өөрөө сайн дураараа өмчлөх эрхээсээ татгалзсан. Ж.Н маргаан бүхий орон сууцыг Шийдвэр гүйцэтгэлээс хураах үед байлцсан. Ж.Бямбасүрэнд үл хөдлөхийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон гэдгийг мэдсээр байж, хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж байна. Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/01080 дугаар шийдвэрээр Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх заалтыг баримтлан хариуцагч НШШГГт төлбөр гаргуулахаар хураагдсан Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 24 дүгээр байр, 94 тоот хаягт байршилтай, Ү-0000000000эрхийн улсын бүртгэлийн дугаартай, орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх, 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ж.Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1156 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/01080 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаяр хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн аав Жигжидсүрэн нь 2010 онд уг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан. Ж.Н айлын отгон хүү учраас байрыг өв залгамжлах эрхтэй. Аав нь нас барж уй гашуутай байхад эгч Э.Бямбасүрэн өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан. Ж.Н айлын отгон хүү учраас байрыг өв залгамжлах эрхтэй. Аав нь нас барж уй гашуутай байхад эгч Э.Бямбасүрэн өөрийн нэр дээр үл хөдлөхийн өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан байдаг. Мөн “Анта Финанс ББСБ” ХХК- тай зээлийн гэрээг байгуулж зээл авсан. Ж.Н үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1- т дэх хэсэгт зааснаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлүүлэх, шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 24 дүгээр байр 94 тоот 2 өрөө орон сууцыг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр явуулсан 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан. Шүүх Ж.Нын нэхэмжлэлтэй Ж.Бямбасүрэнд холбогдох орон сууцны өмчлөлийг тогтоолгох орон сууцны зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх хэрэгт 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж гаргасан. Шүүгчийн захирамжийн дараа 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаа явагдсан. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлт баталгаажуулах шүүгчийн захирамж гарсан байхад дуудлага худалдаа явуулсан нь хууль зөрчсөн байх тул шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ж.Н хариуцагч НШШГГт холбогдуулан төлбөрт хураагдсан эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлүүлэх, 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 1742 дугаар шийдвэрээр Ж.Бямбасүрэнгээс 146 400 000 төгрөг гаргуулан Антафинанс ББСБ-д олгож, үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүргийн 15 дугаар, хороо, 3 дугаар хороолол, 24 дүгээр байр 94 тоот, 29 м.кв талбайтай орон сууцнаас хангуулахаар шийдвэрлэсэн, уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагджээ.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл барьцааны эд хөрөнгийг битүүмжлэх, хураах, дуудлага худалдаанд оруулахаар үл хөдлөх хөрөнгийн үнийн санал авах, дуудлага худалдааг явуулсан НШШГГын ажиллагаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй, шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Өвлөх эрхийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгосон баримтаас үзвэл маргааны зүйл болох орон сууцыг өвлөж авахаас Ж.Н өөрөө татгалзсан, орон сууцны өмчлөгчөөр Ж.Бямбасүрэн бүртгэгдсэн байдал тогтоогджээ. /хх-10, 58, 135-136/

Нөгөө талаар, барьцааны эрх эд хөрөнгөд үүсч, уг эд хөрөнгөөс үүргийг хангуулдаг тул барьцааны зүйлийн өмчлөгч өөрчлөгдөх, шинээр өмчлөгч тогтоолгох үйл баримт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд нөлөөлөхгүй бөгөөд өмчлөх эрхийг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан албадлагын арга хэмжээний талаар гомдол гаргасан нь тухайн иргэний шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг зогсоох, түдгэлзүүлэх, эсхүл гүйцэтгэсэн арга хэмжээг цуцлах үндэслэл болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д заасан боловч мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан үндэслэлээр шүүгч, 27.2-т зааснаар шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэх эрхтэй байдаг байна.

Нэхэмжлэгч Ж.Н, Ж.Бямбасүрэнд холбогдуулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, түүний хүсэлтээр 2018 оны 16126 дугаар шүүгчийн захирамжаар уг орон сууцыг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд битүүмжилж, шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан байх боловч 2018 оны 16856 дугаар шүүгчийн захирамжаар Ж.Нын нэхэмжлэлийг буцаасан, захирамжийн үйлчлэл дуусгавар болсон, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байв. /хх171-173/

Иймд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах шүүгчийн захирамж гарсны дараа 2 дахь албадан дуудлага худалдаа явуулсан гэх гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан, Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/01080 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1156 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Х.СОНИНБАЯР

                    ШҮҮГЧ                                                                 П.ЗОЛЗАЯА