Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2019/01080

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Ж.Н-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Төлбөр гаргуулахаар хураагдсан эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлүүлэх, 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.У, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, түүний өмгөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Нын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Нын аав Жигжидсүрэн 2010 онд маргаан бүхий үл хөдлөхийг худалдаж авсан. Ж.Н айлын отгон хүү учраас байрыг өв залгамжлах эрхтэй. Нэхэмжлэгчийн аав нас барж, уй гашуутай байхад эгч Ж.Бөөрийн нэр дээр үл хөдлөхийн өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан байдаг. Эгч Ж.Б АФББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, зээл авсан. Ж.Н үл хөдлөхийн өмчлөгчөөр тогтоолгохоор Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дүгээр зүйлийн 122.1-д зааснаар маргаан бүхий үл хөдлөхийг битүүмжлэлээс чөлөөлүүлэх, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 24 дүгээр байрны 94 тоот 2 өрөө орон сууцыг 2018 оны 12 сарын 20-ны өдөр явуулсан 2 дахь албан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ж.Нын нэхэмжлэлтэй Ж.Бд холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх хэрэгт 2018 оны 11 сарын 30-ны өдрийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж гарсан. Шүүгчийн захирамжийн дараа буюу 2018 оны 12 сарын 20-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаа явагдсан. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлт баталгаажуулах шүүгчийн захирамж гарсан байхад дуудлага худалдаа явуулсан нь хууль зөрчсөн учраас дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 сарын 28-ны өдрийн 1742 дугаартай шийдвэрээр Ж.Бгээс 146,400,000 төгрөг гаргуулж, АФББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар төлбөр төлөгч Ж.Бгийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 24 дүгээр байр, 94 тоот хаягт байршилтай, Y-2205013741 улсын бүртгэлийн дугаар бүхий 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч, гүйцэтгүүлэгч нараас үнийн санал авахаар харилцан тохиролцож, үл хөдлөхийг 150.000.000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний мэдээг 2018 оны 10 сарын 05-ны өдөр 4/16670 дугаартай мэдэгдлээр мэдэгдсэн. Төлбөр төлөгч Ж.БШүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-д зааснаар үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах сарын хугацаа олгосон ч борлуулаагүй. Анхны албадан дуудлага худалдааг 2018 оны 11 сарын 22-ны өдөр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар харилцан тохирч 150.000.000 төгрөгийн 70 хувь буюу 105.000.000 төгрөгөөр дуудсан ч үнийн санал ирээгүй тул 2018 оны 12 сарын 21-ний өдөр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д зааснаар харилцан тохирч 150.000.000 төгрөгийн 50 хувь буюу 75.000.000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулахад 76.200.000 төгрөгөөр үл хөдлөх хөрөнгө худалдан борлогдсон. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: АФББСБ ХХК-ийн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй талаарх тайлбар гаргаж, хариуцагчийн хариу тайлбарыг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Ж.Б2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр зээл хүссэн өргөдөл АФББСБ ХХК-д бичиж, бизнесээ санхүүжүүлэх зорилгоор 60.000.000 төгрөгийн зээл авсан. Зээлийн барьцаанд Ж.Бгийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 24 дүгээр байр, 94 тоот 2 өрөө орон сууц барьцаалсан. АФББСБ ХХК Ж.Бд зээл олгож, үл хөдлөх барьцаалахдаа үл хөдлөхийн өмчлөх эрхийн гэрчилгээг шалгаж, нотариатаар батлуулсан. Талуудын хооронд хуулийн хүчин төгөлдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Ж.Бзээлийн төлбөр төлөөгүйгээс АФББСБ Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 1 сарын 31-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Шүүхээс зээлийн төлбөрт Ж.Бгээс 147.360.000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдсэн. Тухайн үед шүүхийн шийдвэрт зохигчдын хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй, шийдвэр хүчин төгөлдөр болсон. Ж.Бшүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, АФББСБ ХХК-иас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас гаргуулах хүсэлт гаргаж, шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн. Нэхэмжлэгч Ж.Нын эрх ашиг хохироосон зүйл байхгүй. 2018 оны 9 сарын 28-ны өдөр эд хөрөнгө хураах тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч Ж.Б, Ж.Н, н.Баянсан нарыг байлцуулж, эд хөрөнгө хураасан. Эд хөрөнгө хураасан тогтоолд Ж.Н гарын үсэг зурсан. Ж.Н Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль ёсны дагуу явагдаж байгаа гэдгийг мэдэж байсан. Нэхэмжлэгч тал 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Ж.Нын хууль ёсны эрх ашиг хөндөгдөх байсан бол АФББСБ-ын нэхэмжлэлтэй Ж.Бд холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцох эрх нь нээлттэй байсан. Нэхэмжлэгч тал 2 дахь албадан дуудлага худалдаа явагдсаны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах гэсэн оролдлого юм. Ж.Н Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2-д заасныг тус тус баримтлан шаардлага гаргах эрхтэй этгээд гэж өөрийгөө тодорхойлж, хууль ёсны өмчлөгч гэж нэхэмжлэлдээ дурдсан ч энэ байдлыг нотолсон ямар ч нотлох баримт байхгүй. Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн нотлох баримтаас харахад Ж.Н Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.5-д зааснаар өв хүлээж авахаас татгалзсан. Татгалзал нь нотариатын гэрчилгээ, өвлөх эрхийн гэрчилгээний хавсралтад тусгагдсан байна. Ж.Бд үл хөдлөхийн өвлөх эрхийн гэрчилгээ хууль ёсны дагуу олгогдсон. АФББСБ-ын барьцаанд тавьсан үл хөдлөхийн хууль ёсны өмчлөгч Ж.Бболох нь тодорхой харагдана. Улсын бүртгэлийн байгууллагаас олгосон гэрчилгээ өнөөдөр ч хүчин төгөлдөр хэвээр байгаа. Иймд Ж.Н битүүмжлэгдсэн болон хураагдсан эд хөрөнгийн талаар шаардлага гаргах эрхтэй этгээд биш болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа, дуудлага худалдаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.         

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Н Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн талаар бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Ж.Ныг эд хөрөнгийн талаар шаардлага гаргах эрхтэй, өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй. Ж.Бгийн эцэг Д.Жигжидсүрэн 2011 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр нас барсны дараа 2012 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 61 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр үл хөдлөхийн өмчлөх эрхийг Ж.Бд олгосон. Үл хөдлөхийн гэрчилгээний хавсралтад Ж.Н болон эгч, дүү нар үл хөдлөх хөрөнгийг өвлөхөөс татгалзаж, нотариатын бүртгэл үйлдсэн. Нотариатын тухай хууль болон нотариатын тухай журам, Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1, 528 дугаар зүйлийн 528.1-д зааснаар тус тус Ж.Н өмчлөх эрхээсээ татгалзсан. 2012 онд буюу 7 жилийн өмнө өв хүлээж авахаас татгалзсан хүн надад шаардах эрх байгаа учраас Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, битүүмжлэлээс чөлөөлүүлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Ж.Бд 2012 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн үл хөдлөхийн өмчлөх эрх гэрчилгээгээр шилжсэн. Ж.Н, Ж.Бд үл хөдлөхийн өмчлөх эрх шилжсэн гэдгийг мэдэж байсан. Ж.Н өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж үзвэл Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар улсын бүртгэлийн үнэн, зөв эсэхэд гомдол гаргах эрхтэй байсан. Ж.Н тийм гомдол гаргаагүй. 2012 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 61 дугаартай үл хөдлөх хөрөнгө өвлөх эрхийн гэрчилгээ, улсын бүртгэл хуулийн хүчин төгөлдөр. Ж.Нт үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх хуулийн дагуу үүсээгүй, өмчлөх эрхтэй этгээд биш. Өөрөө сайн дураараа өмчлөх эрхээсээ татгалзсан. Ж.Н маргаан бүхий орон сууцыг Шийдвэр гүйцэтгэлээс хураах үед байлцсан. Ж.Бд үл хөдлөхийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон гэдгийг мэдсээр байж, хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж байна. Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

           

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Н нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөр гаргуулахаар хураагдсан эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлүүлэх, 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгч нь эд хөрөнгийн талаар шаардлага гаргах эрхгүй этгээд бөгөөд 2 дахь албадан дуудлага худалдаа хууль зөрчөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь хариуцагчийг дэмжсэн байр суурьтай шүүх хуралдаанд тайлбар гаргаж оролцлоо.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Дараах үйл баримт тогтоогдлоо.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 1742 дугаар шийдвэрээр АФББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Бнарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 150.096.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, батлан даагчид нөхөх хариуцлага хүлээлгэхийг даалгахыг хүссэн иргэний хэргийг хянаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Ж.Бгээс зээлийн гэрээний үүрэгт 146.400.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч АФББСБ ХХК-д олгож, мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.2 дахь заалтыг баримтлан хариуцагч мөнгөн төлбөрийн үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 24 дүгээр байр, 94 тоот хаягт байршилтай, Ү-2205013741 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, орон сууцыг худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.Бнь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр төлбөр авагч АФББСБ ХХК шүүхэд хүсэлт гаргаж, 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 10726 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 18250959/03 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 24 дүгээр байр, 94 тоот хаягт байршилтай, Ү-2205013741 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, орон сууцыг битүүмжилж, улмаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 18250959/04 тоот эд хөрөнгө хураан авах тогтоолоор дээрх орон сууцыг хураан авахаар шийдвэрлэжээ.

Энэхүү иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ж.Н нь төлбөр гаргуулахаар хураагдсан Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 24 дүгээр байр, 94 тоот хаягт байршилтай, Ү-2205013741 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тухайн орон сууцыг хууль ёсны өвлөгчийн хувиар өмчлөх эрхтэй буюу хураагдсан хөрөнгийн талаар шаардлага гаргах эрхтэй этгээд гэж өөрийнхөө шаардах эрхийн талаар тайлбарлаж байна.

Хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс нэхэмжлэгч нь шаардлага гаргах эрхтэй этгээд биш, тухайн үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаанд тавьсан Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 24 дүгээр байр, 94 тоот хаягт байршилтай, Ү-2205013741 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, орон сууц нь төлбөр төлөгч Ж.Бгийн нэг хүний өмч гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлав.

Нэхэмжлэгч нь тухайн орон сууцанд 2010 оноос хойш амьдарч байгаа тул шаардах эрхтэй гэжээ. Эд хөрөнгө эзэмшигч нь тухайн хөрөнгийн хувьд өмчлөгч гэж гуравдагч этгээдийн хувьд тооцогдож болох хэдий ч Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.2-т эд хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол эзэмшигчийг өмчлөгч гэж үзэхгүй. Үл хөдлөх хөрөнгийн хувьд өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэдэг. Улсын бүртгэлээс ирсэн баримтаар өмчлөгч нь Ж.Ббайна.

Түүнчлэн нэхэмжлэгч Ж.Н нь тус шүүхэд Ж.Бд холбогдуулан төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгө болох Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 24 дүгээр байр, 94 тоот хаягт байршилтай, Ү-2205013741 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, зээлийн барьцаанаас чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэхээр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч түүнийг эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр гараагүй, түүний нэхэмжлэлийг буцааж, өмчлөх эрхийн талаар дахин маргаан үүсээгүй болох нь хэрэгт авагдсан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолоор тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт Энэ хуулийн 55.7, 122.1-т заасны дагуу гаргасан гомдлыг хянан хэлэлцэх хүрээ нь тухайн гомдол гаргасан асуудлаар хязгаарлагдах бөгөөд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл болох энэ хуулийн 6.2-т заасан шийдвэрийн агуулгад хамаарахгүй гэж заасан байдаг.

Нэхэмжлэгч Ж.Ныг төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй байх ба хэрэгт авагдсан Архивын баримтаар тэрээр эцэг Д.Жигжидсүрэнгийн өвлөгдөх хөрөнгийн өөрт ногдох хэсгээс Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.5-д Өвлөгч өвлөх эрхээ өвлөвөл зохих бусад этгээдэд шилжүүлэхээр зааж, өв хүлээн авахаас татгалзах эрхтэй гэж зааснаар өвлөгч Ж.Бд шилжүүлэхээр зааж 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдөр татгалзсан болох нь тогтоогдлоо.

Иймээс төлбөр гаргуулахаар хураагдсан Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 24 дүгээр байр, 94 тоот хаягт байршилтай, Ү-2205013741 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, орон сууцны талаар Ж.Н нь эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй байна.

 

Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 12/24 тоот албадан дуудлага худалдаа зохион байгуулах тогтоолын дагуу явуулсан 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байхад биелүүлээгүй зөрчиж, Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 24 дүгээр байр, 94 тоот хаягт байршилтай, Ү-2205013741 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, орон сууцыг дуудлага худалдаанд оруулсан тул хүчингүй болох үндэслэлтэй гэж тайлбарлав.

Тус шүүхийн шүүгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гарсан байх бөгөөд 2 дахь албадан дуудлага худалдаа нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр явагдсан болох нь хэрэгт авагдсан дуудлага худалдааны тэмдэглэл, бусад баримтаар нотлогдож байна.

Шүүхээс нэхэмжлэгчийг төлбөр гаргуулахаар хураагдсан эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй гэж дүгнэсэн тул түүний нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын талаар мөн адил шаардлага гаргах эрхгүй этгээд гэж үзэв.

            Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Нын төлбөр гаргуулахаар хураагдсан эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлүүлэх, 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

            1. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт төлбөр гаргуулахаар хураагдсан Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 24 дүгээр байр, 94 тоот хаягт байршилтай, Ү-2205013741 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх, 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ж.Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                         

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.МӨНХЦЭЦЭГ