Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
Хэргийн индекс | 183/2018/03001/И |
Дугаар | 210/МА2019/01135 |
Огноо | 2019-06-17 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2019/01135
2019 оны 06 сарын 17 өдөр | Дугаар 210/МА2019/01135 |
Я.Өын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Б.Нармандах, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/00918 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Я.Ө, хариуцагч “М” ТӨХК-д холбогдох тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.
Нэхэмжлэгчийн тайлбарт: “Би “М” ТӨХК-д 1997 оноос хойш 20 гаруй жил ажиллаж байна. “М” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/400 тоот тушаалаар Я.Ө намайг Бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн дарга, агаарын хөлгийн ахлах үйлчлэгчээр томилж, хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Миний бие ажиллаж байх хугацаандаа эрхэлсэн ажил үүрэгтээ ямар нэгэн алдаа, дутагдал гаргаагүй байхад намайг гэнэт 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр гүйцэтгэх захирлын Б/645 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Компанийн дүрмийн 8.8.11, Хөдөлмөрийн гэрээний 9.4.12, Хөдөлмөрийн дотоод журмын 10.1.1в, 11.9.4, 11.9.15, Нислэгийн үйл ажиллагааны зааврын 7.12.1, Сахилгын шийтгэл ногдуулах тухай гүйцэтгэх захирлын 2018 оны 4 дүгээр сарын 26-ны Б/337 тоот тушаалыг тус тус үндэслэн нислэгийн хэлтсийн даргын баталсан 2018.08.03-ны нислэгийн томилолтыг дур мэдэн өөрчилсөн, албан ажлын шаардлага тавихдаа хэлтсийн ажилтнуудтайгаа зүй бусаар харьцаж, харилцааны доголдол гаргасан, гүйцэтгэх захирлын 2018.05.23-ны өдрийн Б/400 тоот тушаалын 3 дахь заалтаар өгсөн хэлтсийн ажлыг сайжруулах төлөвлөгөөт ажлыг зохион байгуулж захирлын зөвлөлийн хуралд танилцуулах үүргийг биелүүлээгүй, улмаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэж ажлаас халсан нь үндэслэлгүй. Би 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Улаанбаатар-Берлин-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хуваарийг огт дур мэдэн солиогүй ба нислэгийн хуваарийг солих эрх зөвхөн төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн н.Чанаравт байдаг тул тэрээр өөрийн гараар 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн нислэгийн хуваарийг сольсон, энэ хуваарь өөрчлөх програм руу орох эрх н.Чанаравт л байдаг. Энэ тухай би тухайн үед үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирал Н.Ганболдод хэлсэн. Харин төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн н.Ганцэцэг, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн н.Чанарав нар нь дээрх хуваарь өөрчилсөн асуудлын тухай мэдсээр байсан хирнээ хоорондоо үгсэн хуйвалдаж, намайг хэнд ч хэлэлгүй өөрийн програм руу ордог эрхээрээ нэвтэрч өөрчлөлт хийсэн, тухайн нислэг өглөө ахлах үйлчлэгчгүй байсан хэмээн гүтгэсэн юм. Үүнийг хэн өөрчлөлт хийснийг тодруулах нь их амархан асуудал боловч үүнийг нягтлахыг огт хүсэлгүйгээр Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Т.Мөнгөн халах тушаалыг төлөвлөн, гүйцэтгэх захиралд танилцуулсанд туйлын гомдолтой байна. Миний бие ажлын байрны тодорхойлолтонд дурдсан үүргийнхээ дагуу хариуцсан ажилтнуудад ажлын шаардлага тавьж, хэлтсийнхээ ажилтнуудтайгаа зүй бусаар харьцаж, харилцааны доголдол гаргаж байгаагүй. Гүйцэтгэх захирлын 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/400 тоот тушаалын 3 дахь заалтаар өгсөн хэлтсийн ажлыг сайжруулах төлөвлөгөөт ажлыг зохион байгуулж, захирлын зөвлөлийн хуралд танилцуулах үүргийг биелүүлээгүй гэж ажлаас халах үндэслэл болгожээ. Гэтэл уг тушаалд уг ажлыг хэзээ танилцуулах хугацааг заагаагүй. Хэлтсийн даргын албан тушаалд намайг томилогдсоноос хойш нэг удаа захирлын зөвлөлийн хурал болсон бөгөөд тухайн хурлын хэлэлцэх асуудлын жагсаалтад бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн асуудал, хэлтсийн ажлыг сайжруулах төлөвлөгөөт ажлыг танилцуулах асуудал орсон уу гэж захирлын туслах н.Мөнхжингөөс асуухад ороогүй гэж хэлсэн. Хэлтсийн ажлын хагас жилийн төлөвлөгөөний хэлтсийн ажлыг сайжруулах төлөвлөгөө болон биелэлтийг Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргад би 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн орчимд танилцуулсан. Миний бие улмаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаагүй. Я.Ө миний бие компанийн дүрэм, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмыг зөрчөөгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг нэр төртэй биелүүлж, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргаагүй болно.
Иймд Я.Ө намайг үндэслэлгүй ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар “М” ТӨХК-аас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулалт хийлгүүлэхийг “М” ТӨХК-д даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн тайлбарт: Гүйцэтгэх захирлын 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Б/267 тоот тушаалаар Я.Өыг ажилд дэвшүүлэн томилж, бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн дарга, агаарын хөлгийн ахлах үйлчлэгчээр түр хугацаагаар томилж, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/400 тоот тушаалаар жинхлэн томилж, тус тушаалын 3 дахь заалтад бүхээгийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр төлөвлөгөөт ажил зохион байгуулж, үр дүнг нь захирлын зөвлөлийн хуралд танилцуулахыг үүрэг болгосон. Гэтэл 2018 оны 6, 7, 8, 9 дүгээр саруудад захирлын зөвлөлийн ээлжит хурал хуралдахад Хөдөлмөрийн дотоод журмын 2.3.10 дахь заалтын дагуу Я.Ө нь холбогдох материалыг захирлын зөвлөлийн нарийн бичгийн даргад өгөөгүй нь Хөдөлмөрийн дотоод журмын 11.9.4-т зааснаар “Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажлыг удаа дараа биелүүлээгүй бол” хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно. 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/337 тоот тушаалаар Я.Өд сахилгын шийтгэл оногдуулсан байх бөгөөд гүйцэтгэх захирлын 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/645 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэсэн нь Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 131.4-т нийцэж байна. Я.Ө нь нэхэмжлэлд дурдахдаа 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Улаанбаатар-Берлин-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хуваарийг огт дур мэдэн солиогүй, хуваарийг солих эрх зөвхөн төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн н.Чанаравт байдаг тул надад нислэгийн хуваарь солих боломжгүй гэжээ. Компанийн үндсэн зааврын нислэгийн үйл ажиллагааны зааврын 7.12.1-д нисэх багийн ажлын наряд өмнөх сарын 25-ны дотор батлагддаг бөгөөд энэхүү ажлын наряд буюу нисэх бүрэлдэхүүнийг өөрчлөх эрх нислэгийн хэлтсийн ахлах мэргэжилтэнд байдаг болно. Учир нь энэхүү нисэх бүрэлдэхүүний хувийн мэдээллүүд нь нислэг үйлдэж буй нисэх буудлуудын гааль болох хилийн шалган нэвтрүүлэх албанд хүргэгддэг бөгөөд мэдээллийг өөрчлөх тохиолдолд энэхүү журамд заасны дагуу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хийгддэг шат дамжлага бүхий үйл явц юм. Гэтэл Я.Ө нь дур мэдэн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн ОМ135 дугаарын аялалд ахлах үйлчлэгчээр өөрөө явахаар батлагдсан ажлын нарядыг өөрчилж, Б.Уранбилэгийг сольж бичсэн нь тогтоогдсон бөгөөд ОМ135 дугаарын аялал ахлах үйлчлэгчгүй нислэгт гарсан болно. Иймд Хөдөлмөрийн дотоод журмын 11.9.15-т “Компанийн үндсэн зааварт тусгагдсан үйл ажиллагаа, заавар, дүрэм журмын холбогдох заалтыг зөрчсөн нь ажлын байр албан тушаал гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой нь холбогдуулан Я.Өтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9.4.12-т заасан хөдөлмөрийн ноцтой зөрчилд тооцогдох юм. Я.Ө нь хариуцсан ажилтнуудтай зүй бус харьцаж, харилцааны доголдол гаргаж байгаагүй, ажлын шаардлага тавьж ажиллаж байсан хэмээн дурджээ. Бүхээгийн хэлтсийн агаарын хөлгийн үйлчлэгч А.Гүнж, Х.Дөлгөөн болон төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн П.Ганцэцэг нарын гүйцэтгэх захиралд хандан гаргасан өргөдлийн дагуу Захиргаа хүний нөөцийн хэлтэс асуудлыг шалгаад хариуцсан ажилтнуудтай зүй бус харьцаж, харилцааны доголдол гаргаж байсан болохыг гүйцэтгэх захиралд танилцуулсан байна гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дүгээр зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Өыг “М” ТӨХК-ийн Бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн дарга, агаарын хөлгийн ахлах үйлчлэгчийн ажилд нь эгүүлэн тогтоож, Миат хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/645 дугаар тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч “М” ТӨХК-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 34 469 882 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.Өд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Я.Өын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл, хураамж төлөхийг хариуцагч “М” ТӨХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Ө нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийн хувьд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “М” ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 330 269 төгрөгийг гаргуулан төрийн сангийн дансанд оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчимэгийн давж заалдах гомдолд: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2019/00918 тоот шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Я.Өын нэхэмжлэлийн шаардлага болох хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах тухай “М” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/645 тоот тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй хэмээн дүгнэсэн.
Гэхдээ тушаалын эрх зүйн болон бодит байдлын үндэслэлд дүгнэлт хийхдээ хэт нэг талыг барьж Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. “М” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/645 тоот тушаалын эрх зүйн үндэслэл буюу уг тушаалд дурдсан Хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ болон компанийн үйл ажиллагааны үндсэн зааврын холбогдох зүйл заатуудад шүүх хууль хэрэглээний дүгнэлт хийгээгүй атлаа Б/642 тоот тушаалын тушаах хэсгийн 1 дэх заалтад дурдсан нэхэмжлэгчийн гаргасан сахилгын зөрчлүүд нотлогдоогүй мэтээр дүгнэж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчсөн. Нэхэмжлэгч нь нислэгийн хэлтсийн даргын баталсан 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн нислэгийн томилолтыг дур мэдэн өөрчилсөн үйлдэл нь нотлох баримтаар нотлогдоогүй гэжээ.
Гэтэл гэрч Р.Чанарав, П.Ганцэцэг нарын мэдүүлэг, AIMS программаас гарсан Log үзлэгийн явцад нэхэмжлэгчийн даалгавраар ажлын наряд солих ажлыг төлөвлөсөн гэх М.Анарын нэхэмжлэгчид ирүүлсэн электрон шуудан зэрэг нотлох баримтаар 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн нислэгийн нарядыг тухайн өдрийн өмнөх өдрийн 11 цаг 39 минутад төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн 777 кодтой хэрэглэгч Чанарав баталсан байх бөгөөд Я.Ө нь захирлын зөвлөлийн хуралтай тул өөрийнхөө оронд өөр хүн олж нислэгт явуулах даалгаврыг М.Анарт өгсөн байдаг. Гэтэл Захирлын зөвлөлийн ямар ч хурал товлогдоогүй байсан нь зөвлөлийн нарийн бичиг М.Мөнхжингийн гэрчийн мэдүүлэг болон Захирлын зөвлөлийн хурлын материалуудаар нотлогддог. Наряд баталсаны дараа өөрчлөлт хийх буюу нарядаас хүн хасахаар бол эрх бүхий хэрэглэгч нарядны дараах өөрчлөлт цэсээр орж тус нисэх бүрэлдэхүүний гишүүнийг яагаад солигдож байгаа шалтгааныг заавал бичиж үйлдлийг гүйцэтгэдэг байх бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 15 цагт хийгдсэн 15 цагт хийгдсэн бүртгэлээр ийм үйлдэл огт хийгдээгүй, нислэгийн хэлтсийн ажилтан М.Анарын хүсэлтээр наряд өөрчилсөн болох нь тогтоогдсон. Нисэх багийн ажлын наряд буюу нисэх бүрэлдэхүүнийг өөрчлөх эрх нислэгийн хэлтсийн ахлах мэргэжилтэнд байдаг. Энэхүү нисэх бүрэлдэхүүний хувийн мэдээллүүд нь нислэг үйлдэж буй нисэх буудлуудын гааль болон хилийн шалган нэвтрүүлэх албанд хүргэгддэг бөгөөд мэдээллийг өөрчлөх тохиолдолд компанийн үндсэн зааврын Нислэгийн үйл ажиллагааны зааврын 7.12.1 дэх заалтын дагуу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хийгддэг шат дамжлага бүхий үйл явц юм. Нэхэмжлэгч нь албан ажлын шаардлага тавихдаа хэлтсийн ажилтнуудтайгаа зүй бусаар харьцаж харилцааны доголдол гаргасан талаар компанийн ёс зүйн хорооны хуралдаанаар хэлэлцүүлээгүй тул тогтоогдоогүй гэжээ. Гэтэл “М” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн №А/306 тоот тушаалаар ёс зүйн хорооны бүрэлдэхүүн дүрмийг шинэчлэн баталсан байх бөгөөд энэхүү хорооны зорилго нь компанийн үйл ажиллагаатай холбоотой үйлчлүүлэгчдээс ирүүлж буй санал гомдол мэдээллийг хянан шийдвэрлэх зөрчид дутагдлыг арилгах зорилгын хүрээнд ажилтнуудын ёс зүйг дээшлүүлэхтэй холбоотой дүрэм бөгөөд ёс зүйн хороо нь иргэн албан тушаалтан төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж байгууллагаас “М” ТӨХК-ийн ажилтнуудын ёс зүйн зөрчлийн тухай гомдол мэдээллийг хүлээн авч шалгаж шийдвэрлэх эрх бүхий орон тооны бус байгууллага. Гэтэл тухайн тохиолдол нь нэхэмжлэгчийн өөрийн харъяа удирдлагад буй ажилтнуудтайгаа хувийн тааламжгүй харилцаатай холбоотой асуудал учраас компанийн гүйцэтгэх захиралд эдгээр ажилтны гомдол хаяглагдсан болох нь тогтоогдсоор байхад шүүх ёс зүйн хороонд хамааруулж байгаа нь үндэслэлгүй. Түүнчлэн бүхээгийн хэлтсийн үйлчлэгч ажилтай гэрч н.Дөлгөөн, н.Ганцэцэг нар гэрийн мэдүүлэг өгсөн. Нэхэмжлэгч нь хэлтсийн ажлыг сайжруулах төлөвлөгөөт ажлыг ямар цаг хугацаанд зохион байгуулж захирлын зөвлөлийн хуралд танилцуулах талаар нэхэмжлэгчийг бүхээгийн хэлтсийн даргын ажилд томилогдсон тушаалд тодорхой заагаагүй тул ажил сайжруулах үүргийг биелүүлээгүй гэж үзэх боломжгүй гэжээ.
Гэтэл Я.Ө нь нэхэмжлэлдээ “2018-05-23-ны өдрийн Б/400 тоот тушаапд уг ажлыг хэзээ танилцуулахыг заагаагүй. Хэлтсийн даргын албан тушаалд намайг томилогдсоноос хойш 1 удаа захирлын зөвлөлийн хурал болсон бөгөөд тус хурлын хэлэлцэх асуудлын жагсаалтанд бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн ажлыг сайжруулах төлөвлөгөөт ажил орсон уу” гэж М.Мөнхжингөөс асуухад ороогүй гэж хэлсэн" хэмээн дурджээ. Гэтэл 2018 оны 6,7,8,9 дүгээр саруудад Захирлын зөвлөлийн ээлжит хурал хуралдсан байх ба Хөдөлмөрийн дотоод журмын 2.3.10 дахь заалтын дагуу Я.Ө нь бүхээгийн хэлтсийн ажлыг сайжруулах ажлын төлөвлөгөөг хурлаар хэлэлцүүлэхээр өөрийн боловсруулсан материалыг захирлын зөвлөлийн нарийн бичгийн даргад ирүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь захирлын зөвлөлийн нарийн бичгийн даргын тодорхойлолт, гэрчийн мэдүүлэг, захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлуудын жагсаалтыг баталсан баримтууд, Хөдөлмөрийн дотоод журмын 2.3.9; 2.3.10; 2.3.12; 10.1.1.В заалтуудаар нотлогддог. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй байгаа нь ажил олгогчийн зүгээс тодорхой хугацаа заагаагүй нь ажилтанд сахилгын хариуцлага тооцох үндэслэл болохгүй хэмээн дүгнэж байгааг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь сахилгын зөрчлийг давтан гаргасан болох нь нотлогдоогүй тул 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/645 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 , 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг зөрчсөн хэмээн дүгнэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар ажил олгогчийг сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулсан хэмээн дүгнэж байгааг болон нэхэмжлэгч нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан талаарх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь бодитоор дүгнэлгүйгээр хэрэг маргааныг шийдвэрлэж байгааг эс зөвшөөрч байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын хувьд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Я.Ө хариуцагч “М” ТӨХК-д холбогдуулан тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгуулах шаардлага гаргажээ.
Хариуцагч “М” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/645 тоот тушаалаар тус компанийн бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн дарга, агаарын хөлгийн ахлах үйлчлэгчээр ажиллаж байсан Я.Өыг Нислэгийн хэлтсийн даргын баталсан 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн нислэгийн томилолтыг дур мэдэн өөрчилсөн, албан ажлын шаардлага тавихдаа хэлтсийн ажилтнуудтай зүй бусаар харьцаж харилцааны доголдол гаргасан, гүйцэтгэх захирлын 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/400 тоот тушаалын 3 дахь заалтаар өгсөн хэлтсийн ажлыг сайжруулах төлөвлөгөөт ажлыг зохион байгуулж захирлын зөвлөлийн хуралд танилцуулах үүргийг биелүүлээгүй, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх7-9/
Ажил олгогч нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачлагаар цуцлах эрхтэй боловч шүүх нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан сахилгын зөрчил давтан гаргасан болох нь нотлогдохгүй байна гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцэж байна.
Хариуцагч тал нь тус компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/337 дугаар тушаалаар нэхэмжлэгчид хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, урьдчилан мэдэгдэлгүй ажилдаа цагтаа ирээгүй гэх үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байх бөгөөд ийнхүү сахилгын шийтгэл ногдуулсны дараа дахин нислэгийн томилолтыг дур мэдэн өөрчилсөн, албан ажлын шаардлага тавихдаа хэлтсийн ажилтнуудтай зүй бусаар харьцаж харилцааны доголдол гаргасан, гүйцэтгэх захирлын 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/400 тоот тушаалын 3 дахь заалтаар өгсөн хэлтсийн ажлыг сайжруулах төлөвлөгөөт ажлыг зохион байгуулж захирлын зөвлөлийн хуралд танилцуулах үүргийг биелүүлээгүй гэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь нотлох баримтад үндэслэгдээгүй байна. /1хх69/
Эхний буюу 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн ОМ135 нислэгийн томилолтыг дур мэдэн өөрчилсөн зөрчлийн хувьд тухайн өдөр уг чиглэлд нисэх бүхээгийн хэсэгт Я.Ө, М.Анар, Г.Алтанзул, Г.Дамдин, Б.Золзаяа, З.Мядагмаа, Д.Нарансайхан нар томилогдсон байх боловч Я.Өын нэр өөрчлөгдөж, Б.Уранбилэг тухайн нислэгт явсан нь тогтоогдсон.
Нэхэмжлэгч нь “ .., би агаарын үйлчлэгчийн дүрэмт хувцасны санхүүжилтийн асуудлыг захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийн тулд 08 дугаар сарын 03-ны өдрийн нислэгийг солих талаар агаарын хөлгийн ахлах үйлчлэгчийн орлогч н.Анараар дамжуулан Р.Чанаравт мэдэгдсэн .., ” гэж тайлбарласныг хариуцагч баримтаар няцаагаагүй байна. Нэхэмжлэгч нь нислэгт явах боломжгүй талаар холбогдох ажилтнуудад мэдэгдэж байсныг өөрөө дур мэдэн нислэгийг өөрчилсөн гэж үзэхэд учир дутагдалтай байна. /2хх95/
“М” ТӨХК-ийн Нислэгийн үйл ажиллагааны зааврын 7.12.1-д .., хэрэв өдөр тутмын нисэх багийн томилолт сар бүрийн нисэх багийн хуваариас өөрчлөгдвөл хариуцсан мэргэжилтэн нь нисэх багт шууд холбогдох буюу өөрийн биеэр мөн утас зэргээр шууд мэдээллэнэ .., нисэх багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон тохиолдолд нислэгийн баг төлөвлөлтийн мэргэжилтэн нислэгийн үүргийн хуудсыг өөрчлөлт оруулж солигдсон хүний нэрний ард гарын үсэг зурна. Мөн нислэгийн баг төлөвлөлтийн мэргэжилтэн нисэх бүрэлдэхүүнд өөрчлөлт орсныг мэдэгдэх, шинээр орсон гишүүн нислэгт ирэхийг мэдээллэх үүрэгтэй гэж заасан байна. /1хх152/
Түүнчлэн нислэгийн төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Р.Чанаравын ажлын байрны тодорхойлолтын 3.1.1, 3.1.2, 3.2.5-д агаарын хөлгийн үйлчлэгч нарын нислэгийн төлөвлөлтийг сар, улирал, жилээр иргэний нисэхийн дүрэм, бүхээгийн үйл ажиллагааны заавар, компанийн холбогдох журмын шаардлагын хүрээнд томилгоо хийх, нислэгийн өдөр тутмын томилгоог хийж, наряд батлуулах, өдөр тутмын болон сарын нислэгийн хуваарийг гаргах үүрэгтэй байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдүүлэгээр нь нэхэмжлэгч Я.Ө М.Анарт нислэгийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлт гаргасныг М.Анар Р.Чанаравт дамжуулсан, Р.Чанарав н.Цэрэнлхамд хэлж нэрийг нь өөрчлүүлсэн үйл баримт тогтоогдсон тул Я.Өыг наръяд дур мэдэн өөрчилсөн гэж үзэхгүй. Хэдийгээр нэхэмжлэгч 08 дугаар сарын 03-ны өдрийн нислэгийн хуваарийг өөрчлөх асуудлыг хөндсөн байх боловч түүний хүсэлтийг хүлээн авах эсэх нь ажил олгогчийн эрх мэдлийн асуудал байна.
Түүнчлэн нэхэмжлэгч албан ажлын шаардлага тавихдаа хэлтсийн ажилтнуудтай зүй бусаар харьцаж харилцааны доголдол гаргасан гэх боловч хэрэгт энэ талаар эргэлзээгүй баримт авагдаагүй байна.
Хэргийн 2 дугаар хавтасны 64-63 дугаар талд авагдсан “М” ТӨХК-ийн ажилтны ёс зүйн дүрмийн 2.3.1, 3.4-т ажилтнууд хоорондоо болон үйлчлүүлэгч, бусад хүмүүстэй албан үүргийн хувьд харилцахдаа аашилж зандрах, айлган сүрдүүлэх, үзэл бодлоо тулгах зэргээр зүй бус авир гаргахгүй байх үүрэгтэй, энэ дүрэмд заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн ажилтныг ёс зүйн хорооны хуралдаанаар хэлэлцэж, ёс зүйн зөрчил гаргасан эсэх тухай дүгнэлт гаргана. Хэрэв ёс зүйн зөрчил гаргасан гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд гүйцэтгэх захирлын тушаалаар холбогдох хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан байна.
Нэхэмжлэгч Я.Өыг 2018 оны 08 дугаар сард П.Ганцэцэг, Х.Дөлгөөн нартай зүй бусаар харьцсан гэх нь баримтаар нотлогдохгүй байна.
Тэрээр П.Ганцэцэгтэй “ ... ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрийн биеэр өг гэж хэлсэн, хувийн үзэмжээр бусдад хандан, дарамт шахалт үзүүлдэг. Агаарын хөлгийн үйлчлэгч нарт ялгавартай хандаж эерэг уур амьсгал эвдэн, сэтгэл зүйн дарамт учруулж ..,” харьцсан, Х.Дөлгөөнтэй “ ... архичин, залхуу, танхай, унтаахай гэм мэт элдвийн үгээр дайрч гүтгэн доромжилсон, би чамайг яаж ийж байгаад хална гээд өөдөөс бичгийн цаас шидэж тангараг бич гэсэн. Хамт нислэгээс буугаад автобусандаа суугаад явахад хүртэл энэ дандаа унтаж байхын гээд хажуугаар хөл рүү өшиглөдөг .., ” зэрэг бүдүүлэг харьцан ёс зүйн зөрчил гаргасан гэдэг боловч П.Ганцэцэг, Х.Дөлгөөн нарын зан байдал, ажилдаа хандах хандлагын талаар ахлах үйлчлэгч С.Оюун, Х.Цэнгэлмаа нар мэдүүлсэн, түүнчлэн Х.Дөлгөөний зүй бусаар харьцсан гэх гомдлыг С.Оюун үгүйсгэсэн мэдүүлэг өгсөн байх ба эдгээр гэрчүүдийн мэдүүлгийг үгүйсгэсэн баримтгүй байна.
Түүнчлэн Х.Дөлгөөн, П.Ганцэцэг нарын “М” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөрд нэхэмжлэгчийн талаар гаргасан өргөдлийг байгууллагын ёс зүйн хорооны хуралдаанаар хэлэлцээгүй, нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан болохыг тогтоосон баримт хэрэгт байдаггүй. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй.
Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/400 тоот тушаалын 3 дахь заалтаар өгсөн хэлтсийн ажлыг сайжруулах төлөвлөгөөт ажлыг зохион байгуулж захирлын зөвлөлийн хуралд танилцуулах үүргийг биелүүлээгүй гэх үндэслэлгүй байна.
“М” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны Б/400 дугаар тушаалаар нэхэмжлэгч Я.Өд бүхээгийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр төлөвлөгөөт ажил зохион байгуулж, үр дүнг нь Захирлын зөвлөлийн хуралд танилцуулахыг үүрэг болгожээ. /1хх9/
Тушаалын агуулгаас үзвэл нэхэмжлэгч нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ажлыг хүлээн аваад бүхээгийн үйл ажиллагааг сайжруулах төлөвлөгөөт ажил зохион байгуулах, үүнээс гарах үр дүнг захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр байна. Уг тушаалд зааснаар ажилтан ажил сайжруулах төлөвлөгөөг ямар хугацаанд боловсруулж, төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг ямар хугацаанд зохион байгуулж хэрэгжүүлэх, үр дүнг хэзээ хэлэлцүүлэх зэрэг нь тодорхойгүй байна.
Нэхэмжлэгчийг бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн даргын ажилд 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр томилогдсоноос хойш “М” ТӨХК-ийн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудалд бүхээгийн үйл ажиллагааг сайжруулах төлөвлөгөөний талаар авч хэлэлцээгүй байна. Иймд шүүх нэхэмжлэгчийг хэлтсийн ажлыг сайжруулах төлөвлөгөөт ажлыг зохион байгуулж захирлын зөвлөлийн хуралд танилцуулах үүргийг биелүүлээгүй гэж үзэх боломжгүй гэж дүгнэснийг буруутгах хуулийн үндэслэлгүй болно. /2хх9/
Шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 34 469 882 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 555 тоот тушаал зэрэгтэй нийцжээ.
Харин гүйцэтгэх захирлын 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/645 тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлага нь бие даасан шаардлага биш байх тул шүүх уг хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хасч залруулах боломжтой байна.
Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт найруулгын хувьд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/00918 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Өыг “М” ТӨХК-ийн бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн дарга, агаарын хөлгийн ахлах үйлчлэгчийн ажилд нь эгүүлэн тогтоосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330 300 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
А.МӨНХЗУЛ