Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2019/01063

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             “ДБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/01054 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “ДБ” ХХК, хариуцагч “П” ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 6 636 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтүвшин, хариуцагчийн өмгөөлөгч Т.Цэен-Ойдов, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: “ДБ” ХХК-ийн агуулахад 100 м.кв талбайг “П” ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 1 жилийн хугацаатай түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулсан. 1 м.кв талбайн үнэ 5 500 төгрөг, сарын төлбөр 550 000 төгрөг байхаар гэрээгээр тохирсон. 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр түрээсийн гэрээг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгасан. “П” ХХК нь 2013, 2014 оны түрээсийн төлбөрийг төлсөн. 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр түрээсийн төлбөрт 1 650 000 төгрөг хамгийн сүүлд төлснөөр тухайн жилийн төлөх ёстой төлбөрөөс 526 000 төгрөгийн илүү төлөлт хийсэн тул энэ мөнгийг 2015 оны 01 дүгээр сарын түрээсийн төлбөрт тооцож оруулснаар 24 000 төгрөгийн дутуу төлөлт байгаа. Түрээсийн гэрээ 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дууссан боловч үргэлжлүүлэн 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл түрээсэлсэн ба энэ өдрөөр түрээсийн гэрээ дуусгавар болж, байр хүлээлцсэн акт үйлдсэн байдаг. “П” ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 1 100 000 төгрөг төлсөнг 2, 3 сарын төлбөрт тооцсон. 2015 оны 04, 05 дугаар сарын түрээсийн төлбөр төлөгдөөгүй явж байгаад 2015 оны 07, 08 дугаар сарын түрээсийн төлбөр төлөгдөж, 09-12 дугаар саруудын түрээсийн төлбөрөө төлөөгүй. 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 1 100 000 төгрөг, мөн өдрөө дахин 550 000 төгрөг төлсөнг 1, 2, 3 дугаар сарын төлбөрт тооцсон. 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 550 000 төгрөг төлсөнг 04 дүгээр сарын төлбөрт нь тооцсон. Хариуцагч тал төлөгдсөн үнийн дүн, одоо нэхэмжилж байгаа түрээсийн төлбөр болон 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тухайн түрээсийн газар үйл ажиллагаа явуулсан талаар маргадаггүй. Энэ хугацаанаас хойш иргэн Л.Чанцалдом түрээсэлсэн асуудал нь өөр харилцаа учир энд яригдахгүй. Бид хариуцагчийн төлсөн саруудыг төлөөгүй саруудад урагш нь гүйлгэх, төлөөгүй сараар тооцход үлдэгдэл төлөх төлбөрийн үнийн дүнд өөрчлөлт орохгүй байгаа. Гэрээнд зааснаар төлөөгүй саруудын алдангийг 0,5 хувиар тооцсон.  Иймд хариуцагч “П” ХХК-аас 4 424 000 төгрөгийг алданги 2 212 000 төгрөгийн хамт нийт 6 636 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлд дурьдсан нэхэмжлэгчийн хаяг, гэрчилгээний хаягтай зөрүүтэй байна. Үл хөдлөх эд хөрөнгийг бусдад аж ахуйн зориулалтаар түрээсэлсэн бол Иргэний хуулийн 318 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой. 2015 оны 4, 5, 6 дугаар сарын төлбөрт 1 650 000 төгрөг төлсөн. Энэ талаарх баримтууд хэрэгт авагдсан. Хариуцагч тооцоо нийлсэн боловч үнийн дүн дээр тохироогүй тул дахин тооцоо нийлэхээр болсноо гараар бичиж баримтжуулсан. 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “П” ХХК нь түрээсийн төлбөрт 2 удаагийн төлөлтөөр 1 650 000 төгрөг төлсөн. Энэ нь 3 сарын түрээсийн төлбөр бөгөөд 2015 оны түрээсийн төлбөрт тооцогдоно. 2016 онд гэрээний хугацаа дууссан. Гэрээг нэг л удаа сунгасан. Түрээсийн гэрээ бичгээр байгуулагддаг тул гэрээний хугацаа дууссан боловч “П” ХХК түрээсийн төлбөрөө төлөөд байгаа. 2016 оны 07, 09, 11 дүгээр сард түрээсийн мөнгө төлсөн. Илүү төлсөн мөнгө нь түрээсийн гэрээтэй байсан хугацаанаас илүү явсан. Нэхэмжлэгч 2015 оны 10, 11, 12 дугаар сарын түрээсийн төлбөрийг шаарддаг боловч энэ хугацаанд түрээсийн гэрээний хугацаа дууссан тул алдангийн хамт ямар үндэслэлээр нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. 2016 онд төлсөн төлбөрийг 2015 онд шахаад харвал бланслаад таарна. Төлсөн баримтаар нь хөөгөөд үзвэл бүгд төлөгдсөн. Түрээсийн гэрээ 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дууссан тул үүнээс хойш иргэн Л.Чанцалдомоор явах ёстой. 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл “П” ХХК, Л.Чанцалдомын хэн аль нь үйл ажиллагаа явуулсан талаар, 2015 оны 01 дүгээр сарын төлбөрөөс 24 000 төгрөг дутуу төлөгдсөнд маргахгүй гэжээ. 

 Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 287 дугаар зүйлийн 287.1-т зааснаар хариуцагч “П” ХХК-аас 5.536.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ДБ” ХХК-д олгож, үлдэх 1 100 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121 126 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “П” ХХК-аас 103 526 төгрөг гаргуулж “Ди би Интернейшнл” ХХК-д олгож шийдвэрлэжээ. 

Хариуцагчийн төлөөлөгч Л.Чанцалдом, түүний өмгөөлөгч Т.Цэен-Ойдов нарын давж заалдах гомдолд:  Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 15- ны өдрийн 102/ШШ2019/01054 дугаартай шийдвэрээр хэт нэг талыг барьж нотлох баримтыг дутуу, буруу үнэлж шийдвэрлэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.  Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж, буруу практик тогтоож байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа түрээсийн гэрээний дагуу дутуу төлсөн төлбөр гэж шаарддаг ба шаардаж байгаа гэрээний дагуу хэдэн оны, хэдэн сарын түрээсийн төлбөр дутуу болох нь ойлгомжгүй, тодорхой бус байдаг. Харин хариуцагч талаас иргэний хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нэхэмжилсэн хугацааны түрээсийн төлбөрийг түрээсийн гэрээний дагуу бүрэн төлсөн төдийгүй илүү төлөлттэй харагддаг. Анхан шатны шүүхээс маргаан бүхий түрээсийн гэрээний харилцааны нэг хэсгийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэг буюу “түрээсийн гэрээ”, "эд хөрөнгө хөлслөх гэрээ” хэлцэл хийсэн гэж үзэн Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас өөрөөр шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй төдийгүй хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. “ДБ” ХХК-ийн хаяг өөрөө тодорхой бус байдаг. Учир нь тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Б.Билгүүний шүүхэд гаргасан нэхэмжлэлд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, хуучнаар “Монгол савхи” ХК-ийн байр гэсэн хаяг, мөн албан бланкбүхий итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон албан бичигт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гэсэн хаягтай боловч компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө “Монгол савхи” ХХК-ин байр гэж хаягийг бүртгэсэн байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахаасаа эхлэн өөрийн хаягийг тодорхой бус өөр, өөр бичиж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг ноцтой зөрчсөн. “ДБ” ХХК-ийн захирал Т.Билэгтээс 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 01/25 дугаартай албан бичгээр А.Энхтүвшин, Б.Билгүүн, Н.Цэндээ нарыг компанийг төлөөлж шүүхэд хандах эрхийг олгосон итгэмжлэлийг өгсөн байна. Энэхүү итгэмжлэлд хэнд, ямар аж ахуйн нэгжид холбогдох, аль шүүхийн харьяалал бүхий иргэний хэрэгт хэрхэн оролцох тухай тодорхой зааж бичээгүй байгаа нь итгэмжлэл өөрөө тодорхойгүй, ойлгомжгүй төдийгүй хуульд заасан шаардлагыг хангаагүй байна. Ингэснээр дээрх 3 иргэн нь тус нэхэмжлэлтэй иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхгүй байсан. Нэхэмжлэгч Б.Билгүүн нь тус иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд огт оролцоогүй.

Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/01054 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүйгээс давж заалдах шатны шүүх хэргийн баримтад үндэслэн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч “ДБ” ХХК, хариуцагч “П” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 6 636 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байна. Хариуцагч “П” ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нэхэмжлэгч “ДБ” ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 100 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг сарын 550 000 төгрөгөөр түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулж, гэрээний хугацааг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгажээ. /хх5-8, 10/

Хэргийн 12 дугаар талд авагдсан байр хүлээлцэх актад “иргэн Ч.Чанцалдомд хариуцагчийн түрээслэж байсан 75 м.кв талбайг 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс буцаан авч 28 м.кв талбайг шинээр олгож, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 53 м.кв талбайг эзэмшүүлнэ” гэж харилцан тохиролцсноос үзэхэд “П” ХХК, иргэн Л.Чанцалдом гэсэн 2 өөр түрээслэгч байх боломжтой байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... “П” ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан, 2013, 2014 оны түрээсийн төлбөрийг төлсөн. 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр түрээсийн гэрээний хугацаа дууссан боловч үргэлжлүүлэн 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан, энэ хугацаанаас хойш түрээсийн объектийг иргэн Л.Чанцалдомд түрээсэлсэн ...” гэж тайлбарлажээ.

Хэргийн  14-22, 25-28 дугаар талд 2014-2016 оны хооронд түрээсийн төлбөр төлсөн баримт авагдсан байх ба энэ нь ямар хугацааны төлбөр болох нь тодорхой бус байна. Уг нөхцөл байдал тодорхой болсноор хариуцагчийн төлсөн төлбөрүүдийн аль хэсэг нь ямар хугацаанд тооцогдох нь тодорхой болно.

Шүүх дээрх нөхцөл байдал, нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн, түрээсийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлбөр шаардах эрхийг түрээслэгчид олгосон хуулийн зохих заалтыг хэрэглээгүй нь нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байгаатай холбоотой.

Нэхэмжлэгч байгууллагын хаяг шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн албан бланк дээр өөр байдлаар бичигдсэн нь  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэдгийг үгүйсгэх, хэргийг дахин шийдвэрлэх ноцтой зөрчилд хамаарахгүй.

Түүнчлэн, нэхэмжлэгч байгууллагаас А.Энхтүвшин, Б.Билгүүн, Н.Цэндээ нарт компанийг шүүхэд төлөөлөх эрхийг олгосон итгэмжлэл нь хуульд заасан шаардлагыг хангаагүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй. Төлөөлөгчдийн хувьд шүүхэд төлөөлөн оролцох эрхийг хэрэгжүүлсэн. Энэ талаар нэхэмжлэгчийн зүгээс гомдол гаргаагүй байхад хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй гэж үзэх боломжгүй. /хх3/

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/01054 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 526 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.     

                 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

      ШҮҮГЧИД                             Ч.ЦЭНД

 

                 А.МӨНХЗУЛ