Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2019/01051

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2019/00833 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “А” ХХК, хариуцагч “Ф” ХХК-д холбогдох нэр бүхий 26 295 920 төгрөгийн үнэтэй эд хөрөнгүүдийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болорзаяа, Т.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Нэхэмжлэгч нь “Савроник Монголиа” ХХК-тай ажил хэргийн холбоотой байсан ба улмаар тус компанийн түрээсэлж байсан байранд өөрийн компанийн /зураг төслийн ажил гүйцэтгэдэг/ ширээ сандал, компьютер зэрэг ажил хэргээ явуулах боломжтой техник хэрэгслийг оруулж, 1 өрөөнд нь ажлаа явуулж байсан. Хариуцагч нь “Савроник монголиа” ХХК-тай 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулж, тус компани түрээсийн төлбөрөө төлөөгүйгээс “Савроник монголиа” ХХК-ийн эд хөрөнгийг хурааж авахдаа дотор нь байсан манай эзэмшлийн эд хөрөнгийг хураан авсан. Эд хөрөнгө хураасан тэмдэглэлд “Савроник монголиа” ХХК-ийг алданги төлөөгүй гэж буруутган оффист байсан хөрөнгүүдийг саатуулан барьсан гэж бичсэн байдаг. “Савроник монголиа” ХХК-ийг түрээсийн төлбөрөө төлөхгүй байсан, удаа дараа шаардуулсан арга буюу хөрөнгийг хураасан гэж тайлбарлаж байвч 1 удаа төлбөрөө төлөх талаар дурдсан албан бичиг өгсөн. Гэтэл 2015 оны 10 сарын 20-нд талуудад мэдэгдсэн эсэх нь тодорхойгүй, түрээслэгч талыг байлцуулалгүй, 2 хөндлөнгийн гэрч байлцуулж, эд хөрөнгийг тухайн түрээсэлж байсан өрөөнд хэний ямар хөрөнгө байсныг тодруулахгүй хурааж авсан. Хариуцагч нэхэмжлэгчийг уг оффист байсан эд хөрөнгүүдийг өөрийн өмч гэдгийг нотолж чадаагүй, нэхэмжлэх эрхгүй гэж байна. Нэр бүхий эд хөрөнгүүдийг манайх худалдаж авсан, худалдаж авахдаа гэрээ байгуулсан мөнгийг, НӨАТ-ыг төлсөн, үндсэн хөрөнгийн бүртгэлдээ авсан. Үүгээр өөрийн өмч хөрөнгө гэдгээ нотолж байна. “Ф” ХХК 2015 оны 10 сарын 20-ны өдөр “Савроник Монголиа” ХХК-ийн хөрөнгийг хурааж авахдаа гаргасан жагсаалт нь үзлэг хийх үед байсан хөрөнгийн жагсаалттай таарч байна. “Ай Ти Зон” ХХК-аас худалдан авсан 104 000 төгрөгийн үнэтэй 1 ширхэг хувилагчийн хар хор, 735 000 төгрөгийн үнэтэй 3 ширхэг хувилагчийн өнгөт хор, 2 900 төгрөгийн үнэтэй 1 ширхэг принтерийн кабель утас 1 ширхэг, 7 000 төгрөгийн үнэтэй антивирусны Си Ди, 8 180 000 төгрөгийн үнэтэй мемори драм, 84 000 төгрөгийн үнэтэй хувилагчийн дагалдах хэрэгсэл, “Вертул” ХХК-аас худалдан авсан 11 120 000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг захирлын ширээ, 1 ширхэг хурлын ширээ, 2 ширхэг сандал, “Тэнгэр алтай трейд” ХХК-аас худалдан авсан байсан 406 920 төгрөгийн бичгийн хэрэгсэл зэрэг манай эд хөрөнгийг хариуцагч хууль бусаар хураан авч өмчлөгчийн эрхийг зөрчиж байх тул 26 255 924 төгрөгийн үнэтэй нэр бүхий эд хөрөнгүүдийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Манайх “Савроник Монголиа” ХХК-д өөрийн өмчлөлийн байрны 1201, 1202 тоотуудыг түрээслэхээр 2014 оны 11 сарын 01-нд түрээсийн гэрээ байгуулсан. Гэтэл 2015 оны 10 сар хүртэл түрээсийн төлбөр, гэрээнд заасан анзыг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тул гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасны дагуу түрээсийн гэрээний шаардлагаа хангуулахаар “Савроник Монголиа” ХХК-ийн түрээсэлж байсан оффист байсан эд хөрөнгүүдийг саатуулан барьж, 2015 оны 10 сарын 20-нд хөндлөнгийн 2 гэрч байлцуулан акт үйлдэж 45 орчим төрлийн эд зүйлсийг хурааж авсан. Гэтэл “Ф” ХХК, “Анандо ложистик” ХХК-тай гэрээ хэлцэл байгуулаагүй байхад манай оффист “Анандо ложистик” ХХК ямар үндэслэлээр дотор нь үйл ажиллагаа явуулж байсан нь сонин байна. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлд гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь өмчлөгч гэж тооцогддог. “Савроник Монголиа” ХХК-ийн түрээслээд үйл ажиллагаа явуулж байсан оффисын өрөөнд эзэмшиж ашиглаж байсан эд хөрөнгүүд түүний өмч биш өөр бусад этгээдийн өмч гэж манай зүгээс харах боломжгүй. Хэрвээ үүнийг хууль бус гэдгийг тогтоохын тулд “Савроник Монголиа” ХХК-ийг энэхүү маргаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах ёстой байсан. Нэхэмжлэлд дурдагдсан эд хөрөнгийг өөрийнх гэдгийг нотлохоор шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Санхүү байдлын тайлан нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг зөрчсөн. Санхүүгийн баримт тамга тэмдэгтэй байж хүчин төгөлдөр болно. Гэтэл шүүхэд гаргаж өгсөн баримт нь ямар ч тамга тэмдэггүй, орлогын ордер байна Эд хөрөнгө хүлээн авсан эсэх нь тодорхойгүй 1 талын гарын үсэгтэй нотлох баримт нь шаардлага хангахгүй, эргэлзээтэй, хууль бусаар бүрдүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан 8 180 000 төгрөгийн үнэтэй /Canon IR ADV C2225/ маркийн 1 ширхэг ком хувилагч машин, 4 376 000 төгрөгийн үнэтэй /Dell Optiplex 9020 MT I7 4770/ маркийн 2 ширхэг процессор, 1 060 000 төгрөгийн үнэтэй /Monitor 23ii Wide HD LED/ маркийн 2 ширхэг дэлгэц, 406 920 төгрөгийн бичиг үсгийн хэрэгсэл зэрэг нийт 14 022 920 төгрөгийн эд хөрөнгүүдийг “Ф” ХХК-ийн хууль бус эзэмшлээс гаргуулж, “А” ХХК-д олгож, үлдэх 12 273 000 төгрөгийн эд хөрөнгүүдийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдгийн хураамжид төлсөн 289 430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 228 064 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч М.Олонбаярын давж заалдах гомдолд:  Анхан шатны шүүхийн 183/ШШ2019/00833 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч байна. “Ф” ХХК нь “Савроник Монголиа” ХХК-тай 2014 оны 11 сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн Фидес тауэрын 12 давхарын 1201, 1202 тоотыг түрээслүүлсэн. Түрээслэгч компани түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, түрээсийн төлбөр болон гэрээнд заасан анзийг төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн тул түрээсийн гэрээг цуцалж, Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д заасны дагуу түрээсийн гэрээний шаардлага хангуулахаар “Савроник Монголиа” ХХК-ийн түрээслэж байсан 1201, 1202 тоотод байсан эд хөрөнгүүдийг 2015 оны 10 сарын 20-ны өдөр саатуулан барьсан. Иргэний хуулийн 301 дүгээр зүйлд заасны дагуу саатуулан барьсан эд хөрөнгөөс 14 022 920 төгрөгийн тодорхой нэр төрлийн эд хөрөнгүүдийг гаргуулан “А” ХХК-д олгохоор шийдвэрлэснийг эс зөвшөөрч байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.  

 

Нэхэмжлэгч “А” ХХК хариуцагч “Ф” ХХК-д холбогдуулан 104 000 төгрөгийн 1 ширхэг хувилагчийн хар хор, 735 000 төгрөгийн 3 ширхэг хувилагчийн өнгөт хор, 2900 төгрөгийн 1 ширхэг принтерийн кабель утас, 7 000 төгрөгийн антивирусын Си Ди, 8 180 000 төгрөгийн ком хувилагч машин, 4 174 000 төгрөгийн делл маркийн 2 ширхэг процессор, 1 060 000 төгрөгийн 2 ширхэг дэлгэц, 202 000 төгрөгийн 2 ширхэг мемори драм, 84 000 төгрөгийн хувилагчийн дагалдах хэрэгсэл, 11 120 000 төгрөгийн захирлын 2 ширхэг ширээ, 1 ширхэг хурлын ширээ, 2 ширхэг сандал, 406 920 төгрөгийн бичгийн хэрэгсэл, 41 000 төгрөгийн залгуур, нийт 26 295 920 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... “Савроник Монголия” ХХК-ийг түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж офисст нь байсан эд хөрөнгийг хурааж авахдаа манай эд хөрөнгийг хамтад нь хураасан ...” гэж тайлбарладаг. /1хх54-55/

 

“Савроник Монголиа” ХХК нь Фидес таур барилгын оффиссын 1201, 1202 тоот өрөөг 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан ба түрээслэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж хариуцагч 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тус барилгын 1201, 1202 тоот өрөөнд байсан “Савроник Монголиа” ХХК-ийн тавилга, эд хогшлыг хураан авахдаа нэхэмжлэгчийн хөрөнгийг хамтад нь хураан авсан гэж үзэх үндэслэлтэй байна. /1хх8, 18-32, 2хх47/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ бусдын хууль бус эзэмшилд байгаа хөрөнгөө буцаан гаргуулах гэсэн агуулгаар тодорхойлсон. Хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл, талуудын тайлбараар нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгүүд хариуцагчийн эзэмшилд байгаа нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч 14 728 000 төгрөгийн хөрөнгийг “Ай Ти Зон” ХХК-аас, 11 120 000 төгрөгийн хөрөнгийг “Вертул” ХХК-аас, 406 920 төгрөгийг хөрөнгийг “Тэнгэр-Алтай” ХХК-аас, 41 000 төгрөгийн хөрөнгийг “Гранд ворк интернэшнл” ХХК-аас худалдан авсан гэж тайлбарласан боловч 2015 оны 04 дүгээр улирлын санхүүгийн тайландаа 14 728 000 төгрөгийн үндсэн хөрөнгөтэй гэж тайлагнажээ. Хэргийн 1 дүгээр хавтасны 9-10 дугаар талд авагдсан хураагдсан эд хөрөнгийн жагсаалтад шилэн хаалт, хурлын сандал торон, ажилтны сандал, хар буйдан сандал, буйдан /хар/, буйдан /хар сандал/, том шилэн ширээ, буйдан /шаргал сандал/, буйдан /шаргал/, ширээ, өндөр тумбочка, шилэн болон модон хаалгатай шүүгээ, дугуйтай тумбочка, хагас дугуй ширээ, захирлын сет, хурлын ширээ, сандал /саарал/, ус шүүгч, делл маркийн процессор, делл маркийн монитор, утасны аппарат том, жижиг, самсунг телевизор, хананд тогтоогч төмөр, канон хувилагч машин, интернетийн төхөөрөмж, бусад эд зүйлс, бичиг хэргийн хэрэгсэл, оффисын ахуйн хэрэглээний болон гал тогооны эд зүйлс бичигдсэн байна. Нэхэмжлэгч тал хариуцагчийн хураан авсан эд хөрөнгөөс 8 180 000 төгрөгийн канон хувилагч машин, 4 376 000 төгрөгийн 2 ширхэг делл маркийн процессор, 1 060 000 төгрөгийн 2 ширхэг монитор, нийт 13 616 000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг “Ай Ти Зон” ХХК-аас худалдаж авсан болох нь хэргийн 1 дүгээр хавтасны 57 дугаар талд авагдсан “Ай Ти Зон” ХХК-ийн зарлагын падаанаар тогтоогдож байна. Энэ талаар шүүх зөв дүгнэжээ. /1хх54-55, 2хх19-21/

             Түүнчлэн хариуцагчийн хураан авсан эд зүйл байгаа газарт 2018 оны 12 дугаар 06-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэлд тус объектод 2 ширхэг делл маркийн компьютерийн дэлгэц, 2 ширхэг процессор, 1 ширхэг принтер, 4 ширхэг принтерийн хор, 3 ширхэг суурин утас, 1 ширхэг салаалагч, тус бүр 1 ширхэг интернетийн төхөөрөмж хадгалагдаж байгаа талаар тусгажээ. /1хх230/

Мөн нэхэмжлэгчийн 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр “Тэнгэр Алтай трейд” ХХК-аас худалдаж авсан 406 920 төгрөгийн бичиг хэргийн хэрэгслийг хариуцагч хураан авсан нь эд зүйлс хураан авсан жагсаалтын 19-28 дахь хүснэгтэд бичигдсэн байна. /1хх10, 59/

Шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, 8 180 000 төгрөгийн үнэтэй 1 ширхэг ком хувилагч машин, 4 376 000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг процессор, 1 060 000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг дэлгэц, 406 920 төгрөгийн бичиг хэргийн хэрэгсэл нийт 14 022 920 төгрөгийн хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.  

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2019/00833 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228 070 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

         

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ОЮУНХАНД

 

     ШҮҮГЧИД                            Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                  А.МӨНХЗУЛ