Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2019/00974

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            Ц.Г, Б.А нарын нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2019/00990 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Г, Б.А нар хариуцагч НШШГГт холбогдох төлбөрт хураагдсан хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

                Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2017/02217 дугаар шийдвэрээр, нэхэмжлэгч нараас 12 118 857 төгрөг гаргуулан Ариг банкинд олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 33 дугаар гудамжны 9 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201015605 дугаарт бүртгэгдсэн 124.5 м.кв талбай бүхий хувийн сууц болон мөн хаяг байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2201015482 дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 291 м.кв талбай бүхий газрыг худалдан борлуулж хангуулахаар болсон. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, нэр бүхий дээрх хөрөнгийг битүүмжлэн хурааж, 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг явуулахаар болсон. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон шинжээчийн дүгнэлтээр хөрөнгүүдийг 25 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ нэг талыг барьсан, зах зээлийн үнээс хэт доогуур болсон гэж үзэж байна. Түүнчлэн үнэлгээ хийлгэх шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд  “Мөнх оргил трэйд” ХХК-ийг шинжээчээр томилсон атлаа тус компанийн захирал гэх н.Эрдэнэбаатар нь дүгнэлт гаргасан байгааг эргэлзээтэй гэж үзэж байна. Иймд шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2017/02217 дугаар шийдвэрээр, нэхэмжлэгч нараас 12 118 857 төгрөгийг гаргуулан Ариг банкинд олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 33 дугаар гудамжны 9 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201015605 дугаарт бүртгэгдсэн 124.5 м.кв талбай бүхий хувийн сууц болон мөн хаяг байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2201015482 дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 291 м.кв талбай бүхий газрыг худалдан борлуулж хангуулахаар болсон. Төлбөр төлөгч Б.Ариунаа, Ц.Г нарт хуульд заасан журмын дагуу төлбөр төлөх мэдэгдлийг өгч, улмаар 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хөрөнгийг битүүмжилж, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хөрөнгийг хураан авсан. Хураан авсан хөрөнгийн үнэлгээг талууд харилцан тохиролцож тогтоогоогүй тул хуульд зааснаар шинжээч томилсон. Шинжээч хөрөнгийг үнэлж, дүгнэлтээ 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээлгэн өгснийг төлбөр төлөгч Ц.Г, Б.А нарт 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр бичгээр мэдэгдэж, тэмдэглэл хөтөлсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо танилцсанаас хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар хуульчилсан боловч нэхэмжлэгч нар нь 24 хоногийн дараа нэхэмжлэл гаргасан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх:  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул НШШГГт холбогдох, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 33 дугаар гудамжны 9 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201015605 дугаарт бүртгэгдсэн 124.5 м.кв талбай бүхий хувийн сууц болон мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2201015482 дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 291 м.кв талбай бүхий газрын үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн Ц.Г, Б.А нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэгийн давж заалдах гомдолд:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Ц.Гын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо, Баянхошууны 33-р гудамж,9 тоотод байршилтай, 124,5 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 291 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг 02217 дугаар шүүхийн шийдвэрээр битүүмжлэн хүраасан байх ба барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Иргэний хуулийн 177-р зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 47 дугаар тогтоол гарч хөрөнгийн үнэлгээ гаргуулахаар "Мөнх Оргил" ХХК-ийг томилсон байх бөгөөд "Мөнх оргил трейд" ХХК нь Компанийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Аж ахуйн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл, баримт бичиггүй байна. Зөвшөөрөлгүй этгээдийн гаргасан үнэлгээ хуулийн үндэслэлгүй тул түүнийг баримтлах үүрэггүй болно. Иргэн Э.Эрдэнэбаатараар үнэлгээ гаргуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон тухай шийдвэр байхгүй. Хариуцагч Ц.Г хөдөө ажилладаг, Б.Ариунаа бусдын асаргаанд байдаг ба үнэлгээний талаар даруй мэдэх боломжгүй байсан. Битүүмжлэн хураагдсан хөрөнгө нь гэр бүлийн хэрэгцээний хөрөнгө байдаг бөгөөд гэр бүлийн бусад гишүүд, бага насны хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдөх нөхцөл байдал үүсч байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.  

 

Нэхэмжлэгч Ц.Г, Б.А нар хариуцагч НШШГГт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2217 дугаар шийдвэрээр хариуцагч Б.Ариунаа, Ц.Г нараас 12 118 857.87 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ариг банк” ХХК-д олгож, барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошуу 33 дугаар гудамж, 9 тоот хаягт байрлах, Ү-2201015605 тоот улсын бүртгэлийн дугаартай 124,5 м.кв талбай бүхий хувийн сууц болон тус хаягт байрлах Ү-2201015482 бүртгэлийн дугаартай 291 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газраар үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байх тул төлбөр төлөгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй болно. /хх28-33/

 

Хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг тогтоосон хугацаанд төлөхийг мэдэгдэх хуудсаар удаа дараа мэдэгдэх, 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр эд хөрөнгө хураах, талуудын төлбөрт хураагдсан эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах үнийн талаар санал авах зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ. /хх26-27, 34, 41, 46, 48-49, 52, 54-57, 60-61/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд төлбөрт хураагдсан эд хөрөнгийн дуудлага худалдаагаар худалдах үнийн талаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу харилцан тохиролцоогүй тул шинжээчээр томилогдсон “Мөнх оргил трейд” ХХК хувийн сууц, газрыг хамтад нь 25 000 000 төгрөгөөр үнэлсэн байна. Хариуцагч НШШГГ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасан журмын дагуу  2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр үнэлгээний талаар төлбөр төлөгч нарт баталгаат шуудангаар мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн байна. /хх62-65, 73, 103-104/

 

Үнэлгээний талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч нар 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гарын үсэг зурж гардан авсан байх ба 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах заалтыг зөрчжээ. Түүнчлэн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас энэ талаар тодруулж асуухад “ ... Ц.Г хөдөө орон нутагт ажилладаг, Б.Ариунаа хэвтрийн өвчтэй, бусдын асрамжид байдаг ...” гэх боловч энэ талаарх баримтгүй байна. Шүүх гомдол гаргах хугацааны талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна. /хх1, 153/

 

 “Мөнх оргил трейд” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд “хөрөнгийн үнэлгээ хийх” нь үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл байх ба уг үнэлгээг гүйцэтгэсэн үнэлгээчин Э.Эрдэнэбаатар нь тухайн компанид харъяалагддаг, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нь хэргийн 102 дугаар талд авагдсан, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.9-т нийцэж байна. /хх100/

 

Нэхэмжлэгч тал төлбөрт хураагдсан эд хөрөнгийг шинжээчээр томилогдсон “Мөнх оргил трейд” ХХК-ийг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй, шинжээчийн үнэлгээг, зах зээлийн үнэ ханштай харьцуулсан баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2019/00990 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                  

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

   ШҮҮГЧИД                        Ч.ЦЭНД

 

                                                                                           А.МӨНХЗУЛ