Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 210/ма2020/02253

 

МАГАДЛАЛ

2020.11.09 Дугаар 2253

 

 

 

 

 

 

Л.Баттуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/02841 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Баттуяагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 45 890 083 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваасүрэн, түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Галбаатар, Ц.Мөнхбат шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Баттуяа нь Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс аж ахуй, үйлчилгээний албаны даргаар ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/162 тушаалаар 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүүхэд асрах чөлөө авсан. 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр эрхэлж байсан ажилдаа орох хүсэлтийг бичгээр гаргасан боловч өнөөдрийг хүртэл албан бичгээр хариу аваагүй байна. 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өмнөх албан тушаалд эргүүлэн томилуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэвч 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 128/Ш32020/2478 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан гээд хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Ажилд орох өргөдөл гаргасантай холбоотойгоор хэд хэдэн удаа утсаар лавлахад орон тоо байхгүй гэсэн мэдээлэл өгч байсан. Байгууллагаас миний хүсэлтийг шийдвэрлэх үүргээ гүйцэтгэхгүй байгаа, албан бусаар орон тоо байхгүй гэж хэлж ажиллах нөхцөл боломжоор хангаж өгөөгүй нь ажлаас үндэслэлгүй халсантай адил байна. Иймд Л.Баттуяаг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн аж, ахуй үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, ажил гүйцэтгүүлэхийг даалгаж, ажилгүй байсан хугацааны үндсэн болон нэмэлт цалин хөлстэй тэнцэх олговор 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл нийт 45 782 079 төгрөгийг гаргуулах, холбогдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилтийг хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Баттуяа нь тус компанид 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс хангамж үйлчилгээний албаны даргаар ажилд орж, 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр амаржиж, хүүхэд асрах чөлөө хүссэн өргөдлийн дагуу 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/162 тоот тушаалаар 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүүхэд асрах чөлөөг олгосон. 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр ажилд орохыг хүссэн өргөдлөө өгч, гүйцэтгэх захиралтай утсаар холбогдсон байдаг. Гүйцэтгэх захирал уулзаж ярилцъя гэсэн боловч Л.Баттуяа эргэж огт уулзаагүй, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр захиргаа удирдлагын хэлтсийн хүний нөөцийн мэргэжилтэн Л.Баттуяатай холбоо барьж, ирж уулзахыг мэдэгдсэн боловч хүүхдийн сургууль, цэцэрлэг амарсан, хүүхдүүдээ аваад хотоос гарсан агаарт байгаа тул уулзах боломжгүй, хот ороод уулзана гэж өөрөө мэдэгдсэн байна. Ингээд 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гүйцэтгэх захиралтай уулзаад бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотойгоор аж ахуй, үйлчилгээний албанд аж, ахуй хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллуулах саналыг хэлсэн боловч Л.Баттуяа нь хүүхэд асрах хүнгүй тул одоогоор ажилд орох боломжгүй, хүүхдээ асрах чөлөөгөө үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн. Нэхэмжлэгч нь маргаан шийдвэрлүүлэх тухай хуульд заасан шүүхээс урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хэрэг маргааныг шийдвэрлэх хуульд заасан харьяалал зөрчиж, шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан тул иргэний хэрэг үүсгэхээс татгалзах үндэслэлтэй байсан. Шүүхэд гомдол гаргахдаа хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн. Байгууллагаас Л.Баттуяаг ажлын байраар хангасан. 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр захиргаа удирдлагын хэлтсээс Л.Баттуяатай холбоо барьж гүйцэтгэх захиралтай ирж уулзахыг хэлсэн боловч 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл ирж уулзаагүй. Хэдийгээр ирж уулзахгүй байсан хэдий ч 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс мөрдөж эхэлсэн бүтцийн өөрчлөлтөөр түүнийг авто аж ахуйн албаны аж ахуй хариуцсан ахлах мэргэжилтний орон тоонд ажиллуулахаар тушаал гаргасан. Гэвч Л.Баттуяа нь цаашдаа хүүхэд асрах хүнгүй учир одоогоор ажилд орох боломжгүй цаашдаа хүүхдээ асрах чөлөөгөө үргэлжлүүлэн эдэлнэ гэж хэлээд явсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэг, 69 дугаар зүйлийн 69.1 дэх хэсэг, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ний аж ахуй, үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажил гүйцэтгүүлэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны олговор 45 782 079 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн Лувсаншаравын Баттуяагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Л.Баттуяагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 544 910 төгрөгийг буцаан гаргуулж олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.Шүүх хуралдаанд талууд эвлэрэх тухай хүсэлтээ гаргасан байхад шүүх хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж хүсэлтийг хангаагүй. Өөрөөр хэлбэл, талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх эрхтэй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ агуулгыг ажилдаа эргэн орох өргөдлөө гаргасан боловч байгууллагын зүгээс өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа нь хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, өргөдлийг шийдвэрлээгүй нь ажлаас үндэслэлгүй халсантай адил гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүхээс ажил үүргийг үргэлжүүлэн гүйцэтгүүлэхийг даалгах шаардлага нь ажлаас үндэслэлгүйгээр халсан гэх шаардлагын үндэслэл гэж дүгнэлээ гэж ойлгомжгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Л.Баттуяагийн ажил албан тушаал хэвээр байгаа гэх нотлох баримтад тулгуурлан нэхэмжлэгчийг ажил албан тушаалдаа орж ажиллах эрхийг зөрчөөгүй байна, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Хариуцагч нь нэхэмжлэгчийн ажил албан тушаалыг хадгалж байгаа гэх боловч энэхүү ажил албан тушаалдаа эргэж орох, хүсэлтийг нь шийдвэрлэхгүй хөдөлмөр эрхийг нь зөрчсөөр байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Л.Батттуяа нь хариуцагч Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д холбогдуулан ажил үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэхийг даалгах, тус компанийн аж, ахуй үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 20 890 083 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилгүй байсан хугацааны цалин 45 782 079 төгрөг гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

 

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн аж ахуй, үйлчилгээний албаны даргаар ажиллаж байсан Л.Баттуяад тус компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/162 тоот тушаалаар 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүүхдээ асрах чөлөө олгож, чөлөөтэй байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцож төлөхийг Санхүү, бүртгэлийг хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчид үүрэг болгожээ. /хх-17х/

 

Л.Баттуяа нь 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр ажилдаа орох хүсэлт гаргасан боловч ажил олгогч уг хүсэлтийг шийдвэрлээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 заасан зөрчлийг гаргасан гэж маргаснаас үзэхэд ажил үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхийг даалгах шаардлага нь ажлаас үндэслэлгүйгээр халсан шаардлагатай нэг агуулгатай байна. Энэ талаар анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв болсон байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар хүүхэд асрах чөлөөтэй байгаа тохиолдолд түүний ажил, албан тушаал хэвээр хадгалагдах боловч энэ хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгөхөөр зохицуулжээ.

 

Хариуцагч Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/27 тоот тушаалаар компанийн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсонтой холбогдуулан тус тушаалын нэгдүгээр хавсралтаар Л.Баттуяаг аж ахуй, үйлчилгээний албаны даргын албан тушаалаас чөлөөлж, хоёрдугаар хавсралтаар уг албан тушаалд буцаан томилсон байгаагаас дүгнэвэл нэхэмжлэгчийг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд түүнд өөр ажил олж өгөх үүргээ хариуцагч байгууллага зөрчөөгүй байна. /хх-20-22/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар тус хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2 дахь хэсэгт заасны дагуу ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг олгоно.

 

Иймд хариуцагч Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК нь нэхэмжлэгч Л.Баттуяагийн ажил, албан тушаалаас хууль зөрчин чөлөөлөөгүй, хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн баримт хэрэгт авагдаагүй байх тул хөдөлмөрийн харилцаа үргэлжилж байгаа гэж дүгнэн, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулахаар шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй гэж үзнэ.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Л.Баттуяагийн нэрийг Л.Нарантуяа, Л.Батцэцэг гэж өөр өөр бичсэн байгааг магадлалд дурдан залруулах боломжтой тул шийдвэрийг өөрчлөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/02841 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Д.БАЙГАЛМАА