Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2020/02841

 

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2020/02841

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 0 тоотод оршин суух, регистр РЮ00000000, Ш овогт Л-ын Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 3-р хороо, У ТӨХК-д үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажил үүрэг гүйцэтгүүлэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин 45 890 083 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г, Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Б нь Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д 2016 оны 10-р сарын 4-ний өдрөөс Аж ахуй, үйлчилгээний албаны даргаар ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2019 оны 06-р сарын 21-ний өдрийн Б/162 тушаалаар 2019 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүүхэд асрах чөлөө авсан. Б нь хүүхэд асрах чөлөөтэй байхдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө" гэж заасны дагуу 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр эрхэлж байсан ажилдаа орох хүсэлтийг бичгээр гаргаж, түүний туслах Б.М-аар эх хувийг дамжуулан өгсөн боловч өнөөдрийг хүртэл албан бичгээр хариу аваагүй байна. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулиар өргөдлийг 30 хоногийн дотор шийдвэрлэх үүрэгтэй байсан, энэ үүргээ биелүүлээгүй тул 2019 оны 11-р сарын 21-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өмнөх албан тушаалд эргүүлэн томилуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэвч 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 128/Ш32020/2478 дугаар шүүгчийн захирамжаар уг нэхэмжлэл нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан гээд хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Ажилд орох өргөдөл гаргасантай холбоотойгоор хэд хэдэн удаа утсаар лавлахад орон тоо байхгүй гэсэн мэдээлэл өгч байсан. Байгууллагаас миний хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа, шийдвэрлэх үүргээ гүйцэтгэхгүй байгаа, албан бусаар орон тоо байхгүй гэж хэлж ажиллах нөхцөл боломжоор хангаж өгөхгүй байгаа нь ажлаас үндэслэлгүй халсантай адил байна. Иймд Л.Б-г Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн Аж, ахуй, үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, ажил гүйцэтгүүлэхийг даалгаж, ажилгүй байсан хугацааны үндсэн болон нэмэлт цалин хөлстэй тэнцэх олговор 2020 оны 9-р сарын 07-ны өдрийг хүртэл нийт 45 782 079 төгрөгийг гаргуулах, холбогдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилтийг хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л. Б нь тус компанид 2016 оны 10-р сарын 04-ний өдрөөс Хангамж үйлчилгээний албаны даргаар ажилд орж, 2019 оны 03-р сарын 31-ний өдөр амаржиж, хүүхэд асрах чөлөө хүссэн өргөдлийн дагуу 2019 оны 06-р сарын 21-ний өдрийн Б/162 тоот тушаалаар 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүүхэд асрах чөлөөг олгосон. 2019 оны 09-р сарын 22-ны өдөр ажилд орохыг хүссэн өргөдлөө өгч, гүйцэтгэх захиралтай утсаар холбогдсон байдаг. Гүйцэтгэх захирал уулзаж ярилцъя гэсэн боловч Л.Б эргэж огт уулзаагүй, 2020 оны 01-р сарын 07-ны өдөр Захиргаа удирдлагын хэлтсийн Хүний нөөцийн мэргэжилтэн Б.У түүнтэй холбоо барьж, ирж уулзахыг мэдэгдсэн боловч хүүхдийн сургууль, цэцэрлэг амарсан, хүүхдүүдээ аваад хотоос гарсан агаарт байгаа тул уулзах боломжгүй, хот ороод уулзана гэж өөрөө мэдэгдсэн байна. Ингээд 2020 оны 02-р сарын 04-ний өдөр гүйцэтгэх захиралтай уулзаад бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотойгоор Аж ахуй, үйлчилгээний албанд аж, ахуй хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллуулах саналыг хэлсэн боловч Л.Б нь хүүхэд асрах хүнгүй тул одоогоор ажилд орох боломжгүй, хүүхдээ асрах чөлөөгөө үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн. Нэхэмжлэгч нь маргаан шийдвэрлүүлэх тухай хуульд заасан шүүхээс урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд заасан шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 125.1-д Ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын харьяаллын дагуу шийдвэрлэнэ. Мөн 126 дугаар зүйлийн 126.1-д Шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх дутам хянан шийдвэрлэнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Ажил олгогч буюу ажилтан нь хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл, түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор зохих сум, дүүргийн шүүхэд давж заалдах эрхтэй гэж тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хэрэг маргааныг шийдвэрлэх хуульд заасан харьяалал зөрчиж, шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1-д Шүүгч дараах тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, 65.1.3-д шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал гэж заасан байх тул шүүх уг нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэхээс татгалзах үндэслэлтэй байсан. Шүүхэд гомдол гаргахдаа хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй, мөн 129.2-д ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж тус тус заасан байна. Байгууллагаас Л.Б-г ажлын байраар хангасан. 2020 оны 01-р сарын 07-ны өдөр Захиргаа удирдлагын хэлтсээс Л.Б-тай холбоо барьж гүйцэтгэх захиралтай ирж уулзахыг хэлсэн боловч 2020 оны 02-р сарын 11-ний өдрийг хүртэл ирж уулзаагүй. Хэдийгээр ирж уулзахгүй байсан хэдий ч 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс мөрдөж эхэлсэн бүтцийн өөрчлөлтөөр түүнийг Авто аж ахуйн албаны аж ахуй хариуцсан ахлах мэргэжилтний орон тоонд ажиллуулахаар тушаал гаргасан. Гэвч Л.Б нь цаашдаа хүүхэд асрах хүнгүй учир одоогоор ажилд орох боломжгүй цаашдаа хүүхдээ асрах чөлөөгөө үргэлжлүүлэн эдэлнэ гэж хэлээд явсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Б нь У ТӨХК-д холбогдох Аж, ахуй үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажил үүрэг гүйцэтгүүлэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны олговор 20 890 083 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 45 782 079 төгрөг гаргуулахаар шаардсан байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

У ТӨХК-ний гүйцэтгэх захирлын 2019 оны 06-р сарын 21-ний өдрийн Б/162 тоот тушаалаар Аж ахуй, үйлчилгээний албаны дарга Л.Б-д 2019 оны 07-р сарын 01-ний өдрөөс хүүхдээ асрах чөлөө /хх 17/ олгож, чөлөөтэй байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хууль, дүрэм, журмын дагуу тооцож төлөхөөр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нь хүүхдээ асарч байгаад 2019 оны 9-р сарын 22-ны өдөр ажилдаа орох хүсэлтээ гаргасан байх ба ажил олгогч нь ажил үүргийг гүйцэтгүүлээгүй, хариу өгөөгүй, ажиллах боломжоор хангаагүй тул ажлаас үндэслэлгүйгээр халсантай адил гэж үзсэн бол нэхэмжлэгчийн төлөөлөгч нь ажилд эгүүлэн тогтоолгох, эсхүл ажил үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхийг даалгах гэсэн шаардлагыг нэг нэхэмжлэлээр гаргаж байгаа нь агуулгын хувьд өөр өөр, өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тухай маргаан, дуусгавар болгоогүй хөдөлмөрийн харилцааг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх гэсэн утгыг агуулжээ.

 

Харин шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69-р зүйлийн 69.1, 128-р зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасан зөрчлийг гаргасан гэж маргасан тул...ажил үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхийг даалгах шаардлага нь ажлаас үндэслэлгүйгээр халсан гэх шаардлагын үндэслэл гэж дүгнэлээ.

 

Л.Б нь ажил олгогчдоо гаргасан өргөдлийг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан 30 хоногийн дотор шийдвэрлүүлэхийг хүссэн, улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан, шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож /хх 55, 7-9/ шийдвэрлэжээ. Хэдийгээр шүүхэд нэхэмжлэл гаргахад Хөдөлмөрийн тухай хуулийн 129-р зүйлийн 129.2-т заасан хугацаа хэтэрсэн боловч энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 35-р зүйлийн 35.1.4-т ...хүүхэд асрах чөлөөтэй байгаа тохиолдолд түүний ажил, албан тушаал хэвээр хадгалагдах ба энэ хуулийн 106-р зүйлийн 106.2-т ...эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгөхөөр заажээ.

 

Тус компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 02-р сарын 03-ны өдрийн Б/27 тоот Ажилтнуудыг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалаар компанийн бүтэц зохион байгуулалттай холбоотойгоор Нэгдүгээр хавсралтад заасан нэр бүхий ажилтнуудыг, үүний дотор Аж ахуй, үйлчилгээний албаны дарга Л.Б-г ажлаас чөлөөлж, Хоёрдугаар хавсралтаар түүнийг тухайн ажил, албан тушаалд буцаан томилсон /хх 20-22/ байна. Өөрөөр хэлбэл, Л.Н-г хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаанд түүний ажил, албан тушаал хэвээр хадгалагдсан гэж үзнэ.

 

Л.Б нь шүүхэд гаргасан тайлбартаа Б/27 тоот тушаалыг надад танилцуулаагүй, зөвшөөрөхгүй, хүчингүй болгож өгнө үү гэх боловч байгууллагын бүтцийн өөрчлөлттэй холбогдуулан түүнийг чөлөөлж, буцаан томилсон нь түүний эрхийг зөрчсөн үндэслэл болохгүй.

 

Харин түүнийг ажилдаа орох хүсэлт гаргасан хугацаанд Аж ахуй хариуцсан ахлах мэргэжилтний ажлыг санал болгосон, энэ ажлыг гүйцэтгүүлэхээр тушаал гаргасан талаар хариуцагч тайлбарладаг боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Нөгөө талаас, хариуцагч нь түүнийг хэвээр хадгалагдаж байгаа ажил, албан тушаалдаа орж ажиллах эрхийг зөрчөөгүйгээс гадна ажил олгогчийн санаачилгаар ажлаас нь халж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Түүнчлэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоогүй тохиолдолд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор шаардах эрхгүй гэж дүгнэлээ.

 

Хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргаан нь гомдлоор үүсэх маргаанд хамаарах ба Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн байна. Иймд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 544 910 төгрөгийг буцаан гаргуулж олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйл, 160-р зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэг, 69-р зүйлийн 69.1 дэх хэсэг, 128-р зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан У ТӨХК-ний аж ахуй, үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажил гүйцэтгүүлэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны олговор 45 782 079 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн Л-ын Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58-р зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Л.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 544 910 төгрөгийг буцаан гаргуулж олгосугай.

 

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА