Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2021/00642

 

*******гийн нэхэмжлэлтэй

                     иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах, Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/02841 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2253 дугаар магадлалтай, 

*******гийн нэхэмжлэлтэй,

*******-д холбогдох, 

Аж, ахуй үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажил үүрэг гүйцэтгүүлэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваасүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваасүрэн, өмгөөлөгч Б.Баатарсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Галбаатар, өмгөөлөгч Ц.Мөнхбат, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би *******-д 2016 оны 10-р сарын 4-ний өдрөөс Аж ахуй, үйлчилгээний албаны даргаар ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2019 оны 06-р сарын 21-ний өдрийн Б/162 тушаалаар 2019 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүүхэд асрах чөлөө авсан. Хүүхэд асрах чөлөөтэй байхдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасны дагуу 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр эрхэлж байсан ажилдаа орох хүсэлтийг бичгээр гаргаж, түүний туслах Б.Мөнхсувдаар эх хувийг дамжуулан өгсөн боловч өнөөдрийг хүртэл албан бичгээр хариу аваагүй байна. 2019 оны 11-р сарын 21-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өмнөх албан тушаалд эргүүлэн томилуулахаар нэхэмжлэл гаргасан боловч захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан гээд хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Ажилд орох өргөдөл гаргасантай холбоотойгоор хэд хэдэн удаа утсаар лавлахад орон тоо байхгүй гэсэн мэдээлэл өгч байсан. Байгууллагаас миний хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа, шийдвэрлэх үүргээ гүйцэтгэхгүй байгаа, албан бусаар орон тоо байхгүй гэж хэлж ажиллах нөхцөл боломжоор хангаж өгөхгүй байгаа нь ажлаас үндэслэлгүй халсантай адил байна. Иймд *******г *******-ийн Аж, ахуй, үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, ажил гүйцэтгүүлэхийг даалгаж, ажилгүй байсан хугацааны үндсэн болон нэмэлт цалин хөлстэй тэнцэх олговор 2020 оны 9-р сарын 07-ны өдрийг хүртэл нийт 45,782,079 төгрөгийг гаргуулах, холбогдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилтийг хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: ******* нь тус компанид 2016 оны 10-р сарын 04-ний өдрөөс Хангамж үйлчилгээний албаны даргаар ажилд орж, 2019 оны 03-р сарын 31-ний өдөр амаржиж, хүүхэд асрах чөлөө хүссэн өргөдлийн дагуу 2019 оны 06-р сарын 21-ний өдрийн Б/162 тоот тушаалаар 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүүхэд асрах чөлөөг олгосон. 2019 оны 09-р сарын 22-ны өдөр ажилд орохыг хүссэн өргөдлөө өгч, гүйцэтгэх захиралтай утсаар холбогдсон байдаг. Гүйцэтгэх захирал уулзаж ярилцъя гэсэн боловч ******* эргэж огт уулзаагүй. Ингээд 2020 оны 02-р сарын 04-ний өдөр гүйцэтгэх захиралтай уулзаад бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотойгоор Аж ахуй, үйлчилгээний албанд аж, ахуй хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллуулах саналыг хэлсэн боловч ******* нь хүүхэд асрах хүнгүй тул одоогоор ажилд орох боломжгүй, хүүхдээ асрах чөлөөгөө үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн. Нэхэмжлэгч нь маргаан шийдвэрлүүлэх тухай хуульд заасан шүүхээс урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд заасан шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байна. Байгууллагаас *******г ажлын байраар хангасан. 2020 оны 01-р сарын 07-ны өдөр Захиргаа удирдлагын хэлтсээс *******тай холбоо барьж гүйцэтгэх захиралтай ирж уулзахыг хэлсэн боловч 2020 оны 02-р сарын 11-ний өдрийг хүртэл ирж уулзаагүй. Хэдийгээр ирж уулзахгүй байсан хэдий ч 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс мөрдөж эхэлсэн бүтцийн өөрчлөлтөөр түүнийг Авто аж ахуйн албаны аж ахуй хариуцсан ахлах мэргэжилтний орон тоонд ажиллуулахаар тушаал гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/02841 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэг, 69-р зүйлийн 69.1 дэх хэсэг, 128-р зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******-ний аж ахуй, үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажил гүйцэтгүүлэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны олговор 45,782,079 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн Лувсаншаравын Баттуяагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58-р зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар *******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 544,910 төгрөгийг буцаан гаргуулж олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2253 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/02841 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваасүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2253 дугаар магадлалыг эс зөвшөөрч, гомдлыг гаргаж байна.

Ажлаас халсан тушаал байхгүй тул ажлаас халагдсан гэж үзэх үндэслэлгүй буюу хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2-т заасан урьдчилсан нөхцөл хангагдаагүй гэж үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2-т заасныг буруу тайлбарласан хэрэглэсэн гэж үзэж байна. Монгол Улсын дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмжийн 3.2 дахь хэсэгт Ажил олгогч нь ажилтныг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж, өгөөгүй атлаа ажилтны ажил, үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа ажлаас халсантай адилтган үздэг гэж тайлбарласан байдаг. Үнэхээр ч *******-аас *******г үндэслэлгүй шалтгаанаар ажил уургийг нь гүйцэтгүүлэлгүй нэг жилийн хугацаанд явуулсан, ажлаас халсан эсвэл ажил үүргийг гүйцэтгүүлэх тушаал гаргаагүй, цалинг энэ нэг жилийн хугацаанд өгөөгүй зэрэг үйлдлүүдийг гаргасан байдаг.

Өөрөөр хэлбэл иргэн ******* нь ажилд орох хүсэлтээ байгууллагад 2019 оны 9 дүгээр сарын 22-ны гаргасан боловч байгууллагын зүгээс ажлын орон тоо байхгүй, байгууллагад бүтцийн өөрчлөлт орж аж, ахуй үйлчилгээний албаны даргын ажлын орон тоо байхгүй болсон, оронд чинь орсон хүнийг халж чадахгүй байна зэрэг шалтгааныг тавьж анхан шатны шүүхийн шийдвэр гаргах хүртэл буюу 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд өргөдлийг шийдвэрлэлгүй хүлээлгэсэн. Иймд ******* нь өргөдлийг нь шийдвэрлэхгүй бүтэн жилийн хугацаанд явуулж байгаад нь гомдож нэхэмжлэл гаргасан. Мөн Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхийг хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрх буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж давж заалдах журмаар гомдол гаргасан боловч магадлалд энэ хэсэгт үнэлэлт дүгнэлт өгөөгүй болно. Учир нь, хэргийн оролцогч нараас хуульд заасан эрхийн дагуу шүүх хуралдааныг нээж, хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлт шийдвэрлэх шатанд Талууд эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй байгаагаа шүүгчид бичгээр болон амаар илэрхийлж, гарын үсэг зурж баталгаажуулсан хүсэлтээ өгсөн болно. Өөрөөр хэлбэл, ИХШХШТХ-д 67 дугаар зүйлийн 67.1.4 дэх хэсэг, 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэг, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар Талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх эрхтэй байдаг бол Шүүхийн зүгээс Талуудыг эвлэрүүлэх, эвлэрүүлэх боломжоор хангах үүрэгтэй байдаг. Гэтэл шүүхийн зүгээс хэрэг хянан шийдвэр ажиллагааны хугацаа хэтэрсэн гэх үндэслэлээр тус хэргийн хариуцагч болон нэхэмжлэгч аль аль нь эвлэрэх хүсэлтийн хамтран гаргасаар байхад Зохигчдын хууль ёсны эрхийг ноцтой зөрчсөн байдаг.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30- ны өдрийн 102/ШШ2020/02841 дугаар шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2253 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

******* нь *******-д холбогдуулан аж ахуй, үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 45,782,079 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасныг, хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч ******* нь *******-д аж ахуй, үйлчилгээний албаны даргын албан тушаалд ажиллаж байсан ба гүйцэтгэх захирлын 2019.06.21-ний өдрийн Б/162 дугаар тушаалаар түүнд хүүхэд асрах чөлөө олгосон нь тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч нь 2019.09.22-ны өдөр ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан боловч ажил олгогч түүнийг ажилд томилоогүй, энэ тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

******* өмнөх ажилд эгүүлэн томилуулах нэхэмжлэл гаргасан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.03.31-ний өдрийн захирамжаар харьяаллын бус маргаан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ /хэргийн 7-9 дүгээр тал/.

Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020.04.29-ний өдөр нэхэмжлэл гаргахдаа үндэслэлээ ...ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байгааг ажлаас халсантай адил гэж үзэж байна гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэлийг хүлээн аваад хариуцагч ...бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотойгоор аж ахуй, үйлчилгээний албанд аж ахуй хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллуулах санал хэлсэн, ...эргэж уулзаагүй гэсэн тайлбар гаргажээ /хэргийн 15-16 дугаар тал/.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн баримт хэрэгт авагдаагүй, ажлаас чөлөөлөөгүй гэж үзэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, уг алдааг давж заалдах шатны шүүх залруулаагүй нь буруу.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар жирэмсний болон амаржсаны, хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажил албан тушаалыг хэвээр хадгалах үүргийг ажил олгогч хүлээнэ. Түүнчлэн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй талаар заажээ.

Нэхэмжлэгч хүүхэд асрах чөлөөгөө дуусгавар болгож ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан нь үргэлжлүүлэн ажиллуулах үндэслэл болох бөгөөд энэ тохиолдолд ажил олгогч түүнийг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд нь ажиллуулах үүрэгтэй.

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай шийдвэрийг бичгээр гаргаагүй боловч нэхэмжлэгчийг ажил үүргээ гүйцэтгэх боломжоор хангаагүй, улмаар ажил үүргийг гүйцэтгүүлээгүйг ажлаас халагдсантай адилтган үзэх үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох, цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар шаардах эрхтэй.

Дээрх үндэслэлээр *******г урьд эрхэлж байсан аж ахуй, үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй боловч тэрээр давж заалдах шатны шүх хуралдаанд ажилдаа эргэн орсон талаар тайлбар гаргасан, хариуцагч үгүйсгээгүй тул энэхүү шаардлагыг хангах боломжгүй.

Харин хүсэлт гаргасан өдрөөс шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тооцох журам-ын дагуу ажиллаж байсан үеийн буюу 2018 оны 10, 11, 12 дугаар сарын дунджаар тооцож, ажлын 241 хоногийн олговорт 29,551,538 (сарын дундаж цалин 2,630,882 төгрөг, 1 өдрийн цалин 122,366 төгрөг) төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасантай нийцнэ.  

Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...эвлэрэх хугацаа олгож, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлд хамаарахгүй гэж үзэж, хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2253 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/02841 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан *******-с 29,551,538 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс ажилд эгүүлэн тогтоолгох болон 16,230,541 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын ...олгосугай гэснийг ...олгож, хариуцагч *******-с улсын тэмдэгтийн хураамжид 305,707 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай гэж тус тус өөрчлөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******д олгох олговроос шимтгэл, хураамжийг суутган тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай гэсэн 3 дахь заалт нэмж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ  

ШҮҮГЧИД Б.УНДРАХ

Б.МӨНХТУЯА

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Г.ЦАГААНЦООЖ