Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2019/00802

 

 

 

 

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2019/00802

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         М.Бы нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/00471 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч М.Б, хариуцагч НШШГГт холбогдуулан  2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З.Сүмбэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавхлан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батхишиг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Чойжинброс ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энх, нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 01641 дүгээр шийдвэрээр М.Баас 354 616 813 төгрөг гаргуулж “Чойжинброс ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байдаг. Дээрх шийдвэрийн дагуу гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа барьцааны хөрөнгө болох Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байр, 40 тоот орон сууцыг 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр албадан дуудлага худалдаанд оруулахдаа дараах хууль зөрчиж явуулсан учир тус өдөр зохион байгуулагдсан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү. Дуудлага худалдааг явуулахдаа өмчлөгч нарын оролцоог хангаагүй буюу мэдэгдээгүй, шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зохих журмыг баримтлаагүй байна. Дуудлага худалдааг эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг 14 хоногт оролцогч нарт танилцуулах ажиллагааг хийгээгүй. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 4/16306 тоот мэдэгдэл 2 хоногийн дотор байраа чөлөөл гэж шаардаж байгаа нь мэдэгдэл хүргүүлэх тухай журмыг илтэд зөрчсөн байна. Шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан төлбөр төлөгчийн бүх боломжийг хааж тодорхой бус байдлаар гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь шийдвэр гүйцэтгэх тухай хууль зөрчиж явуулсан хэт нэг талын эрх ашигт үйлчилсэн гэж хардах үндэслэл болж байна. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны тухайд 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан бөгөөд 24-ний өдөр эс зөвшөөрсөн хариу өгсөн, 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид тус хуулбарыг хавсарган гомдол гаргасан боловч материалыг татан аваад 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хариу гарсныг мэдэгдсэнээр гардан авлаа. Дуудлага худалдаагаар борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн эсэх тухай дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг тогтоосон хугацаанд 14 хоногийн дотор танилцуулна гэжээ. Гэтэл уг шийдвэрийг ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасны дараа танилцуулсан байдаг. Өөрөөр хэлбэл хуульд заасан хугацааг хамаараагүй нь төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн байна. Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байр, 40 тоот орон сууцыг худалдан борлуулсан тухай 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү. Мөн дуудлага худалдаа болох талаар мэдээгүй, дуудлага худалдаанд оролцуулаагүй, үнэлгээ тогтоох ажиллагаанд оролцуулаагүйд гомдолтой байна гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Шүүхийн шийдвэр, магадлалаар М.Баас 354 616 813 төгрөгийг гаргуулж “Чойжинброс ББСБ” ХХК-д олгож, хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох М.Бы өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байр, 40 тоот, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангахыг тус газарт даалган шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч М.Б, иргэн З.Сүмбэр нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байр, 40 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204000018 дугаарт бүртгэлтэй, 40 м.кв талбайтай орон сууцыг 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 18290479/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 18290479/02 дугаар тогтоолоор хураасан. Тус орон сууцны өмчлөгч З.Сүмбэрээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр үнийн саналыг авсан, төлбөр төлөгч М.Бд үнийн санал өгөхийг 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 4/9774 дугаар, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 4/9909 дугаар албан бичгүүдээр тус тус мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд үнийн санал ирүүлээгүй тул 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 149 дүгээр тогтоолоор төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор “Дамно” ХХК-ийг томилоход 89 400 000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг өмчлөгч болон талуудад мэдэгдэхэд төлбөр төлөгч М.Б 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр тус газарт хандан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу төлбөрт хураагдсан хөрөнгийг 1 сарын дотор худалдан борлуулах тухай хүсэлт гаргасныг шийдвэр гүйцэтгэгчээс хүлээн авч, 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд хөрөнгийг худалдан борлуулахыг мэдэгдсэн. Мэдэгдлийн хугацаанд төлбөр төлөгч М.Б өөрийн хөрөнгийг худалдан борлуулаагүй, төлбөрийг барагдуулаагүй тул 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 8/10 дугаар төлбөрт хураагдсан орон сууцыг үнэлгээчний тогтоосон үнэ болох 89 400 000 төгрөгийн  70 хувь буюу 62 580 000 төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 4/12861 дүгээр мэдэгдлийг гардуулахаар М.Бы шүүхийн заасан хаяг болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхон 5 дугаар байрны 40 тоотод ирэхэд хүнгүй байсан тул баталгаат шуудангаар хүргүүлж, өмчлөгч З.Сүмбэрт 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гардуулсан. Төлбөр төлөгч М.Б нь 2018 оны 8 дугаар сарын 21-ны өдөр Л.Ганчулуунд итгэмжлэл олгосон бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гүйцэтгэх баримт бичигтэй /албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, мэдэгдэл, дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэр/ танилцаж, М.Б 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр тус газарт дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай гомдлыг гаргасан. Төлбөр төлөгч М.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчулуун болон өмчлөгч З.Сүмбэрт дуудлага худалдааны талаар мэдэгдэж, хуульд заасны дагуу ажиллагааг зохион байгуулж байх тул дуудлага худалдаанд оролцох нөхцөл боломжоор хангаагүй гэх нь үндэслэлгүй юм. Иймд барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулсныг мэдэгдээгүй, эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг танилцуулаагүй гэх нь үндэслэлгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд З.Сүмбэрийн бие даасан шаардлагад: НШШГГ нь М.Б, З.Сүмбэр бидний хамтран өмчлөлтэй Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байрны 40 тоот орон сууцыг 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан. Тус дуудлага худалдаанд оролцох нөхцөл боломжоор хангаагүй, мөн холбогдох хуульд заасан ажиллагааг хийгээгүй байдаг. Иймд 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн анхны дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Чойжинброс ББСБ” ХХК-ийн тайлбарт: Зээлдэгч М.Б нь зээлийн үүргээ биелүүлээгүйгээс шүүхийн журмаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн бөгөөд ийнхүү үүргээ эс биелүүлсэн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж төлбөр төлөгчид хуульд заасны дагуу мэдэгдэл шаардлага хүргүүлж, уулзалт тэмдэглэл үйлдэж, түүний өөрийнх нь хүсэлтийн дагуу шаардлагатай зохих хугацааг олгож ирсэн ч энэ бүхий л хугацаанд төлбөрийг төлөх тухайд биш цаг хугацаа хожих зорилгыг агуулж ирсэн болно. Төлбөр төлөгч хуулийн дагуу үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд хариу өгөөгүйгээс мэргэжлийн үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийгдэн, уг үнэлгээ болон дуудлага худалдаа явуулах тухайд танилцуулсантай холбоотойгоор мэдэж танилцсан учир 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар өөрөө худалдан борлуулах тухай хүсэлтийг гаргасан. Ийнхүү хүсэлтийн дагуу хугацаа олгосон боловч худалдах ажиллагааг огт хийгээгүй болно. Иймээс хуульд зааснаар дуудлага худалдааг 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 10:00 цагт явуулах тухай тогтоол болон мэдэгдлийг гардуулахаар очиход байгаагүй тул тэмдэглэл үйлдэж, хуулийн дагуу шуудангаар хүргүүлсэн, мөн өмчлөгч З.Сүмбэрт 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гардуулсан байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх:   Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.3, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан НШШГГт холбогдох, 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч М.Бы гомдол болон гуравдагч этгээд З.Сүмбэрийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Баас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 70 200 төгрөг, гуравдагч этгээд З.Сүмбэрээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавхлангийн давж заалдах гомдолд: 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Шүүх нотлох баримтыг дутуу буюу бодитоор үнэлээгүй. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлдээ “анхны албадан дуудлага худалдаа 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулагдах талаар төлбөр төлөгч М.Бы оршин суух хаягаар баталгаат шуудангаар мэдэгдсэн болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 8/10 дугаар тогтоол болон 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Монгол шуудан дардас, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн зарлан дуудах мэдэгдэл зэрэг баримтаар нотлогдож байна” гэжээ. Гэтэл тухайн үед нэхэмжлэгч М.Б нь шуудангаар явуулсан хаягт хүн байгаагүй тул мэдэгдлийг хүлээн авч чадаагүй. Иймд дуудлага худалдааг явуулахдаа өмчлөгч нарын оролцоог хангаагүй буюу мэдэгдээгүй. Дуудлага худалдааг эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг 14 хоногт багтаан оролцогч нарт танилцуулах ажиллагааг хийгээгүй байна. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 4/16306 тоот мэдэгдэл 2 хоногийн дотор байраа чөлөөл гэж шаардаж байгаа нь өмчлөгчдийн эрхийг ноцтой зөрчиж байгаа талаар шүүх дүгнэлт гаргаагүй байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь төлбөр төлөгчийн эрх ашгийг хөндсөн бөгөөд тодорхой бус байдлаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа нь шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчиж байна гэж үзэх үндэслэл болсныг шүүх харгалзан үзээгүй. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/00471 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.  

 

Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч НШШГГт холбогдуулан 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2145 дугаар магадлалаар хариуцагч М.Баас 137 868.6 ам.доллар буюу 312 957 585 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Чойжинброс ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17 593.4 ам.доллар буюу 39 936 490 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг хариуцагч М.Б, гуравдагч этгээд З.Сүмбэр нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр гудамж, 40 тоотын 3 өрөө орон сууцаар хангахаар шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн уг магадлал хуулийн хүчин төгөлдөр байх тул төлбөр төлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар биелүүлэх үүрэгтэй болно. /хх39-46/

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын барьцаа хөрөнгийг 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 18290479/04 дугаар тогтоолоор битүүмжлэх, 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 18290479/02 дугаар тогтоолоор хураан авах, талуудын төлбөрт хураагдсан эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах үнийн талаар санал авсан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54, 55 дугаар зүйлд заасантай нийцжээ. /хх 48, 57, 62-63/

 

Төлбөрт хураагдсан эд хөрөнгийн өмчлөгч З.Сүмбэр орон сууцыг 120 000 000 төгрөгөөр үнэлж саналаа ирүүлсэн боловч, нэхэмжлэгч М.Б үнийн санал ирүүлээгүй тул гуравдагч этгээд “Чойжинброс ББСБ” ХХК-аас шинжээч томилуулах хүсэлт гаргажээ. /хх61-64/

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээчээр томилогдсон “Дамно” ХХК дээрх үл хөдлөх хөрөнгийг үнэлгээг 89 400 000 төгрөгөөр үнэлснийг шийдвэр гүйцэтгэгч 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 4/10340 дугаар албан бичгээр төлбөр төлөгч нарт мэдэгдсэн байна.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнийн 70 хувь буюу 62 580 000  төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулах, өөрийн хөрөнгийг 1 сарын хугацаанд шинжээчийн тогтоосон үнээс багагүй үнээр бие даан худалдан борлуулах талаар мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн байна. /хх68-70/

 

Анхны албадан дуудлага худалдааг 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулах тогтоолыг  2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 4/12861 дүгээр албан бичгийн хамт хариуцагч М.Бд 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр баталгаат шуудангаар, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гуравдагч этгээд З.Сүмбэрт мэдэгдэх хуудсаар тус тус мэдэгдэн гарын үсэг зуруулж, тэмдэглэл үйлдсэн баримт хэргийн 77-78, 81 дугаар талд авагдсан байх ба уг ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. /хх74/

 

Төлбөр төлөгч М.Б 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай гомдлоо 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гаргасныг хариуцагч байгууллага 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хангахаас татгалзсан зэрэг хэргийн 86, 88 дугаар талд авагдсан баримтуудаас үзэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байх тул хариуцагчийн эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг 14 хоногт багтаан оролцогч нарт танилцуулах ажиллагааг хийгээгүй гэх гомдол үндэслэлгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/00471 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД                          Э.ЗОЛЗАЯА

 

       А.МӨНХЗУЛ