Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2019/00801

 

 

 

 

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2019/00801

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/00469 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч “А” ХХК, хариуцагч Э.Цд холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 212 802 999 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 12/17 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үндэслэлгүй төлсөн 206 150 350 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй, гуравдагч этгээдийн Э.Цг Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Наран 18 дугаар гудамж, 61 а тоотод байрлах 411 м.кв талбайтай хувийн орон сууц, 142 м.кв талбай газрын өмчлөгч болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагатай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Чинбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Зина, түүний өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, Ж.Саранцэцэг, М.Цогтбаатар, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: “А” ХХК нь Э.Цтэй 2012 оны 4 сарын 27-ны өдөр 12/17 тоот зээлийн гэрээ байгуулж 168 000 000 төгрөгийн зээлийг жилийн 25,2 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлдүүлсэн. Гэвч Э.Ц зээлийн төлбөрийг 2015 оны 5 дугаар сараас хойш огт төлөөгүй тул гэрээний 4.2.3 дахь заалтыг үндэслэн банк нь Иргэний хуулийн 225, 227 дугаар зүйл, 12/17 тоот зээлийн гэрээнд заасныг тус тус үндэслэн цуцалж, зээлдэгчээс үндсэн зээлийн үлдэгдэл 151 711 257 төгрөг, үндсэн хүүнд 60 556 199 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 525 543 төгрөг, нотариатын зардал 10 000 төгрөг нийт 212 802 999 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Миний бие 2012 оны 3 дугаар сард Баянгол дүүрэг, 10 дугаар хороо Зүүн Наран, 18 дугаар гудамж, 61 а тоотод байрлах 411 м2 хувийн орон сууц, гараж /Ү-2205036217, 80 хувийн гүйцэтгэлтэй/, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 142 м.кв өмчлөлийн газрыг /Г-2205003585/ худалдах тухай зарын дагуу Эрэл банкны зээлийн эдийн засагч О.Анхбаяртай уулзахад 240 000 000 төгрөгөөр худалдах гэж байгааг мэдэгдсэн. Обьектыг зээлээр худалдах, худалдан авах талаар банкинд санал тавихад Банкны тухай хууль болон Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар банк нь үл хөдлөх хөрөнгө худалдан ашиг орлого олох эрхгүй, банк үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулах нь хуульд харшлах тул зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулах боломжгүй гэсэн тайлбарыг өгч, банкнаас зээл аван обьектыг авах гэсний дагуу зээлэхээс өөр аргагүй байдалд орж, 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр урьдчилгаа 30 хувь болох 72 000 000 төгрөгийг ээжийнхээ орон сууцыг зарж бүрдүүлэн банкинд төлж, үлдэх төлбөр 168 000 000 төгрөгийг 10 жилийн хугацаанд 1,9 хувийн хүүтэй зээлсэн. Хэрэв зээлээр худалдан авах гэрээ байгуулан авсан бол 240 000 000 төгрөг төлөх, банкны зээлийн гэрээний дагуу төлөх графикаар 96 000 000 төгрөг төлөх ёстой, гэтэл зээлийн гэрээгээр одоо 206 000 000 төгрөг төлсөн. Банкны зээлээр орон сууц худалдан авахад банкнаас мөнгийг шилжүүлснээр худалдан авч буй орон сууцны өмчлөх эрх худалдан авагчид шилжин, орон сууцаа банкинд барьцаалдаг тогтсон жишиг байдаг ч банк өмчлөх эрхийн гэрчилгээг одоог хүртэл миний нэр дээр шилжүүлж өгөөгүй. Банкны 2012 оны 4 сарын 27-ны өдрийн 1217 тоот зээлийн хорооны гишүүдийн шийдвэрээр уг объектын 40 хувь буюу 96 000 000 төгрөгийг банкинд урьдчилан төлсөн тохиолдолд миний нэр дээр шилжүүлэн барьцааны гэрээ үйлдэнэ, сарын 1,9 хувийн хүүтэй зээл олгох боломжгүй гэснээр 168 000 000 төгрөгийг сарын 2,1 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлэхээс өөр аргагүйд хүрч зээлийн гэрээ болон санхүүгийн түрээсийн барьцааны гэрээ байгуулсан ба зээлийн гэрээг зээлээр худалдан авах гэрээ гэж ойлгож болно. Банкнаас олгох зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжийг бүхэлд нь агуулсан хэмээн банкны зүгээс тайлбарласан. Миний хувьд амины орон сууцыг худалдан авах сонирхол маш их байсан тул урьдчилгаанд 72 000 000 төгрөг банкинд төлсний дараа анх худалдах үнийг 5 дахин нугалж төлөх талаар санаа зовж гэрээнээс татгалзаж төлсөн төлбөрөө буцаан авахад ихээхэн хүндрэл учрах магадлалтай, нөгөө талаас амины орон сууц нь “А” ХХК-ийн өмч тул /хуурч төөрөгдүүлэхгүй байх/ зээлээр худалдан авч байна гэж ойлгон зээлийн болон санхүүгийн барьцааны гэрээг байгуулсан. Хариуцагч нь 2012 оны 4 сарын 27-ны өдрөөс 2015 оны 4 сарын 27-ны өдрийг хүртэл нийт 206 150 350 төгрөг төлж байгаад банкны эдийн засагч солигдсон, объектын үлдэгдэл төлбөрийг тулган баталгаажуулалт хийх талаар хэлэхээр банкинд очиход зээлийн хувийн хэргээс үл хөдлөх эд хөрөнгө болон газрын хууль ёсны өмчлөгч нь Д.Төмөрхүү болохыг мэдсэн. Зээлийн гэрээний 1.1-д зээлдэгч нь худалдан авсан нийтийн орон сууцны зориулалттай объектын үнийн дүнгийн 40 хувийг банкинд бүрэн төлснөөр банк объектыг зээлдэгчийн нэр дээр шилжүүлэн барьцааны гэрээ үйлдэх болно гэж заасан гэрээний үндсэн нөхцөл нь бодит байдал дээр огт хэрэгжих боломжгүй ба объектын үнийн дүнгийн 40 хувь болон үлдэгдэл төлбөрийг банкинд бүрэн төлсөн ч банк уг худалдан авагчийн нэр дээр шилжүүлэх хууль зүйн хувьд боломжгүй. Миний бие объектын хууль ёсны өмчлөгч иргэнтэй зээлээр худалдах, худалдан авах гэрээ огт байгуулаагүй, урьдчилгаа төлбөр болох 72 сая төгрөг бэлнээр болон бэлэн бусаар шилжүүлээгүй, банкнаас үл хөдлөх эд хөрөнгийг түүний өмнөөс худалдан борлуулах, захиран зарцуулах, барьцаалах, итгэмжлэл, баталгаа зээлийн хувийн хэрэгт байхгүй болно. Банкинд үлдэгдэл төлбөрийг төлөх хугацаанд Д.Төмөрхүүд гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөөс болж амь нас нь эрсдсэн тохиолдолд түүний үр хүүхэд, өв, эд хөрөнгө залгамжлагчаас миний нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй талаар мэдэгдэж, объектыг бусдын хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлөх талаар шүүхэд нэхэмжлэл гаргасэн тохиолдолд миний бие 2015 оны 4 сарын 27-ны өдрийг хүртэл банкинд төлсөн 206 150 350 төгрөгөөр зогсохгүй, үл хөдлөх хөрөнгөгүй болох бодит эрсдэл нүүрлэх магадлалтайг ойлгосон. Зээлийн гэрээ нь зээлээр худалдан авах гэрээ болох нэг нотолгоо нь Зээлийн мэдээллийн тухай хуулиар иргэн, аж ахуйн нэгжээс ямар нэгэн арилжааны тодорхой хэмжээний зээл авсан тохиолдолд зээлийн нэгдсэн мэдээллийн бүртгэж оруулах үүрэгтэй ч банк бүртгүүлээгүй байдал юм. Хэрэв гэрээ нь зээлийн гэрээ байсан бол 2 тал хүлээн зөвшөөрч дээрх хууль болон Зээлийн мэдээллийн сангийн журамд заасны дагуу зээлдэгчийн мэдээллийг зээлийн мэдээллийн санд 2012 оны 4 сард оруулах боломжтой байсан. Тус эрсдэлтэй хүчин зүйлээс шалтгаалж 2015 оны 4 сард банкны гүйцэтгэх захирал Д.Төмөрхүү, хуулийн зөвлөх н.Хүрэлбаатар нартай уулзаж, зээлээр худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Д.Төмөрхүүгийнх болох, урьдчилгаа төлбөр болон 134 150 350 төгрөгийг банкинд төлж байсан, цаашид объектын үлдэгдэл төлбөрийг банкинд төлөх үндэслэлгүй, учир нь хууль ёсны өмчлөгчтэй зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн урьдчилгаа болон үлдэгдэл төлбөрийг Д.Төмөрхүүд төлөөгүй нь худалдан авагчийн хувьд маш их эрсдэлтэй байгаа тул өмчлөх эрхийг миний нэр дээр шилжүүлж өгөх эсвэл шүүхээр асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагыг тавьсан. Гэвч гүйцэтгэх захирал Д.Төмөрхүү нь гэрээнд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн 40 хувь буюу 96 сая төгрөг төлсний дараа өмчлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлнэ, банк аливаа өмчлөлийн зүйлс болох газар болон үл хөдлөх эд хөрөнгийг гүйцэтгэх захирлын нэр дээр гаргуулан бүртгэдэг, тухайн объектын хууль ёсны өмчлөгч банк бөгөөд гэрчилгээгээр гүйцэтгэх захирлын нэр дээр бүртгэгдсэн байгаа нь үнэн, миний шаардлагыг Зээлийн хорооны гишүүдийн хурлаар оруулах боловч зээлийн хороог би ахалдаг тул шаардлагыг чинь биелүүлэх боломжгүй гэдгийг урьдчилан хэлж, би гэрээний дагуу явна, чи бизнес хийдэг хүн, шүүхээр маргаан үүсгэвэл дахин Монголд чамд бизнес хийх боломжгүй болгож чадна, би Монголын Банкуудын Холбооны дэд ерөнхийлөгч бөгөөд бусад банкуудтай харилцахад хар тамга дарж чадна гэсэн тайлбар өгч, дарамталсан байр сууринаас хандсанаар би гэрээнээс татгалзаж гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Д.Төмөрхүүд объект, газрыг өөрийн нэр дээр бүртгүүлэх тухай банкны ТУЗ болон хувьцаа эзэмшигчдийн албан ёсны ямар нэгэн шийдвэр байхгүй, Бүртгэлийн хэлтсийн 2015 оны 10 сарын 23-ны өдрийн албан бичигт Ч.Энхбат, Ш.Оюунцэрэн нараас 2011 оны 12 сарын 01-ний өдрийн амины орон сууц худалдах, худалдан авах гэрээ, газар худалдан авах гэрээгээр өмчлөх эрх тус бүрийг 1 500 000 төгрөгөөр шилжүүлж авсан. “А” ХХК нь 2012 оны 4 сарын 27-ны өдөр байгуулсан санхүүгийн түрээсийн барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн ба үүргийн гүйцэтгэл хангагдах боломжгүй нөхцөл байдал үүссэнтохиолдолд нэхэмжлэгчийн бусад эд хөрөнгөөр төлүүлэх зорилгыг агуулж байсан нь нотлогдоно. Миний банкинд хувийн орон сууцны урьдчилгаа төлсөн 72 сая, үлдэгдэл 168 сая, нийт 240 сая төгрөгийг Ч.Энхбатын данс руу зээлийн эдийн засагч нь дур мэдэн Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т төлбөрийн нэхэмжлэлээр хийх төлбөрийг гагцхүү төлбөр хариуцагчийн мөнгөн хөрөнгийг зарцуулах эрх бүхий этгээдийн зөвшөөрсөн нөхцөлд гүйцэтгэнэ" гэж заасныг зөрчиж хууль бусаар шилжүүлсэн байсныг 458 дугаар шийдвэр болон гэрчийн мэдүүлгээр гүйлгээ хийснээ хүлээн зөвшөөрсөн. Банкинд төлсөн 206 150 350 төгрөгийг буцааж өгөх ёстой. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Төмөрхүүгийн тайлбарт: Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн наран 18 дугаар гудамж 61а тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2205036271 дугаар 411 м.кв талбайтай гурван давхар хувийн сууц гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2205003585 дугаар 142 м.кв газар нь миний дээр бүртгэлтэй байгаа, өнөөдрийг хүртэл уг обьектыг эзэмшиж ашигласан зүйл байхгүй Улсын дээд шүүхийн 2017 оны 1 сарын 10-ны өдрийн 17 тоот тогтоолоор өнөөдрийг хүртэл эзэмшиж ашиглаж бодит өмчлөлдөө байлгаж байгаа Э.Цгийн өмчлөл болохыг тогтоосон тул өмчлөлийг шилжүүлэн өгөх хүсэлтэй байна. Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн наран 18-р гудамж 61а тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2205036271 дугаар 411 м.кв талбайтай гурван давхар хувийн сууц гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2205003585 дугаар 142 м.кв газрын өмчлөгч Э.Ц болохыг тогтоож өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: Иргэн Э.Ц Атай анх тохиролцсны үндсэн дээр Баянгол дүүргийн 22 дугаар /хуучнаар 10 дугаар / хороо Зүүн нарангийн 18 дугаар гудамжны 61А тоотод байрлах Амины орон сууц, Газар-ыг урьдчилгаа 30 хувь 72 000 000 төгрөг банкинд бэлэн төлж, үлдэгдэл 168 000 000 төгрөг шаардлагатай байгаа тухайд банкнаас 10-н жилийн хугацаатай авч зээлээр худалдах, худалдан авах Гэрээгээр өмчийн нийт үндсэн үнэ 240 000 000 төгрөгөөр төлөөд банкнаас худалдан авч, өмчтөй болох зорилготой байсан, банк зөвшөөрсөн, энэ бол банкны анхны хувилбар бөгөөд банк тухайн үед шийдвэрээ гэнэт өөрчилж хуулиараа Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, борлуулах зэргээр зээл, түрээсээс өөр төрлийн үйл ажиллагаа явуулах эрхгүй тул зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулах боломжгүй байна гэж хэлээд 2 дах хувилбар хэлж А нь Э.Цтэй 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 12/17 тоот Санхүүгийн түрээсийн барьцааны гэрээ, 12/17 Зээлийн гэрээ гэж 2 гэрээ байгуулж, иргэн Э.Цг төөрөгдүүлэн, 12/17 тоот Санхүүгийн түрээсийн барьцааны гэрээгээр шударга бус үйлдэл хийж, үр дагаварт нь 3 жилийн турш санхүүгийн түрээст 134 150 350 төгрөг төлүүлж, эцэст нь 12/17 тоот Санхүүгийн түрээсийн барьцааны гэрээ нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус болж банкны зүгээс энэхүү хэлцлээ хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн. Банк нь Иргэний эрх зүйн гэрээний харилцааг ашиглан, иргэд бидний итгэлийг эвдсэн бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд худалдах үйл ажиллагаа, төлбөр төлөх үүргийг хэсэгчлэн тусгаснаар зээлээр худалдах, худалдах авах гэрээний шинжийг агуулсан халхавчлах зорилгоор хуурч төөрөгдүүлэн гэрээ хийсэн тул хүчин төгөлдөр бус хууль зөрчсөн гэрээ юм. Энэхүү Зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1 дэх зүйлд ... зээлдэгч нь худалдан авсан нийтийн зориулалттай объектын үнийн дүнгийн 40 хувь банкинд бүрэн төлснөөр, банк уг обьектыг зээлдэгчийн нэр дээр шилжүүлэн барьцааны гэрээг үйлдэнэ... гэж заасан. Энэхүү үл хөдлөх эд хөрөнгө, газрын үндсэн үнэ 240 0000 000 төгрөг, 40 хувь нь 96 000 000 төгрөг юм. Э.Ц 96 000 000 төгрөг банкинд бүрэн төлсөн, үүнд: 30 хувь нь хашаа байшингийн урьдчилгаа 72 000 000 төгрөг, нэмэгдсэн 10 хувь нь 16 268.742 +7 731 258 =24 000 000 төгрөг бөгөөд 16 268 742 төгрөг нь зээлийн гэрээний дагуу 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд төлсөн, банкнаас олгосон 168 000 000 төгрөгөөс үндсэн төлбөрт тооцогдсон дүн, 7 731 258 төгрөг нь банк 168 000 000 төгрөг Э.Цгийн дансанд 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн. Э.Ц банкны зээлийн эргэн төлөлтийн хуваарь ёсоор 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр сар бүр 3 846 000 төгрөг төлж, банк тооцож авсан бөгөөд үүнээс 4 хоногийн үндсэн төлбөр нь гурван жилийн турш хүүд тооцогдож, банк 4 хоногийн хүүгээс үндсэн төлбөрт тооцохоор тохирсон зөрүү дүн юм. Банк Э.Цтэй Зээлийн гэрээнд Үл хөдлөх эд хөрөнгө,газрын үндсэн үнэ 240 000 000 төгрөгийн 40 хувь 96 000 000 төгрөг төлөгдсөнөөр өмчлөлийг зээлдэгчийн нэр дээр шилжүүлж барьцааны гэрээг байгуулна гэж тохиролцсон. Үүнд: Аны зээлийн хорооны гишүүдийн хурлын шийдвэрт ... зээлдэгч худалдан авч буй объектын үнийн дүнгийн 40 хувь буюу 96 000 000 төгрөгийг банкинд бүрэн төлснөөр уг объектыг банк зээлдэгчийн нэр дээр шилжүүлэн барьцааны гэрээ байгуулна... гэж заасан төдийгүй 96 000 000 төгрөг төлөгдөх талаар тодорхой тусгаж өгсөн хурлын шийдвэр нь 1217 тоот зээлийн гэрээгээр тохиролцсон хэлбэр, нөхцлийг баталдаг. Зээлийн гэрээнд олгосон 168 000 000 төгрөгийн 40 хувь болох 67 200 000 төгрөг банкинд төлөх талаар огт дурдаагүй. Банк зээлийн гэрээнд заагаагүй, тусгаагүй тусгагдаагүй нөхцөл хэлж, Үл хөдлөх эд хөрөнгө, газрыг Э.Цгийн нэр дээр шилжүүлж, барьцааны гэрээ байгуулна гэдэг нь хууль бус бөгөөд, банк зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх хууль зөрчсөн үйлдэл нь олгосон зээлийн 168 000 000 төгрөгийн 40 хувь буюу 67 200 000 төгрөг төлөх тухайд огт биш зээлийн гэрээний зүйл нь Аны өмч биш тул зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүйгээс гадна зээлийн гэрээнд тохиролцсон хэлбэр нь зөрчигдөж байна. Үүнд банк өөрөө өмчлөгч биш учраас захиран зарцуулах эрхгүй зуйлийг зээлдэгчийн нэр дээр шилжуулнэ гэж гэрээ хийсэн болохыг Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1865 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2017/01656 дугаар тогтоолд гэрээний зүйл нь нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгө биш өөрөөр хэлбэл “А” ХХК-ийн эд хөрөнгө биш гэж тогтоосон тул банк энэхүү 12/17 тоот зээлийн гэрээг 12/17 тоот санхүүгийн түрээсийн гэж 12/17 тоот санхүүгийн түрээсийн барьцааны гэрээгээр төөрөгдүүлсэн учир 12/17 тоот зээлийн гэрээ хийсэн нь тэр үеэсээ хууль бус хэлцэл юм. Банк энэхүү зээлийн гэрээнд худалдан авсан өмчийн үнийн дүнгийн 40 хувь 96 000 000 төгрөг банкинд төлөхөөр тохиролцсон, банк гэрээнд тусгагдаагүй нөхцөл хэлж гэрээгээр тохирсон хэлбэрийг зөрчсөн учир хууль бус хэлцэл гэж үзэж байна. Банк энэхүү зээлийн гэрээнд Э.Цгийн нэр дээр амины орон сууц газрын өмчлөлийг шилжүүлэх үүрэг хүлээж, энэ үүрэг нь банкны өмч биш тул банкны зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг хэзээ ч биелэгдэхгүй, банк зээлийн гэрээгээр тохирсон хэлбэрийг зөрчсөн тул хууль бус хэлцэл гэж үзэж байна. Банк энэхүү зээлийн гэрээнд хөрөнгө оруулалтын зээлээр 168 000 000 төгрөг сарын 2,1 хувь, жилийн 25,2 хувийн хүүтэй 10 жилийн хугацаатай зориулалтын бус зээлийг олгож мэхлэсэн бөгөөд хөрөнгө оруулалтын зээл авах нөхцөл нь худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ оффисын зориулалттай обьект, ажлын байр, талбай оффисын тавилга эд хогшил, тоног төхөөрөмж худалдан авахад зориулагддаг бөгөөд урьдчилгаа 30 хувь төлүүлдэггүй, уг зээлийг авахад тодорхой материалыг бүрдүүлдэг бөгөөд үүн дотор барьцаалах эд хөрөнгийн гэрчилгээ шаарддаг, гэтэл 168 000 000 төгрөг барьцаа хөрөнгө байхгүй, батлан даалт байхгүй, иргэн Э.Ц худалдан авсан өмчийн гэрчилгээ байхгүй байгаа зэрэг нь уг хэлцэл хууль бус байна гэж үзэж байна. Иймд “А” ХХК иргэн Э.Цтэй 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хууран мэхэлж хэлцэл хийсэн тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бус хууль зөрчсөн болохыг тогтоож, Э.Ц нь энэ гэрээний үр дагаварт банкинд 206 150 350 төгрөг үндэслэлгүйгээр төлж гурван жилийн дараа бодит хохирогч болсон тул “А” ХХК-аас 206 150 350 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү. Хэдийгээр уг үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байсан ч энэ маргаантай асуудал үүссэнээс хойш уг үл хөдлөх хөрөнгийг ашиглахгүй байгаа бөгөөд тухайн үед бидний өмчлөлд шилжүүлээгүйгээс хойш бид ашиглаагүй. Иймд уг эд хөрөнгийг бид авахгүй гэжээ.

            Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “А” ХХК нь иргэн Э.Цтэй 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 12/17 тоот зээлийн гэрээг байгуулж, 168 000 000 төгрөгийн зээлийг жилийн 25,2 хувийн хүүтэйгээр, 120 сарын хугацаатайгаар, нийтийн зориулалттай обьект худалдан авах зориулалтаар олгосон байна. Уг зээлийн гэрээг байгуулах үндсэн санаачилга нь 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн иргэн Э.Цгийн Аинд хаягласан өргөдөл байна. Энэхүү иргэн Э.Цгийн гаргасан өргөдөл нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу гаргасан зээл авахыг хүссэн хүсэл зоригийн илэрхийлэл юм. Уг хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу хүчин төгөлдөр хүсэл зоригийн илэрхийлэл юм тухайн хүсэлтэд зээл хүсэгч Э.Ц нь 240 000 000 төгрөгөөр объект авах гэж байгаа бөгөөд 72 000 000 төгрөгийн урьдчилгаа дансанд байгаа бөгөөд 168 000 000 төгрөгийн зээл олгож өгөөч хэмээн хүсэл зоригоо бүрэн илэрхийлж гаргасан байдаг. Энэхүү хүсэл зоригийн илэрхийлэл нь “А” ХХК-аас 168 000 000 төгрөгийг 120 сарын хугацаатайгаар зээлэх агуулгатай юм. Харин уг зээлийн зориулалт нь нийтийн зориулалттай обьектыг худалдан авах юм. Гэтэл хариуцагч Э.Ц нь “А” ХХК-ийг зээлийн гэрээг байгуулахдаа хууран мэхэлсэн хэмээн буруутгаж буйг ойлгохгүй байна. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээ болон уг зээлээр худалдан авч буй гэрээ нь тус тусдаа өөр өөр харилцаа. “А” ХХК-ийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу зөвхөн зээлдэгч Э.Цд зээл олгох үүрэгтэй. Уг үүргээ ч гэрээний дагуу бүрэн биелүүлж, зээлдэгч Э.Ц нийт 168 000 000 төгрөг олгосон. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдож байгаа болно.

Хариуцагч Э.Ц нь Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн наран, 18 дугаар гудамжны 61а тоотод байрлах, Ү-2205036271 тоот улсын бүртгэлийн дугаартай, 411 м.кв талбай бүхий 3 давхар хувийн сууц, гаражийн хамт болон Г-2205003585 тоот улсын бүртгэлийн дутаартай, 142 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газрын өнөөдрийг хүртэл хугацаанд эзэмшиж, ашиглаж байгаа болно. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож буй Д.Төмөрхүү нь дээрх хөрөнгийн өмчлөгч нь Э.Ц тул хүлээлгэн өгөх тухай асуудал тавьж байна. Үүнээс харахад иргэн Э.Ц нь зээлийн гэрээний хугацаанд өөрийн буруугаас зээлийг хугацаанд нь төлөлж чадаагүй буруутай болохоос бусдын буруутай үйлдэл харагдахгүй байна. Учир нь Э.Цгийн зээл төлөх эх үүсвэр нь уг хувийн сууцыг бусдад түрээслүүлэх байсан бөгөөд дээр дурдсан хувийн сууц Э.Цгийн эзэмшил, ашиглалтанд байсан учир тэрээр бусдад түрээсэлж байсан болно. Э.Цд ямар хохирол учраад байгааг нэхэмжлэгчийн зүгээс ойлгохгүй байна. Худалдаж авсан Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн наран, 18 дугаар гудамжны 61а тоотод байрлах, Ү- 2205036271 тоот улсын бүртгэлийн дугаартай, 411 м.кв талбай бүхий 3 давхар хувийн сууц, гараашийн хамт болон Г-2205003585 тоот улсын бүртгэлийн дугаартай, 142 м.кв талбай бүхий өмчлөх эрхгэй газар нь түүний эзэмшил, ашиглалтанд байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар түүний өмчлөлтэй маргахгүй байна. Мөн Э.Цгийн өмчлөлд уг хөрөнгө бүртгэлтэй байсан ч зээл, зээлийн хүүгийн төлөлт гэрээ болон хуульд заасны дагуу бодогдох бөгөөд нөхцөл байдал өөрчлөгдөхгүй юм. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 206 150 360 төгрөг нь бүхэлдээ үндэслэлгүй байх бөгөөд задлан авч үзвэл 134 150 350 төгрөг нь хууль ёсны дагуу байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох зээл, хүүний төлбөрт төлж байсан төлбөр, харин 72 000 000 төгрөг нь банканд төлсөн мөнгө гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд өөрийн дансандаа байршуулж байгаад зээлийн 168 000 000 төгрөгтэй нийлүүлэн 240 000 000 төгрөгийг объектын үнэ хэмээн Ч.Энхбатын дансанд төлсөн мөнгө байх бөгөөд тус мөнгийг банкнаас нэхэмжлэх эрх зүйн үндэслэл байхгүй юм. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэл нь тогтоогдохгүй байх бөгөөд үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангалгүй үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, бие даасан шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

            Шүүх:   Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Цгээс зээлийн гэрээний үүрэгт 172 111 659 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 40 691 340 төгрөгийг, зээлийн гэрээг ноцтой төөрөгдүүлж, хуурч мэхлэн, дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус гэж тооцуулах хариуцагч Э.Цгийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Цг Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн наран 18-р гудамж 61а тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2205036271 дугаар 411 м.кв талбайтай гурван давхар хувийн сууц, гараажийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн болон тус хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2205003585 дугаар 142 м.кв газрын өмчлөгчөөр тогтоож, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн наран 18-р гудамж 61а тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2205036271 дугаар 411 м.кв талбайтай гурван давхар хувийн сууц, гараажийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн болон тус хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2205003585 дугаар 142 м.кв газрын өмчлөгчөөс Могойнхон овгийн Даваахүүгийн Төмөрхүүг хасч, өмчлөгчөөр Тэрт овгийн Эрдэнэбилэгийн Цогхүүг бүртгэж, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Э.Цг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 221 966 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 188 701 төгрөгийг, гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.Цгээс улсын тэмдэгтийн хураамжинд 1 018 508 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Зина, түүний өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва нарын давж заалдах гомдолд:

Миний бие 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр  шүүхийн шийдвэрийг гардаж авсан. Уг шийдвэрт миний тайлбарлан ярьсан зүйлийн талаар огт бичигдээгүй байхыг мэдээд шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах гэтэл шүүх хуралдааны тэмдэглэл нь хэрэгт байгаагүй. Хуралдааны тэмдэглэлтэй танилцахыг шаардахад, тухайн өдрийн 10.20 цагаас 17.15 цаг хүртэл намайг хүлээлгэж, шүүх хуралдааны тэмдэглэлийг баталгаажуулж, хэргийн материалд хавсаргасан. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа доголдолтойгоос гадна анхан шатны шүүх хэрэгт байгаа нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй болохыг нотолж байна. 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Анаас нэмж нотлох баримт гаргуулах талаар хүсэлт өгсөн, гэтэл шүүх нотлох баримтыг холбогдох газраас ирүүлээгүй. Энэ талаар 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж захирамжаар хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Үүнд: Эрэл банк ХХК болон Ч.Энхбат, Ш.Оюунцэрэн нарын хооронд  байгуулсан 10/132, 10/138 тоот гэрээнүүд, 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ч.Энхбатын дансаар 56 619 176+32 209 900=88 829 076 төгрөгийн  орлого орж, эдгээр иргэдийн зээл хаагдсан болох орлогын баримт, А ХХК, Э.Цтэй холбоотой 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хоорондох “ Зээлийн мэдээллийн бүртгэл”, Монгол банкнаас Э.Цд олгосон  зээлийн асуудалд 2012, 2013 онуудад хийсэн хяналт шалгалтын “тайлан”, банк 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Ч.Энхбатын данс руу 239 496 000 төгрөгийн  шилжүүлгийн баримт зэрэг нотлох баримтыг гаргуулахаар захирамжаар шийдвэрлэсэн. Гэтэл “А” ХХК нотлох баримтыг ирүүлээгүй байхад шүүх хэрэг хянан шийдвэрлэсэн нь шүүгч хараат бус байх зарчмаасаа ухарсан гэж үзэж байна.

Банкны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “... банк холбогдох этгээд, түүнд холбогдох зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалтын талаархи мэдээллийн сантай байна  гэсэн эрх зүйн зохицуулалттай, Гэтэл иргэн Э.Цгийн зээлийн батлан даалтын талаарх мэдээлэл уг мэдээллийн санд байхгүй. А нь уг мэдээллийн санд  энэ мэдээллийг оруулаагүй  байхад  Э.Цд зээл гэж олгоогүй. Зээлийн үйл ажиллагаагаар хууль зөрчсөн хэлцэл хийсэн нь “А” ХХК-аас Э.Цд олгосон гэх 168 000 000 төгрөгийн  Батлан даалтын сангийн бүртгэл, Эрсдлийн сангийн бүртгэл, актив ангиллын төрөлжүүлсэн бүртгэл байхгүй  байгаатай холбоотой.

Үүгээрээ талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь зээлээр худалдах, худалдан авах гэрээг халхавчлах зорилготойгоор байгуулсан учир  зээлийн хувийн хэрэг нээж, хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлбэр бүрдүүлээгүй гэж үзэж байна. Үзлэг хийхэд өмнөх өмчлөгчийн урьд нь бичсэн мөнгө хүссэн төслийг хуулбарлаад Э.Цгээр гарын үсэг зуруулахаар бэлдэц бэлдсэн байгаа нь банк зээлийн үйл ажиллагаагаар хууль зөрчиж, хэлцэл хийсэн болох нь тод илрэл. Тухайн үед бид энэ хувийн сууцанд амьдарч байгаагүй болохоор уг амины орон сууцны түрээсийн тооцооллыг огт мэдэхгүй, төсөл бичих шаардлагагүй, зөвхөн 30 хувь урьдчилгаа төлөөд өмчтэй болох зорилготой байсан. Э.Ц төсөл бичээгүй, түүний гарын үсэг байхгүй. Банк өмнөх өмчлөгчөөр тодорхойлолт бичүүлж авсан гэх бөгөөд энэ талаар тохиролцсон Э.Цгийн гарын үсэг байхгүй, иргэн хуулийн этгээдээс 240 000 000-350 000 000 төгрөгийн үнэд хүрэх хөрөнгийг тодорхойлолтоор худалддаггүй Монгол улсын хууль болон барьцаа хөрөнгөгүйгээр зээл олгодоггүй  банкуудын жишиг байна. Зээлдэгчийн мэдээллийн сангийн зөвшөөрөлд Э.Цгийн гарын үсэг байхгүй. Анхан шатны шүүх үзлэгт тэмдэглэл хөтлөхдөө 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн гүйлгээний баримт байхгүй байгаа талаар бичээгүй, энэ талаар үзлэгийн тэмдэглэл байхгүй. 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 1.1-д ... банк уг объектыг зээлдэгчийн нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон. 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралд хуучин өмчлөгч Ч.Энхбатын эхнэр Ш.Оюунцэрэн гэрчээр өгсөн мэдүүлэгтээ 2012 оны хавар банкнаас над руу залгаж хөрөнгийг 240 000 000 төгрөгөөр худалдахаар боллоо гэж ярьсан гэрчлэх баримт, банк өөрийн эргэн төлөгдөх боломжгүй болсон зээлийг чөлөөлөхтэй холбоотойгоор уг хөрөнгийг Э.Цд худалдахаар идэвхтэй үйл ажиллагаа явуулсан болох нь өмнөх өмчлөгч Ч.Энхбатын депозит дансны хуулга, банк өөрийн өмчлөлийн бус гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан иргэн, Д.Төмөрхүүгийн хууль ёсны хувийн өмч болсон  хөрөнгө гэдгийг мэдсээр байж, зээлдэгчийн нэр дээр өмчлөл шилжүүлэх үүргийг гэрээгээр хүлээсэн нь банк өөрийн нэрийн өмнөөс хөрөнгийг худалдсан. Аинд үл хөдлөх хөрөнгийг өр төлбөрт тооцуулж, өмчлөлд шилжүүлэх гэрээ, байр буцаан худалдах гэрээ, амины сууц, газар худалдах, худалдан авах гэрээ байдаг. Эдгээр гэрээнүүдээр А нь Монгол улсын хууль зөрчсөн худалдах үйл ажиллагаа явуулсан болохыг гэрчилнэ.

Ч.Энхбат, Ш.Оюунцэрэн нарт  2011 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр байр буцаан худалдах гэрээ байгуулсан атал гуравдагч этгээд болох Д.Төмөрхүү нь тус банкинд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа банкинд  ажилладаг, албан тушаалаа ашиглан,  өмнөх өмчлөгчдийн  эрх зүйн мэдлэг дутмаг байдлыг ашиглаад 240-350 сая төгрөгийн үнэ хүрэх уг “амины сууц, газар”-ыг 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хямд үнээр худалдаж аваад  2012 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, эдгээр иргэдийн 88 829 000 төгрөгийн төлбөрийг төлж өөрийнхөө  хууль ёсны хувийн өмч болгосон байдаг. Улмаар уг амины орон сууц, газрыг өндөр үнээр тухайлбал Э.Цд 240 000 000 төгрөгөөр худалдах нэрийн дор санаатайгаар өмчлөлийг хууль бусаар төөрөгдүүлж, банкны өмч гэж банкаар дамжуулан банкны нэрийн өмнөөс албан тушаалын гэмт хэрэг үйлдэж,  Д.Төмөрхүү хувьдаа хууль бусаар орлого олох үүднээс  хууль ёсны хувийн  өмчлөлийн зүйлээрээ Э.Цд “амины орон сууц”, “газар”-ыг худалдан авахад  банкнаас 168 000 000 төгрөг олгуулж, далд хэлбэрээр банкны хэсэг бүлэг нөхдүүд ашиг сонирхолын зөрчлөөр эвлэлдэн нэгдэж, санхүүгийн луйвар хийн, мөнгө хүүлж уг өмчийг удаа дараалан луйвардсан байхыг үгүйсгэхгүй.

Иргэн Ч.Энхбат, Д.Төмөрхүү нар нь өмч худалдах, худалдан авах гэрээгээр 2011 оны 12 дүгээр сарын 01-ны өдөр  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийн заалтыг үндэслэн нэг талаас Баянгол дүүргийн 22 дугаар хороо /хуучнаар 10 дугаар хороо/ Зүүн Нарангийн 18 дугаар гудамжны 61А  тоот хаягт оршин суух /НЮ77040372/ Чумхаан овогтой Энхбат би /худалдагч тал/ нөгөө талаас Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Олимп 35-11 тоот хаягт оршин суух /ХП75102875/ Даваахүү овогтой Төмөрхүү  /худалдан авагч тал/  бид харилцан тохиролцож энэхүү “гэрээ”-г  байгуулав гэснээс үзэхэд иргэн Д.Төмөрхүү нь иргэн Ч.Энхбатаас Баянгол дүүргийн 22 дугаар /хуучнаар 10 дугаар/ хороо Зүүн Нарангийн 18 дугаар гудамжны 61А тоотод байрлах 411.2 м.кв өрөө бүхий” Амины сууц” 142 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг тус бүр 1 500 000 + 1 500 000 = 3 000 000 төгрөгөөр  худалдан авсан бөгөөд Монгол улсын татварт 30 000 төгрөг төлсөн төлбрийн баримт нотлох баримт юм. 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ч.Энхбатын  А дах 21020011541 тоот дансанд 56.619.176 /тавин зургаан сая зургаан зуун арван есөн мянга нэг зуун далан зургаан/ төгрөг, мөн өдөр 32.209.900 /гучин хоёр сая хоёр зуун есөн мянга есөн зуун/ төгрөг орлогодож, Ч.Энхбатын санхүүгийн түрээсийн гэрээгээр олгосон данс хаагдаж, данс идэвхгүй болсон, дансны хуулга бодит нотлох баримт нь 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн шүүхийн шийдвэрт тэмдэглэгдсэн байгаа.

Иргэн Д.Төмөрхүү банкны худалдах үйл ажиллагаанд хууль бусаар  оролцож, өмчлөлийг төөрөгдүүлж, эцэст нь энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцохдоо бусдаар төлөөлүүлэхээр 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Р.Наранбаатарт олгосон итгэмжлэлдээ уг амины орон сууц, газрыг бусдад шилжүүлэхээр худалдах, бэлэглэх гэрээ байгуулах,... худалдсан тохиолдолд мөнгө хүлээн авах.... өмчлөгч миний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах гэх зэргээр дурьдсан байгаагаас үзэхэд  иргэн Д.Төмөрхүү Аны нэхэмжлэлтэй иргэн Э.Цд холбогдох энэ хэрэгт холбогдуулж, итгэмжлэл олгоогүй байна. Төлөөлөгч  Р.Наранбаатар 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Д.Төмөрхүүгийн өөрт нь олгосон итгэмжлэлийг  гуравдагч этгээдээр оролцох Н.Хэрлэнд дамжуулан олгохдоо өмчлөгч миний гэж Д.Төмөрхүүгийн итгэмжлэлд дурьдсан ашиг сонирхлоо хамгаалуулахаар олгосон итгэмжлэлээр олгоогүй эрх үүргийг  заасан байгаа нь өмчлөгч Д.Төмөрхүүгийн ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэж байна.

Ч.Энхбат нь Анаас нийтдээ 239 496 000 төгрөг аваагүй, 145 800 000 төгрөг авсан болохыг иргэн Ч.Энхбатын депозит дансны хуулга нотлох баримт бөгөөд Ч.Энхбатын дансанд 3 001 514 төгрөг үлдсэн байх ёстой. Гэтэл “А” ХХК нь Ч.Энхбатын дансанд үлдсэн 3 001 514 төгрөг алга болсон нь банк санхүүгийн луйвар хийж авснаар Ч.Энхбатын дансыг үлдэгдэлгүйгээр түр идэвхгүй байдалд оруулсан нь дансны хуулгаар нотолдог.  А 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр  Э.Цгийн дансаар дамжуулан өмнөх өмчлөгч Ч.Энхбатын дансанд уг амины орон сууц, газрын үнэ гэж 240 000 000 төгрөг шилжүүлж өгөх байтал 239 496 000 төгрөг шилжүүлсэн нь иргэдийг 504 000 000 төгрөгөөр хохироосон. Банк байр буцаан худалдах гэрээгээр өмч худалдах үйл ажиллагаа явуулж байгаа юм бол татварт төлөх 2 хувь 4 800 000 төгрөг төлөгдөх хариуцлагыг нуун дарагдуулж үүгээр худалдах үйл ажиллагаа хууль бусаар явагдаж байгааг нотолж байна.

Талуудын хооронд байгуулсан 12/17 тоот санхүүгийн түрээсийн барьцааны гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.7 дэх хэсэг болон Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дугаар хэсэгт заасны дагуу нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж заасан нь бодит байдал дээр улсын бүртгэлд бүртгүүлээгүй хууль зөрчсөн. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т заасан барьцаалуулагчийн эрх, үүрэг 2.1.1, 2.1.2 , 2.1.3, 2.1.4, 2.1.5, 2.1.6, 2.1.7, 2.1.8, 2.1.9, 2.10, 2.11.заалтууд, мөн 2.2 бүх заалтууд, түүнчлэн 3.1, 3.2, 3.3, 3.4  заалтууд болон 4.1, 4.2, 4.3, 4.4 заалтууд нь санхүүгийн түрээсийн барьцааны гэрээний салшгүй хэсэг болсон 12/17 тоот санхүүгийн түрээсийн гэрээ гэж төөрөгдүүлж ойлгуулсан учир 12/17 тоот зээлийн гэрээ гэж байх ёсгүй. 

А санхүүгийн түрээсийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрснөөр 168 000 000 төгрөг барьцаа хөрөнгө, батлан даалтгүй, иргэн Э.Ц өмч худалдаж авсан баримт бичиг, худалдах, худалдан авах гэрээ, өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй байгаа зэрэг нь А зээлийн үйл ажиллагаагаар хууль зөрчсөн хэлцэл хийсэн болохыг нотолж байна. Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг банкны үүрэгт энэхүү гэрээ, түүний салшгүй хэсэг болох барьцааны болон батлан даалтын гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсний дараа зээлдэгчийн нэр дээр зээлийн данс нээж, зээлдэгчийн 2102004055 тоот  дансанд зээлийн мөнгийг оруулна гэж заасан нь  зээлийн үйл ажиллагаагаар хууль зөрчсөн хэлцэл хийсэн болохыг гэрчилдэг.

Э.Цтэй 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн хорооны гишүүдийн хурлаар хэлэлцэгдээгүй 2/17 тоот Санхүүгийн түрээсийн барьцааны гэрээ байгуулсан нь  хийсэн үеэсээ хуурч, мэхлэх сэдлээр уг  гэрээгээр  төөрөгдүүлэн,  хуульд нийцээгүй  12/17 тоот зээлийн гэрээ 12/17 тоот Санхүүгийн түрээсийн гэрээ гэж  төөрөгдүүлж, зээлийн үйл ажиллагаагаар хууль зөрчсөн хэлцэл хийсэн болохыг эрх бүхий албан тушаалтан гүйцэтгэх захирал гарын үсэг зурж, хянан баталгаажуулаагүй зээлийн гэрээ байгуулсан нь зээлийн үйл ажиллагаагаар хууль зөрчсөн хэлцэл нь нотлогддог гэж үзэж байна. Гүйцэтгэх захирлын ажлын хүрээнд шийдэгдэх албан ажлыг эрхлэх, эрх мэдэлгүй албан тушаалтнууд албан хэрэг хөтөлж явуулснаар 12/17 тоот зээлийн гэрээ, 12/17 тоот санхүүгийн түрээсийн гэрээ  аль нь болох нь  үл мэдэгдэх  ойлгомжгүй гэрээнд  иргэн Э.Цгээр гарын үсэг зуруулсан нь зээлийн үйл ажиллагаагаар хууль зөрчсөн хэлцэл хийсэн. Э.Ц банктай анх тохиролцсоноор 240 000 000 төгрөг төлөөд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө, газрыг зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр авах тохиолдолд банкны дансанд 247 713 350 төгрөг байгаа тул банк зээлийн үйл ажиллагаатай холбоотой хууль зөрчсөн хэлцэл хийсэн учир уг дүнгээс 206 170 350 төгрөгийг буцаан төлөх нь шударга ёсонд нийцнэ гэж бодож байна.

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 183/Ш32018/04518 захирамжийн дагуу Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газраар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “хашаа, байшингийн үнэ” гэсэн баримтад байгаа гарын үсэг Э.Цгийнх мөн эсэхийг тогтоолгох заалт биелэгдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн. 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2016/00458 дугаар шийдвэртэй иргэний хэрэгт нэхэмжлэгч “А” ХХК нь одоогийн нэхэмжлэлтэй адил утгатай нэхэмжлэл гаргасан байснаа татан авсан талаар шүүх зөв дүгнэсэн боловч уг дүгнэлтийнхээ эсрэг шийдвэр гаргажээ. Ийнхүү нэхэмжлэлээ татан авсан тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжпэл гаргах эрхээ алддаг. Иймд өөр иргэний хэрэгт ижил нэхэмжлэл байхад одоогийн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь буруу байна. Нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу үнэлж хэргийн нөхцөл байдалд тал бүрээс нь бүрэн дүүрэн дүгнэлт хийн хуульд нийцүүлэн шийдвэрлэсэнгүй. Шүүх хариуцагч Э.Ц нь А худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг түүний нэр дээр шилжүүлээгүй гэж тайлбарласан нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, уг үл хөдлөх эд хөрөнгө Д.Төмөрхүүгийн нэр дээр байгаа талаар зөв дүгнэсэн атлаа Э.Ц нь эдгээр үл хөдлөх эд хөрөнгийг н.Энхбат, н.Оюунцэрэн нараас худалдан авсан гэж эсрэг, ойлгомжгүй дүгнэлт хийсэн байна. Зээлийн гэрээний 1.1-д зааснаар Э.Ц объектийн үнийн дүнгийн 40 хувийг банкинд бүрэн төлснөөр банк уг объектыг түүний нэр дээр шилжүүлэн барьцааны гэрээ үйлдэх ёстой байсан ч энэ үүргээ биелүүлээгүй аж. Гэтэл шүүх энэ байдалд зөв дүгнэлт хийлгүй Э.Цг буруутгасан нь байна. Мөн анхан шатны шүүх Э.Цг зээлийн гэрээний хувьд ноцтой төөрөгдсөн, хууран мэхлэгдсэнээ баримтаар нотолж чадаагүй гэж илт үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Гэтэл банк өөрийгөө худалдагч, өмчлөгч гэж ойлгуулсан, санхүүгийн түрээсээр халхавчлан санхүүгийн түрээсийн барьцааны гэрээ байгуулсан, өмчлөгч Д.Төмөрхүүтэй худалдах, худалдан авах гэрээ хийлгүүлээгүй зэрэг нөхцөл байдлууд хэрэгт тогтоогдсон байна. Эдгээр болон бусад нөхцөл байдлыг үндэслэн 183/ШШ2019/00469 дүгээр шийдвэрийг хүчингүй болгон хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.Цогтбаатар, Ж.Саранцэцэг нарын давж заалдах гомдолд:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/01291 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2017/01656 дугаартай тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх хариуцагч Э.Цгээс зээлийн гэрээний үүрэгт 172 111 659 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 40 691 340 төгрөгийг, зээлийн гэрээг ноцтой төөрөгдүүлж, хуурч мэхлэн, дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус гэж тооцуулах хариуцагч Э.Цгийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Э.Цг Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн наран 18 дугаар гудамжны 61 а тоотод байрлах, 411 м.кв бүхий хувийн сууц, гараажийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн болон тус хаягт байрлах 142 м.хв газрын өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. “А” ХХК /хуучин “Эрэл банк” ХХК нь 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Э.Цтэй 12/17 дугаартай зээлийн гэрээ байгуулж, үүгээр 168 000 000 төгрөгийг нийтийн сууцны зориулалттай обьект худалдан авах зориулалтаар жилийн 25.2 хувийн хүүтэйгээр 120 сарын хугацаатайгаар буюу 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хугацаатайгаар бэлэн бусаар зээлдэгчид олгож, зээлдэгч нь худалдан авсан нийтийн сууцны зориулалттай обьектын үнийн дүнгийн 40 хувийг банкинд бүрэн төлснөөр банк уг обьектыг зээлдэгчийн нэр дээр шилжүүлэн барьцааны гэрээг үйлдэхээр тохиролцсон.

“А” ХХК /хуучин “Эрэл банк” ХХК/ нь Э.Цтэй 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Санхүүгийн түрээсийн барьцааны 12/17 дугаар гэрээ байгуулж, Д.Төмөрхүүгийн өмчлөлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн наран, 18 дугаар гудамжны 61а тоотод байрлах 411 м.кв бүхий хувийн сууц, гараажийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах 142 м.кв газрыг банкинд санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангуулах баталгаа болгон барьцаалжээ. Нэхэмжлэгч “А” ХХК-аас өөрийн үйлчлүүлэгч болон олон нийтэд байнга хэрэглэгдэх урьдчилан тогтоосон нөхцөл бүхий санал болгодог гэрээг зээлдэгч Э.Ц хүлээн зөвшөөрч, талууд харилцан итгэлцэж зээлийн гэрээ байгуулсан байх тул Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт зааснаар стандарт нөхцөл бүхий гэрээ байна. Талуудын хооронд байгуулсан 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 12/17 тоот зээлийн гэрээний 1.1-д “зээлдэгч нь худалдан авсан нийтийн сууцны зориулалттай обьектын үнийн дүнгийн 40 хувийг банкинд бүрэн төлснөөр банк уг обьектыг зээлдэгчийн нэр дээр шилжүүлэн барьцааны гэрээг үйлдэнэ” гэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэх үндэслэл тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна. Тодруулбал, стандарт нөхцлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа илт хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байх талаар зохицуулсан Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Дээрх талуудын байгуулсан 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 12/17 тоот гэрээнд заагдсан нийтийн сууцны зориулалттай обьект нь Ч.Энхбат, Ш.Оюунцэрэн нарын өмч байсан бөгөөд 2011 оны 11 дүгээр сарын 04-ний Үл хөдлөх хөрөнгийг төлбөрт тооцож, өмчлөлд шилжүүлэх гэрээгээр “Эрэл банк” ХХК-ийн өмчлөлд шилжсэн. Мөн өдөр “Эрэл банк” ХХК-аас дээрх обьектыг Ч.Энхбат, Ш.Оюунцэрэн нарт буцаан худалдахаар "байр буцаан худалдан авах гэрээ”-г байгуулсан. Гэтэл 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдөр амины сууц худалдах, худалдан авах гэрээ болон газар худалдах, худалдан авах гэрээгээр тухай обьект нь иргэн Д.Төмөрхүүгийн нэр дээр шилжиж ирсэн байдаг. Гэтэл Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн наран, 18 дугаар гудамжны 61а тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө болон газрыг худалдан авагч болох Э.Цгийн нэр дээр шилжүүлэлгүй зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлсэн нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасан “харилцан итгэлцэл”-ийг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл, Э.Цгийн зээлийн хөрөнгөөр худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэл зээл олгох үед “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Төмөрхүүгийн нэр дээр байсан болох нь 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон тул “А” ХХК нь Э.Цгийн зээлийн барьцаа гэж гэрээнд тусгах нь үндэслэлгүй. Тодруулбал, зээлдэгч Э.Ц нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийг урьдчилгаа болон зээлийн мөнгөөр төлсөн нөхцөлд худалдан авсан эд хөрөнтийн өмчлөх эрх зээлдэгч Э.Цд үүсч, улмаар тухайн эд хөрөнгөө зээлийн барьцаанд хуульд зазсан журмын дагуу бүртгүүлснээр талуудын хооронд гэрээ хүчин төгөлдөр болох байсан. Харин үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх Д.Төмөрхүүгийн нэр дээр шилжсэн нь гэрээний стандарт нөхцөлийг зөрчсөн.

2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 12/17 дугаар зээлийн гэрээний 1.11-д “зээлийн гэрээний уүргийн биелэлтийг хангуулах зорилгоор Иргэний хуулийн 156, 165 дугаар зүйл, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон талууд зээлийн барьцааны гэрээ байгуулна” гэжээ. Гэтэл дээрх заалтын дагуу холбогдох хууль тогтоомжид зааснаар барьцааны гэрээ байгуулаагүй бөгөөд бодит байдал дээр тухайн гэрээний заалт хэрэгжих боломжгүй байсан. Өөрөөр хэлбэл, гэрээний 1.11 дэх заалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасан “шударга ёсны зарчим харшилсан” гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4

дэх хэсэгт давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх талаар зохицуулсан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 469 дугаартай шийдвэрийн агуулга 183/ШШ2019/00469 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд өөрөөр бичигдсэн байна.

 

Дээрхээс үзвэл, шүүхийн шийдвэр болон шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан, хэрэгсэхгүй болгосон үнийн дүнгүүд зөрүүтэй байгаагаас гадна, хэргийг шийдвэрлэж буй хууль зүйн үндэслэлийг тодорхойлсон хуулийн заалтууд зөрүүтэй байгаа нь шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг болон шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр талуудад танилцуулан сонсгосноос өөр агуулгаар гарсан буюу нэхэмжлэлийн шаардлагаас гадуур зүйл шийдвэрлэгдсэн гэж үзэхээр байна. Тодруулбал, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтад “...58 дугаар зүйлийн 58.1, 59 дугаар зүйлийн 59.1..." гэж, “...172 111 659 төгрөгийг ... 40 691 340 төгрөгийг...." гэж, шүүх хуралдааны тэмдэглэлд “... 56 дугаар зүйлийн 56.1.9, 56.5, 57 дугаар зүйлийн 57.1...” гэж, “...117 111 659 төгрөгийг... 40 691 3470 төгрөгийг...” гэж тус тус зөрүүтэй бичжээ. Мөн шүүх хуралдааны тэмдэглэлд “...мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2...” гэж бичсэн атлаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 заалтад “...106 дугаар зүйлийн 106.2...” гэх заалт орхигдсон. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар хэн нэгэн этгээдийн өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхийн зохицуулалт юм. Гэтэл тус хэргийн хувьд дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй атал шүүх тухайн заалтыг баримталж шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон нь ойлгомжгүй болжээ.

 

Шүүх хуралдааны тэмдэглэлд “... мөн нэхэмжлэлийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэхийг гуравдагч этгээдэд даалгаж...” гэж шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон атлаа шүүхийн шийдвэрийн 3 дахь заалтад “... гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгасугай” гэж хоёр өөр агуулгаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг шийдвэрлэсэн. Д.Төмөрхүү нь “Э.Цг хувийн орон сууц, газрын өмчлөгч болохыг тогтоолгох тухай" бие даасан шаардлагыг шүүхэд гаргасан. Гэтэл анхан шатны шүүх тухайн хувийн орон сууц, газрын өмчлөгчөөр Э.Цг бүртгэж, гэрчилгээ хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчимд нийцэхгүйгээс гадна, хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлага, түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаанд гаргасан итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээс үзэхэд хувийн орон, сууц, газрын өмчлөх эрхийг Э.Цгийн өмчлөлд бүртгэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгах тухай шаардлага гаргаагүй. Өөрөөр хэлбэл шүүх бие даасан шаардлагад байхгүй асуудлыг хэргийн оролцогч бус этгээдэд даалгаж буюу бие даасан шаардлагаас хальж шийдвэрлэсэн. Түүнчлэн, анхан шатны шүүх 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүчингүй болсон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасныг баримталсан байна. Дээрхээс үзвэл анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Э.Цд холбогдуулан зээл 151 711 257 төгрөг, хүү 60 556 199 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 525 543 төгрөг, нотариатын зардал 10 000 төгрөг нийт 212 802 999 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 12/17 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үндэслэлгүй төлсөн 206 150 350 төгрөгийг буцаан гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Хариуцагч Э.Ц нь 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгч “А” ХХК-тай зээлийн болон санхүүгийн түрээсийн барьцааны гэрээ байгуулж, 168 000 000 төгрөгийг нийтийн зориулалттай сууцны барилга худалдан авах зориулалтаар жилийн 25,2 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь тухайн объектын үнийн дүнгийн 40 хувийг банкинд бүрэн төлснөөр банк уг объектыг зээлдэгчийн нэр дээр шилжүүлэн барьцааны гэрээ байгуулах, санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн биелэлтэд Баянгол дүүрэг 10 дугаар хороо, Зүүн нарангийн 18 дугаар гудамж, 61-А тоот хаягт байрлах 411,2 м.кв 80 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууц, гарааж, 142 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрын хамт барьцаалсан бөгөөд барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Төмөрхүүгийн өмчлөлийн эд хөрөнгө болох нь хэргийн 1 дүгээр хавтасны 40-41 дүгээр талд авагдсан өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогджээ. /1хх24-26, 161-162/

 

Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар Улсын дээд шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 57 дугаар тогтоол хүчин төгөлдөр болсон бөгөөд зээлдэгч төлбөрийн үүрэгт 206 214 681.39 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон.

 

Харин зээлдэгч гэрээний зүйл болох 168 000 000 төгрөгийг өөрөө захиран зарцуулсан эсэх, 168 000 000 төгрөгийг хэнд ямар зориулалтаар шилжүүлсэн, уг зээл гэрээний 1.1-д зааснаар нийтийн сууцны зориулалттай обьектын үнэд шилжигдсэн эсэх, үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах харилцаа хэн, хэний хооронд үүссэн, гэрээний зүйл нь үл хөдлөх эд хөрөнгийн одоогийн өмчлөгч Д.Төмөрхүүд эсхүл өмнөх өмчлөгч Ч.Энхбат, Ш.Оюунцэрэн нарын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд шилжигдсэн эсэх нь тодорхойгүй байна. /1хх32-39/

 

Хэргийн 1 дүгээр хавтасны 17 дугаар талд авагдсан Э.Цгийн 2102004055 дугаартай зээлийн харилцах дансны хуулгаас үзэхэд хариуцагч “А” ХХК нь 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зээлийн мөнгөн хөрөнгө болох 168 000 000 төгрөгийг хариуцагчийн зээлийн дансанд шилжүүлсэн байх боловч уг мөнгөн хөрөнгийг зээлдэгч өөрөө захиран зарцуулсан эсэх нь эргэлзээтэй ба үүнийг тодруулах нь хэрэгт ач холбогдолтой байна.

 

Гуравдагч этгээд Д.Төмөрхүү нь иргэн Ч.Энхбаттай 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдөр түүний өмчлөлийн дээрх хаягт байрлах 411,2 м.кв талбай бүхий 80 хувийн гүйцэтгэлтэй амины орон сууц, гарааш, 142 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар худалдах, худалдан авах гэрээг байгуулж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн байхад хэргийн 1 дүгээр хавтасны 189 дүгээр талд хариуцагч Э.Цгийн 2102004055 дугаартай зээлийн данснаас иргэн Ч.Энхбатын 2102001541 тоот данс руу “хашаа, байшингийн үнэ” гэж 239 496 000 төгрөг шилжүүлсэн гүйлгээ хийгдсэн байна. Хариуцагч Э.Ц нь уг гүйлгээг өөрөө хийгээгүй хэмээн маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг баримтад зурагдсан гарын үсэг, хашаа байшингийн үнэ гэх бичиглэлд шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2018 оны 4518 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн боловч уг захирамжийн биелэлт хангагдаагүй байна. /1хх118, 123, 155, 156, 2хх108, 138/

 

Хэрэг шинжээчид байх цаг хугацаанд Монгол улсад байгаагүй, гарын үсгийн загвараа өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж хариуцагч тайлбарласан байхад шүүх учир шалтгааныг нь тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн байна. /2хх136/

 

Маргааны үйл баримт, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

 

Түүнчлэн шүүх хэргийг шийдвэрлэхдээ хүчингүй болсон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой хуулийн заалтыг баримталсан, шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагчаас гаргуулах мөнгөн дүнгийн хэмжээ, гуравдагч этгээдийн нэр зөрүүтэй байдлаар бичигдсэн байна.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/00469 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Зинагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 207 209 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.БАТЗОРИГ

                           ШҮҮГЧИД                                 Э.ЗОЛЗАЯА

      А.МӨНХЗУЛ