Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2019/00780

 

 

 

 

 

 

 

 

 

                                    Б.Пийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Б.Нармандах, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/00713 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.П, хариуцагч Н.Яд холбогдуулан  үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 2 200 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.П, хариуцагч Н.Я, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Би Н.Яыг танихгүй. Манай нагац ахын танил болох Н.Яын охин н.Төгөлдөр нь энэ хүний данс руу 2 хүний Чех улсын визний ярилцлагын төлбөр шилжүүл гээд утасны дугаар өгсний дагуу би утас руу нь залгахад 2 200 000 төгрөг шилжүүл гэхээр нь 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлсэн. Тухайн үед ажлын гэрээ нь Чех улсын визний ярилцлагын цагтай ирдэг, гэрээ байхгүй бол цаг  нь хүчингүй болдог гэж консул надад хэлсэн. Би өөрөө ярилцлагын цаг авъя гэхэд н.Төгөлдөр шаардлагагүй гэсэн. Н.Яыг 2 200 000 төгрөг хууль бусаар авсан гэдгийг Цагдаагийн байгууллага тогтоосон бөгөөд хууль бусаар мөнгө авсан гэдгээ хүлээжн зөвшөөрч надад 200 000 төгрөгийг буцааж өгсөн. Мөн охин н.Төгөлдөр нь Чех улсад ирэх бүх асуудлыг зохицуулж өгнө гэж мөнгө авчихаад, намайг эхнэртэйгээ очиход зугтаасан. Би Ц.Оюунсүрэн гэдэг хүнийг танихгүй, 2 000 000 төгрөг өг гэж хэлээгүй. Иймд Чех улс визний ярилцлагын цагийн мөнгө гэж авдаггүй тул хууль бусаар авсан 2 000 000 төгрөгийг Н.Яаас гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн тайлбарт: Миний дансанд 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 2 200 000 төгрөг орж ирснийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ц.Оюунсүрэн гэж хүний Хаан банкны 5011163127 дугаарын данс руу Б.Саранцэцэг, Б.П гэж утга бичээд 2 000 000 төгрөгийг нь шилжүүлээд 200 000 төгрөг нь үлдсэн. Учир нь охин н.Төгөлдөр Чех улсад амьдардаг бөгөөд 2 хүний визний ярилцлагын цаг авах мөнгө 2 200 000 төгрөг орж ирнэ. 2 000 000 төгрөгийг нь Ц.Оюунсүрэн гэж хүний данс руу шилжүүлээрэй гэж хэлсэн. Ц.Оюунсүрэн энэ 2 хүний визний цагийг гаргаж гөч, энэ 2 хүн Чех улсад очоод буцаж ирсэн байдаг. Б.Пийн эхнэр Б.Саранцэцэгийн мэргэжлийн үнэмлэхний овог нь н.Идэрбат гэж зөрснөөс болж буцах болсон талаар баримтыг шүүхэд өгсөн. Үлдсэн 200 000 төгрөгийг нь өгчихсөн учраас 2 000 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Яаас 2 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Пид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Поос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н.Яаас улсын тэмдэгтийн хураамжид 46 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Пид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдолд: Шүүх хэргийн үйл баримт, өөрөөр хэлбэл хэн хэний хооронд ямар харилцаа, хэрхэн үүссэн, мөн хэн нь хэний өмнө ямар үүрэг хүлээсэн, улмаар хэрхэн биелэгдсэн байдлыг үндэслэл бүхий дүгнэж тогтоогоогүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон хариуцагчаар намайг тодорхойлсон байдал хоорондоо ямар ч уялдаа холбоогүй байгааг анхаараагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй байгааг зөрчиж шийдвэр гаргасан. Намайг н.Төгөлдөрийн ээж гэдэгээр нь хариуцагчаар татсан байх. Гэвч Монгол улсын Үндсэн хуулийн 16.14-т гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно гэж заасан тул иргэн миний үндсэн эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.П нь хариуцагч Н.Яд холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж 2 000 000 төгрөг гаргуулахаар шаардаж, шаардлагын үндэслэлээ “ ... н.Төгөлдөрийн хэлснээр 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр н.Төгөлдөрийн ээж Н.Яд 2 200 000 төгрөг дансаар шилжүүлсэн, Н.Я Чех улсын элчингийн мэдүүлгийн цаг гаргах эрхгүй байж визний цаг гаргаж өгнө гэж хуурч үндэслэлгүйгээр 2 200 000 төгрөг авсан” гэж тодорхойлжээ. /хх1/

Хэрэгт нэхэмжлэгч Б.П, хариуцагч Н.Я, н.Төгөлдөр нарын хооронд байгуулсан бичгийн хэлцэл авагдаагүй боловч зохигчдын тайлбараас үзэхэд Бүгд Найрамдах Чех улсын визний цаг авах, хөлс төлөх талаар нэхэмжлэгч нь н.Төгөлдөртэй тохирч, тэрээр түүний зааварчилгааны дагуу хариуцагч Н.Яын 5029472294 тоот ХААН банкны дансанд 2 200 000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч Н.Я нь н.Төгөлдөрийн заавраар Ц.Оюунсүрэнгийн дансанд 2 000 000 төгрөгийг “Б.П, Б.Саранцэцэг” гэсэн утгаар гүйлгээ хийжээ. /хх73/

Түүнчлэн гэрч Э.Оргил Цагдаагийн байгууллагад “... манай эхнэр Ц.Оюунсүрэн бид 2 Чех улсын визний цаг авсан талаараа фэйсбүүк грүппт сэтгэгдэл үлдээсэн, үүний дагуу олон хүн бидэнд хандаж, цаг гаргаж өгөхийг гуйж, тэр дундаас 1 хүнд тусласан. Тухайн хүн дансаар 2 000 000 төгрөг шилжүүлж, хариуд нь 2 хүний цагийг олж өгсөн ...” гэж мэдүүлсэн байна. Үүнээс үзэхэд хариуцагч Н.Я нэхэмжлэгч Б.Поос 2 000 000 төгрөг авч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. /хх15, 59, 71-73/

Хариуцагч Н.Я өөрт үлдсэн 200 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Пид буцаан өгсөн, энэ талаар талууд маргаагүй болно.

Нэхэмжлэгч нь н.Төгөлдөр, Ц.Оюунсүрэн нарт холбогдуулан тухайн асуудлаар шаардлага гаргахад энэ магадлал саад болохгүй.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/00713 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

                    

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ш.ОЮУНХАНД

                           ШҮҮГЧИД                                 Б.НАРМАНДАХ

      А.МӨНХЗУЛ