Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2020/00139

 

Б.П-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/00713 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 780 дугаар магадлалтай,

Б.П-ийн нэхэмжлэлтэй,

Н.Я-д холбогдох

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 2.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.П-, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Б.П-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...н.Т- нь манай нагац ахын эхнэрийн найз бөгөөд түүний ээж Н.Я-т Чех улсын визний ярилцлагын төлбөр гэж 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд 3 удаагийн үйлдлээр 2.200.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Тухайн үед ажлын гэрээ нь Чех улсын визний ярилцлагын цагтай ирдэг, гэрээ байхгүй бол цаг нь хүчингүй болдог гэж консул хэлсэн. Би өөрөө ярилцлагын цаг авъя гэхэд н.Т- шаардлагагүй гэсэн тул Н.Я-т 2.200.000 төгрөг шилжүүлсэн. Н.Я-ыг хууль бусаар мөнгө авсан болохыг Цагдаагийн байгууллага тогтоосон бөгөөд өөрөө хүлээн зөвшөөрч надад 200.000 төгрөгийг буцааж өгсөн. Мөн охин н.Т- нь Чех улсад ирэх бүх асуудлыг зохицуулж өгнө гэж мөнгө авчихаад, намайг эхнэртэйгээ очиход зугтаасан. Иймд Чех улс визний ярилцлагын цагийн мөнгө гэж авдаггүй тул хууль бусаар авсан 2.000.000 төгрөгийг Н.Я-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Я-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...Миний дансанд 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 2.200.000 төгрөг орж ирснийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Ц.О- гэж хүний Хаан банкны 5011163127 дугаарын данс руу Б.С-, Б.П- гэж утга бичээд 2.000.000 төгрөгийг нь шилжүүлээд 200.000 төгрөг нь үлдсэн. Учир нь охин н.Т- Чех улсад амьдардаг бөгөөд 2 хүний визний ярилцлагын цаг авах мөнгө 2.200.000 төгрөг орж ирнэ. 2.000.000 төгрөгийг нь Ц.О- гэж хүний данс руу шилжүүлээрэй гэж хэлсэн. Ц.О- энэ 2 хүний визний цагийг гаргаж өгч, энэ 2 хүн Чех улсад очоод буцаж ирсэн байдаг. Б.П-ийн эхнэр Б.С-ийн мэргэжлийн үнэмлэхний овог нь н.Идэрбат гэж зөрснөөс болж буцах болсон талаар баримтыг шүүхэд өгсөн. Үлдсэн 200.000 төгрөгийг нь өгчихсөн учраас 2.000.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/00713 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Я-аас 2 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.П-ид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.П-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н.Я-аас улсын тэмдэгтийн хураамжид 46 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.П-ид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 780 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/00713 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.П-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүхийн шүүгч нар нь хэргийн материалтай дутуу танилцаж, хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Баянгол дүүргийн Прокурорын газар болон Цагдаагийн хэлтэст Н.Я- нь 2.200.000 төгрөг авсан хэргээ хүлээсэн, баримтаар нотлогдсон байхад хэргийг хэрэгсэхгүй болгосон. Анхан шатны шүүхийн шийдвэр үнэн зөв гарсан. Н.Я- нь хурдан мөнгөө өг гэж утсаар ярьсаар байгаад надаас нийт 2.200.000 төгрөгийг авсан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.П-, Н.Я-д холбогдуулан 2.200.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас 2.000.000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.П- хариуцагч Н.Я-ын ХААН банкин дахь дансанд 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 2.200.000 төгрөг шилжүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогдсон боловч уг мөнгийг буцаан шаардах эрхгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцсэн байна.

Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардахад, хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, мөн үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай бол гэсэн эдгээр нөхцөл тогтоогдох учиртай.

Нэхэмжлэгч Б.П- нь хариуцагч Н.Я-ын охин Чех улсад ажиллаж амьдардаг н.Т-тэй тохирч, тус улсад зорчих визний ярилцлагын цагны мөнгө гэсэн утгаар түүний заасан Н.Я-ын дансанд 2.200.000 төгрөг шилжүүлсэн, уг мөнгөнөөс 2.000.000 төгрөгийг Н.Я- нь Ц.О-д өгсөн тухай баримт хэрэгт авагджээ.

Дээрх үйл баримтаас үзвэл зохигчийн хэн алинд харилцан үүрэг үүссэн, уг үүргийн дагуу нэхэмжлэгч Б.П- хариуцагч Н.Я-т хөрөнгө шилжүүлсэн гэх үндэслэлгүй байна. Харин хариуцагч Н.Я- нь шилжүүлсэн мөнгийг бусдын даалгавраар хүлээн авч, өөр этгээдэд дамжуулсан гэж үзэх тул хариуцагчийг хөрөнгийг өөрийн мэдэлд авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэх боломжгүй, нэхэмжлэгч нь мөнгийг хариуцагчаас шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.П-ийн бусадтай тохирч визний цаг авах зорилгоор шилжүүлсэн мөнгийг хариуцагч төлөх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан эрх зүйн үр дагавар үүсэхгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 780 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 46.950 төгрөг төлснийг улсын орлогод оруулсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ