Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2019/00779

 

 

 

 

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2019/00779

 

 

 

             “БИДББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Б.Нармандах, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2019/00556 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “БИДББСБ” ХХК, хариуцагч П.Дд холбогдуулан  зээлийн гэрээний үүрэгт 55 197 300 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жамъяндорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Зээлдэгч П.Д нь 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр №ЗГ0100170203 тоот зээл, барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Сонгинохайрхан дүүрэг, 15-р хороо, Өнөр хороолол 23 байрны 276 тоотын 40 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг барьцаалж, зээл болон барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, тус ББСБ-аас 12 сарын хугацаатай 27 000 000 төгрөгийг нэг сарын 4,5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлдэгч П.Дтэй байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр дууссан бөгөөд зээлдэгчийн хүсэлтийн дагуу тус ББСБ зээлийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл сунгасан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна. Эхний зээлийн төлөлтийг хугацаанд нь төлсөн. Сүүлийн гурван сарын төлөлтийг нэг хоногоор хугацаа хэтрүүлж төлсөн. Ингээд дөрвөн удаагийн төлөлт хийсэн байдаг. 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш зээлийн төлөлт огт төлөлгүй, яг нэг жилийн дараа буюу 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 2 000 000 төгрөгийг төлсөн. П.Д нь боломж бололцоогоороо төлбөрийг төлөх, хугацаа сунгах тухай хүсэлт гаргаж, өөрт ашигтай байдлаар хүсэлтээ шийдүүлдэг байсан хэдий ч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд зээлдэгч П.Дгээс зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээл 27 000 000 төгрөг, зээлийн хүүд 21 301 200 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1 896 100 төгрөг, түүнчлэн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №ЗГ0100170203 тоот барьцааны гэрээний 5 дугаар зүйлийн 5.10-т заасны дагуу өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 5 000 000 төгрөг буюу нийт 55 197 300 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 504 136.51 төгрөгийн хамт хамт гаргуулж өгнө үү. Өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал болох 5 000 000 төгрөгийг нотолсон баримт байхгүй учир тус нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Хариуцагч нь шүүхийн шийдвэр /захирамж/-ийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох дээр дурдсан үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Эвлэрэх боломжтой хэдий ч хариуцагч талтай санал нийлэхгүй байна гэжээ.

            Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэхүү гэрээ нь зээлдүүлэгчийн эрх ашгийг илүү баримталсан, зээлдэгчийн эрхийг тодорхой хэмжээгээр хязгаарлан олгогдсон ийм гэрээ. Үндсэн зээлийн мөнгийг хүлээн зөвшөөрч байгаа. Зээлийн хүү 4,5 хувийг төлөөд ашиг олоод явна гэхэд хэцүү. Энэ мөнгийг П.Д нь барьцаанд байраа тавиад мөнгө зээлээд авч өгсөн асуудал. Үйл ажиллагаа нь цаашид явах боломжгүй болоод зээлийн төлбөрийг төлж чадахгүй болж, зээл төлөлт зогссон. Зээлийн хүүнд 5 784 300 төгрөгийг төлж, үүний дараагаар нэмж 2 000 000 төгрөг, нийт 7 784 300 төгрөгийг төлсөн. 21 301 200 төгрөгийг зээлийн хүүнд нэхэмжилж байгаа. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл гэрээг 6 сараар сунгасан. Энэ хугацааны хүртэлх хүүг бодоод үзэхээр 12 782 500 төгрөгний хүү гарч байгаа юм. Энэ хүүг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч талын нөхцөл байдлыг харгалзан үзээд 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс сар болгон 10 000 000 төгрөгийг төлөхөөр, 40 000 000 төгрөгөөр эвлэрэх нөхцөл тавьсан ч нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан өмгөөлөлийн зардал болох 5 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлж, зээлийн хүү 12 782 500 төгрөгөөр тооцож өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.Дгээс 50 197 300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “БИДББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2201004140 дугаартай Сонгинохайрхан дүүрэг 15 дугаар хороо, 23 дугаар байр, 276 тоот хаягт байрлах, 40 м.кв, 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, худалдагсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 504 136.51 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 479 136 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдолд: Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 55 197 300 төгрөг гаргуулахаар шаардсан. Миний зээлж авсан үндсэн зээл 27 000 000 төгрөг, үндсэн хүү 21 301 200 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 896 100 төгрөг болсон байна. Гэвч би тухайн зээлийг өөрийн хэрэгцээнд ашигласан зүйл байхгүй, найздаа итгээд өөрийн орон байраа барьцаанд тавьж мөнгийг нь өгсөн. 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээг хийж тодорхой хугацаанд хүүгээ төлж байгаад найзын бизнес уналтад орж, хүүг төлж чадахгүй байдалд хүрсэн. Ингээд зээлийн гэрээний хугацааг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 6 сараар сунгасан. Энэ хугацааны хүү 12 782 500 төгрөг болж байгаа тул нэмэгдүүлсэн хүү нь энэ үнийн дүнгийн 20 хувиас бодогдох нь зүйтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон үнийн дүнгийн хувьд өөрчлөлт оруулна.

Нэхэмжлэгч “БИДББСБ” ХХК, хариуцагч П.Дд холбогдуулан  зээл 27 000 000 төгрөг,  хүү 21 301 200 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 896 100 төгрөг, өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 5 000 000 төгрөг, нийт  55 197 300 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд үүссэн маргааны талаар дараахь үйл баримт тогтоогдлоо.

Талууд 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ЗГ0100170203 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь 27 000 000 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай хариуцагчид зээлдүүлэх, үүргийн гүйцэтгэлд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байр, 276 тоот хаягт байршилтай 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалахаар харилцан тохиролцон хариуцагчийн ХААН банкны 5076149107 дугаартай данс руу зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн байна. /хх8, 10, 12/

 Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй бөгөөд зээлдүүлэгчид гэрээний хугацааг сунгах хүсэлт гаргаснаар талууд 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, үүрэг гүйцэтгэх хугацааг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 6 сараар сунгасан байна. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан зээлийн болон барьцааны гэрээ талуудын хооронд үүссэн, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. /хх13-14/

Хариуцагч гэрээний хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 8 096 600 төгрөг төлж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргийг шаардах эрхтэй. /хх18/

Нэхэмжлэгч нь үндсэн зээлд 27 000 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх зээлийн хүүд 21 301 200 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 896 100 төгрөг, нийт 50 197 300 төгрөг шаардсан.

Талууд гэрээний 2.5, 3.1-д зааснаар зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөөгүй нөхцөлд нэмэгдүүлсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү төлөхөөр тохирсон байна.

Хариуцагч  Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээт хугацааны хүү болон гэрээний хугацаа дууссан 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хэтэрсэн хугацааны хүүд 25 110 000 төгрөг төлөхөөр байна. Үүнээс өмнө нь төлөгдсөн 8 096 600 төгрөгийг хасч 17 013 400 төгрөгийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүүг 20 хувиар тооцоолж /3 402 680 төгрөг/ олгох үндэслэлтэй.  

Тодруулбал, хариуцагчийн гүйцэтгэвэл зохих нийт үүрэг нь үндсэн зээл 27 000 000 төгрөг, зээлийн хүүд 17 013 400 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3 402 680 төгрөг, нийт 47 416 080 төгрөг байна.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зүйн туслалцааны зардал 5 000 000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ багасгасан байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2019/00556 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар” гэснийг “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар” гэж, “50 197 300” гэснийг “47 416 080” гэж, “5 000 000” гэснийг “7 781 220” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “479 136” гэснийг “395 030.4 ” гэж өөрчилж,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 409 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Ш.ОЮУНХАНД

 

                                                ШҮҮГЧИД                     Б.НАРМАНДАХ

 

                                                                                       А.МӨНХЗУЛ