Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2020/00172

 

БИД ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2019/00556 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 779 дугаар магадлалтай,

БИД ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

П.Д-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 55.197.300 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч БИД ББСБ ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Зээлдэгч П.Д- нь 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр №ЗГ0100170203 тоот зээл, барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Сонгинохайрхан дүүрэг, 15-р хороо, Өнөр хороолол 23 байрны 276 тоотын 40 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг барьцаалж, зээл болон барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, тус ББСБ-аас 12 сарын хугацаатай 27.000.000 төгрөгийг нэг сарын 4,5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлдэгч П.Д-тэй байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр дууссан бөгөөд зээлдэгчийн хүсэлтийн дагуу тус ББСБ зээлийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл сунгасан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна. Эхний зээлийн төлөлтийг хугацаанд нь төлсөн. Сүүлийн гурван сарын төлөлтийг нэг хоногоор хугацаа хэтрүүлж төлсөн. Ингээд дөрвөн удаагийн төлөлт хийсэн байдаг. 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш зээлийн төлөлт огт төлөлгүй, яг нэг жилийн дараа буюу 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 2.000.000 төгрөгийг төлсөн. П.Д- нь боломж бололцоогоороо төлбөрийг төлөх, хугацаа сунгах тухай хүсэлт гаргаж, өөрт ашигтай байдлаар хүсэлтээ шийдүүлдэг байсан хэдий ч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд зээлдэгч П.Д-гээс зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээл 27.000.000 төгрөг, зээлийн хүүд 21.301.200 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.896.100 төгрөг, түүнчлэн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №ЗГ0100170203 тоот барьцааны гэрээний 5 дугаар зүйлийн 5.10-т заасны дагуу өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 5.000.000 төгрөг буюу нийт 55.197.300 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 504.136.51 төгрөгийн хамт хамт гаргуулж өгнө үү. Өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал болох 5.000.000 төгрөгийг нотолсон баримт байхгүй учир тус нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Хариуцагч нь шүүхийн шийдвэр /захирамж/-ийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох дээр дурдсан үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н-гийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэхүү гэрээ нь зээлдүүлэгчийн эрх ашгийг илүү баримталсан, зээлдэгчийн эрхийг тодорхой хэмжээгээр хязгаарлан олгогдсон гэрээ. Үндсэн зээлийн мөнгийг хүлээн зөвшөөрч байгаа. Зээлийн хүү 4,5 хувийг төлөөд ашиг олоод явна гэхэд хэцүү. Зээлийн хүүд 5.784.300 төгрөгийг төлж, үүний дараагаар нэмж 2.000.000 төгрөг, нийт 7.784.300 төгрөгийг төлсөн. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл гэрээг 6 сараар сунгасан. Энэ хугацааны хүртэлх хүүг бодоод үзэхээр 12.782.500 төгрөгийн хүү гарч байгаа юм. Энэ хүүг төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч талын нөхцөл байдлыг харгалзан үзээд 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс сар болгон 10.000.000 төгрөгийг төлөхөөр, 40.000.000 төгрөгөөр эвлэрэх нөхцөл тавьсан ч нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан өмгөөллийн зардал болох 5.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлж, зээлийн хүү 12.782.500 төгрөгөөр тооцож өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2019/00556 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.Д-гээс 50 197 300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БИД ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2201004140 дугаартай Сонгинохайрхан дүүрэг 15 дугаар хороо, 23 дугаар байр, 276 тоот хаягт байрлах, 40 м.кв, 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, худалдагдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 504 136.51 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 479 136 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 779 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2019/00556 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар гэснийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар гэж, 50 197 300 гэснийг 47 416 080 гэж, 5 000 000 гэснийг 7 781 220 гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын 479 136 гэснийг гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 409 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...П.Д- нь тухайн зээлийг өөрийн хэрэгцээнд ашигласан зүйл байхгүй, найздаа итгээд өөрийн орон байраа барьцаанд тавиад мөнгийн өгсөн байдаг. Нэхэмжлэгчийн зээлийн хүү өндөр хариуцагч зээлийн хүүг урт хугацаанд төлөх чадваргүй байгааг мэдсээр байж зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэлт бичүүлж авч байгаа нь нэхэмжлэх мөнгөн дүнгээ өсгөх барьцаа хөрөнгөөр хангуулах нь тодорхой тул иргэдийг төөрөгдүүлж боломж олгож байгаа мэтээр мөнгө хүүлж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна. Давж заалдах шатны шүүх нэмэгдүүлсэн хүүг бууруулах боломжтой байсан боловч нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Иймд бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж нэмэгдүүлсэн хүү болох 3.402.680 төгрөгийг хасч магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

БИД ББСБ ХХК, П.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 27.000.000 төгрөг, зээлийн хүү 21.301.200 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.896.100 төгрөг, хохирол буюу өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахад төлсөн 5.000.000 төгрөг, нийт 55.197.300 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч үндсэн зээл, гэрээний хугацаан дахь хүүгийн төлбөрийг зөвшөөрч, хэтэрсэн хугацааны хүү, өмгөөлөгчийн хөлсийг төлөхгүй гэж маргаж, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөс чөлөөлж өгөхийг хүссэн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Нэмэгдүүлсэн хүү гаргуулах шаардлагыг хангасан анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болж чадаагүй тул энэ тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. Түүнчлэн давж заалдах шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн улсын тэмдэгтийн хураамж хуваарилсан заалтад өөрчлөлт оруулахдаа дугаарыг алдаатай бичснийг залруулав.

Зохигчийн хооронд 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр №ЗГ0100170203 тоот зээл, барьцааны гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр хариуцагч П.Д- 27.000.000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэйгээр зээлсэн, талууд гэрээний хугацааг 6 сараар сунгаж нэмэлт гэрээ байгуулсан, эдгээр гэрээний хүчин төгөлдөр байдалд хоёр шатны шүүх хуульд нийцсэн дүгнэлт хийсэн байна.

Хариуцагч П.Д- нь зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу эхний 4 сарын хүүд 6.096.600 төгрөг, хожим нь 2.000.000 төгрөг, нийт 8.096.600 төгрөг төлснөөс өөр төлбөр хийгээгүй, үүргээ зөрчжээ.

Хариуцагч зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй тул 27.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасантай нийцжээ.

Анхан шатны шүүх, нэхэмжлэлд заасан зээлийн хүүгийн тооцооллоор уг шаардлагыг хангасан  боловч үндэслэлээ тодорхой заагаагүй байна. Давж заалдах шатны шүүх зээлийн хүүг гэрээнд заасан хувь, гэрээний хугацаанд болон хэтэрсэн хугацаагаар тодорхойлж, төлсөн төлбөрийг хасч, үлдэх хэсгийг гаргуулсныг буруутгах  үндэслэлгүй.

Харин нэмэгдүүлсэн хүү гаргуулах шаардлагын талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг зөрчсөн байна.

Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний 2.5-д “зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг нэмж төлнө” гэж заасан тохиролцоо хуулийн агуулгад нийцсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна. Учир нь “нэмэгдүүлсэн хүү” нь гэрээнд заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөр төлөх хуваарийг зөрчиж, төлбөрийг эргүүлэн төлөөгүй тохиолдолд хууль болон гэрээнд заасан хувь хэмжээгээр үндсэн хүүг нэмэгдүүлж тооцсон хүүгийн хувь хэмжээ байх бөгөөд “үндсэн төлбөр”-т зээлийн хүү орохгүй байна.

Зохигчийн гэрээний дээрх заалт нь  нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүү, үндсэн зээлийн аль алинаас эсхүл эдгээрийн нийлбэрээс тооцох утгатай томъёологдсоноос гадна нэхэмжлэгч шүүхэд гаргасан зээлийн тооцооллоор хариуцагчийн төлсөн 8.096.600 төгрөгөөс 2.318.300 төгрөгийг нэмэгдүүлсэн хүү гэж авсан, одоо 1.896.100 төгрөг нэхэмжлэхдээ аль үүргээс, ямар хугацаагаар хэрхэн бодсон нь ойлгомжгүй, үндэслэлээ тайлбарлаагүй байна. Мөн давж заалдах шатны шүүх нэмэгдүүлсэн хүүд 1.896.100 төгрөг шаардсан атал 3.402.680 төгрөг гаргуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасантай нийцээгүй байх тул нэмэгдүүлсэн хүү гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зөв байна.

Дурдсан үндэслэлээр хариуцагчаас үндсэн зээл 27.000.000 төгрөг, зээлийн хүүд 17.013.400 төгрөг нийт 44.013.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангасан, хохирол буюу  өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахад төлсөн 5.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 779 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “47.416.080” гэснийг “44.013.400” гэж, “7.781.220” гэснийг “11.183.900“ гэж, “тогтоох хэсгийн 2 дахь заалтын” гэснийг “тогтоох хэсгийн 3 дахь заалтын” гэж, “395.030” гэснийг “378.017” гэж тус тус өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 69.400 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ