Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 184/ШШ2019/00556

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: П.Д-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 55,197,300 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ”Б”ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараасшүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Зээлдэгч П.Днь 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр №ЗГ0100170203 тоот зээл, барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Сонгинохайрхан дүүрэг, 15-р хороо, Өнөр хороолол 23 байрны ,, тоотын 40 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг барьцаалж, зээл болон барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, тус ББСБ-аас 12 сарын хугацаатай 27,000,000 төгрөгийг нэг сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлдэгч П.Д-тэй байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр дууссан бөгөөд зээлдэгчийн хүсэлтийн дагуу тус ББСБ зээлийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл сунгасан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна. Эхний зээлийн төлөлтийг хугацаанд нь төлсөн. Сүүлийн гурван сарын төлөлтийг нэг хоногоор хугацаа хэтрүүлж төлсөн. Ингээд дөрвөн удаагийн төлөлт хийсэн байдаг. Тэрнээс хойш 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш зээлийн төлөлт огт төлөлгүй, яг нэг жилийн дараа буюу 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 2 000 000 төгрөгийг төлсөн. П.Д нь боломж бололцоогоороо төлбөрийг төлөх, хугацаа сунгах тухай хүсэлт гаргаж, өөрт ашигтай байдлаар хүсэлтээ шийдүүлдэг байсан хэдий ч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд зээлдэгч П.Д-ээс зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээл 27,000,000 төгрөг, зээлийн хүүнд 21,301,200 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,896,100 төгрөг, түүнчлэн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №ЗГ0100170203 тоот барьцааны гэрээний 5 дугаар зүйлийн 5.10-д заасны дагуу өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 5,000,000 төгрөг буюу нийт 55,197,300 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 504,136.51 төгрөгийн хамт хамт гаргуулж өгнө үү. Өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал болох 5,000,000 төгрөгийг нотолсон баримт байхгүй учир тус нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Хариуцагч нь шүүхийн шийдвэр /захирамж/-ийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох дээр дурдсан үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Эвлэрэх боломжтой хэдий ч хариуцагч талтай санал нийлэхгүй байна гэжээ.

 

Хариуцагч П.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэхүү гэрээ нь зээлдүүлэгчийн эрх ашгийг илүү баримталсан, зээлдэгчийн эрхийг тодорхой хэмжээгээр хязгаарлан олгогдсон ийм гэрээ. Үндсэн зээлийн мөнгийг хүлээн зөвшөөрч байгаа. Зээлийн хүү 4,5 хувийг төлөөд ашиг олоод явна гэхэд хэцүү. Энэ мөнгийг П.Днь барьцаанд байраа тавиад мөнгө зээлээд авч өгсөн асуудал. Үйл ажиллагаа нь цаашид явах боломжгүй болоод зээлийн төлбөрийг төлж чадахгүй болж, зээл төлөлт зогссон. Зээлийн хүүнд 5,784,300 төгрөгийг төлж, үүний дараагаар нэмж 2,000,000 төгрөг, нийт 7,784,300 төгрөгийг төлсөн. 21,301,200 төгрөгийг зээлийн хүүнд нэхэмжилж байгаа. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл гэрээг 6 сараар сунгасан. Энэ хугацааны хүртэлх хүүг бодоод үзэхээр 12,782,500 төгрөгний хүү гарч байгаа юм. Энэ хүүг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч талын нөхцөл байдлыг харгалзан үзээд 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс сар болгон 10,000,000 төгрөгийг төлөхөөр, 40,000,000 төгрөгөөр эвлэрэх нөхцөл тавьсан ч нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан өмгөөлөлийн зардал болох 5,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлж, зээлийн хүү 12,782,500 төгрөгөөр тооцож өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэжээ.

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ”Б”ХХК нь хариуцагч П.Д-д холбогдууланзээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болон хохиролд 55,197,300 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч талаас ...хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд гэрээнд заасны дагуу хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт тооцож шаардана, хохирол 5 сая төгрөгөөс татгалзана гэж, хариуцагч талаас ...нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй, тооцооллоор хүү 12,782,500 төгрөг, үндсэн зээл 27,000,000 төгрөгийг зөвшөөрнө, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж өгнө үү, зээлдэгчийн эрхийг хязгаарласан гэрээ болсон гэж тайлбар гарган мэтгэлцдэг.

 

Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд зохигчийн хооронд 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 27,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор зээлийн болон орон сууцаа барьцаалсан барьцааны гэрээг /хх 4-5/ тус тус байгуулж, зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гэрээний хугацааг 6 сараар сунгаж гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж /хх 14/ харилцан тохиролцсон, хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн бичгээр байгуулсан, гарын үсэг зурцгаасан, барьцаа улсын бүртгэлд бүртгэгдсэн нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 156 дугаар зүйлийн 156.2-т ...бичгээр хийх хэлцлийг талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан бол хийсэн гэж үзнэ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж заасантай нийцсэн, хүчин төгөлдөр хэлцлүүд байх ба энэ талаар талууд маргадаггүй.

 

Талуудын тайлбар болон дээрх хэлцлээс үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу зээлийн харилцаа үүссэн, уг зээлийн гэрээний дагуу хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй бол нэхэмжлэгч тал гэрээний үүргийг шаардах эрхтэй болно.

 

2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээнд зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар харилцан тохирч тусгасан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасантай нийцэж байна.

 

Нэхэмжлэгч талын тайлбар, зээлийн болон сунгалтын гэрээнээс үзэхэд зээлдэгчийн буюу хариуцагчийн зээлийн гэрээний үүрэг нь зээлж авсан 27,000,000 төгрөг, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу 18 сарын хугацаанд тооцогдох хүү, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг төлөх бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар хүүнд нийт 8,096,600 төгрөг зээлдэгчээс төлөгдсөн талаар талууд маргадаггүй.

 

Харин хариуцагч талын үндсэн зээл 27,000,000 төгрөг, хүү 21,301,200, нэмэгдүүлсэн хүү 1,896,100 төгрөг, нийт гүйцэтгэх ёстой үүрэг 50,197,300 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, зээлийн хүүг зээлийн гэрээний хугацаанд тооцох ёстой, хугацаа хэтэрснээс хойш тооцох боломжгүй, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчийн нөхцөл байдлыг харгалзан чөлөөлж өгнө үү гэх тайлбар, хүсэлт хуулийн үндэслэлгүй, баримтаар нотлогдоогүй, хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Нөгөө талаар талууд зээлийн гэрээндээ үүргийн гүйцэтгэлийг хангахдаа буюу зээлдэгчээс төлж буй төлбөрийг тооцохдоо нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар төлөгдөхөөр, мөн хүүгийн хэмжээг харилцан тохирч тусгасан, энэ нь зээлдэгчид илт хохиролтой, эрхийг хязгаарласан нөхцөл тогтоогдохгүй байх ба хууль зөрчсөн асуудал үгүй байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 55,197,300 төгрөгөөс гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол буюу өмгөөлөгчийн зардал 5,000,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж байгаа хэдий ч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байгаа агуулгыг илэрхийлээгүй тул тухайн татгалзал хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөх эсэх, эсрэг тал нотолгоонд иш татах эрх зэргийг харгалзан үзэх нь зүйтэй. Энэ талаарх хариуцагч талын тайлбар хүлээн зөвшөөрөхгүй гэдэг, нэхэмжлэгчийн татгалзал баримтаар нотлогдоогүй гэдэг учраас шүүхээс тухайн шаардлагыг нэхэмжлэгч талаас нотлоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 50,197,300 төгрөг гаргуулах шаардлага нь зээлийн болон барьцааны гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол, зээлдэгчийн удаа дараагийн хүсэлт өргөдөл, талуудын тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагын зээлийн гэрээний үүргийн шаардлага хуулийн үндэслэлтэй гэж үзэв.

 

Зээлийн гэрээний үүрэгт холбогдох шаардлага хангагдаж буй тул уг зээлийн үүргийн гүйцэтгэлийн хангах арга болгосон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу, мөн хуульд зааснаар тухайн орон сууцыг албадан худалдаж худалдагдсан үнийн дүнгээс үүргийг хангах зүйтэй ба үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь хариуцагч өөрөө, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй болохыг дурдаж байна.

 

Иймээс зээлийн гэрээний үүрэгт болон хохиролд нийт 55,197,300 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хохиролд тооцон нэхэмжилсэн 5,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, зээлийн гэрээний үүрэгт 50,197,300 төгрөг гаргуулах, барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 479,136 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.Д-ээс 50,197,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ”Б”ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2201004140 дугаартай Сонгинохайрхан дүүрэг 15 дугаар хороо, 23 дугаар байр, ,, тоот хаягт байрлах, 40 м.кв, 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, худалдагсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 504,136.51 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 479,136 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ