Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/00218

 

 

 

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/00218

 

 

 

 

Есөн шижир инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2019/01808 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Есөн шижир инвест ББСБ ХХК-ийн хариуцагч Б.Энхсансар, Н.Алтанчимэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28 601 425 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг, хариуцагч Б.Энхсансар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Б.Энхсансар нь 2017 оны 11 сарын 07-ны өдөр 1660001024 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан сарын 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 30 000 000 төгрөг зээлдэн авч, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 26 дугаар байрны 46 тоот хаягт байрлах 28 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч нь хугацаандаа зээл, зээлийн хүүгээ төлөөгүй, төлбөр төлөх графикт хугацааг 255 хоног хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн учраас гэрээний хугацаа дуусаагүй боловч гэрээг цуцалж, төлбөр гаргуулахаар нэхэмжилж байна. Зээлдэгч нь үндсэн зээл 30 000 000 төгрөг төлөхөөс 8 503 524 төгрөг төлж, 21 496 475 төгрөг төлөөгүй. 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 547 хоногийн үндсэн хүү 15 314 364 төгрөг төлөхөөс 8 512 886 төгрөг төлж үлдэгдэл 6 801 478 төгрөг төлөөгүй. 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл зээлээ төлөөгүй графикт хугацааг хэтрүүлсэн 257 хоногийн үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү 381 560 төгрөг төлөхөөс 78 089 төгрөг төлж, 303 471 төгрөг төлөөгүй.

Иймд зээлдэгч нараас үндсэн зээл 21 496 475 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 6 801 478 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 303 471 төгрөг нийт 28 601 425 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 сарын 21-ний өдрийн 53 тоот тогтоолоор Банк эрх бүхий хуулийн этгээдийн төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан бөгөөд 2.4-т Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү ... төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүнийг төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ гэсэн тул нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 09 сарын 16-ны өдрийг хүртэл хариуцагч Б.Энхсансар нараас үндсэн зээлийн үлдэгдэл 21 496 475 төгрөг, үндсэн хүү 10 066 587 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 735 150 төгрөг болсон тул нэхэмжлэлийн үнийн дүнг 3 696 788 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 32 298 213 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 445 257 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

  Хариуцагчийн тайлбарт: Б.Энхсансар би Есөн Шижир Инвест ХХК-аас 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 30 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлдэн авч, уг зээлийг О.Уламбаяр, Д.Батсүлд нарт өгсөн. Миний хувьд 30 000 000 төгрөгийн зээл авах ямар ч хэрэгцээ, шаардлага байхгүй байсан ба О.Уламбаяр Д.Батсүлд нар Есөн шижир инвест ХХК-аас зээл аваад өгөөч гэж гуйгаад байсан тул тэдэнд итгэж зээл авч өгсөн. Мөн уг зээлийн сар бүрийн эргэн төлөлтийг хийж байх, зээлийг бүрэн чөлөөлж өгөх, зээлээс үүсэх хариуцлагыг бүрэн хүлээнэ гэж амлалт өгч нотариатаар батлуулсан тул би итгэж зээл авч өгсөн. Зээлийн барьцаанд ээжийнхээ Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 26 дугаар байрны 46 тоот, 28 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан. О.Уламбаяр, Д.Батсүлд нарын хэлсний дагуу 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тэдний ХААН банкны дансанд 15 000 000 төгрөгийг, үлдэгдэл 15 000 000 төгрөгийг нь бэлнээр өгсөн. Миний хувьд анхны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд ганцаараа төлөх боломжтой. Харин нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага байхгүй гэж үзэж байна. Гэрээг цуцалсан хугацаанаас хойш ямар нэгэн үр дагавар тооцох эрхгүй. Уг зээлийг Б.Энхсансар авсан бөгөөд өөрөө зээлийг төлнө гэж байгаа учраас хамтран зээлдэгчид нэхэмжлэлийн шаардлагыг хариуцуулж, төлүүлэх шаардлага байхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Энхсансараас 28 601 425 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Есөн шижир инвест ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 696 788 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Энхсансар нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202005600 дугаарт бүртгэгдсэн Б.Энхсансар, Н.Алтанчимэг нарын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 26 дугаар байрны 46 тоотын 28 м.кв талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Есөн шижир инвест ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 445 257 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Энхсансараас 371 158 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Есөн шижир инвест ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 тоот тогтоолоор Банк эрх бүхий хуулийн этгээдийн төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлахдаа Иргэний хуулийн 453 дугаар зүйпийн 453.1-д заасан "зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү ... төлөх үүрэгтэй" гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүнийг төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ гэсэн байх тул хариуцагч нараас 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 32 298 213 төгрөг гаргуулна. Учир нь нэхэмжлэгч талын хүсэл зориг боп хариуцагч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул гэрээг цуцлах шүүхийн шийдвэр гарах хүртэл тооцогдох хохирол болох хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж анхан шатны шүүхээр шийдвэр гарснаар эцсийн байдлаар гэр цуцлагдаж, хүү, нэмэгдүүлсэн хүү зогсоно. Шүүх энэхүү нөхцөл байдлыг харгалзахгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөө гэрээг цуцалж, хүүгээ зогсоож байгаа мэтээр тайпбарлаж шийдвэрлэсэн нь өрөөсгөл бөгөөд нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироож, хариуцагч талд давуу байдал бий болгосон гэж үзэж байна. Нэхэмжлэгч 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нар санаатайгаар, хугацаа авах зорилгоор шүүхэд ирэх үүргээ биелүүлээгүй албадан ирүүпж нэхэмжлэл гардаж авсан, шүүгчийн ээлжийн амрапт таарсан зэргээр нэхэмжпэгч талаас үл шалтгаалах байдлаар 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргаснаас хойш шүүх хурал болох хүртэл 5 сар өнгөрсөн нь цаг хугацаагаар хэмжигдэн ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагын хувьд ихээхэн хохиролтой нөхцөл байдал үүссэн. Шүүхийн шийдвэрийн зарим хэсэг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбар, хүсэл зориг зэргийг шүүх үнэлж хэргийг хянан шийдвэрлээгүй, нэг талыг барьж нэмэгдүүлсэн шаардлагыг үндэслэлгүйгээр хангахгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд шүүхийн шийдвэрийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангаагүй хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Есөн шижир инвест ББСБ ХХК хариуцагч Б.Энхсансар, Н.Алтанчимэг нарт холбогдуулан үндсэн зээл 21 496 475 төгрөг, хүү 6 801 478 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 303 471 төгрөг, нийт 28 601 425 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн үндсэн зээлд 21 496 475 төгрөг, хүү 10 066 587 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 735 150 төгрөг, нийт 32 298 213 төгрөг гаргуулахаар шаардсанаас хариуцагч тал 28 601 425 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Есөн шижир инвест ББСБ ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагч Б.Энхсансартай зээлийн, хариуцагч Н.Алтанчимэг, Б.Энхсансар нартай барьцааны гэрээг тус тус байгуулж, 30 000 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 26 дугаар байрны 16 тоот хаягт байршилтай 28 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан авч, гэрээний зүйлийг хариуцагч Б.Энхсансарын 1660001024 тоот зээлийн данс руу шилжүүлэн өгсөн байна. /хх4, 11-12/

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэг, Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгтэй нийцсэн байх тул нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй болно.

2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээнд зээлдэгч талыг төлөөлж хариуцагч Б.Энхсансар гарын үсэг зурсан байх ба зээлийн гэрээний хувьд хариуцагч Н.Алтанчимэгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт зөв. /хх11/

Зээлдэгч Б.Энхсансар нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

2019 оны 11 дүгээр сарын 07ы өдөр гэрээний хугацаа дуусах байсан боловч зээлдэгч тал гэрээнд заасан хугацаанд үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул зээлдүүлэгч гэрээний 5.1.1-д заасны дагуу гэрээг цуцалж 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Гэрээт хугацаанд зээлдэгч талаас үндсэн зээлд 30 000 000 төгрөг, зээлийн хүүд 25 200 000 төгрөг, нийт 55 200 000 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд зээлдэгч нь зээл эргэн төлөх хуваарийг зөрчиж, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл үндсэн зээлд 8 503 524.27 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл үндсэн хүүд 8 512 886.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 78 089.37 төгрөг, нийт 17 094 500 төгрөг төлсөн байна. Талууд зээлийн тооцооллын талаар маргаагүй болно. Шүүх нэхэмжлэгчийн гэрээ цуцалснаас хойших зээлийн хүүд 3 265 109 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 431 679 төгрөг, нийт 3 696 788 төгрөг шаардсаныг хэрэгсэхгүй болгосон нь зөв.

Нэхэмжлэгч шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа гэрээний үүргийн зөрчлийн улмаас гэрээг цуцалж, үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж байна гэх агуулгаар шаардлагын үндэслэлээ тайлбарласан тул энэ шаардлагын хүрээнд нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. /хх1-2/

  Хариуцагч нь гэрээ цуцлагдах хүртэлх хугацааны үндсэн зээлийн үлдэгдэлд 21 496 475 төгрөг, зээлийн хүүд 6 801 478 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 303 471 төгрөг, нийт 28 601 425 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг шаардах эрхтэй болно.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2019/01808 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74 099 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

А.МӨНХЗУЛ