Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ядамсүрэнгийн Туул |
Хэргийн индекс | 171/2016/0150/Э |
Дугаар | 97 |
Огноо | 2016-10-10 |
Зүйл хэсэг | 181.3., |
Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 97
Э.Х-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч шүүгч Я.Туул
Шүүгчид Д.Буянжаргал
Ц.Амаржаргал
Прокурор О.Доржмаа
Ялтан Э.Х-
Ялтны өмгөөлөгч Б.Цэдэндамбаа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шүүгч Я.Туул, шүүгч Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 146 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч О.Доржмаагийн бичсэн давж заалдах эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э-ны Х-т холбогдох эрүүгийн 201609000180 тоот 1 хавтас хэргийг 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1979 онд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг Уужим булагийн 2 дугаар гудамжны 8 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай Цэнхэр овогт Э-ы Х /РД:ТБ79083170/ нь 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр архи ууж согтуурсан үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн Уужим булагийн 2 дугаар гудамжны 3 тоотод оршин суух өөрийн төрсөн ах Э.Баатарын гэрт орж “таксины 500 төгрөг өгсөнгүй” гэж үл ялиг зүйлээр шалтаглан бэр эгч Б.Б-г зэвсгийн чанартай зүйл хэрэглэн зодож, түүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч Э.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж түүнд 3 сарын баривчлах ял шийтгэл оногдуулжээ.
Улсын яллагч О.Доржмаа шүүхэд ирүүлсэн давж заалдах эсэргүүцэлдээ: “...Э.Х- нь анх ахынхаа гэрт орохдоо “таксины 500 төгрөг авахаар орсон” бэр эгч Б.Б- нь өгөхгүй гэснээр шалтаглаж эхлээд гараараа зодож дараа нь гэмт үйлдлээ үргэлжлүүлэн шалны мод авчирч зодсон, шалны мод хугарсны дараа ч гэмт үйлдлээ үргэлжлүүлэн хугархайгаар нь зодсоор хөнгөн гэмтэл учруулсан. Түүнээс биш анх л гэрт нь орохдоо Б.Б-г гэр бүлийн харьцаанаас гадуур харьцаа үүсгэлээ гэж хэрүүл маргаан эхлүүлээгүй, түүнчлэн хохирогч Б.Б- нь Э.Х-т 2-3 удаа цохиулсны дараа “зайл муу пизда минь” гэж хэлсэн болохоо мэдүүлсэн болохоос Э.Х-ын зүгээс ямар ч үйлдэл хийгээгүй байхад хохирогч зүй бус харьцаагүй нь тогтоогдсон. Анхан шатны шүүх хууль сануулж авсан хохирогчийн тууштай мэдүүлгээс илүүтэйгээр шүүгдэгчийн болсон үйл явдлыг санахгүй байгаа таамаг төдий мэдүүлэг, түүний төрсөн ээжийнх нь гэрчээр байцаагдсан мэдүүлэг зэргийг хэргийн шийдвэрлэх гол нотлох баримт гэж үнэлэн хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдал болон мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдалтай тохирохгүй байна. Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий гэрчүүдийн мэдүүлэг тухайлбал, насанд хүрээгүй гэрч Б.Номин-Эрдэнийн мэдүүлэг, гэрч Б.Цэцэгмаагийн мэдүүлэг, гэрч Э.Баатарын мэдүүлэг, хохирогч Б.Б-гийн мэдүүлэг, гэрч Б.Даариймаагийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг үнэлэлгүйгээр хэргийн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж үзэж эсэргүүцэл бичив.” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор О.Доржмаа гаргасан тайлбар дүгнэлтэндээ: Шүүхэд гаргасан давж заалдах эсэргүүцлээ дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэхдээ ялтан Э.Х-ын гэмт үйлдлийг шууд нотлож байгаа нотлох баримтууд болох хохирогч Б.Б-гийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Номин-Эрдэнийн мэдүүлэг зэргийг хэрхэн үнэлж байгаа талаар дүгнэлт хийгээгүй атлаа ялтан Э.Х-ын болсон үйл явдлыг таамаг төдий мэдэж байгаа мэдүүлэг болон түүний төрсөн эх Б.Даариймаагийн хэргийн талаар шууд нотлоогүй мэдүүлэг зэргийг үнэлж ялтны субъектив санаа зорилгыг ахуйн шинжтэй хувийн сэдэлттэй гэсэн дүгнэлт хийж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар хохирогч Б.Б-г гэртээ байхад Э.Х- орж ирээд “таксины 500 төгрөг төгрөг өгсөнгүй “ гэж үл ялиг зүйлээр шалтаглан түүнийг эхлээд гараараа, дараа нь шал угаадаг модны ишээр зодож, улмаар түүний охин Б.Номин-Эрдэнийг хэл амаар доромжилж танхайрсан болох нь тогтоогдсон бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн үндэслэлээ шүүх шийтгэх тогтоолдоо зааж өгөөгүй. Ийм учраас шийтгэх тогтоолыг хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон ялтан Э.Х- мэдүүлэхдээ: Би прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай бэр эгч Б.Б- сүүлийн үед байнга архи ууж гэр орондоо ирэхгүй олон хоногоор явах болсон бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн орой 23 цагийн орчим үйлчилгээний төвийн тэдэнд 2 эрэгтэй хүн, бас нэг эмэгтэй хүнтэй цуг явж байсан. Ингээд би түүнд та яагаад өөр бусад хүмүүстэй яваад байна гэж анхааруулж хэлж байсан. Түүнийг зодсон орой ч гэсэн би Э.Баатар ахынд орж бидний хооронд энэ байдлаас болж маргаан үүссэн. Миний ах Э.Баатар бол “Оюу толгой”-д ажилладаг 1 сар амраад 2 сар ажилдаа явдаг. Бэр эгч Б.Б- Нэгдсэн эмнэлэгт асрагч хийдэг ээлжийн ажилтай. Гэхдээ улирч ажилласан гээд гэртээ ирэхгүй 2-3 хоногоор явдаг. Архи уудаг, таних танихгүй эрэгтэй хүнтэй явж байгаад надтай тааралдаж байсан. Энэ талаар түүнд би анхааруулж хэлж байсан. Ингээд би түүнийг архи уусан үедээ зодсон. Өөрийн хийсэн энэ буруу үйлдэлдээ маш их гэмшиж харамсаж байгаа, түүнээс уучлалт гуйсан миний ял шийтгэлийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон ялтны өмгөөлөгч Б.Цэдэндамбаа: Шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар Э.Х- нь бэр эгч Б.Б-г хувийн таарамжгүй харьцаа, ахуйн шинжтэй маргааны улмаас зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэж байна. Түүний төрсөн ах Э.Баатарын эхнэр Б.Б- нь өөрийн нөхрийг эзгүй хойгуур архи ууж, бусадтай гэр бүлийн харьцаа тогтоож энэ байдлыг нь мэдсэн Э.Х- түүний гэрт ирж маргалдаж улмаар түүнийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь тогтоогдсн энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Ийм учраас шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Тодорхойлох нь:
Ялтан Э.Х- нь 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр архи ууж согтуурсан үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг Уужим булагийн 2 дугаар гудамжны 3 тоотод оршин суух өөрийн төрсөн ах Э.Баатарын гэрт очиж түүний эхнэр Б.Б-, охин Б.Номин-Эрдэнэ нарыг хэл амаар доромжилж улмаар “таксины 500 төгрөг өгсөнгүй” гэж үл ялиг зүйлээр шалтаглаж зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрч Б.Б-гийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Анхан шатны шүүх Э.Х-т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд түүний үйлдсэн хэргийг ахуйн шинжтэй, хувийн таарамжгүй харьцааны улмаас үйлдсэн гэсэн дүгнэлт хийж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, Э.Х-т 3 сарын баривчлах ял оногдуулж шийдвэрлэжээ.
Улсын яллагч О.Доржмаа шүүхэд ирүүлсэн давж заалдах эсэргүүцэлдээ шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн шийдвэрлэсэн гэсэн үндэслэл гаргасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүрэн шинжлэн судалж, хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг хангаагүй байх бөгөөд хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй дүгнэлт хийж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.3, 319.1.4 дэх хэсэгт шүүхийн дүгнэлтэнд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авч бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэл заагаагүй, шийтгүүлсэн ...этгээдийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ялыг зөв оногдуулахад нөлөөлсөн буюу нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзнэ гэсэн байх бөгөөд анхан шатны шүүх Э.Х-т холбогдох хэргийг шийдвэрлэхдээ гэрч Б.Даариймаа /ялтны төрсөн эх/, ялтан Э.Х- нарын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдийг үнэлж, дүгнэлт хийж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэхдээ тэдний мэдүүлгээс зөрүүтэй байгаа хохирогч Б.Б-, насанд хүрээгүй гэрч Б.Номин-Эрдэнэ, гэрч Б.Цэцэгмаа нарын мэдүүлгийг үгүйсгэж байгаа үндэслэлээ заагаагүй, шүүхийн дүгнэлт нь Э.Х-ын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ялыг зөв оногдуулахад нөлөөлж болох зөрүүтэй байх тул шийтгэх тогтоолд хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 319 дүгээр зүйлийн 319.1.3, 319.1.4, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Х-т холбогдох эрүүгийн 201609000180 тоот 1 хавтас хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Э.Х-т авсан цагдан хорих таслан шийдвэрлэх арга хэмжээг хэргийг шүүхэд очих хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
Энэхүү магадлалд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Ц.АМАРЖАРГАЛ
Д.БУЯНЖАРГАЛ