Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 98

 

Б.А-, С.Д-, С.О- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                               Я.Туул

Шүүгчид                                            Д.Буянжаргал

Ц.Амаржаргал

Прокурор                                           Б.Сүрмандах

Хохирогч                                            Г.Б-

Хохирогчийн өмгөөлөгч                    Д.Цагаандарь

Ялтны өмгөөлөгч                              И.Атарбямба

                                                            Ц.Отгонсүх

                                                            Ц.Гансүх

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж шүүгч Я.Туул, шүүгч Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 86А шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтны өмгөөлөгч И.Атарбямбын бичсэн давж заалдах гомдол, улсын яллагч Б.Сүрмандахын давж заалдах эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-, С.Д-, С.О- нарт холбогдох эрүүгийн 201409000812 тоот 4 хавтас хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1973 онд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, багш орчуулагч мэргэжилтэй, хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 15 дугаар байрны 44 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Б-ийн А /РД: ТЗ73081206/ нь иргэн Г.Б-аас 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 40.000.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 50.000.000 төгрөг нийт 90.000.000 төгрөгийг итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсан, С.Д-, С.О- нартай бүлэглэн, үгсэн тохирч 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр иргэн Д.Э-, О.Э- нарын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг 1 дүгээр хороолол 23 дугаар байрны 44 тоот 29 м2 талбайтай 2 өрөө орон сууцыг өмчлөгчдийн зөвшөөрөлгүйгээр С.Д-д шилжүүлсэн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өмчлөгч нарын гарын үсгийг Б.А- хуурамчаар үйлдэж, 52 дугаар тойргийн нотариатчийн туслахаар ажиллаж байсан С.О- наториатчийн тамга, тэмдгийг хууль бусаар ашиглан  гэрчилж улмаар С.Д-, Б.А- нар нь 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Д.Э-д 25.000.000 төгрөгийн барьцаанд тавьж нийт 78.000.000 төгрөгийн хохирол учруулсан, түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас нийт 168.000.000 төгрөгийн хохирол учирсан  гэж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Монгол Улсын иргэн, 1979 онд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт татагдах үедээ 52 дугаар тойргийн нотариатчийн туслахаар ажиллаж байсан гэх, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 12 дугаар хороолол 1 дүгээр байрны 34 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Баатад овогт С-ийн О /РД:ТИ79062508/ нь Б.А-, С.Д- нартай бүлэглэн, үгсэн тохиролцож Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг 23 дугаар байрны 44 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгч Д.Э-, О.Э- нарын зөвшөөрөлгүй уг байрны өмчлөх эрхийг С.Д-ы нэр дээр худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлж улмаар 52 дугаар тойргийн нотариатчийн тамга, тэмдгийг ашиглан гэрчилж хохирогч Д.Э-, О.Э- нарт 53.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Монгол Улсын иргэн, 1974 онд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, 2 хүүхэд, зээгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг 2 дугаар байрны 47 тоотод оршин суух урьд нь:

- 1997 онд Дархан-Уул аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 35.000 төгрөгөөр торгох ялаар,

- 2002 онд Дархан-Уул аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 2 жил тэнссэн,

- 2003 онд Дархан-Уул аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай Галивуу овогт С-ийн Д /РД: ТЗ74010715/ нь Б.А-, С.О- нартай  бүлэглэн иргэн Д.Э-, О.Э- нарын өмчлөх эрхийг хуурч мэхлэх аргаар хууль бусаар өөрийнх нь нэр дээр шилжснийг мэдсээр байж иргэн Д.Э-д зээлийн барьцаанд тавьж бусдад 78.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Б.А-, С.О-, С.Д- нарт холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх хэсэгт зааснаар Б.А-, С.О-, С.Д- нарын хохирогч Д.Э-ийг залилан мэхэлж 53.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож, С.Д-, С.О- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Б.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар түүнд ногдох хөрөнгөнөөс 100.000 төгрөг хурааж 10 жил 10 хоногийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар С.Д-, С.О- нарт ногдох хөрөнгөнөөс 50.000 төгрөг хурааж тус бүр 5 жил 10 хоногийн хорих ял оногдуулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.А-ээс 73.500.000 төгрөг гаргуулан хохирогч Г.Б-т олгох, С.О-, С.Д- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар тус тус өршөөн хэлтрүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Улсын яллагч Б.Сүрмандах шүүхэд ирүүлсэн давж заалдах эсэргүүцэлдээ: “... яллах дүгнэлтийн хүрээнд хэрэг шийдвэрлэгдээгүй, хэргийн зүйлчлэл өөрчлөгдсөн, шүүгдэгч нарын зарим үйлдэл гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон зэрэг байдал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсгийн заалт хангагдаагүй байгаа харуулж байгаа ба анхан шатны шүүхийн 86А шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг бүрэн хангаагүй байна гэж үзэж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.А- нь Д.Э- нарын байрны  өмчлөх эрхийг өөртөө олж авах санаа зорилго агуулаагүй, шүүгдэгч С.Д- нь эх Д.Э-ийн гэрчилгээг Б.А-т түр өгч буцааж авна гэсэн ойлголттой байсан, шүүгдэгч С.О- нь хуурамч гэрээг ашиглан бусдыг залилж ашиг хонжоо олно гэдгийг урьдчилан мэдээгүй зэрэг шинжээрээ залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж зөвхөн шүүгдэгч нарын байр суурь болон мэдүүлэгт үндэслэн дүгнэлт хийж, нэг талыг баримтлан шийдвэрлэсэн. Гэтэл шүүгдэгч С.Д- нь ээж Д.Э-ийг нотариат дээр дагуулж  ирж өөрөөр нь гарын үсэг зуруулаагүй, тэр байрны өмчлөгч нь өөрөө болсон гэрчилгээ гарч байгааг мэдэж, цаашлаад гэрчилгээг Б.А- Д.Э-д барьцаалан мөнгө авсныг мэдсэн, тэр мөнгөнөөс өөрөө тодорхой хэмжээний мөнгө авсан байдаг. Шүүгдэгч С.О- худалдах, худалдан авах гэрээг гэрчлэхдээ 2 талын  өмчлөгч аль аль нь байхгүй байгааг мэдсэн улмаар Б.А- тэдний өмнөөс гарын үсэг зурсан, хууль бусаар хийгдэж байгааг мэдсэн зэрэг олон нөхцөл байдал нотлох баримтаар тогтоогдсон байхад эдгээр байдалд дүгнэлт хийгээгүй, эдгээр нотлогдсон нөхцөл байдлуудыг ямар үндэслэлээр няцааж  байгаа талаар шийтгэх тогтоолд дурдаагүй, шүүгдэгч нарт ашигтай байдлаар шийдвэрлэсэн зэргийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна...” гэжээ.

Ялтан Б.А-ийн өмгөөлөгч И.Атарбямба шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: Б.А-т холбогдох үйлдлийн зарим зүйлийг сайн нягталж урьдчилсан мөрдөн байцаалтаар тодорхой болгосны үндсэн дээр хариуцлага тооцох ёстой байсан гэж үзэж байна. Ингээгүйгээс нотлох баримтыг янз бүрээр үнэлж, иргэний хэргийн асуудлыг эрүүгийн хэрэг гэж үзэхэд хүргэсэн нь шүүхийн буруу биш бөгөөд сайтар тогтоогоогүй нотлох баримт эргэлзээ төрүүлэхэд хүргэж байна. Б.А- нь аман хэлцэл хийж хүүгээ сар бүр 9.5 сая төгрөгийг Г.Б-ийн данс руу хийж нийтдээ 70.5 сая төгрөгийг төлсөн баримт байдаг.  Гэрээтэй болон гэрээгүй зээлд мөнгө өгөөд байгаа асуудал нь залилангийн үйлдлийг үгүйсгэдэг. Гэвч Г.Б- үүнийг үгүйсгэж өөр гэрээтэй зээлийн хүү гэдэг боловч нотолсон зүйл байдаггүй ээ. Өөр зээлийн хүү гэдгийг тодорхой ойлгомжтой болгож шалгаж нотлох зайлшгүй шаардлага байна. Одоо эдэлгээ, хугацаа, байршлаас хамаарч ийм байрыг худалдах гэж байгаа хүн 53.0 сая гэж худалдахааргүй байгаа юм. Ямартаа ч 25.0 сая төгрөгийн барьцаанд тавьсанг анхаарч үзэх ёстой. Иймд байрны үнэлгээг дахин бодиттой тогтоосны дараа Б.А-ийн хэргийг шийдвэрлэж, хариуцлага тооцох үүднээс хэргийг урьдчилсан мөрдөн байцаалтанд буцаах өгнө үү гэжээ.

Ялтан С.Д- шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: 2014 оны 07 дугаар сарын дундуур Б.А-, Д.Мэндсайхан нарын гуйлтаар ээжийнхээ байрны гэрчилгээг ээж Д.Э-ийн зөвшөөрлөөр 2 сарын хугацаатай хэрэглүүлэхээр өгсөн.  Гэтэл Б.А- нь ээж бид 2-ын зөвшөөрөлгүйгээр байрны гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж гэрчилгээг гаргасан байсан. Энэ тухай Б.А-т уурлаж хэлэхэд 2 сарын дараа буцаагаад ээжийн чинь нэр дээр шилжүүлчихнэ гэсэн. Ингээд 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ломбардаас зээл аваад 11 дүгээр сарын дундуур ломбардын эзэн Д.Э- над руу утасдаж мөнгө нэхэж эхэлсэн би ч Б.А- рүү өдөр болгон байрны гэрчилгээг гаргаж өг гэж шахаж шаардаж байсан. Б.А- өнөө маргаашгүй мөнгө бүтэж байна гэж явсаар 2015 оны 10 дугаар сарын 12-нд манай байрыг ШШГГазар хурааж Д.Э-д шилжүүлсэн. Иймээс би өөрийн ээж, ах хоёртойгоо зөвлөлдөж байраа алдахгүйн тулд Цагдаагийн газарт гомдол гаргасан. С.Д- би санаатай буюу санаагүйгээр хэн нэгнийг хуурч мэхэлж, залилж хохироосон зүйл үгүй. Иймд С.Д- намайг холбогдуулан шалгаж байгаа эрүүгийн хэргийн зүйл ангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон ялтан Б.А-ийн өмгөөлөгч И.Атарбямба: Шүүхэд гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хэрэгт цугларсан нотлох баримтууд хангалтгүй байгаа учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах ёстой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Б.А-ийн залилангийн гэмт хэрэг үйлдсэн гэх санаа зорилго, сэдэлтийг бүрэн тогтоогж чадаагүй. Тухайлбал хохирогч Г.Б-т хэрэгт цугларсан баримтаар 67.000.000 төгрөгийг хүү гэж төлсөн нь тогтоогдсон. Залилангийн гэмт хэрэг үйлдэж байгаа этгээд нь тухайн хохирогчоос авсан эд зүйл болон мөнгийг буцааж өгөхгүй гэсэн санаа зорилготой, шунахай сэдэлттэйгээр үйлддэг. Гэтэл Б.А-т зөвхөн хүү 67.000.000 төгрөг төлсөн. Хохирогч энэ мөнгийг гэрээтэй 100.000.000 төгрөгийн зээлийн хүү гэж мэдүүлж байгаа боловч үүнийгээ нотлож чадахгүй байна. Энэ байдлыг мөрдөн байцаалтаар нарийвчлан тогтоох ёстой. Мөн хохирогч Д.Э-ийн байрыг 53.000.000 төгрөгөөр үнэлсэн байдаг гэтэл одоо байрны үнэ байршил болон эдэлгээний хугацаанаас хамаарч ийм үнэд хүрэхгүй байгаа тийм болохоор үнэлгээг дахин хийлгэх шаардлагатай байна. Энэ үндэслэлүүдээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон прокурор Б.Сүрмандах шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаалгахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Шийтгэх тогтоолд хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтыг биелүүлээгүй гэж үзэж эсэргүүцэл бичсэн. 

Анхан шатны шүүх зөвхөн шүүгдэгч нарын мэдүүлэг болон тэдний байр суурийг үндэслэн нэг талыг баримталсан дүгнэлт хийж зарим шүүгдэгч нарын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Гэтэл энэ хэрэгт шүүгдэгч нарын гэм бурууг хангалттай нотолсон нотлох баримтууд авагдсан байхад түүнийг үгүйсгэж байгаа үндэслэлээ тодорхой заагаагүй, шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг  ноцтой зөрчсөн, яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтыг биелүүлээгүй гэж үзэж байна. Ийм учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон ялтан С.Д-ы өмгөөлөгч Ц.Отгонсүх: Би шүүх хуралдаанд С.Д-ы эрх ашгийг хамгаалж оролцож байна. С.Д- бол хохирогч Д.Э-ийн төрсөн хүү бөгөөд энэ 2 өрөө байр бол түүний өөрийнх нь амьдардаг байр юм. Хэдийгээр энэ байрны өмчлөх эрхийн гэрчилгээ С.Д-ы нэр дээр байдаггүй боловч өөрийн төрсөн эх Д.Э-ийн өв залгамжлагчийнхаа хувьд энэ байрыг өмчлөх эрхтэй хүн юм. Гэтэл өөрийнхөө амьдарч байгаа байраа залилан мэхэлж хохирол учруулсан гэмт хэрэгт ял шийтгэгдэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй ээ, өөрөө өөрийгөө залилан мэхэлж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж болохгүй биздээ. Ийм учраас С.Д-ы гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон хохирогч Г.Б- мэдүүлэхдээ: Би энэ хэргийн улмаас хамгийн ихээр хохирч байгаа бөгөөд одоо болтол Б.А- надаас авсан 90.000.000 төгрөгнөөс нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй байна. Тухайн үед би барилга барих сезон дууссан учраас банкнаас зээл авсан мөнгө маань миний дансанд орж ирсэн, би мөнгөтэй байсан. Ингээд Б.А-тэй бичгийн гэрээ байгуулж 100.000.000 төгрөгийг хүүтэй зээлсэн байсан. Тэр үед намайг мөнгөтэй байгаа Б.А- мэдэж байсан. Ингээд үүнээс хойш 2013 оны 10 дугаар сард Б.А- нь С.О-г байр авах урьдчилгаа мөнгө банкинд байршуулах хэрэгтэй боллоо хэдхэн хоногийн хугацаатай 40.000.000 төгрөг зээл гэсэн. Би түүний хүсэлтийн дагуу 40.000.000 төгрөгийг хүүгүй, тодорхой хугацаа заалгүй зээлсэн. Яагаад гэвэл хэдхэн хоног гэсэн болохоор нь тэр үед хугацаа болон хүү тохироогүй түүнд итгээд л өгсөн. Үүнээс хойш 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Алтан тос” ХХК нь яаралтай мөнгөний хэрэг болоод байна, ажилчдынхаа цалинг өгөх гэнэ 50.000.000 төгрөг түр өгч бай он гараад бүгдийг нь буцааж өгнө гэсэн болохоор нь бас л түүнд этгээд 50.000.000 төгрөг нийт 90.000.000 төгрөгийг өгсөн. Энэ мөнгөн дээр бид гэрээ байгуулаагүй, хүү тооцно гэж тохироогүй, удахгүй өгнө гэсэн болохоор нь хугацаа ч тохироогүй. Харин бичгийн гэрээтэй 100.000.000 төгрөгийн хүүг надад төлж байсан. Сүүлд мөнгөө өгөхгүй болохоор С.О-той уулзахад тэр үед авсан мөнгөө Б.А-т 3-4 хоногийн дараа буцаагаад өгсөн юм байна лээ, харин “Алтан тос” ХХК нь Б.А-ээс мөнгө аваагүй болох нь тогтоогдсон энэ бүхнээс үзвэл Б.А- 90.000.000 төгрөгийг надад буцааж өгөхгүй, миний итгэлийг эвдэж худлаа хэлж надаас залилан мэхэлж  авсан болохыг мэдэж Цагдаагийн газарт гомдол гаргасан. Би одоо маш хүнд байдалд ороод байна. Б.А-ийн авсан мөнгө бол барилга барих гэж банкнаас авсан зээл болохоор түүний авсан мөнгөний хүүг би банкинд төлж байна.  Одоо барилгын ажил зогссон, 80 хувийн гүйцэтгэлтэй барилгаа банкны зээлд өгөх дээр тулаад байна. Ийм учраас Б.А-ээс мөнгөө даруйхан авмаар байна. Б.А- надаас авсан мөнгөө өгөх бүрэн боломжтой байсан болох нь түүний Худалдаа хөгжлийн банкинд байдаг дансаар хийгдсэн гүйлгээнээс тодорхой харагдана. Тэр дансаар 490.000.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан банкнаас гаргаж өгсөн баримтаар нотлогдсон гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон хохирогчийн өмгөөлөгч Д.Цагаандарь: Би шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Сая улсын яллагчийн эсэргүүцэл болон Б.А-ийн өмгөөлөгч И.Атарбямба өмгөөлөгчийн давж заалдах гомдол болон давж заалдах эсэргүүцлийн үндэслэлийг сонслоо. Би улсын яллагчийн эсэргүүцлийг дэмжиж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар Б.А- нь хохирогчоос 190.000.000 төгрөгийг авсан болох нь тогтоогдсон. Үүнээс 100.000.000 төгрөг нь иргэний хуульд заасан журмын дагуу бичгээр хийгдсэн хүүтэй зээлсэн гэдэг нь тогтоогдсон. Харин 90.000.000 төгрөгийг хохирогчийн итгэлийг эвдэж залилан мэхэлж авсан болох нь хангалттай нотлогдсон гэж үзэж байна. Анхан шатны шүүх 16.500.000 төгрөгийг 90.000.000 төгрөгнөөс хасч хохиролд 73.500.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байгаа. Г.Б-аас 90.000.000 төгрөгийг Б.А- авахдаа ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй, нэгэнт бичгийн гэрээ байгуулаагүй болохоор хүү тооцоогүй, удахгүй өгнө гэсэн болох нь хугацаа ч тогтоогоогүй. Гэтэл сүүлдээ энэ мөнгийг түүнээс худлаа хэлж авсан болох нь тогтоогдсон. Б.А-ийн үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байгаа бөгөөд энэ талаар Улсын Дээд шүүхээс гаргасан тогтоолд тодорхой заасан байгаа  шүү дээ. Ийм учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах шаардлагагүй хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон ялтан Б.А-ийн өмгөөлөгч Ц.Гансүх: Би давж заалдах шатны шүүх хуралдаанаас Б.А-ийн өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн 3 үндэслэлийн дагуу хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах ёстой гэж үзэж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл энэ хэрэгт насанд хүрээгүй гэрчээр байцаагдсан О.Э-ийг байцаахдаа сурган хүмүүжүүлэгч оролцуулаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Хэдийгээр О.Э-ийг байцаахдаа түүний эцэг С.Оргилыг оролцуулсан боловч сурган

хүмүүжүүлэгчийг заавал оролцуулах ёстой  байсан гэж үзэж байна. Энэ зөрчлийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.  Өөр нэг зөрчил нь энэ хэрэгт мөрдөн байцаагчийн 207 тоот тогтоолоор эд хөрөнгө битүүмжилсэн байгаа. Хуульд заасан журмын дагуу Б.А-ийн хуваарьт өмчийг битүүмжлэх ёстой байтал гэр бүлийн дунд өмч болох хөргөгч, цахилгаан зуух, телевизор зэргийг хууль бусаар битүүмжилсэн байна. Энэ тогтоолыг хэргийг мөрдөн байцаалтанд буцааж хүчингүй болгох ёстой. Мөн хэргийг мөрдөн байцаалтанд буцаалгүйгээр Прокурорын шатанд байхад нь Цагдаагийн байгууллагад даалгавар өгч нэмэлт ажиллагаа хийлгэсэн зэрэг алдаануудыг байцаан шийтгэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Ийм учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэв.

Тодорхойлох нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “ хууль ёсны ба үндэслэлтэй” байх шаардлагыг хангаагүй байна.

Ялтан Б.А-, С.О-, С.Д- нарт холбогдох хэрэгт улсын яллагчийн бичсэн эсэргүүцэл болон ялтны өмгөөлөгч И.Атарбямба, ялтан С.Д- нарын бичсэн давж заалдах гомдлын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судалж, хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.А-, С.О-, С.Д- нарын иргэн Д.Э-, О.Э- нарын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хууль бус аргаар залилан мэхэлж авч 53.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, зөвхөн хохирогч Д.Э- болон шүүгдэгч нарын мэдүүлгүүдийг үндэслэсэн байх бөгөөд хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үгүйсгэж байгаа үндэслэлээ заагаагүй, шүүгдэгч С.О-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсгийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь болгож зүйлчлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 хэсэгт заасан ”... хэргийг зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана.” гэсэн заалтыг зөрчиж С.О-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлээгүй хохирогч Д.Э-гийн  25.000.000 төгрөгийг Б.А-, С.Д- нартай үгсэн тохирч, бүлэглэн залилан мэхэлсэн үйлдэлд гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ял шийтгэлээ Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн нь  Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн алдаа гаргасан гэж үзэж энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Түүнчлэн анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг тооцохдоо шүүгдэгч Б.А-ийн учруулсан хохиролоос төлөгдөөгүй гэх 90.000.000 төгрөгнөөс хүүд тооцож, төлсөн гэх 16.500.000 төгрөгийг хасахдаа ямар үндэслэлээр хасаж тооцож байгаа болон 16.500.000 төгрөг нь хэдийд яаж төлөгдсөн талаар огт дүгнэлт хийлгүйгээр хасаж тооцсон нь ойлгомжгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж, зөвтгөх боломжгүй байна.

Ялтан Б.А-ийн өмгөөлөгч И.Атарбямбын хэргийг мөрдөн байцаалтанд буцааж хөрөнгийн үнэлгээ дахин хийлгэх, шүүгдэгч Б.А-ийн гэмт хэрэг үйлдэх болсон санаа зорилго, сэдэлтийг тогтоолгох, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Ц.Гансүхийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд буцааж насанд хүрээгүй гэрч О.Э-ийг байцаахдаа сурган хүмүүжүүлэгч оролцуулаагүй, мөрдөн байцаагчийн 207 дугаар тогтоолоор Б.А-ийн эд хөрөнгийг битүүмжлэхдээ гэр бүлийн дундын өмчийг битүүмжилсэн, хэргийг прокурорын хяналтанд ирүүлсний дараа Цагдаагийн байгуулагаар нэмэлт ажиллагаануудыг хийлгэсэн зэрэг байцаан шийтгэх ажиллагааны алдааг засуулах үндэслэлүүдийг хүлээн авч хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Өмгөөлөгч И.Атарбямба хохирогч Д.Э-ийн орон сууцны зах зээлийн үнэ ханшийг одоогийн зах зээлийн үнэлгээгээр үнэлүүлэх үндэслэл гаргаж байгаа боловч гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг гэмт хэрэг гарах үеийн үнэлгээгээр тооцохоор хуульд заасан байх тул үнэлгээг дахин хийлгэх шаардлагагүй, насанд хүрээгүй гэрч О.Э-ийг байцаахдаа түүний хууль ёсны төлөөлөгч С.Оргилыг оролцуулсан байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байгаа бөгөөд мөрдөн байцаагчийн хөрөнгө битүүмжилсэн тогтоол нь хууль зөрчсөн гэж үзвэл шүүх тогтоолыг хууль заасан журмын дагуу хүчингүй болгох боломжтой байх тул өмгөөлөгч нарын хэргийг мөрдөн байцаалтанд буцаах үндэслэлүүдийг хүлээн авах шаардлагагүй гэж үзсэн болно.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа тул ялтан С.Д-ы давж заалдах гомдол болон түүний өмгөөлөгч Ц.Отгонсүхийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбаруудыг хүлээн авч С.Д-ы гэм буруугийн талаар дүгнэлт хийх, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй, давж заалдах шатны шүүх хуралдаанаас ялтан Б.А-ийн өмгөөлөгчөөр оролцсон өмгөөлөгч Ц.Гансүхийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах хугацаа хэтрүүлж ирүүлсэн давж заалдах гомдлын талаар дүгнэлт хийх боломжгүй байгааг тус тус тэмдэглэх  нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шйитгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 319 дүгээр зүйлийн 319.1.3, 319.1.4, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 86А шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.А-, С.О-, С.Д- нарт холбогдох 201409000812 тоот 4 хавтас хэргийг дахин хэлэлцүүлэхээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Б.А-, С.О-, С.Д- нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

Энэхүү магадлалд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Я.ТУУЛ

                                          ШҮҮГЧИД                                                 Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                            Д.БУЯНЖАРГАЛ