Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 610

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга  В.Бадмаагарав,

Улсын яллагч П.Ганбаатар,  

Шүүгдэгч З.З түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт З.З-д холбогдох эрүүгийн 1709019400352 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, урьд 2 удаа ял шийтгэгдэж байсан,

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж 2005 оны 6 дугаар сарын 10-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 6 хоногийн эдлээгүй үлдсэн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, Боржигин овогт З,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч З.З нь 2017 оны 10 дугаар сарын 31-нээс 2017 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашааны 3-216 тоотод хохирогч Б.Эрдэнэбатыг “байрны түрээсийн мөнгө өгсөнгүй” гэх шалтгааны улмаас маргалдан зодож зүүн талын 6-7 дугаар хавирганы далд хугарал, чээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр гарын тохойнд зулгаралт бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч З.З нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2017 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 01 цагийн үед байр түрээслэгч Эрдэнэбат нь байранд согтуу ирж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан. Би “өрөөнд нь орж хүмүүс амарч байна чимээгүй бай” гэж хэлэхэд надтай маргалдсан. Удалгүй манай эхнэр миний араас орж ирсэн. Манай эхнэр “чи нийтийн байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж  болохгүй” гэж хэлэхэд “чамд хамаагүй” гээд манай эхнэрийг доромжилж, түлхэн унагасан. Эхнэрийг маань түлхээд унагачихаар нь миний уур хүрээд Эрдэнэбатын хэвлий хэсэг рүү нь өшиглөсөн. Өөр зодолдсон асуудал гараагүй. Хавирга нь хугарч хүнд гэмтэхээр өшиглөөгүй. Маргааш өглөө нь Сүхбаттай хамт самранд явах гэж байна гээд явж байхад нь таарсан. Хавирга нь гэмтсэн зүйлгүй зүгээр явж байсан…” гэв.

Эрүүгийн 1709019400352 дугаартай хэргээс:

Шүүгдэгч З.З нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 10 дугаар сарын 31-нээс 01-нд шилжих шөнө 05 тоотод оршин суух Эрдэнэбат нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж бусдын амгалан тайван байдал алдагдуулаад байсан. Би Эрдэнбатынд ороод “чи муу одоо дуу чимээгээ болиоч олон айл амарч байна ш дээ” гэж хэлсэн. Манай эхнэр миний араас орж ирсэн. Тэгээд манай эхнэр “чи одоо дуу чимээгээ болиоч танай эхнэр чинь өчигдөр бас архи уугаад хэл амаар доромжлоод байсан чи одоо архи уугаад давраад байгаа юм бэ” гэсэн чинь Эрдэнэбат манай эхнэрийг “чам муу гичийд ямар хамаатай юм” гээд түлхэж унагаасан болохоор би Эрдэнэбатын хэвлий хэсэгт нь жийж өшиглөсөн. Би эхнэрээ босгох хооронд Эрдэнэбат гараад явсан. 2017 оны 10 сарын 29-ны өдөр Эрдэнэбатыг эхнэртэй нь цуг байрнаас гаргах гэж байхад эхнэр бид хоёроос гуйгаад байхаар байрнаас гаргаагүй юм. Надад байрны түрээс 116.000 төгрөг өгөөгүй байгаа…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Эрдэнэбат нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "…2017 оны 9 сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13-р хороо рашааны 13-3-2 тоот нийтийн байранд амьдарч эхэлсэн. Тэгээд 2017 оны 10-р сарын 31-ны орой 19 цагт манай найз Сүхбат манай гэрт ирээд бид Тайга 500гр-ын архи хувааж уусан. Тэгээд манай найз 22 цагийн үед харихаар явсан. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 31-нээс 01-нд шилжих шөнө 02 цагийн үед гэртээ утсаар яриад байж байтал гаднаас байрны эзэн Золжаргал орж ирээд “байрны мөнгөө өг” гэсэн тэгэхээр нь би “маргааш танай байрнаас гарлаа” гэсэн чинь учир зүггүй зодоод эхэлсэн. Золжаргалыг эхнэр нь бариад авахад би гараад зугтаасан. ...Миний зүүн талын 6,7 дугаар хавиргад үүссэн гэмтэл болон цээжинд хурсан цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл нь Золжаргалын өшиглөлтөөс үүссэн. Харин 2 гарын тохойнд үүссэн зулгаралт нь газар унаснаас болж үүссэн. Надад учирсан дээрх гэмтлүүдийг Золжаргал учруулсан…" гэсэн мэдүүлэг /хх-ийн  9  дүгээр  хуудас/,

 

              Гэрч Л.Энхбаяр нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: " ...гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг ойлгосон би мэдүүлэг өгнө. 2017 оны 10 сарын 31-нээс 11 сарын 1-нд шилжих шөнө 01 цагийн орчим 05 тоот өрөө түрээслэн суудаг залуу чанга орилоод байсан болохоор нөхөр Золжаргал гарч уулзаад тэр хоёр хоорондоо маргалдаад зогсож байсан. Тэгээд би тэр залуутай маргалдаж нөхрийнхөө урд зогсож байхад намайг түлхэж унагаахад манай нөхөр тэр залуугийн цээж хэсэгт нэг удаа цохисон. Удалгүй нэг эгч орж ирээд “манай хүү юу болсон” талаар асуухад манай нөхөр болсон асуудлын талаар хэлэхэд нөгөө залуу хашгичаад байхаар нь нөгөө эгч өрөө рүү нь аваад орсон…" гэсэн мэдүүлэг / хх-ийн 18-20 дугаар хуудас/,

 

              Гэрч Л.Оюунцэцэг нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…манай гэрээс нэг буудлын цаана манай хүү Эрдэнэбат нийтийн байр хөлслөн амьдардаг. Тэгээд 2017 оны 10 сарын 31-нээс 2017 оны 11 сарын 01-нд шилжих шөнө шөнийн 01 цагийн үед манай хүү манайд хөл нүцгэн орж ирсэн бөгөөд Эрдэнэбатаас “юу болсон” талаар асуухад “цээж өвдөөд байна, нийтийн байрны эзэн залуу намайг зодсон бөгөөд эхнэр нь араас нь татаж авахаар нь зугтаж гарч ирлээ” гэсэн. Тэгээд би хүүгээ дагуулаад нийтийн байрны эзэн гэх залуугийн өрөөнд ороод яагаад манай хүүг зодсон талаар асуухад манайх гэрээ байгуулсан, танай хүү согтуу хашгичаад байсан болохоор би танай хүүг зодсон гэж надад хэлсэн …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар хуудас/,

 

              Шинжээч Т.Чимэд-Очир нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Эрдэнэбатын биед учирсан 6,7 дугаар хавирганы далд хугарал, цээжинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хэвлий цээж хэсэг рүү жийж өшиглөх үед үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 81 дүгээр хуудас/,

              

               Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹13732 дугаартай шинжээчийн дүгнэлт

  1. Б.Эрдэнэбатын биед зүүн талын 6,7-р хавирганы далд хугарал, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр гарын тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул  гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой…” гэжээ /хх-ийн 22 дугаар  хуудас/,

 

Б.Эрдэнэбатын цээжний хөндийн компьютерт томографийн шинжилгээ /хх-ийн 27/, З.Зын оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-ийн 28/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 32/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 36-45 дугаар хуудас/, нийтийн байр хөлслүүлэх гэрээ /хх-ийн 46/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч З.З нь 2017 оны 10 дугаар сарын 31-нээс 2017 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 01 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашааны 3-216 тоотод хохирогч Б.Эрдэнэбатыг “бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж чанга ярьлаа, байрны түрээсийн мөнгө өгсөнгүй” гэсэн шаардлага тавьж хоорондоо маргалдан улмаар түүний хэвлий тус газар нь өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “зүүн талын 6,7-р хавирганы далд хугарал, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр гарын тохойнд зулгаралт гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

шүүгдэгч З.Зын “...би Эрдэнэбатын хэвлий хэсэгт нь жийж өшиглөсөн....” гэсэн мэдүүлэг,

хохирогч Б.Эрдэнэбатын “...Миний зүүн талын 6,7 дугаар хавиргад үүссэн гэмтэл болон цээжинд хурсан цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл нь Золжаргалын өшиглөлтөөс үүссэн. Харин 2 гарын тохойнд үүссэн зулгаралт нь газар унаснаас болж үүссэн. Надад учирсан дээрх гэмтлүүдийг Золжаргал учруулсан...” гэсэн мэдүүлэг,

гэрч Л.Оюунцэцэгийн “...манай хүү манайд хөл нүцгэн орж ирсэн бөгөөд Эрдэнэбатаас “юу болсон” талаар асуухад “цээж өвдөөд байна, нийтийн байрны эзэн залуу намайг зодсон бөгөөд эхнэр нь араас нь татаж авахаар нь зугтаж гарч ирлээ” гэсэн...” гэсэн мэдүүлэг,

гэрч Л.Энхбаярын “...манай нөхөр тэр залуугийн цээж хэсэгт нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг,

шинжээч Т.Чимэд-Очирын: “...Эрдэнэбатын биед учирсан 6,7 дугаар хавирганы далд хугарал, цээжинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хэвлий цээж хэсэг рүү жийж өшиглөх үед үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹13732 дугаартай шинжээчийн “...1. Б.Эрдэнэбатын биед зүүн талын 6,7-р хавирганы далд хугарал, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр гарын тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул  гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч нь хохирогчтой маргалдаж улмаар түүний эрх чөлөөнд хүч хэрэглэсэн үйлдлээ мэдүүлж, хохирогч, гэрч Л.Энхбаяр нараас шүүгдэгч хохирогчийн цээжин тус газар нь цохиж хүч хэрэглэснийг, гэрч Л.Оюунцэцэгээс хэрэг болсоны дараах богино агшинд хохирогчоос гэмтсэн байдалтай байсаныг давхар гэрчилж, хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хохирогч Б.Эрдэнэбатын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол мохоо зүйлийн /биеэр өшиглөх, цохих үед үүсэх боломжтой/ үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтойг тогтоосон шинжээчийн дүгнэлт,  зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулжээ.

 

Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүх шүүгдэгч З.Зыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...тухайн хэрэг гарахад байсан бүх гэрчүүдийг байцааж хэргийн байдлыг тогтоох ёстой, хохирогч өөр хүмүүст зодуулсан эсэхийг тодруулах, шинжээчийн дүгнэлт юуг үндэслэж ямар нотлох баримтанд тулгуурлаж гарсан нь эргэлзээтэй тул шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах зэрэг ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй ...” гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Тодруулбал хохирогч Б.Эрдэнэбатаас хэрэг болсны дараах богино цаг хугацаанд өөрт нь шүүгдэгч З.Зыг 2 хавирга хугарч гэмтэл учруулсан талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, түүнд зодуулсан талаар 2 удаа тогтвортой мэдүүлсэн, гэрч Л.Энхбаяраас “цээж хэсэгт нь цохьсон” гэж, Л.Оюунцэцэгээс “Эрдэнэбат цээж өвдөөд байна” гэж, шүүгдэгчээс “хэвлий хэсэгт өшиглөсөн” гэж мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тухайн цаг хугацаанд учирсаныг мэдүүлсэн зэрэг нотлох баримтуудаас үзэхэд хохирогчид учирсан гэмтэл нь шүүгдэгч З.Зын үйлдлээс шууд шалтгаант холбоотой үүссэн, хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэх хуульзүйн үндэслэлтэй байна.

 

Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд хэрэг болох үед байсан хохирогч, гэрч нараас байцаалт авч зохих ажиллагаа хийж хэргийн бодит байдлыг бүрэн тогтоосон байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч, хохирогч нарын маргааны дараа хохирогч өөр этгээдэд зодуулсныг тодруулах шаардлагатай гэх ба хохирогч өөр этгээдтэй уулзахаас өмнө З.З хохирогчийг зодож цээжин тус газар нь хүч хэрэглэн хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон, тэдгээр нотлох баримтуудыг үгүйсгэх эргэлзээ бүхий баримт хэрэгт байхгүй ба өмгөөлөгчөөс хэрэгт цугларсан баримтанд тулгуурлахгүйгээр, таамаг төдий байдлаар гаргасан санал нь няцаагдсан байна.

 

Мөн түүнчлэн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн №13732 дугаартай шинжээчийн дүгнэлтээр гэмтсэн этгээдийн зовиурыг асууж, хохирогчийн биед үзлэг хийж, цээжний хөндийн комьпютер томографийн шинжилгээ зэргийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу шинжээчийн дүгнэлт гаргасан байна.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс хохирогчид тавьсан шаардлагаа зөв илэрхийлээгүй, тэдгээрээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, хоорондоо зүй зохистой харьцах талаар зан харьцааны түвшин дутагдсан, нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Шүүгдэгч З.Зд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд З.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Хохирогч Б.Эрдэнэбат ”…надад З.Зд ямар нэгэн гомдол, санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэж /хх-ийн 11/ мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч З.З нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.