| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 101/2019/04381/И |
| Дугаар | 210/МА2020/00398 |
| Огноо | 2020-02-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2020/00398
| 2020 оны 02 сарын 17 өдөр | Дугаар 210/МА2020/00398 |
Ш.Цэрэннадмидын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/00010 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш.Цэрэннадмидын хариуцагч А.Даариймаад холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Тамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бат-Ялалт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Нэхэмжлэгч Ш.Цэрэннадмид нь 2016 оны 12 сарын 12-ны өдөр Техник импорт ХХК-аас Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо, 13302 Улаанхуарангийн гудамж, 7а байр, 26 тоотын 51.2 мк.в бүхий 2 өрөө орон сууцыг Улаанбаатар хотын банкнаас орон сууцны ипотекийн зээл авч худалдаж авсан бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Уг байрандаа Ш.Цэрэннадмид нь өөрийн дүү Ш.Гомбосүрэн болон түүний найз охин А.Даариймаа нарыг түр хугацаанд амьдруулж байсан. Гэтэл Ш.Гомбосүрэн, А.Даариймаа нар 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр салж, тусдаа амьдрах болсон А.Даариймааг орон сууцанд дулаан ортол түр амьдаръя гэж гуйсны дагуу дулаан ортол түр хугацаанд байранд амьдрахыг нь зөвшөөрсөн. 2019 оны 4 сард дулаан ороход байраа суллахыг шаардахад А.Даариймаа нь хэл ам хийж, одоог хүртэл Ш.Цэрэннадмидын байрыг суллаж өгөхгүй гэр бүлээрээ амьдарч байна. Иймд Баянзүрх дүүрэг, 8 хороо, 13302 Улаанхуарангийн гудамж, 7 а байр 26 тоот 51,2 мк.в бүхий 2 өрөө байрыг А Даариймаагийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн тайлбарт: Ш.Цэрэннадмид шүүхэд удаа дараа худал нэхэмжлэл гаргаж байгаад харамсалтай байна. Өөрийн дүү Ш.Гомбосүрэн түүний найз охин А.Даариймаа нарыг түр хугацаанд амьдруулж байсан гэж худал бичсэн байна. Ш.Гомбосүрэн, А.Даариймаа нарын хүүхдүүдийн талаар, Ш.Гомбосүрэн, А.Даариймаа нар нь уг маргаан үүсгээд байгаа зээлийн байрны урьдчилгаа төлбөр, сар бүрийн хуваарьт төлбөрийг төлж байсан тухай бичсэнгүй. Ш.Цэрэннадмид тусдаа байртай, дахин байр худалдан авах шаардлагагүй. Харин дүүтэй нь гэрлээд цаашдаа сайхан гэр бүл болж амьдрах хүслээр амьдрах орон сууцаа зээлээр авсан. Ингэхдээ манай нөхрийн ах Ш.Цэрэннадмидын нэр дээр зээл авахад хялбар байсан учраас түүний нэр, орлого зэргийг ашиглан зээл авсан юм. Миний бие Ш.Гомбосүрэнтэй хамтран амьдарч, үр хүүхдүүдээ өсгөнө гэж бодож байснаас гэр бүлээ батлуулахгүй, байр зээлээр авсан ч ах дүүгийнхээ нэр дээр аваад салахдаа зээлийн байраа буцааж авах муу муухай зүйл бодоогүй учраас үнэхээр их гайхаж сэтгэл санаа цочирдож, 2 хүүхдийнхээ ирээдүйд маш ихээр харамсаж байна. Бодит байдал ийм байсаар байхад Ш.Цэрэннадмид, Ш.Гомбосүрэн нар нь өөрсдөө байр аваад дүүгээ найз охинтой нь амьдруулсан мэтээр худал ярьж нэхэмжлэл гаргаж байгаад гайхаж байна. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрвээ үнэхээр өрөө өөрсдөө авахыг хүсэж байгаа бол бидний зүгээс төлсөн бүхнээ эргүүлэн шаардах болно гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Цэрэннадмидын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, 13302 Улаанхуарангийн гудамж 7а байрны 26 тоот 51.2 метр квадрат 2 өрөө орон сууцыг хариуцагч А.Даариймаагийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Даариймаагаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Цэрэннадмидад олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бат-Ялалтын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тиймээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч Ш.Цэрэннадмид орон сууцнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ төрсөн дүү Ш.Гомбосүрэн, түүний найз охин А.Даариймааг орон сууцандаа түр хугацаанд амьдруулж байсан. Тэд салсан учраас одоо байраа буцааж авна гэж тайлбарлаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч А.Даариймаагийн эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлж шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслэгдсэн байна.
Нэхэмжлэгч Ш.Цэрэннадмид, иргэн О.Хунтогос нар 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотын банкнаас орон сууц худалдан авах зорилгоор 49 740 000 төгрөг 15 жилийн хугацаатай зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн гудамж, 7а байрны 26 тоотын 51.2 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. /хх6-8/
Маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Ш.Цэрэннадмид 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээ хэргийн 5 дугаар талд авагдсан байна. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар ... өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дах хэсэгт зааснаар өмчлөгч буюу хууль ёсны эзэмшигч нь үндэслэл бүхий шаардлагыг эд хөрөнгө эзэмшигчид гаргаснаар эзэмшил дуусгавар болно. Мөн дээрх орон сууцыг эзэмших, өмчлөх эрх хууль буюу гэрээний үндсэн дээр хариуцагч А.Даариймаад үүссэн болох нь тогтоогдоогүй тохиолдолд түүнийг эзэмшигч буюу өмчлөгч гэж үзэхгүй. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэдэг журамтай. Хариуцагч Ш.Гомбосүрэнтэй гэр бүл болж цаашдаа хамтран амьдрахаар түүний төрсөн ах Ш.Цэрэннадмидын нэр дээр зээл авч, уг орон сууцыг худалдаж авсан, байрны урьдчилгаа болон сар бүрийн зээлийн төлбөрийг төлдөг гэх тайлбараа баримтаар нотлоогүй, түүнийг орон сууцны өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
Шүүх 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зохигчдод эдлэх эрх, хүлээх үүргийг нь тайлбарлан өгч, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хурлын тов мэдэгдсэн, хэргийн материалтай танилцахыг 2 удаа сануулж мэдэгдэн, тэмдэглэл үйлдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. Шүүхээс хийгдсэн дээрх ажиллагааг үгүйсгэх хуулийн үндэслэлгүй. /хх23,39, 43, 46/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-д зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн оролцогчийн зүгээс хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах боломжгүй.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/00010 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
А.МӨНХЗУЛ