Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2019/00504

 

Б.Сгийн нэхэмжлэлтэй

                                             иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00263 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.С хариуцагч “АД” ХК-д холбогдуулан, 14 879 336 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Нэхэмжлэгч Б.С нь 2017 оны 2 сарын 08-ны өдрийн 30514006208 дугаартай зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээг АДкомпанитай байгуулсан. Даатгалын гэрээний хугацаанд түүний нөхөр Д.Цогтсайхан нас барсан тул даатгалын тохиолдол бий болсон хэмээн үзэж, даатгалын нөхөн төлбөр нэхэмжлэхэд даатгагчийн зүгээс даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан байдаг. Үүнтэй холбоотой Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, даатгалын гэрээний дагуу даатгагчаас 35 734 036 төгрөг гаргуулахыг шаардсан. Тус шүүхийн 2017 оны 10 сарын 24-ний өдрийн 02647 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 сарын 27-ны өдрийн 2574 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 4 сарын 05-ны өдрийн 00550 дугаар тогтоолоор маргааныг шийдвэрлэж, АДкомпаниас даатгалын нөхөн төлбөрт 35 734 036 төгрөг гаргуулан Б.Сд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гарсан тул даатгагчийн зүгээс 2018 оны 5 сарын 10-ны өдөр 6 070 656 төгрөг, 2018 оны 5 сарын 18-ны өдөр 5 000 000 төгрөг, 2018 оны 5 сарын 28-ны өдөр 5 000 000 төгрөг, 2018 оны 5 сарын 31-ний өдөр 20 000 000 төгрөгийг тус тус Б.Сгийн Голомт банкин дахь 4309076998 тоот дансанд төлсөн. Гэвч даатгалын нөхөн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд олгоогүй буюу даатгалын гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул бид үүнтэй холбоотой дараах алданги, хохирлуудыг нэхэмжилж, бичгээр болон цахим шуудангаар хоёр удаа даатгагчид хандсан боловч бидэнд ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй. Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлнэ гэж заасны дагуу бид “АД” ХК-д холбогдуулан гомдол гаргасан. Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс 2018 оны 10 сарын 16-ны өдрийн 9/4038 дугаар албан бичгээр иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү гэх хариуг бидэнд өгсөн. 12 183 550 төгрөгийн алдангийн тухайд даатгалын гэрээний 6.2 дахь хэсэгт даатгагч гэрээнд заагдсан ... материалыг хүлээн авснаас хойш нөхөн төлбөрийг ажлын 10 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж, 12.1.3 дахь хэсэгт Даатгалын тохиолдол болж даатгагч нь нөхөн төлбөрийн материал хүлээж авснаас хойш ажлын 10 хоногт нөхөн төлбөрийг шийдвэрлээгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн алданги тооцно гэж заасан. Хууль болон гэрээний дээрх заалтуудын дагуу даатгагч нөхөн төлбөрийг хожимдуулсан хоног тутамд даатгуулагч Б.Сд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,1 хувийн алданги төлөх үүрэгтэй. Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон ёсоор Даатгалын гэрээний дагуу төлөгдөх нөхөн төлбөрийн дүн нь 35 734 036 төгрөг тул хоног тутамд төлөгдөх 0,1 хувийн алдангийн хэмжээ 35 734 төгрөг байна. Даатгагч 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр даатгалын нөхөн төлбөрийн шийдвэрийн тухай албан бичгээр даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан байх тул тус хугацаанаас эхлэн төлбөр төлөгдөх хүртэлх хугацаанд алданги тооцогдох үндэслэлтэй. Алдангид 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 12 163 550 төгрөгийг нэхэмжилж байна. Зээлийн хүүтэй холбоотой хохирлын тухайд даатгагчийн зүгээс 35 734 038 төгрөгийн даатгалын нөхөн төлбөрийг даатгалын гэрээнд заасан хугацаанд олгосон бол даатгуулагч Б.Сгийн “Хаан Банк” ХХК-тай байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн ЗГ/1361 дугаар орон сууцны ипотекийн зээлийн гэрээний дагуу түүний төлөх үндсэн зээл тус хэмжээгээр багасах байсан. Даатгалын нөхөн төлбөрийг даатгалын гэрээнд заасан хугацаанд олгоогүйгээс 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн даатгалын нөхөн төлбөрийг бүрэн олгож дуусах хүртэлх хугацаанд даатгуулагч Б.Сгийн зээлийн гэрээний дагуу төлөх дүн багасаагүй. Даатгагч 35 734 036 төгрөгийн даатгалын нөхөн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд олгоогүйгээс болж даатгуулагч Б.С нь 35 734 036 төгрөгийн зээлийн үндсэн төлбөрт ногдох зээлийн хүүг дээрх хугацаанд төлж хохирсон байна. Зээлийн гэрээний 3.1.4 дэх хэсэгт заасны дагуу зээлийн жилийн хүү нь 8 хувь тул өдрийн хүү нь 0,022 хувь байна. 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 346 хоногт ногдох хүү нь 7,6 хувь байна. Даатгалын нөхөн төлбөр олгох үүрэг бүхий 35 734 036 төгрөгийн зээлийн 7,6 хувь нь 2 715 786 төгрөг байна. Иймд даатгагч нөхөн төлбөрийг хожимдуулсантай холбоотой даатгуулагчаас илүү төлөгдсөн зээлийн хүү болох 2 715 786 төгрөгийн хохирлыг даатгагч төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Иймд “АД” ХК-аас нийт 14 879 336 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн тайлбарт: “АД” ХК нь нэхэмжлэгчийн нөхөн төлбөр гаргуулах тухай хүсэлтийн хариуг гэрээнд заасан хугацааны дотор нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн хариуг өгсөн. Даатгагч нь нөхөн төлбөрийг хууль болон гэрээнд заасан үндэслэлээр олгох үүргийг хүлээсэн. Даатгалын гэрээнд согтууруулах бодис хэрэглэсэн үед учирсан аливаа хохиролд нөхөн төлбөр олгохгүй байхаар талууд урьдчилан тохиролцсон гэсэн үндэслэлээр татгалзаж шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч тал маргааныг шийдвэрлүүлэхээр Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргаж дараагаар нь шүүхэд нэхэмжлэлийг гаргасан. Анхан шатны шүүх 2017 оны 10 сарын 24-ний өдрийн шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Тухайн шийдвэрт нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргаж тухайн маргаан нь 2018 оны 4 сарын 05-ны өдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх шийдвэрлэх хүртэлх хугацаанд үргэлжилсэн. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн тогтоолыг бичгээр гармагц “АД” ХК нь төлбөрийг нэхэмжлэгч талд төлж барагдуулсан байна. Энэ нь даатгагч гэрээний үүргээ 2017 оны 6 сарын 19-ний өдрөөс хойш хугацаа хэтрүүлсэн гэж үзэх эрх зүйн үндэслэл байхгүй тул алданги нэхэмжилсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэлд дурдсан даатгагч нөхөн төлбөрийг хожимдуулснаас хойш нэхэмжлэгчээс банкинд илүү төлөгдсөн зээлийн хүү 2 715 786 төгрөгийг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хаан банк болон түүнийг зээлдэгч нарын хооронд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл түүнд хамаарах хүү төлөх зээлдэгчийн үүрэг нь “АД” ХК-ийн нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэртэй хамааралгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6, 222 дугаар зүйлийн 222.7, 240 дүгээр зүйлийн 240.1.5 дахь заалтыг баримтлан хариуцагч “АД” ХК-аас 1 667 650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Сд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 13 211 686 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 11 сарын 27-ны өдөр урьдчилан төлсөн 232 350 төгрөгийн 232 346 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 4 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч “АД” ХК-аас 41 632 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Сд олгож шийдвэрлэсэн.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б давж заалдах гомдолд: Анхан шатны шүүх “хариуцагчаас 12 163 550 төгрөгийн алданги гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн хэмээн үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг тус хэмжээгээр эс зөвшөөрч, энэхүү гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсэгт дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ анхан шатны шүүх “Нэхэмжлэгч нь үндсэн үүрэг буюу даатгалын нөхөн төлбөр төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг шүүхэд гаргасны дагуу шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, талуудын хооронд байгуулагдсан гэрээтэй холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэснээр тухайн гэрээтэй холбоотой талуудын хүлээх үүрэг Иргэний хуулийн 240.1.5 дахь заалтад зааснаар дуусгавар болох бөгөөд ... гэрээтэй холбоотой үүргийг шүүхийн шийдвэр гарснаас хойш талууд харилцан хүлээхгүй” гэж тайлбарлажээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тус дүгнэлт нь дараах байдлаар үндэслэлгүй байна. Үүнд: Иргэний хуулийн 240.1.5-д хууль болон гэрээнд заасан бусад үндэслэлээр үүрэг дуусгавар болох тухай заасан. Хуулийн тус заалт нь хууль болон гэрээнд заасан үндэслэлээр үүрэг дуусгавар болох агуулгатай тул тус заалт нь дангаар үүргийг дуусгавар болгохгүй юм. Гагцхүү хууль эсвэл гэрээний аль нэг заалттай хамт хэрэглэгдэж, үүргийг дуусгавар болгоно. Иймд хуулийн тус заалтын дагуу үүрэг дуусгавар болсон гэж дүгнэхийн тулд “даатгагч даатгалын нөхөн төлбөр олгосноор үүргийн гүйцэтгэлийн хугацаа хэтрүүлсэнтэй холбоотой алданги төлөх үүрэг дуусгавар болно” гэх агуулга бүхий хууль болон гэрээний заалт байх шаардлагатай. Гэвч тийнхүү заалт байхгүй тул даатгагчийн алданги төлөх үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Анхан шатны шүүх “Нэхэмжлэгч нь үндсэн үүрэг буюу даатгалын нөхөн төлбөр төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг шүүхэд гаргасны дагуу шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиплагааг явуулж, талуудын хооронд байгуулагдсан гэрээтэй холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэсэн” болохыг дурьдаж, тус байдлыг үүрэг дуусгавар болсон гэж үзэх бодит үндэслэл болгосон. Гэвч, энэ нь Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5 дахь заалт болон бусад заалтын хүрээнд даатгагчийн алданги төлөх үүргийг дуусгавар болгохгүй. Иргэний хуульд гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэснээр тус гэрээтэй холбоотой үүрэг дуусгавар болох агуулга бүхий заалт байхгүй.

 

Анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хууль болох Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-т заасныг хэрэглэсэн байх тул 12 163 550 төгрөгийн алданги гаргуулах агуулгаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхийг хүсч байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч “АД” ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд олгоогүй гэж алдангид 12 163 550 төгрөг, илүү төлөгдсөн зээлийн хүү буюу хохиролд 2 715 786 төгрөг нийт 14 879 336 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн 8-20 дугаар талд авагдсан даатгалын нөхөн төлбөртэй холбоотой нотлох баримтууд, зохигчдын тайлбараар дараахь үйл баримтууд тогтоогдсон, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч Б.С, түүний нөхөр Д.Цогтсайхан нар 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Хаан банк” ХХК-тай 8 хувийн ипотекийн орон сууцны зээлийн гэрээ байгуулан 63 000 000 төгрөг зээлдэн авч, 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч “АД” ХХК-тай  №30514006208 тоот зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээ, №30314106911, №3031416912 тоот үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээт баталгааг үйлдэж, зээлдэгч нь амь насаа алдах, хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдах эрсдэлийн үед даатгагч “АД” ХХК нь даатгалын тохиолдол болох үеийн зээлийн төлбөрийн үлдэгдэл дүнгээс даатгуулагч Б.Сд зээлийн 35 хувьд ногдох, Д.Цогтсайханд зээлийн 65 хувьд ногдох төлбөрийг нөхөн төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх17/

 

2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хамтран зээлдэгч Д.Цогтсайхан нас барж даатгалын тохиолдол үүссэнээр нэхэмжлэгч Б.С хариуцагч “АД” ХХК-д хандаж 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нөхөн төлбөр олгох тухай өргөдөл гаргасан боловч 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариу өгснөөр, нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулж даатгалын нөхөн төлбөрт 35 734 036 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 02647 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. /хх8-9, 73/

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянаж 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2574 дүгээр магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын дээд шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 00550 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна. /хх10-17/

 

Шүүхийн хүчин төгөлдөр тогтоолын дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид даатгалын нөхөн төлбөрт 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 6 070 656 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 5 000 000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 5 000 000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 20 000 000 төгрөг тус тус шилжүүлсэн нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн Голомт банкны дансны хуулгаар тогтоогдож байна. Талууд энэ талаар маргаагүй. /хх18-20/

 

Зохигчид 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээт баталгааны 6.2-т даатгагч гэрээнд заагдсаны дагуу шаардлага хангах бүрэн дүүрэн материалыг хүлээн авснаас хойш нөхөн олговрыг ажлын 10 хоногийн дотор шийдвэрлэнэ, 12.1.3-т даатгалын тохиолдол болж даатгагч нь нөхөн төлбөрийн материал хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт нөхөн төлбөрийг шийдвэрлээгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд 0,1 хувийн алдангийг тооцно гэж харилцан тохиролцсон байна.

 

Шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор даатгалын нөхөн төлбөр буюу 35 734 036 төгрөгт холбогдох маргааныг шийдвэрлэсэн учраас алдангийг тусд нь шийдвэрлэх боломжгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй болсон.

 

Алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд зохигчдын хоорондох даатгалын нөхөн төлбөртэй холбоотой харилцаа шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор дуусгавар болсон тул нэгэнт дуусгавар болсон гэрээний нөхцлөөр үүргийн гүйцэтгэл буюу алданги гаргуулах үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь зээлийн хүүг тооцоолохдоо хариуцагч 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр албан бичгээр даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан тул уг хугацаанаас эхлэн даатгалын нөхөн төлбөрийг бүрэн олгож дуусах хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн зээлийн гэрээний дагуу төлөх дүн багасаагүй гэж тайлбарлаж 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс нөхөн төлбөрийг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн сүүлийн хугацаа буюу 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүү төлсөн гэж хохиролд 2 715 786 төгрөг шаарддаг. /хх2-3, 20/

Хэрэгт 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан  гэх албан бичиг авагдаагүй байх боловч талууд энэ талаар маргаагүй байх тул зээлийн хүүг уг хугацаанаас тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. /хх76/

Хариуцагчаас даатгалын нөхөн төлбөрт олгосон 35 734 063 төгрөгөөс нэхэмжлэгч нь зээлийн төлбөрт 21 942 768,79 төгрөг төлсөн байх тул түүнд ногдох хүү буюу 1 667 650 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь зөв. /хх38/

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00263 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209 570 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД                           Ч.ЦЭНД

 

         А.МӨНХЗУЛ