Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2020/00460

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2020/00460

 

 

 

ХААН банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2020/00088 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ХААН банк ХХК-ийн хариуцагч Б.Оюунбаяр, Т.Агиймаа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27 626 852 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Шагдарсүрэн, хариуцагч Б.Оюунбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Т.Агиймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Б.Оюунбаяр, Т.Агиймаа нар ХААН банкны Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Шинэ Баянзүрх худалдааны төв хаягт орших Их цайз салбараас 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ЗГ/935 тоот барьцаат зээлийн гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ЗГ/935 барьцааны гэрээ байгуулж 24 000 000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай өрхийн хэрэгцээнд зориулан авсан. Үүргийн гүйцэтгэлд 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №БГ/935 тоот барьцааны гэрээгээр токарын багаж, дугуй задлагч хийн компрессор, гагнуурын аппарат 220, 380 болон эрхийн улсын бүртгэлийн Y-2204029439 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам Г69 тоот хаягт байршилтай, гаражийн зориулалттай, 84 м.кв, 35 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Алтантэвш хороолол АОС-75 тоот хаягт байршилтай, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн №000515208 тоот гэрчилгээтэй, авто засварын зориулалттай 350 м.кв газар зэргийг барьцаалсан. Зээлдэгч нь 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ/935 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 13 024 139 төгрөг, хүүд 5 136 349 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9 578 төгрөг, нийт 18 170 066 төгрөг төлсөн. Зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчид зээлээ төлөх талаар мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл өр, төлбөрөө төлөөгүй байна. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дуусгавар болсон бөгөөд гэрээний үүрэгт 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш төлөлт хийгдээгүй, 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш төлсөн төлбөрийг үндсэн төлбөрөөс хасч тооцсон. Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй 1 140 хоног хэтэрсэн тул хүү болон хэтэрсэн хугацааны хүүд 14 193 349 төгрөг тооцож нэхэмжилсэн. Хэтэрсэн хугацааны хүүг хуульд заасны дагуу тооцсон бөгөөд торгуулийн хүү гэдгийг нэмэгдүүлсэн хүү гэж ойлгохоор гэрээний 2.1.4, 3.2.5-д заасан. Иймд 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний 6.1 дэх заалтыг үндэслэн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ/935 тоот зээлийн гэрээний үүрэгт 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 10 975 860.59 төгрөг, хүү 14 193 349.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 457 641.39 төгрөг, нийт 27 626 852 төгрөг гаргуулах, зээлдэгч зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

  Хариуцагчийн тайлбарт: Б.Оюунбаяр, Т.Агиймаа бид ХААН банкнаас 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 24 000 000 төгрөгийг, жилийн 27.6 хувийн хүүтэй зээлсэн нь үнэн. Бид эргэн төлөлтөө зээл авснаас хойш сар болгон хугацаандаа төлдөг байсан. Эдийн засгийн хямралд өртсөнөөс хойш ХААН банкинд энэ учраа хэлж зээлийн хүүг тодорхой хувиар бууруулж өгөх хүсэлт тавьсан боловч зөвшөөрөөгүй. Өөрсдийн хэмжээнд зээлээ төлж байсан бөгөөд ХААН банк нь бид хоёрын тус банкны дансанд орсон мөнгө бүрийг шууд татан авч байсан. Үндсэн зээлийн 50 хувиас дээш хувийг төлж барагдуулсан боловч банкны нэхэмжилж байгаа зээлийн хүү хэтэрхий өндөр байна гэж үзэж байна. Хүү нь үндсэн зээлийн үлдэгдлийн үнийн дүнгийн 50 хувиас давсан, нэмэгдүүлсэн хүү нь өндөр байгаа тул хүүгийн тал хувийг бууруулж өгөхийг хүсч байна. 2019 оны 6 сард 1 600 000 төгрөг төлснийг үндсэн зээлээс хассан байсан. Үндсэн зээлд 13 024 139 төгрөг, хүүд 5 136 349 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9 578 төгрөг, нийт 18 170 066 төгрөг төлсөнтэй маргахгүй. Бид ХААН банкны эдийн засагч н.Баттулгад хүүг хасч өгөхийг хүссэн хүсэлт гаргаж байсан. Банк нь нэгэнт биднийг зээлийн төлбөрийг төлж чадахгүй болсныг мэдсээр байж эртхэн шүүхэд хандсан бол ийм их хэмжээний хүүгийн өрөнд орохгүй байсан гэж бодож байна. Зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам Г69 тоот хаягт байрлах 84 м.кв, 35 м.кв гарааш, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Алтантэвш хороолол АОС-75 тоотод байрлах 350 м.кв газар барьцаалсан бөгөөд уг газрын зах зээлийн үнэ нь 500 000 000 төгрөг болно. Гэтэл банк уг газрыг хэтэрхий багаар 35 000 000 төгрөгөөр үнэлсэн. 2 гаражийг 10 000 000 төгрөгөөр үнэлсэн нь зөвхөн гараж боссон зардал тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өгч чадахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 10 975 860.59 төгрөгийг зөвшөөрч, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг 50 хувиар багасгаж өгвөл үлдсэн төлбөрийг хугацаа тохиролцож төлөх боломжтой гэжээ.

Шүүх:   Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус зааснаар хариуцагч Б.Оюунбаяр, Т.Агиймаа нараас зээлийн гэрээний үүрэгт 19 301 356.59 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХААН банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 325 495 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.Оюунбаяр, Т.Агиймаа нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр №ЗГ/935 тоот барьцаат зээлийн гэрээний хавсралт /2/-аар барьцаалсан токарын багаж, дугуй задлагч хийн компрессор, гагнуурын аппарат 220 380 зэрэг хөдлөх хөрөнгө, 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №БГ/935 тоот барьцааны гэрээгээр Б.Оюунбаярын нэр дээр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн №000515208 тоот гэрчилгээтэй, нэгж талбарын 136009/0144 дугаар бүхий, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Алтантэвш хороолол, АОС-75 тоот хаягт байршилтай, Автозасварын газар зориулалттай, 350 м.кв талбай бүхий газар, мөн өдрийн БГ/№935 тоот барьцааны гэрээгээр Б.Оюунбаярын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Y-2204029439 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол /13332/, Нарны зам Г69 тоот хаягт байршилтай, №000099985 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 84 м.кв, 35 м.кв талбайтай, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Оюунбаяр, Т.Агиймаа нараас улсын тэмдэгтийн хураамжид 324 656 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХААН банк ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 366 400 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Шагдарсүрэнгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй, хэт нэг талыг барьсан дүгнэлт гаргасан. Хуульд зааснаар зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөх үүрэгтэй байхаар зохицуулсан тул хариуцагч Б.Оюунбаяр, Т.Агиймаа нар нэхэмжлэгчид шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаагаар тооцож нэхэмжилсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх хууль зүйн үндэслэлтэй. Гэтэл шүүх нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд заасан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, арга хэмжээ аваагүйгээс болж хүүгийн хэмжээ нэмэгдсэн гэж зээлдүүлэгчийг буруутгаж, зээлдэгч нарыг хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлж, гэрээний хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгээс 8 325 495 төгрөгийг хасч шийдвэрлэсэн нь буруу. Хэрэв хариуцагч нар зээлийн төлбөр төлөх боломжгүй болсон гэрээгээ үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзвэл өөрсдөө ч шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх боломжтой, эрх нь нээлттэй. ХААН банк ХХК-д хариуцагч нар зээлийн төлбөрийг төлөх боломжгүй, зээлийн гэрээг цуцлах талаар хүсэлт гаргаж байгаагүй. Харин зээлийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах талаар мэдэгдэж байсан ба энэ талаар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдааны явцад гаргаж байсан. Зээлийн гэрээний 5.12, 5.1.5, 5.1.8, 5.1.9-д заасан зохицуулалт нь зээлдүүлэгчид олгогдсон эрх, боломж бөгөөд энэ заавал биелүүлэх үүргийн шинж чанартай биш. Нэхэмжлэгчийн гэрээгээр олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан зарчимтай нийцээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн боловч холбогдох хуулийн хэрэглээг шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхой тайлбарлаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулан магадлалын үндэслэх хэсэгт тодруулж шүүхийн шийдвэрийг агуулгын хувьд хэвээр үлдээх боломжтой гэж үзэв.

 

Нэхэмжлэгч ХААН банк ХХК-ийн зээл 10 975 860.59 төгрөг, зээлийн хүү 14 193 349.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 457 641.39 төгрөг, нийт 27 626 852 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Оюунбаяр, Т.Агиймаа нар үндсэн зээлийн үлдэгдэл 10 975 860.59 төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талыг төлөхийг зөвшөөрч, бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Б.Оюунбаяр, Т.Агиймаа нар 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч ХААН банк ХХК-аас 24 000 000 төгрөг, жилийн 27.6 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээнд 24 сарын хугацаатай зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд токарын багаж, дугуй задлагч хийн компрессор, гагнуурын аппарат 220, 380 болон Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам Г/69 хаягт байрлах 84 м.кв, 35 м.кв талбайтай гараж, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Алтантэвш хороолол АОС-75 тоот хаягт байрлах 350 м.кв гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай газрыг тус тус барьцаалсан байна. Зохигчид Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн болон барьцаа гэрээний харилцаа үүсгэсэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв. /хх9-13/

Дээрх гэрээний хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дууссан, энэ хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 24 000 000 төгрөг, зээлийн хүүд 7 423 407.8 төгрөг, нийт 31 423 407.8 төгрөг төлөх үүрэгтэй боловч хариуцагч тал зээлийн гэрээний хугацаанд болон хугацаа дууссанаас хойш үндсэн зээлийн төлбөрт 13 024 139 төгрөг, зээлийн хүүд 5 126 349 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9 578 төгрөг, нийт 18 170 066 төгрөг төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь тогтоогдсон, уг тооцооллын талаар маргаагүй болно.

Шүүх зээлдүүлэгчийг үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үүргийн зөрчил үүсч, гэрээний хугацаа дууссан байхад шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн дүн 16 650 991.29 төгрөгийн тал хувийг хариуцагч талаас гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Зээлийн гэрээний хугацаа дуусахад нэхэмжлэгч шүүхэд хандаагүй хэдий ч энэ нь хариуцагчийг хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй. Үүргийн зөрчил зээлийн гэрээний хугацаа дууссан 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс үүссэн бөгөөд үүргийн гүйцэтгэл шаардах хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дууссан байна.

Зээлдэгчийн хувьд зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээл, гэрээт хугацааны хүү, хууль болон гэрээнд заасны дагуу хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг үүснэ. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан бөгөөд мөн хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон үндэслэл байгаа эсэхийг шалгахад хэргийн 25-26 дугаар талд хариуцагч нар 2017 оны 05 дугаар сарын 04, 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрүүдэд ХААН банк ХХК-д бичгээр гаргасан хүсэлт авагдсан байна.

Уг хүсэлтэд ... хямралаас болж зээлээ төлж чадахгүйд хүрсэн, одооноос ажил үйлчилгээ сайжирч байгаа тул зээлээ төлж барагдуулна .., гэж бичсэн байх ба уг баримтаас зээлдэгч хэтэрсэн хугацааны болон нэмэгдүүлсэн хүүг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хүсэл зоригийн илэрхийлэл гэж харагдахгүй байна. Иймд зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хуулийн дагуу үүсч байгаа хэтэрсэн хугацааны болон нэмэгдүүлсэн хүүг төлөх талаар хүлээн зөвшөөрсөн гэж шууд үзэх боломжгүй тул нэхэмжлэгчийн хувьд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний эрх зүйн харилцаа диспозитив зарчим дээр үндэслэгддэг. Шүүх зээлдүүлэгчийг гэрээнд заасан арга хэмжээг аваагүйгээс хүүгийн хэмжээ нэмэгдсэн гэж үзэж зээлийн гэрээний үүрэгт нийт 19 301 356.59 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд хариуцагчийн зүгээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн 50 хувийг төлөхийг зөвшөөрсөн агуулгатай тайлбар гаргасан, энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэв.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2020/00088 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

А.МӨНХЗУЛ