Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/01388

 

2021           11            16                                          001/ХТ2021/01388

............ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2020/00088 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 460 дугаар магадлалтай,

............ХХК-ийн нэхэмжлэлтэй

............, ............нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 27,626,852 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Шагдарсүрэнгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Шагдарсүрэн, хариуцагч ............, Т.Агиймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: ............, ............нар ............ны Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Шинэ Баянзүрх худалдааны төв хаягт орших Их цайз салбараас 2014.11.18-ны өдөр ЗГ/935 тоот барьцаат зээлийн гэрээ, 2014.11.18-ны өдөр ЗГ/935 барьцааны гэрээ байгуулж 24,000,000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай өрхийн хэрэгцээнд зориулан авсан. Үүргийн гүйцэтгэлд 2014.11.18-ны өдрийн №БГ/935 тоот барьцааны гэрээгээр токарын багаж, дугуй задлагч хийн компрессор, гагнуурын аппарат 220, 380 болон эрхийн улсын бүртгэлийн ............дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам Г69 тоот хаягт байршилтай, гаражийн зориулалттай, 84 м.кв, 35 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Алтантэвш хороолол АОС-75 тоот хаягт байршилтай, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн №000515208 тоот гэрчилгээтэй, авто засварын зориулалттай 350 м.кв газар зэргийг барьцаалсан. Зээлдэгч нь 2014.11.18-ны өдрийн ЗГ/935 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 13,024,139 төгрөг, хүүд 5,136,349 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9,578 төгрөг, нийт 18,170,066 төгрөг төлсөн. Зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчид зээлээ төлөх талаар мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл өр, төлбөрөө төлөөгүй байна. Зээлийн гэрээний хугацаа 2016.11.16-ны өдөр дуусгавар болсон бөгөөд гэрээний үүрэгт 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш төлөлт хийгдээгүй, 2016.01.16-ны өдрөөс хойш төлсөн төлбөрийг үндсэн төлбөрөөс хасч тооцсон. Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй 1,140 хоног хэтэрсэн тул хүү болон хэтэрсэн хугацааны хүүд 14,193,349 төгрөг тооцож нэхэмжилсэн. Хэтэрсэн хугацааны хүүг хуульд заасны дагуу тооцсон бөгөөд торгуулийн хүү гэдгийг нэмэгдүүлсэн хүү гэж ойлгохоор гэрээний 2.1.4, 3.2.5-д заасан. Иймд 2014.11.18-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний 6.1 дэх заалтыг үндэслэн 2014.11.18-ны өдрийн ЗГ/935 тоот зээлийн гэрээний үүрэгт 2019.03.15-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 10,975,860.59 төгрөг, хүү 14,193,349.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,457,641.39 төгрөг, нийт 27,626,852 төгрөг гаргуулах, зээлдэгч зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: ............, ............бид ............наас 2014.11.18-ны өдөр 24,000,000 төгрөгийг, жилийн 27.6 хувийн хүүтэй зээлсэн нь үнэн. Бид эргэн төлөлтөө зээл авснаас хойш сар болгон хугацаандаа төлдөг байсан. Эдийн засгийн хямралд өртсөнөөс хойш ............инд энэ учраа хэлж зээлийн хүүг тодорхой хувиар бууруулж өгөх хүсэлт тавьсан боловч зөвшөөрөөгүй. Өөрсдийн хэмжээнд зээлээ төлж байсан бөгөөд ............нь бид хоёрын тус банкны дансанд орсон мөнгө бүрийг шууд татан авч байсан. Үндсэн зээлийн 50 хувиас дээш хувийг төлж барагдуулсан боловч банкны нэхэмжилж байгаа зээлийн хүү хэтэрхий өндөр байна гэж үзэж байна. Хүү нь үндсэн зээлийн үлдэгдлийн үнийн дүнгийн 50 хувиас давсан, нэмэгдүүлсэн хүү нь өндөр байгаа тул хүүгийн тал хувийг бууруулж өгөхийг хүсч байна. 2019.06 сард 1,600,000 төгрөг төлснийг үндсэн зээлээс хассан байсан. Үндсэн зээлд 13,024,139 төгрөг, хүүд 5,136,349 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9,578 төгрөг, нийт 18,170,066 төгрөг төлсөнтэй маргахгүй. Бид ............ны эдийн засагч н.Баттулгад хүүг хасч өгөхийг хүссэн хүсэлт гаргаж байсан. Банк нь нэгэнт биднийг зээлийн төлбөрийг төлж чадахгүй болсныг мэдсээр байж эртхэн шүүхэд хандсан бол ийм их хэмжээний хүүгийн өрөнд орохгүй байсан гэж бодож байна. Зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам Г69 тоот хаягт байрлах 84 м.кв, 35 м.кв гарааш, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Алтантэвш хороолол АОС-75 тоотод байрлах 350 м.кв газар барьцаалсан бөгөөд уг газрын зах зээлийн үнэ нь 500,000,000 төгрөг болно. Гэтэл банк уг газрыг хэтэрхий багаар 35,000,000 төгрөгөөр үнэлсэн. 2 гаражийг 10 000 000 төгрөгөөр үнэлсэн нь зөвхөн гараж боссон зардал тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өгч чадахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 10,975,860.59 төгрөгийг зөвшөөрч, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг 50 хувиар багасгаж өгвөл үлдсэн төлбөрийг хугацаа тохиролцож төлөх боломжтой гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2020/00088 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус зааснаар хариуцагч ............, ............нараас зээлийн гэрээний үүрэгт 19 301 356.59 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ............ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 325 495 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч ............, ............нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр №ЗГ/935 тоот барьцаат зээлийн гэрээний хавсралт /2/-аар барьцаалсан токарын багаж, дугуй задлагч хийн компрессор, гагнуурын аппарат 220 380 зэрэг хөдлөх хөрөнгө, 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №БГ/935 тоот барьцааны гэрээгээр ............ын нэр дээр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн №000515208 тоот гэрчилгээтэй, нэгж талбарын 136009/0144 дугаар бүхий, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Алтантэвш хороолол, АОС-75 тоот хаягт байршилтай, Автозасварын газар зориулалттай, 350 м.кв талбай бүхий газар, мөн өдрийн БГ/№935 тоот барьцааны гэрээгээр ............ын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн ............дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол /13332/, Нарны зам Г69 тоот хаягт байршилтай, ............тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 84 м.кв, 35 м.кв талбайтай, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ............, ............нараас улсын тэмдэгтийн хураамжид 324 656 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ............ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 366 400 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 460 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2020/00088 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Шагдарсүрэн хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул эс зөвшөөрч байна. 1. Анхан шатны шүүх: хариуцагч нар гэрээний үүргээ зөрчсөн байхад нэхэмжлэгч нь гэрээ болон хуульд заасан шаардах эрхээ хэрэгжүүлэн зээлийг төлүүлэх арга хэмжээ аваагүйгээс үүдэн төлөгдөх эсэх нь эргэлзээтэй болсон зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдсэн тул Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1. дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх зарчимтай нийцээгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас 8,325,495 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.-д “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээнд хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасан. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.4.3.-д “зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд зээлээ бүрэн төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртлэх хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тохиролцсон. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1,-д “зээлдэгч авсан зээлээ хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолоор тус заалтыг “зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ” гэж тодорхой тайлбарласан. Мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх” гэж үүрэг гүйцэтгэх зарчмыг заасан. Гэтэл дээрх хууль болон гэрээний зохицуулалтын дагуу зээлдэгч нар зээлийн гэрээний хугацааг хэтрүүлбэл төлбөрийг бүрэн төлж барагдуулах хүртэл хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байтал нэхэмжлэгчид эрх, боломж олгосон, заавал биелүүлэх үүргийг агуулаагүй гэрээний шаардах эрхийн зохицуулалтыг үндэслэж Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.-д заасан зарчимтай нийцээгүй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. 2. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...Үүргийн зөрчил зээлийн гэрээний хугацаа дууссан 2016.11.18-ны өдрөөс үүссэн бөгөөд үүргийн шаардах хугацаа 2019.11.18-ны өдөр дууссан байна. Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан зогссон үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн хувьд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй” гэж дүгнэжээ. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ 2 жилийн хугацаатай байгуулсан тул хугацаа 2016.11.18-ны өдөр дуусгавар болох бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3.-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг 3 жил буюу 2019.11.18-ны өдрийн дотор гаргах ёстой. Үүний дагуу “............” ХХК нь нэхэмжлэлийг 2019.11.13-ны өдөр анхан шатны шүүхэд гаргасан буюу хөөн хэлэлцэх 3 жилийн хугацааг хэтрүүлээгүй байтал давж заалдах шатны шүүх хэрхэн тооцож уг хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Мөн зээлдэгч нараас зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлийн төлбөрт 2019.06.07-ны өдөр 1,600,000 төгрөг, 2019.06.25-ны өдөр 16,751 төгрөг тус тус төлсөн тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэж сүүлчийн төлбөр төлсөн хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг тооцох ч боломжтой байх тул давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаарх хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч ............ХХК нь хариуцагч ............, ............нараас үндсэн зээл 10,975,860 төгрөг, гэрээний болон хэтэрсэн хугацааны хүү 14,193,349 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,457,641 төгрөг, нийт 27,626,852 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нар үндсэн зээлийн үлдэгдэл 10,975,860 төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талыг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх хариуцагч нараас 19,301,356 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, барьцааны зүйлээс үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны талаар Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна. Шүүхийн зарим эрх зүйн дүгнэлтийг залруулж, шийдвэр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2014.11.18-ны өдрийн бичгээр байгуулсан гэрээний дагуу хариуцагч нар ............наас 24,000,000 төгрөгийг, жилийн 27.6 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар, 24 сарын хугацаатай зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд токарын багаж, дугуй задлагч хийн компрессор, гагнуурын аппарат 220, 380 болон Баянзүрх дүүргийн 13-р хороо, 14-р хороолол, Нарны зам Г/69 хаягт байрлах 84 м.кв, 35 м.кв талбайтай гараж, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Алтантэвш хороолол АОС-75 тоот хаягт байрлах 350 м.кв гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай газрыг тус тус барьцаалжээ.

Зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр, шүүх Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Зээлдэгч нь гэрээний хугацаанд үндсэн зээлд 24,000,000 төгрөг, зээлийн хүүд 7,423,407 төгрөг, нийт 31,423,407 төгрөг төлөх үүрэгтэй боловч 18,170,066 төгрөг төлж, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. /хх-7, 27/

Анхан шатны шүүх зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн, гэрээний хугацаа дууссан байхад зээлдүүлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн дүн 16,650,991 төгрөгийн тал хувийг хариуцагч нараас гаргуулсан, давж заалдах шатны шүүх зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хуулийн дагуу үүсч байгаа хэтэрсэн хугацааны болон нэмэгдүүлсэн хүүг шаардах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн, хариуцагч шийдвэрт гомдол гаргаагүй гэж тус тус дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсгийг зөрчсөн байна.

Зээлдэгч нар 2019.6.7, 2019.11.12-ны өдөр төлөлт хийж байснаас үзэхэд энэ хүртэл хугацаанд үүргээ зөвшөөрсөн гэж үзэх тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.” гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй юм.

Түүнчлэн зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтсон бол зээлдүүлэгч зээлийг буцаан шаардах эрхтэй байдаг боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй нь зээлдэгчийг гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болдоггүй. Маргааны үйл баримтыг анхан болон давж заалдах шатны шүүх бүрэн эрхийн хүрээнд дүгнэдэг тул хяналтын шатны шүүх дээрх эрх зүйн алдаатай дүгнэлтийг залруулж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2020/00088 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 460 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 148,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                          ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                               Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧИД                                               Г.БАНЗРАГЧ

                                                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                           Б.МӨНХТУЯА

                                                                                           Х.ЭРДЭНЭСУВД