Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2020/00088

 

 

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 02 өдөр          Дугаар 101/ШШ2020/00088          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Х банк” ХХК /Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион оргил-1, Х банк цамхаг байранд байрлах,  УБД:9016001011, РД:2693321/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Шагдарсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Алтан тэвш хороолол, АОС байрны 75 тоот хаягт оршин суух, Равдан овогт Банзрагчийн О/РД:СЮ73020714/,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Алтан тэвш хороолол, АОС байрны 75 тоот хаягт оршин суух, Байн хяр овогт Төмөрсүхийн А /РД:ЙЮ75052400/ нарт холбогдох, 

Зээлийн гэрээний үүрэгт 27.626.852 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Шагдарсүрэн,

Хариуцагч, хариуцагч Б.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Шагдарсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.О, Т.А нар Х банкны Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Шинэ Баянзүрх худалдааны төв хаягт орших Их цайз салбараас 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ЗГ/935 тоот Барьцаат зээлийн гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ЗГ/935 Барьцааны гэрээ байгуулж 24.000.000 /хорин дөрвөн сая/ төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай өрхийн хэрэгцээнд зориулан авсан.

Үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №БГ/935 тоот барьцааны гэрээгээр токарын багаж, дугуй задлагч хийн компрессор, гагнуурын аппарат 220, 380 болон  Эрхийн улсын бүртгэлийн Y-2204029439 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам Г69 тоот хаягт байршилтай, гаражийн зориулалттай,  84 м.кв, 35 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Алтантэвш хороолол АОС-75 тоот хаягт байршилтай, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн №000515208 тоот гэрчилгээтэй, автозасварын зориулалттай, 350 м.кв газар зэргийг барьцаалсан.

Зээлдэгч нь 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ/935 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 13.024.139 төгрөг, хүүгийн төлбөрт 5.136.349 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 9.578 төгрөг, нийт 18.170.066 төгрөгийг төлсөн байна.

Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргийн дагуу хавсралт дахь “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчид зээлээ төлөх талаар мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл өр, төлбөрөө төлөөгүй байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т заасны дагуу зээлдэгч Б.О, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.А нараас 27.626.582 төгрөгийг нэхэмжилж байгаа болно.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дуусгавар болсон бөгөөд гэрээний үүрэгт 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш төлөлт хийгдээгүй, 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш төлсөн төлбөрийг үндсэн төлбөрөөс хасч тооцсон.

Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй 1140 хоног хэтэрсэн,хүү болон хэтэрсэн хугацааны хүүд 14.193.349 төгрөг тооцож нэхэмжилсэн. 

Хэтэрсэн хугацааны хүүг хуульд заасны дагуу тооцсон бөгөөд торгуулийн хүү гэдгийг нэмэгдүүлсэн хүү гэж ойлгохоор гэрээний 2.1.4, 3.2.5-д заасан.  

Иймд талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дахь заалтыг үндэслэн  дараах нэхэмжлэлийн шаардлагыг  гаргаж байна. Үүнд:

-2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ/935 тоот Зээлийн гэрээний үүрэгт  2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 10.975.860,59 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 14.193.349,90 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2.457.641,39 төгрөг, нийт 27.626.852 төгрөг гаргуулах,

-Зээлдэгч зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Барьцаат зээлийн гэрээний 2 дугаар хавсралтад дурдсан токарын багаж, дугуй задлагч хийн компрессор, гагнуурын аппарат 220, 380 болон 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн БГ/935  тоот барьцааны гэрээгээр барьцаалсан  Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам Г69 тоот хаягт байрлах 84 м.кв, 35 м.кв гарааш, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Алтантэвш хороолол АОС-75 тоотод байрлах 350 м.кв газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч, хариуцагч Б.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.О, Т.А бид Х банкнаас 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 24.000.000 /хорин дөрвөн сая/ төгрөгийг, жилийн 27.6 хувийн хүүтэй зээлсэн нь үнэн. Бид эргэн төлөлтөө зээл авснаас хойш сар болгон хугацаандаа төлдөг байсан. Бид хоёр эдийн засгийн хямралд өртсөнөөс хойш Х банкинд энэ учраа хэлж зээлийн хүүг тодорхой хувиар бууруулж өгөөч гэж удаа дараа хүсэлт тавьсан боловч зөвшөөрөөгүй. Бид өөрсдийн хэмжээнд зээлээ төлж байсан бөгөөд Х банк нь бид хоёрын тус банкны дансанд орсон мөнгө болгоныг шууд татан авч байсан.

Үндсэн зээлийн 50 хувиас дээш хувийг төлж барагдуулсан боловч банкны нэхэмжилж байгаа зээлийн хүү хэтэрхий өндөр байна гэж үзэж байна. Хүү нь үндсэн зээлийн үлдэгдлийн үнийн дүнгийн 50 хувиас давсан, нэмэгдүүлсэн хүү нь өндөр гараад байгаа тул хүүгийн тал хувийг бууруулж өгөхийг хүсч байна.

2019 оны 6 сард 1.600.000 төгрөг төлснийг үндсэн зээлээс хассан байсан. Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 13.024.139 төгрөг, хүүгийн төлбөрт 5.136.349 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9.578 төгрөг, нийт 18.170.066 төгрөг төлсөнтэй маргахгүй.

Бид Х банкны эдийн засагч н.Баттулгад хүүг хасч өгөхийг хүссэн хүсэлт гаргаж байсан. Банк нь нэгэнт биднийг зээлийн төлбөрийг төлж чадахгүй болсныг мэдсээр байж эртхэн шүүхэд хандсан бол арай ийм их хэмжээний хүүгийн өрөнд орохгүй байсан гэж бодож байна.

Зээлийн гэрээний барьцаанд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам Г69 тоот хаягт байрлах 84 м.кв, 35 м.кв гарааш, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Алтантэвш хороолол АОС-75 тоотод байрлах 350 м.кв газар барьцаалсан бөгөөд уг газрын зах зээлийн үнэ нь 500.000.000 төгрөг болно.

Гэтэл банк уг газрыг хэтэрхий багаар 35.000.000 төгрөгөөр үнэлсэн. 2 гараашийг 10 сая төгрөгөөр үнэлсэн нь зөвхөн гараж боссон зардлаар үнэлсэн байгаа тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өгч чадахгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 10.975.860.59 төгрөгийг зөвшөөрч байгаа бөгөөд зээлийн хүү, болон нэмэгдүүлсэн хүүг  50 хувиар багасгаж өгөх юм бол бид хоёр үлдсэн төлбөрийг хугацаа тохиролцож төлөх боломжтой байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Х банк” ХХК нь хариуцагч Б.О, Т.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27.626.852 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Зээлдүүлэгч “Х банк” ХХК нь зээлдэгч Б.О, Т.А нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр №ЗГ/935 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан,  24.000.000 төгрөгийг, зээлийн хүү жилийн 27.6 хувь, 24 сарын хугацаатай, “Өрхийн зээл” зориулалттай зээлдүүлсэн болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн тооцоо, хүү тооцооллын хүснэгт, мөнгөн шилжүүлэг, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтаар тогтоогдож байна.

/хх-ийн 5-7, 17 тал/

Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр №ЗГ/935 тоот барьцаат зээлийн гэрээний хавсралт /2/-аар  токарын багаж, дугуй задлагч хийн компрессор, гагнуурын аппарат 220,380 зэрэг хөдлөх хөрөнгө,

2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №БГ/935 тоот барьцааны гэрээгээр Б.Оын нэр дээр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн №000515208 тоот гэрчилгээтэй, нэгж талбарын 136009/0144 дугаар бүхий, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Алтантэвш хороолол, АОС-75 тоот хаягт байршилтай, Автозасварын газар зориулалттай, 350 м.кв талбай бүхий газар,

Мөн өдрийн БГ/№935 тоот барьцааны гэрээгээр Б.Оын  өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Y-2204029439 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол /13332/, Нарны зам Г69 тоот хаягт байршилтай, №000099985 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 84 м.кв, 35 м.кв талбайтай, гаражийн зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээг тус тус байгуулсан байна.

/хх-ийн  8-16 тал/

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т:“үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлнэ”, 

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д :”Газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ” гэж тус тус заасны дагуу талууд барьцааны гэрээг  бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр улсын бүртгэлд, 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр газрын албанд тус тус бүртгүүлснээр хүчин төгөлдөр болжээ.

/хх-ийн 8, 13 тал/

 

Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний талаар талууд маргаагүй, харилцан хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг байгуулсан, гэрээгээр зээлийн хэмжээ, түүний хүү, зээл эргэн төлөх хугацаа болон зээлдэгч нар зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тус тус тохиролцсон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж заасантай нийцсэн байна.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д: “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заасны дагуу зээлдэгч Б.О, Т.А нарыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,”

мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно,” мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заажээ.

Зээлдүүлэгч “Х банк” ХХК, зээлдэгч Б.О, Т.А нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй байна.

 

Зээлдэгч нар зээлийн гэрээний үүрэгт 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд, 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хугацаанд 18.170.067.43 төгрөг  төлсөн, үүнээс хойших хугацаанд зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй талаар талууд маргаагүй болно.

/хх-ийн 27 тал/

 

Хариуцагч нар  зээлийн гэрээний хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дуусгавар болсон, уг хугацаанаас хойш 3 жилийн дараа их хэмжээний хүү нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 10.975.860.59 төгрөгийг зөвшөөрч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний тал хувийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 24 сарын хугацаатай байгуулсан  гэрээний хугацаа  2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дуусгавар болсон, гэрээний дагуу эргэн төлөлтийн хуваарь 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зөрчигдсөн, 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд зээлийн эргэн төлөлт хийгдээгүй болох нь тогтоогдож байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлд банкны эрх, үүрэгтэй холбоотой заалтыг тусгасан, 5.1.2-т: “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу болон хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрийг банкин дахь харилцах данснаас, харилцах данс дахь мөнгөн хөрөнгө хүрэлцэхгүй бол зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад данснаас үл маргах журмаар суутган авах, эдгээр данснаас төлбөр хийх боломжгүй бол зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэж, банкин дахь хугацаатай хадгаламжийн дансанд баримт хийн, мэдэгдэлд дурдсанаар үл маргах журмаар зээлийн төлбөрийг суутган авах”,

5.1.5-т “Зээлийн гэрээг цуцлах, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас банкинд учирсан хохирлыг нэхэмжлэх”,

5.1.8-т:”Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол хөдлөх хөрөнгийг банк үл маргах журмаар шилжүүлэн авч үүргийг хангуулах”,

5.1.9-т:”Зээлдэгч зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, гэрээний үүргийг зөрчсөн бол уг зээлийг хугацаанаас өмнө төлүүлэхийг шаардах” гэж заажээ.

 

Үүнээс үзэхэд “Х банк” ХХК нь зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дээрх  тохиолдолд гэрээг хугацаанаас нь өмнө дангаар цуцалж, зээл, зээлийн хүүг хугацаанаас нь өмнө төлөх болон хугацаа хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг зээлдэгчээс шаардах, учирсан хохирлыг шаардах, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол хөдлөх хөрөнгийг банк үл маргах журмаар шилжүүлэн авч үүргийг хангуулах, харилцах данс дахь мөнгөн хөрөнгө хүрэлцэхгүй бол зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад данснаас үл маргах журмаар суутган авах, эдгээр данснаас төлбөр хийх боломжгүй бол зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх зэрэг шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан гэж үзэхээр байна.

 

“Х банк” ХХК нь зээлдэгч Б.О, Т.А нарт холбогдуулан  зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг тус шүүхэд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан байх ба зээлдэгч нарт үүргээ гүйцэтгэхийг шаардсан 61/01/5753 тоот “Зээл төлөх мэдэгдэл”-ийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гардуулан өгснийг гэрээний 5 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

/хх-ийн 24 тал/

 

Дээр дурдсан “Х банк” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 61/01/5753 тоот “Зээл төлөх мэдэгдэл”-ээс өөрөөр зээлдүүлэгч нь гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлээгүй нь зээлдэгчийг хуульд заасан хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй ч  нэхэмжлэгч гэрээнд заасан арга хэмжээ аваагүйгээс хүүгийн хэмжээ нэмэгдсэн гэж үзэхээр байна.

 

Тодруулбал хариуцагч Б.О, Т.А нар 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш гэрээний үүргээ зөрчиж ямар нэгэн төлбөр төлөөгүй байхад гэрээ болон хуульд заасан шаардах эрхээ хэрэгжүүлэн зээлийг төлүүлэх арга хэмжээг аваагүйгээс үүдэн төлөгдөх эсэх нь эргэлзээтэй болсон зээлийн хүүгийн хэмжээ нэмэгджээ.

 

Зээлдэгчийн үүргийн гүйцэтгэлийн биелэлтэд доголдол гарсан нөхцөлд банк гэрээний 5 дугаар зүйлд заасан арга хэмжээг аваагүй байх бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэл гарган 1140 хоногийн хэтэрсэн хугацааны хүүд 14.193.349.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2.457.641.39 төгрөг, нийт 16.650.991.29 төгрөг  нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэн шударгаар хэрэгжүүлэх зарчимтай нийцсэнгүй.

 

Хариуцагч нар дээрх зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн тал хувийг төлөхийг зөвшөөрч байх тул нэхэмжлэгчийн хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүд тооцсон 16.650.991.29 төгрөгийн тал хувь болох 8.325.495 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасч тооцон, үлдэх 8.325.496 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй болно.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Б.О, Т.А нараас үндсэн зээлийн үлдэгдэл 10.975.860.59 төгрөг, хүү болон нэмэгдүүлсэн хүүд 8.325.496 төгрөг, нийт 19.301.356.59 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х банк” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 8.325.495 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан барьцааны зүйл болох 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр №ЗГ/935 тоот барьцаат зээлийн гэрээний хавсралт /2/-аар  токарын багаж, дугуй задлагч хийн компрессор, гагнуурын аппарат 220,380 зэрэг хөдлөх хөрөнгө,

2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №БГ/935 тоот барьцааны гэрээгээр Б.Оын нэр дээр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн №000515208 тоот гэрчилгээтэй, нэгж талбарын 136009/0144 дугаар бүхий, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Алтантэвш хороолол, АОС-75 тоот хаягт байршилтай, Автозасварын газар зориулалттай, 350 м.кв талбай бүхий газар,

Мөн өдрийн БГ/№935 тоот барьцааны гэрээгээр Б.Оын  өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Y-2204029439 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол /13332/, Нарны зам Г69 тоот хаягт байршилтай, №000099985 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 84 м.кв, 35 м.кв талбайтай, гаражийн зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг нэхэмжлэгч шаардах эрхтэй байх тул хариуцагч Б.О, Т.А нар зээлийн гэрээний дээрх үүргийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар албадан дуудлагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус зааснаар хариуцагч Б.О, Т.А нараас  зээлийн гэрээний үүрэгт 19.301.356.59 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8.325.495 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.О, Т.А нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд

2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр №ЗГ/935 тоот барьцаат зээлийн гэрээний хавсралт /2/-аар барьцаалсан токарын багаж, дугуй задлагч хийн компрессор, гагнуурын аппарат 220,380 зэрэг хөдлөх хөрөнгө,

2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №БГ/935 тоот барьцааны гэрээгээр Б.Оын нэр дээр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн №000515208 тоот гэрчилгээтэй, нэгж талбарын 136009/0144 дугаар бүхий, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Алтантэвш хороолол, АОС-75 тоот хаягт байршилтай, Автозасварын газар зориулалттай, 350 м.кв талбай бүхий газар,

Мөн өдрийн БГ/№935 тоот барьцааны гэрээгээр Б.Оын  өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Y-2204029439 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол /13332/, Нарны зам Г69 тоот хаягт байршилтай, №000099985 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 84 м.кв, 35 м.кв талбайтай, гаражийн зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулсугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Б.О, Т.А нараас улсын тэмдэгтийн хураамжид 324.656 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х банк” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 366.400  төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ЦОЛМОНГЭРЭЛ