Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2019/00447

 

 

 

 

 

 

 

 

 

                                            Б.Сын нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2018/03030 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.С, хариуцагч Ц.Сд холбогдуулан, 6 315 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагч Ц.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие Турк улсад ажиллаж амьдардаг. Ц.С нь 2014 оноос 2015 оны хооронд нийт 7 удаа 1 625 000 төгрөгийг ахуйн хэрэглээний зүйлд зарцуулахаар аваад өгөөгүй. 2017 оны 08 дугаар сард байшиндаа засвар хийж, гэртээ паркетан шал, тогоор халдаг зуух шинээр авч тавихад мөнгө хэрэг болчихлоо гээд мөнгө зээлээч гэсэн. Тухайн үед мөнгө байхгүй байсан тул ээжийнхээ тэтгэврийн зээлийг авахуулаад мөнгөө авчих, дараа нь төлье гэсэн. Тэгээд ээж тэтгэврийн зээл аваад 5 000 000 төгрөгийг Ц.Сд шилжүүлсэн. Энэ мөнгөнөөс 4 800 000 төгрөгийг төлсөн. 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 1 900 ам.долларыг А.Дөлгөөнийг Турк улсаас Монгол Улс руу явахад нь дайлгаад  Ц.Сд өгсөн. Тэндээс 100 ам.долларыг нь ээжид өгөөд үлдсэн 1 800 ам.долларыг нь Ц.С авсан. Монгол мөнгөөр тооцоход 4 410 000 төгрөг болно. Энэ мөнгө бол байшин засварлахад зориулж зээлдүүлсэн мөнгө байсан. 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 364 500 төгрөгийг шилжүүлсэн. Эдгээр нь бүгд нийлээд 6 399 500 төгрөг болж байгаа боловч 6 315 000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Миний бие 2002 оноос хойш Б.Сын дүү Б.Амарсанаатай гэрлэлттэй байсан ба хамт амьдраад 3 хүүхдийн аав, ээж болсон. Би нэхэмжлээд байгаа мөнгийг нь аваагүй. Б.С нь архичин, амьдрах чадваргүй өөрийн төрсөн дүү болох Б.Амарсанаад тусламж болгон өгсөн мөнгөө биднийг гэрлэлтээ цуцлахаар зээлсэн болгож нэхэмжилж байна. Бид гэрлэлтээ 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр цуцлуулсан. Манайх байшиндаа засвар хийхээр хадам ээж Б.Хандхүүгээс 5 000 000 төгрөг зээлсэн. Би “Бид” ББСБ-аас 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 4 000 000 төгрөгийн цалингийн зээл авч, дээрээс нь цалин 800 000 төгрөгийг нэмэн, нийт 4 800 000 төгрөгийг хадам ээжид өгсөн. Бусад ахуйн хэрэглээний зүйл, гутал хувцас авсан гэх 1 625 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Дүү Б.Амарсанаатай нь хамт амьдарч байхдаа хүүхдүүддээ гутал хувцас авчирч өгдөг байсан. Тэдгээрийг эгчээсээ зээлээр авдаг байсныг нь мэдэхгүй. Би хувьдаа Б.Соос мөнгө зээлж авч байгаагүй. Мөн 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 364 500 төгрөг бол Б.С Турк улсад байхдаа Монголоос юм захиж авахуулсан. 1 900 ам.долларыг би мэдэхгүй, аваагүй. Н.Дөлгөөн Туркээс ирэхдээ эмээд өгөөрэй гээд 200 ам.доллар өгсөн. Тухайн үед хадам ээж хөдөө байсан тул ирэхээр нь би өгсөн, өөр зүйл мэдэхгүй. Гэрлэлт цуцлахад хашаа байшинг надад болон хүүхдүүдэд үлдээсэн тул ингэж үндэслэлгүй мөнгө нэхэмжилж байна. Надад мөнгө өгч, гэрээ байгуулсан зүйл байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Соос хариуцагч Ц.Сд холбогдуулан 6 315 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-ын давж заалдах гомдолд: Анхан шатны шүүх хууль буруу хэрэглэж тайлбарласан, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, маргааны үйл баримтад хууль ёсны дүгнэлт хийгээгүй зэрэг үндэслэлээр шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах гомдлыг гаргаж байна.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэт үнэлээгүй, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг талуудын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартай харьцуулах замаар дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Иргэн Б.С нь хариуцагч Ц.Сгаас 6 315 000 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд 2014-2015 оны хооронд 7 удаагийн үйлдлээр олгосон 1 625 000 төгрөг мөн 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр олгосон 364 500 төгрөгийг хариуцагчид шилжүүлж байсан боловч мөн үйл баримтыг нотлох бичгийн баримт хавтаст хэрэгт авагдаагүй талаар нэхэмжлэгчийн зүгээс маргаагүй болно.

 

Харин 2017 оны 8 дугаар сард Ц.Сд хувийн орон сууцандаа засвар үйлчилгээ хийлгэхээр Турк улсаас 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 1 900 ам.доллар буюу 4 410 000 төгрөгийг өгсөн нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоно. Харин 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч төлсөн гэх боловч хавтаст хэрэгт зээлийг банк болон ББСБ-аас авсан, авч байсан эсэх талаарх бичгийн нотлох баримт авагдаагүй. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу бичгийн нотлох баримтыг гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлийг өөрөө нотлох үүргийг биелүүлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 4 410 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч зохигчдоос ирүүлсэн зарим нотлох баримт, тайлбарт үндэслэл муутай дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ.

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Ц.Сгаас 6 315 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж 6 315 000 төгрөгөөс 1 625 000 төгрөгийг хоол унд, ахуй хэрэглээнд, 5 000 000 төгрөг гэртээ засвар хийхээр ээжээр тэтгэврийн зээл авахуулсныг 1 900 ам.доллар буюу 4 410 000 төгрөг явуулж зээлийг нь барагдуулсан, 364 500 төгрөг хүүхэддээ гутал авахаар зээлдсэн гэж тайлбарладаг. /хх75-77/

Тэрээр шаардлагын үндэслэлээ нотлохоор мөнгө өгсөн тухай гар тэмдэглэл, гэрчийн тодорхойлолт, банкны дансны хуулга зэрэг баримтуудыг ирүүлсэн нь тухайн үйл баримтыг хангалттай нотлохгүй байна. 1 625 000 төгрөгийг ахуйн хэрэглээнд зориулан зээлдүүлсэн гэх боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан журмын дагуу мөнгийг шилжүүлэн өгсөн баримтгүй, хэргийн 6 дугаар талд авагдсан нэхэмжлэгч Б.Сын тэмдэглэл бүхий гэрэл зураг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтад тавигдах шаардлагыг хангахгүй байна. /хх6, 69-71/

 

1 900 ам.долларыг Турк улсаас А.Дөлгөөнөөр дамжуулан өгсөн гэх тайлбар эргэлзээгүй баримтаар тогтоогдсонгүй. Хариуцагч нь А.Дөлгөөн Турк улсаас ирэхдээ 300 ам.доллар өгч, түүний 200 ам.долларыг эмээд өгөөрэй гэснийг нь дамжуулан өгсөн гэж тайлбарласан байна. /хх76/

Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр асуугдсан түүний ээж Б.Хандхүү “... Ц.Сд 5 000 000 төгрөгийн тэтгэврийн зээл авч өгсөн, зээлээс 4 800 000 төгрөг төлөгдсөн 200 000 төгрөг дутуу байгаа ...” гэж мэдүүлдэг боловч хариуцагч нь 4 000 000 төгрөгийг Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч, 800 000 төгрөгийг цалингаасаа нэмэрлэн буцаан төлсөн гэж үгүйсгэдэг.

 

Нэхэмжлэгчийн төрсөн дүү гэрч Б.Амарсанаа “ ... ноднин эгч рүү ярьж хашаа байшиндаа засвар хийнэ гэж 5 000 000 төгрөг авахаар болсон, ээжийнхээ тэтгэврийн зээлийг авч бай, дараа явуулъя гээд сарын дараа мөнгө явуулж ээжийн тэтгэврийн зээлийг буцаагаад өгсөн ...” гэж мэдүүлжээ. Эдгээр мэдүүлгүүдэд гэрчүүд бодитой үзсэн зүйлээ илэрхийлсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна. /хх37, 38/

 

Шүүхээс хэргийн 69, 71 дүгээр талд авагдсан Б.Гиймаагийн “ ... Турк улсаас хүү А.Дөлгөөнд эгч Б.С-ындайлгасан 1 900 ам.долларыг ногоон өнгөтэй цүнхэнд тоолж үзүүлэн бэлдээд эмээ н.Цолмондоо өгөөрэй гээд Монгол улс руу нисгэсэн болно. Хүү А.Дөлгөөнийг Монгол улсад газардсаны дараа утсаар лавлаж эмээдээ мөнгөө өгсөн үү гэхэд Ц.Сэгч цүнх уудлаад авсан гэж хэлсэн ...” гэх, 2008 онд төрсөн А.Дөлгөөний “... Турк улсаас ирэхдээ нагац эгч Б.С-ынөгсөн бэлэн 1 900 ам.долларыг өөрийн гар цүнхэнд ногоон пасктай авчирсан, газардсан даруйд Ц.Сэгч шууд авсан нь үнэн ...” гэх тодорхойлолтын талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна. Эдгээр тодорхойлолт бичсэн нэр бүхий хүмүүс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан журмын дагуу гэрчийн мэдүүлэг өгснөөр нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэнэ.

 

Нэхэмжлэгч нь 1 900 ам.доллар буюу 4 410 000 төгрөг хариуцагчид өгсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй, энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.  

 

364 500 төгрөгийн хувьд, хариуцагч Ц.Сгийн 5029943378 дугаартай Хаан банкны дансны хуулгаар 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “туркээс” гэх утгатай 364 500 төгрөг шилжүүлэн авсан нь тогтоогдож байна. Харин хариуцагч нь уг 364 500 төгрөгийн үнэ бүхий зүйлийг нэхэмжлэгчийг Турк улсад байхад нь өгсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй. /хх50/

 

Иймээс нотлогдсон шаардлагын хэмжээнд буюу нэхэмжлэлийн шаардлагаас 364 500 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх хэсэг нь баримтаар тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт орууллаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2018/03030 шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Ц.Сгаас 364 500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Сод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 950 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож гэж,

2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115 900 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 11 585 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

   ШҮҮГЧИД                               С.ЭНХТӨР

                                 А.МӨНХЗУЛ