Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2019/00895

 

Б.C-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2018/03030 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 447 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.C-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.C-д холбогдох,

6 315 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргалын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Ц.C-, нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Турк улсад амьдарч байхдаа 2017 оны 08 дугаар сард Ц.C-д 6 315 000 төгрөгийг зээлэхдээ өөрийн найзаасаа хүүтэй мөнгө зээлж авч өгсөн. 2018 оны 07 дугаар сард Ц.C-тай утсаар ярьж зээлээ төлөхийг шаардахад хашаа байшингаа зараад, төлнө гэж хэлсэн. Түүнээс хойш зээлээ төлөхийг Ц.C-гаас удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй.

Иймд Ц.C-гаас 6 315 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Миний бие 2002 оноос хойш Б.C-ын дүү Б.Амарсанаатай гэрлэж байсан ба хамт амьдраад 3 хүүхдийн аав, ээж болсон. Би нэхэмжлээд байгаа мөнгийг нь аваагүй. Б.C- нь архичин, амьдрах чадваргүй өөрийн төрсөн дүү болох Б.Амарсанаад тусламж болгон бэлэглэж өгсөн мөнгөө биднийг гэрлэлтээ цуцлахаар зээлсэн болгож нэхэмжилж байна. Бид гэрлэлтээ 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр цуцлуулсан гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2018/03030 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.C-оос хариуцагч Ц.C-д холбогдуулан 6 315 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 447 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2018/03030 шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Ц.C-гаас 364 500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.C-од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 950 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож гэж, 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115 900 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 11 585 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... Бидний хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй ч амаар зээлийн гэрээ байгуулагдсан. Б.Амарсанаа, Ц.C- нар нь надаас мөнгө зээлж авах хүсэл сонирхолтой байсан бөгөөд энэ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлд заасан хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авсан гэж үзнэ.

Хариуцагч Ц.C-гийн зүгээс татгалзаж байгаа үндэслэлийг нотлох зорилгоор банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч эргүүлэн төлсөн гэх боловч уг зээл нь машин худалдан авах зорилгоор авсан зээл байгааг шүүхээс анхаарч үзнэ үү.

Мөн энэ хугацаанд нэхэмжлэгч Б.C- нь хариуцагч Ц.C-д бага багаар мөнгө зээлж байсан бөгөөд уг мөнгийг амьдрал ахуйдаа зарцуулж байсан ба нийт 13 315 000 төгрөгийг түүнд зээлсэн байдаг бөгөөд түүнээс бүгдийг нь нэхэмжлээгүй болно.

Хоёр шатны шүүхээс хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй байх талаас нь үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2018/03030 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 447 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Б.C- нь хариуцагч Ц.C-гаас 6 315 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Хариуцагч Ц.C- шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс мөнгө зээлж байгаагүй, нэхэмжлэгчийн дүү Б.Амарсанаатай гэр бүл байхад тусламж болгон бэлэглэж өгсөн мөнгөө гэрлэлт цуцласны дараа зээлсэн болгож байна гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан баримтууд нь хариуцагчид зээлийн үүрэг ногдуулах үндэслэл болохгүй, улмаар нэхэмжлэгч шаардлагаа нотолж чадаагүй гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтыг үнэлж, 364 500 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэж, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна. Ийнхүү шийдвэрлэсэн дүгнэлтээ магадлалд тодорхой тусгасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т хяналтын гомдлын үндэслэлийг заасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд шүүх хэрэглэвэл зохих ямар хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй ямар хуулийг хэрэглэсэн, хуулийг хэрхэн буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг хэрхэн зөрчсөн талаар заагаагүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар магадлалыг өөрчилж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 447 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 86 000 төгрөгийг хэвээр үлдээж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.-д зааснаар дутуу төлсөн 24 158 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

    ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН